Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2022/03096

 

                                                      

 

 

 

 

 

 

 

                                    2022        10         27

                 182/ШШ2022/03096

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Ц.Х

 

Хариуцагч: “ХХ” ХХК,

 

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С,

хариуцагчийн төлөөлөгч Г.М,

хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Х нь “ХХ” ХХК-аас ажилд орох санал тавьсныг зөвшөөрч, “ХХ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16HR/29 тоот шийдвэрээр Хүний нөөцийн менежерээр ажилд орсон. Тухайн үед Овоотын нүүрсний төсөл, уурхайн хүний нөөцийн бүх ажиллагааг хариуцан ажиллах ажлын саналын дагуу нэг сарын 6,000,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сард “ХХ” ХХК-ийн гол хувьцааг Монгол улсын гарьд н.Ц авсантай холбогдуулан гүйцэтгэх захирал солигдон Д.А томилогдсон бөгөөд цалин хөлс бууруулах эсвэл ажлаас гар гэсэн шахалт үзүүлсэн бөгөөд нэхэмжлэгч эвийг бодож цалингийн өөрчлөлтийг зөвшөөрч ажилласан. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буюу халагдах хүртэл ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба ажлаа хангалттай сайн хийж ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирал Д.А нь Ц.Хг дуудаад Төлөөлөн удирдах зөвлөлөөс намайг шахаад байна, чи ажлаа өгчих, чамд 5 сарын цалин өгье гэж амаар хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд өөрөө өргөдөл өгөхөд тэтгэмж олгохгүй гэдгийг мэддэг учраас зөвшөөрөөгүй, бүр ятгаад улайраад байхаар нь өмнө нь гарсан нягтлан бодогч 65,000,000 төгрөг аваад гарч байсан тохиолдол байдаг тул 11 сарын цалин аваад гарч болно гэтэл тэрээр тухайн үед хариу өгөөгүй. Гэхдээ чамайг явуулна гээд загнаад дарамтлаад байсан.

 

“ХХ” ХХК нь нийт 70 орчим ажилтантай бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгүүлсэн тул он гаргаад уурхайн үйл ажиллагаа эхлэвэл компанийн орон тоо 1000 хүрнэ. Үүний бэлтгэл ажил гээд Эрдэнэт үйлдвэрийн харьяа технологийн сургуульд мэргэжилтнүүдээ бэлтгэх сургалт зохион байгуулаад эхлээд явж байгаа болно. Гэтэл нэхэмжлэгчид ингэж хандаж байгаад гомдож, Ц.Х дарга луугаа тухайн өдөр нь хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хууль бусаар зарцуулж байгааг төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэнэ гэдгээ мэссэжээр хэлсэн.

 

Ингээд таг болсон тул больсон гэж ойлгосон. Шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийг баталсантай холбогдуулан заавал хамтын гэрээ байгуулах ёстой болж байгаа тул Хамтын гэрээ байгуулахаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар оффист байрлах бүх ажилчид хурал хийсэн ба тус хурлаар хамтын гэрээ байгуулах төлөөлөгчөөр Ц.Хг томилсон бөгөөд хамтын гэрээнд тусгах саналыг бүх ажилчдын хурлаар хэлэлцэн баталсан болно. Ингээд хурлаас гарсан шийдвэрийн дагуу компанитай байгуулах хамтын гэрээний төсөл болон Хамтын хэлэлцээрийг эхлүүлэх албан тоотыг Монгол шуудангийн баталгаат шуудангаар хүргүүлсэн ба тус шуудан нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэд ирсэн болно. Тус захиаг ирсний дараа гүйцэтгэх захирал нь хуульч дуудаж хуралдаж байгаад 2021 оны 12 сарын 06-ний өдрийн 16 цаг 50 минутын үед ажил тарахаас өмнө гэнэт ажлаас халж байгааг мэдэгдэж 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГЗ-21/02 тоот тушаалыг өгсөн ба ямар нэгэн тайлбар хэлэлгүйгээр ажлаа хүлээлгэж өгөөд яв гэж шаардсан.

