Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01323

 

 

М.Цгийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00960 дугаар шийдвэртэй

М.Цгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох 92 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц би “Б” ХХК-ийн захирал Б.Бямбадаваа, түүний дүү нягтлан Б.Гэрэл нартай 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ хийж, Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтай 6-р гудамжинд баригдах 132 айлын орон сууцанд 3 өрөө, H тоот байр авахаар 65 000 000 /жаран таван сая/ төгрөг бэлнээр өгсөн. 2015 оны 12 сард ашиглалтад орох байсан ба 3 давхараас цааш явагдахгүй өдий болтол хохирсоор ирлээ. Би байр авах мөнгөө тухайн үед Улаанбаатар хотын банкнаас хадгаламж барьцаалан зээл авч өгсөн ба хүү нь 5 650 000 төгрөг төлж, одоо бас энэ мөнгөөр хохироод байна. Барилга баригдсангүй, энд тэндэхийн барилга барьдаг компани, пүүс барилгыг барьж өгье, захиалагчдыг чинь авья гэсэн боловч үнэ нь таалагдахгүй байна гэсээр хүнд ч өгч бариулсан юмгүй, өөрөө ч барьсан юмгүй биднийг хохироосоор, хохирогч нэмэгдсээр, хуурч залилсаар өдийг хүрэв. Банкинд мөнгөө хадгалж байсан бол бараг 50-60 сая нэмэгдэх байсан. Хүнийг ингэж хохироогоод удаа дараа барилгаа та нарт өгөхөд бэлэн, алданги өгнө гэж хэлж, ярьж, албан бичиг гаргаж өгсөн байгаа. 2018 оны 04 сарын 20-ны №БК-Г-072/18 тоот Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2019 оны 5 сарын 13-ны № БК-002/19 тоот гэрээ байгуулсан. Цаашид энэ хүмүүст итгэлгүй болсон тул алданги тооцуулж авмаар байна.  2016 онд мөнгөө авъя гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний 4.2-т зааснаар Бямбадаваа, Гэрэл нараас 65 000 000 төгрөгийг, зээлийн хүүд төлсөн 5 650 000 төгрөг, барилга бариагүй хоногийн тооны алданги болох 21 352 500 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617 950 төгрөгийн хамт гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн М.Ц нь 2015 оны 04-р сарын 14-нд байгуулсан №011/15 дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээгээр 65 000 000 /жаран таван сая/ төгрөгийг тус гэрээгээр хүлээн авсан. Манай баригдаж буй барилга А зэрэглэлийн бүсэд байгаа гэж байна. Манай компани ямар ч ашиггүйгээр байрыг 65 000 000 төгрөгөөр худалдахаар болсон. Тухайн үед санхүүгийн хямралтай байсан. Бид нар босго өртгөөр нэг ч гэсэн хүнийг байртай болгочихъё гэж бодсон. Манай баригдаж буй байрны ойр орчмын байрууд мөн л 1 800 000-1 900 000 төгрөгийн үнэтэй. Тухайн үед манай байрны ханш орчин үеийн ханштай адилхан л байсан. Бид ч гэсэн барилгадаа бүх зүйлээ зарцуулчихаад өөрсдөө амьдрах орон байргүй явж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 92 002 500 /ерөн хоёр сая хоёр мянга таван зуун/ төгрөгийн 65 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч харин 27 002 500 /хорин долоон сая хоёр мянга таван зуун/ төгрөгийг үндэслэлгүй нэхэж байна гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас нийт 74 964 500/далан дөрвөн сая есөн зуун жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож, үлдсэн 15 035 500/арван таван сая гучин таван мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц хариуцагч “Б” ХХК-иас нийт 92 000 000 /ерэн хоёр сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагын 2 000 000 /хоёр сая/ төгрөгөөс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 532 772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цд олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...“Б” ХХК болон иргэн М.Ц нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууцны барилгыг захиалан бариулах” гэрээ байгуулагдаж, орон сууцны захиалгын үнэд 65 000 000 төгрөгийг “Б” ХХК хүлээн авсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт засан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Захиалагч нь гэрээний дагуу ажлын үр дүнг шаардаагүй, ажлын үр дүнг хүлээн авахаас сайн дураар татгалзаж төлсөн мөнгөө эргүүлэн авахаар шаардаж нэхэмжлэл гаргасан нь гэрээнээс сайн дураар татгалзсан гэж үзнэ. Гэрээний аль нэг тал гэрээнээс сайн дураар татгалзсан тохиолдолд гэрээтэй холбоотой үүрэг болон үүргийн гүйцэтгэлийн хангах арга буюу анзыг шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хоорондоо өгсөн авснаа буцаах эрх зүйн зохицуулалт хамаарна. Тиймээс “Б” ХХК гэрээний дагуу хүлээн авсан 65 000 000 төгрөгийг буцаан төлөх хууль зүйн үндэслэлтэй. Харин захиалагч нь гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах бүрэн боломжтой. Гэтэл анхан шатны шүүх захиалагч тал гэрээнээс татгалзсан гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй шийдвэр болсон байна. Мөн талууд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” байгуулсны дараагаар 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулж, уг гэрээгээр гэрээний анхны хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх гэрээний хугацааг анхны сунгагдаагүй гэрээний хугацаанаас буюу 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн алданги тооцож төлөхөөр шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 964 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч М.Ц нь “Б” ХХК-д холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 65 000 000 төгрөг, хохиролд 5 650 000 төгрөг, алданги 21 350 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 65 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч зээлийн хүү, алданги төлөхгүй гэж маргажээ.

  Зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “Очирт Апертмент” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгын [А блок] байрны 2 давхрын H тоот 77.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барилгыг 2015 оны 3-4 дүгээр улиралд багтаан барьж, тус барилгын 77.4 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 65 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна. /хх.5-7/

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр талууд “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр гүйцэтгэгч “Б” ХХК нь захиалагч М.Цгийн захиалсан Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “Очирт Апертмент” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгын [А блок] байрны 2 давхрын H тоот 77.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барилгыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр багтаан барьж дуусган, Улсын комисст хүлээлгэж өгөхөөр тохиролцсон бөгөөд /хх.8/ нэхэмжлэгч М.Ц орон сууцны төлбөрт 65 000 000 төгрөг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг залруулан өөрчлөх нь зүйтэй байна.

 Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч байгууллагын зураг төслийн дагуу барьж буй Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “Очирт Апертмент” үйлчилгээтэй 132 айлын орон сууцны барилгын [А блок] байрны 2 давхрын H тоот 77.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын үнийг төлж худалдаж авахаар тохиролцсон байна. Талуудын хооронд цаашид бий болох тодорхой хөрөнгө шилжүүлэх, үнэ төлөх талаар байгуулсан гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний агуулгатай байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

“Б” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр захиалагч нартаа хандаж “Очирт апартмент үйлчилгээний 132 айлын орон сууц төсөл нь 2014 оны 3 дугаар сараас эхэлсэн, Улс орны эдийн засгийн хямрал, мөн барилгын салбарын хямрал, санхүүжилт саатсаны улмаас шалтгаалан барилгын ажил зогсонги байдалтай өдрийг хүрсэн уг төслийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр барилгын ажлаа эхлүүлнэ” гэсэн баталгаа гаргаж байснаас үзэхэд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч байсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Цгийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээний гүйцэтгэлийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

Хэрэгт нэхэмжлэгч М.Ц нь Улаанбаатар хотын банктай 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Хугацаат хадгаламжаар барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж, 61 000 000 төгрөгийг зээлсэн, Улаанбаатар хотын банкны зээлийн дансны хуулгаар зээлийн хүүд 5 650 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна. /хх.10/

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгч орон сууц худалдаж авах зорилгоор зээл авч, түүний хүүг төлсөн болох нь тогтоогдсон, хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээсээ татгалзсан, татгалзалтай холбогдон учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэгчийн зээлийн хүүд төлсөн 5 650 000 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Гэрээний 4.2-т “Гүйцэтгэгч нь уг гэрээний 6.2-т зааснаас бусад тохиолдолд гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд захиалагч талд 0.03%-ийн алданги тооцож нийт үнийн дүнгээс хасч тооцно” гэж тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар торгууль нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд цуцлагдсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэх боломжгүй юм. Гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсанаар талуудын хооронд гэрээний дагуу хүлээх үндсэн үүрэг дуусгавар болох тохиолдолд уг үндсэн үүргийг хангах арга болох нэмэлт үүрэг дуусгавар болно. Талуудын гэрээнд үндсэн үүрэг дуусгавар болох, гэрээ цуцлагдсан тохиолдолд нэмэлт үүрэг үүсэх талаар тусгайлан тохиролцсон зүйл байхгүй байна.  Иймээс анхан шатны шүүх алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч “Б” ХХК-аас орон сууцны төлбөрт өгсөн 65 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 5 650 000 төгрөг нийт 70 650 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болсон байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.