Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00048

 

Ц.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03096 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00107 дугаар магадлалтай,

Ц.Х-ийн нэхэмжлэлтэй

“ХХ” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ц.Х нь “ХХ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03096 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Ц.Хг “ХХ” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХХ” ХХК-аас 47,454,545 төгрөг гаргуулж Ц.Хд олгож, олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 395,223 төгрөг гаргуулж улсад олгон, нэхэмжлэгч нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00107 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Хг өмнө эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагч “ХХ” ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХ” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,223 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М хяналтын гомдолдоо: 2021.01.15-ны өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын дээд шүүх, түүний бүрэн эрхийг хуульчилж өгсөн байдаг. Тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 “...Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалын дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх...” мөн хуулийн 25.7.5.а, 25.7.5.б, 27.7.5.в хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлыг хүлээн авч хянан хэлэлцүүлэхээр хуульчилж өгсөн байна. Иймд хариуцагч “ХХ” ХХК-ийн зүгээс Монгол улсын шүүхийн тухай хуулийн 25.7.5.а, 25.7.5.в-д заасны үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Шийдвэр, магадлалыг хариуцагч “ХХ” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсгийн 6.г “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Х, гүйцэтгэх захирал Д.А нарын 2021.11.04-ний өдөр Вайбэраар харилцсан зурваст нэхэмжлэгчийн ажлын байрыг хассан үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн агуулга тусгагдаагүй байдал, мөн нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй 2021.11.04-ний өдрийн “Мэдэгдэл” баримт, тухайн өдөр нэхэмжлэгчийг захирлын өрөөнд орохыг харсан болов ч ажлаас чөлөөлсөн мэдэгдэл гардуулсныг хараагүй гэх гэрч С.Ж-н мэдүүлгийг тус тус ...мэдэгдсэн байдлаа нотлоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ...” хэмээн дүгнэжээ. Хариуцагчийн компанийн зүгээс нэхэмжлэгч Ц.Хг 2021.12.07-ны өдрийн ГЗ-З-21/ОЗ дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны хуучин хууль/-ийн 40 дүгээр зүйл 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд мөн хуулийн 40.5-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээ 1 сарын өмнө буюу 2021.11.04-нд танилцуулсан байдаг. Гэвч нэхэмжлэгч Ц.Х нь мэдэгдэлд гарын үсэг зурж, хүлээн аваагүй тул хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдсэн болохоо хариуцагчийн зүгээс дараах байдлаар тайлбарлан нотолсон болно. Үүнд: 1.“ХХ” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Австрали улсын иргэн С Ж /S J/-ийн гэрчийн мэдүүлэг:

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Хг хэзээ ажлаас нь чөлөөлсөн бэ

-Гэрч: Өнгөрсөн жил

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Хг ажлаас чөлөөлөгдөхөд мэдэгдэл өгсөн гэдэг. Тэрэнтэй холбоотой үйл ажиллагаа хариуцсан захиралтай ярилцсан зүйл байдаг уу.

-Гэрч: Мэдэгдлийн талаар ярилцсан уг хэллэг, агуулгын талаар ярилцсан мэдэгдлийг хүргүүлэхээс өмнө буюу хүргүүлсний дараа ярилцсан

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Танай компанийн гүйцэтгэх захирал Ц.Хд мэдэгдэл өгөхөд байлцсан уу, харсан уу

-Гэрч: Би яг уулзахад нь байгаагүй. Оффист байсан учраас уулзах гээд орж ирж байхыг нь харсан гэх гэрчийн мэдүүлэг.