 

Ажил тарж байсан тул маргааш нь ажлаа хүлээлгэж өгье гээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хариуцаж байсан ажлын материал, компанийн өмчийг хүлээлгэн өгөөд гарсан. Хамтын гэрээ байгуулах саналыг миний бие хүргүүлснээс болж шууд халж байгааг ойлгосон.

 

Учир нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд ямар нэгэн бүтэц, орон тоог өөрчлөх санал огт хийгээгүй болохыг миний бие мэйлээр баталж чадна. Шинэ бүтцийн саналд миний бие захиргааны ажилчдыг хариуцуулахаар бүтэц орон тооны зураглал бэлдүүлж байсан болно. Ажлаас халсан тушаалдаа 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зүгээр амаар уулзаад гарсан дээр үндэслээд ажлаас халлаа гэдэг нь үндэслэлгүй. Тухайн үед орон тоогоор биш өргөдлөө өг гээд байсан. Тэгээд ч мэдэгдлийг бичгээр өгнө гээд хуульд заасан байгаа надад бичгээр ямар ч мэдэгдэл өгөлгүйгээр шууд халсан. Мөн ажлаас халах тушаал нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажиллаад байхад 2021 оны 12 дугаар сарн 04-ний өдрөөр дуусгавар болгоод 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон тушаал өгөөд байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно.

 

Иймд Ц.Хг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, өмнө нь ажиллаж байсан “ХХ” ХХК-ийн Хүний нөөцийн менежерийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гаргуулах энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бөглүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

  1. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Хгийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаад буй зүйлс нь бодит байдалтай нийцэхгүй байх бөгөөд эрх бүхий этгээдүүдийн тушаал шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хуульд заасны дагуу дуусгавар болгосон байдаг. “ХХ” ХХК нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2006 онд байгуулагдсан охин компани юм. Үндсэн ажилтны тоо 11, бусад гэрээгээр 50 гаруй ажилтанг ажиллуулдаг. Урьд нийт 170 гаруй ажилтантай, нийгмийн даатгал төлж байсан боловч ковид-19 цар тахлын улмаас орон тоогоо бууруулсан. Ц.Хд 2021 оны 11 сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл өгч, мэдэгдлийг хүлээн авсан бөгөөд Viber аппликейшнаар албан бичиг явуулсан байдаг. Улмаар гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №ГЗ-21/02 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан ба тушаалд алдаа гарсан учраас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр засаж гаргасан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт болон Хөдөлмөрийн дотоод журмын 13.1.2-т заасныг тус тус үндэслэл болгож тушаал гаргасан байдаг. Байгууллага 130 ажилтантай байсан, 11 ажилтан үлдсэн. Олон хүний нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа шиг ярьж байна. Хөлсөөр ажиллуулж буй хүний нийгмийн даатгалын шимтгэлийг 01 кодоор төлдөг юм. Дотоод журмын 13.1.2-т гүйцэтгэх захирал батална, орон тоо цомхотгохыг хувьцаа эзэмшигч нар шийдсэн гэв.

 

  1. Шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, албан тушаалд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, банкны харилцах дансны хуулга, хариуцагчийн ирүүлсэн компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралт, Ц.Хд хүргүүлсэн мэдэгдэл, ерөнхий захирал томилох тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр, орон нутгийн мэдээллийн ажилтны гэрээ, шүүхээс бүрдүүлсэн гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ц.Хгийн ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, цалингийн задаргаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                 Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч “ХХ” ХХК-д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

  1. Нэхэмжлэгч Ц.Х нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс “ХХ” ХХК-д Хүний нөөцийн менежерийн ажлын байранд ажиллаж байгаад компанийн Гүйцэтгэх захирал Д.А-н 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №ГЗ-21/0 дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэл буюу орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ байгууллагын бүтэц орон тоог өөрчлөх санал ирээгүй байхад, мэдэгдэл өгөлгүй, мөн түүнчлэн ажилтныг төлөөлж ажил олгогчтой хамтын гэрээ хийх санал хүргүүлмэгц ажлаас гэнэт чөлөөлсөн гэж үндэслэсэн ба ажилд авсан, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг ирүүлж,  нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор захиралтайгаа харилцсан viber чатад үзлэг хийлгүүлсэн байна.

  1.  Хариуцагч “ХХ” ХХК нь ажилтан Ц.Хг Монгол улсын хууль тогтоомж, компанийн үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журамд заасан үндэслэлийн дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

            Хариуцагч орон тоо цөөрүүлэхийг компанийн Захирлуудын зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу бүтцийн өөрчлөлт хийсэн, 74 ажилтан байснаас 11 ажилтан үлдсэн, нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орон тоо нь үгүй болж буй тул ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн гэж тайлбарлан мэтгэлцэж байна. Хариуцагчаас тайлбар, татгалзлаа нотлохоор АМЛ компанийн Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Гүйцэтгэх захирлын “Бүтэц орон тоо өөрчилсөн” тушаал, нэхэмжлэгчид өгсөн гэх мэдэгдэл зэргийг ирүүлж, гэрчээр ХХ компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал СЖийг асуулгасан болно.

            3. ХХ ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд анх 2006 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн, гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Компанийн хувьцаа эзэмшигч нь Сингапур улсын ОККП ЛТД компани байсан ба 2015 онд хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт хийгдсэн тухай бүртгэл хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглэгджээ.

            4. Амл компанийн Захирлуудын зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцсэн “Бусад асуудал”-ын хүрээнд ... Ачит ИЗТ /инженерчлэл, зураг төсөл/-ийн судалгаа болон БОНҮ /байгаль орчны нөлөөллийн үнэлгээ/-ний үйл явцыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ нэмэлт зардлаа бага байлгах шаардлагатай хэвээр байгааг бататгав.ТУЗ нь БОНҮ-ний үйл ажиллагаа болон ИЗТ судалгааны дэмжлэгт шаардагдахгүй ажилчдын тоог багасгах арга хэмжээ авах тал дээр Ачитыг дэмжиж байгаагаа илэрхийлэв... гэжээ.

5. Хариуцагч компанийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21/82 дугаар “Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, түүний харъяанд нөөцийн геологич, уул уурхайн инженер, төслийн зохицуулагч, худалдан авалтын болон байгаль орчны мэргэжилтэн нийт 5 ажилтан, Санхүү эрхэлсэн захирал, санхүүгийн менежер, нягтлан бодогч, Маркетинг эрхэлсэн захирал, энэ хүрээнд тогтвортой хөгжлийн менежер 1, мэргэжилтэн 1, Мөрөн-харилцааны ажилтан, орон нутгийн харилцааны мэргэжилтэн, хамгаалалтын албаны дарга, оффис менежер, жолооч, цэвэрлэгч, орон нутгийн ажилтан 1, гэрээт ажилтан 6, кемпийн харуул 3 гэсэн орон тоо батлагджээ. Үүнээс урьд Гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19HR/71 дугаар тушаалаар Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж байсан байх ба энэ үед Гүйцэтгэх захирал,дэд захирал, түүний хүрээнд нягтлан бодогч, захиргааны ажилтан, хүний нөөцийн менежер, үйлчлэгч, жолооч, кемпийн ажилчид 6, үйл ажиллагаа эрхэлсэн захирал, түүний хүрээнд зөвшөөрөл лиценц хариуцсан менежер, уулын инженер, нөөцийн геологич, төслийн зохицуулагч, орон нутгийн гэрээт ажилчид 31 гэж тогтоож байжээ. Гэрээт ажилтнууд нь Иргэний хуульд заасан гэрээний дагуу ажилладаг байна.

 

Дээрх тушаалуудаас харахад байгууллагын орон тоо болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо хэрхэн цөөрсөн, хэдээс хэдэн хүн хассан нь тодорхойгүй бөгөөд харин ч хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо нэмэгдсэн мэт харагдаж байх ба 74 ажилтнаас 11 үлдсэн гэсэн тайлбартай тохирохгүй байна.

 

Компанийн захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дагуу орон тоо хассан гэх боловч хариуцагчийн бүтэц, орон тоог шинэчилсэн ажиллагаа нь компанийн захирлуудын зөвлөлийн төсөв зардал хэмнэх гэсэн санаа зорилготой нийцээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн орон тоог хассан үндэслэл ойлгомжгүй байна.

            6. Ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлж буй тохиолдолд ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх тухай мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан. Мэдэгдлийг бичгээр мэдэгдэж байхыг Дээд шүүх тогтоолоор тайлбарласан байдаг. Хариуцагчаас нэхэмжлэгчид орон тоог хассан тул ажлаас чөлөөлнө гэсэн мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн гэж Мэдэгдэл гэх баримтыг хэрэгт ирүүлсэн ба түүнд нэхэмжлэгч хүлээн авсан тухай тэмдэглэл байхгүйн зэрэгцээ орон тоо хасах асуудал ер яригдаагүй, мэдэгдэл өгөөгүй гэж эсэргүүцэж, тэр өдөр захирал дуудаж ажлаа өгчих, 5 сарын тэтгэмж өгье гэж шаардаж байсныг нь зөвшөөрөөгүй, улмаар хувьцаа эзэмшигчийн мөнгийг хууль бусаар зарцуулж буйг нь ТУЗ-д мэдэгдэнэ гэхээр чимээгүй болсон тул больсон гэж ойлгож байсан, гэтэл ажилтнуудыг төлөөлж Хамтын гэрээ байгуулах төсөл санал хүргүүлэх үед ажлаас шууд халсан, харин ч дараагийн онд уурхайн үйл ажиллагаа эхэлж орон тоо 1000 хүрнэ, бэлтгэл ажил гэж технологийн сургуульд мэргэжилтнүүдээ бэлтгэх сургалт зохион байгуулан эхэлж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тэр өдөр захиралтайгаа viber чатаар харилцахдаа нэхэмжлэгчийн тайлбарлаж буй байдлаар харилцсан нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

            7. Хариуцагч орон тоо хасагдсанаас ажлаас чөлөөлөх болсон мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн гэдгийг гэрч Самуэл Жеймс гэрчилнэ гэсэн ба шүүх гэрчийг асуусан боловч тэрээр захирал Ц.Хтай уулзах үед дэргэд нь байгаагүй, уулзахаар орж явсныг харсан гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийн орон тоо үгүй болж байгаагаас түүнийг ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж мэдэгдэл өгсөн гэдгийг гэрч нотлохгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдах болсныг 1 сарын өмнө мэдэгдсэн байдал нотлогдохгүй байна.

            8.Хариуцагч нэхэмжлэгчийг ажилтнуудыг төлөөлж Хамтын гэрээ байгуулахыг шаардлаа гэдгээр ажлаас чөлөөлсөн байдал тогтоогдохгүй байна.

            9.Ажил олгогч ажилтан Ц.Хг ажлын байрны орон тоо нь хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 232 өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээ 47,454,545 төгрөг болж байна. Нэхэмжлэгч сард 4,500,000 төгрөгийн цалинтай байжээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ийг баримтлан Ц.Хг “ХХ” ХХК-ийн Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-ийг баримтлан “ХХ” ХХК-иас 47,454,545 төгрөгийг гаргуулж Ц.Хд олгож, олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 395,223 төгрөг гаргуулж улсад олгон, нэхэмжлэгч нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоноийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.             

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                         С.БУД