Дээрх үйл баримтаас үзэхэд “ХХ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ц.Хд 2021.11.04-ний өдрийн ГЗ-21/01 дугаар мэдэгдэл өгөхөөр бэлдэж байсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчид тухайн мэдэгдлийг өгөхөөр уулзаж байсныг гэрчилсэн, мөн мэдэгдлийг танилцуулсны дараа гүйцэтгэх захирлын зүгээс гэрчтэй уулзаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон болно. 2. 2022.06.07-ны өдрийн хариуцагчийн хүсэлтээр “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-ийн утсанд үзлэг хийлгэх хүсэлт, 2022.06.09-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл тус тус хэрэгт авагдсан байдаг. - Тус үзлэгээр 2021.11.04-ний өдрийн мэдэгдэл өгөөгүй гэх нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх болсныг мэдсэн үйл баримт тогтоогддог. Тодруулбал “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-д нэхэмжлэгч Ц.Х нь viber-аар зурвас бичиж үлдээсэн бөгөөд тус зурвасаар нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх болсноо мэдсэн буюу тухайн viber-т “ Захирлаа би хүнд муу хийх дургүй, би компанид шударгаар зүтгээд халагдаж байгаа бол хүлээн зөвшөөрч чадахгүй гэх өгүүлбэрээр хариуцагчийн зүгээс мэдэгдэлд дурдсан ажлаас чөлөөлөх болсныг мэдсэн үйл баримт тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2021.11.04-ний өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаас мэдэгдэл хүлээн авч, тус мэдэгдлийг зөвшөөрөхгүй болохоо илэрхийлж viber-аар зурвас бичиж үлдээсэн болох нь энэхүү viber зурвасаар тогтоогддог. Гэтэл шүүхийн зүгээс хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас. нь үнэлж, дүгнэж чадаагүй бөгөөд хэргийн аль оролцогч, ямар үндэслэлээр, юуг нотлох зорилгоор, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг ойлголгүй шийдвэрлэж, мөн буруу ойлгосон үзлэгийн баримтыг шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал “...Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх...” хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.03.09-ний өдрийн 001/ШХТ2023/00263 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч “ХХ” ХХК-д холбогдуулан хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Ц.Хг өмнө эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж”, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.03.09-ний өдрийн 001/ШХТ2023/00263 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

10. Ц.Х нь хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллаж байсан ба “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2021.12.07-ны өдрийн ГЗ-21/03 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2-т” заасныг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ. (хэргийн 1 дэх хавтас 140 дэх тал) Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.

11. Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь хүний нөөцийн менежерийн ажлын байр хасагдсан эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх асуудал болжээ.

Анхан шатны шүүх “ХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.27-ны өдрийн 21/82 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчилж батлахад хүний нөөцийн менежерийн ажлын байр хасагдаагүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь үндэслэлтэй болсон боловч адил чанарын өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг зөрчсөн, улмаар хоёр шатны шүүх ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэх талаар хэрэгт байгаа баримтад нийцээгүй дүгнэлт хийсэн нь хуулийн зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч, хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх нөхцөл болсон байна.

12. 2018.12 сард “ХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж, шинээр томилогдсон компанийн гүйцэтгэх захирлын 2021.12.27-ны өдрийн 21/82 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчилж баталсан, үүнд хүний нөөцийн менежерийн ажлын байр хасагдсан байна. “ХХ” ХХК-ийн дүрмийн 10.3.3-т зааснаар гүйцэтгэх захирал нь ажилтны орон тоог тогтоох эрхтэй байна. (хэргийн 1 дэх хавтас 36 дахь тал)

Давж заалдах шатны шүүх компанийн бүтэц, орон тоог баталсан өмнөх гүйцэтгэх захирлын 2019.12.16-ны өдрийн 19HR/71 дугаар тушаал болон шинээр баталсан 2021.10.28-ны өдрийн 21/82 дугаар тушаалуудыг харьцуулан, 2019 онд батлагдсан орон тоо 49 (гүйцэтгэх захирал, дэд захирал (маркетинг, ложистик), үйл ажиллагаа эрхэлсэн захирал, нягтлан бодогч, захиргааны ажилтан, хүний нөөцийн менежер, зөвшөөрөл лиценз хариуцсан менежер, үйлчлэгч, жолооч, кемпийн ажилчид 6, уулын инженер, нөөцийн геологич, төслийн зохицуулагч, ОНХ-ны гэрээт ажилчид 31), харин 2021 онд 29 орон тоо (гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирал, санхүү эрхэлсэн захирал, маркетинг эрхэлсэн захирал, санхүүгийн менежер, тогтвортой хөгжлийн менежер, нөөцийн геологич, уул уурхайн инженер, төслийн зохицуулагч, худалдан авалтын мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтэн, нягтлан бодогч, Мөрөн дэх орон нутгийн харилцааны ажилтан, орон нутгийн харилцааны мэргэжилтэн, хамгаалалтын албаны дарга, тогтвортой хөгжлийн мэргэжилтэн, оффис менежер, орон нутгийн ажилтан, кемпийн гэрээт гүйцэтгэгч 6, кемпийн харуул 3, жолооч, цэвэрлэгч) гэж ажлын байр, албан тушаал, ажилтны тоог шинэчилж тогтоохдоо нэхэмжлэгчийн ажиллаж байсан хүний нөөцийн менежер-ийн ажлын байрыг хассан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хуулийн этгээд нь зохион байгуулалтын бүтэцдээ ямар ажил, албан тушаалыг ямар тоогоор батлахыг өөрөө шийдвэрлэх эрхтэй болохоос гадна хувьцаа эзэмшигч өөрчлөгдөж шинэ бүтцээр ажиллах нөхцөл бүрдсэн нь тогтоогдож байх тул хариуцагчийн тушаалыг буруутгах боломжгүй байв.

Харин давж заалдах шатны шүүх орон тоо хасагдсан үндэслэл тогтоогдсон талаар зөв дүгнэсэн атлаа ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулсан анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөрчилтэй болсон, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй нь алдаатай болжээ. Энэ зохицуулалт нь зөвхөн энэ зүйлд буюу 36 дугаар зүйлийн 36.1.-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой. Хуулиар ногдуулсан энэ үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болохыг хуулийн 36.2-т зохицуулсан бөгөөд тухайн эрх зүйн хэм хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан бүх тохиолдолд хамааруулах үндэслэлгүй байдаг байна.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь орон тоо хассан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхдээ ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулах журамтай.

Нэхэмжлэгч нь ажлаас халах болсныг мэдэгдээгүй, харин байнга дарамталж байсан учраас ажлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй талаар хариу бичиж байсан гэсэн бол хариуцагч нь орон тоо хасагдсаны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн учраас нэхэмжлэгч нь хариу бичиж байсан, бусад ажилтанд мэдэгдлээ хуульд заасан хугацаанд хүргүүлснээ шүүхэд гаргаж өгсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Х, компанийн гүйцэтгэх захирал Д.А нарын 2021.11.04-ний өдөр вайбэрээр харилцсан зурваст шүүх үзлэг хийсэн, нэхэмжлэгч нь “Захирлаа би хүнд муу хийх дургүй, би компанид шударгаар зүтгээд халагдаж байгаа бол хүлээн зөвшөөрч чадахгүй” (хэргийн 2 дахь хавтас 5 дах тал) гэж бичсэн баримтаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг нэхэмжлэгч мэдсэн агуулга тогтоогдож байхад нэхэмжлэгчийн ажлын байр хасагдах болсныг түүнд нэг сарын өмнө мэдэгдсэн байдлаа нотлоогүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д нийцээгүй гэж үзнэ. (хэргийн 1 дэх хавтас 60, 128-131, 2 дахь хавтас 4-7 дахь тал)

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар бичгээр мэдэгдээгүй тохиолдол бүрийг ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн гэх үндэслэлд хамааруулах нь буруу болно. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч нь 2021.11.04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдсэн нь тогтоогдож байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

14. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2022/03096 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00107 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “ХХ” ХХК-д холбогдох хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ц.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 395,223 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД