Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 397

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ж.Б, гуравдагч этгээд Б.Ц, Р.Б, гуравдагч этгээд Р.Б-ийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0162 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0472 дугаар магадлалтай, Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0162 дугаар шийдвэрээр: 1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 13 дугаар зүйлийн 13.9, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын өмчлөх эрхийн Y-2206007011 дугаарт бүртгэгдсэн 42 тоот, гуравдагч этгээд Р.Б-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206008040 дугаарт бүртгэгдсэн 40 тоот, гуравдагч этгээд Б.Ц-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хэргийн нөхцөл байдлыг тодруулж, “Б” ХХК-иас дахин автозогсоолын план зургийг гаргуулсны үндсэн дээр уг зогсоолуудын байрлалын давхардлыг арилгаж дахин улсын бүртгэлд бүртгэх хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх маргаан бүхий автозогсоолуудын бүртгэлийг шинэчлэн хийгээгүй тохиолдолд уг бүртгэл хүчингүй болохыг мэдэгдэж, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0472 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0472 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 75 дугаар бүхий 48 айлын орон сууцны зоорийн давхарын 7, 40, 42 тоот зогсоолууд нь бүртгэл давхардаж бүртгэгдээгүй бөгөөд гагцхүү байрлалын хувьд маргадаг. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг цуглуулах явцад хэргийн газарт очиж үзлэг хийж хэмжилтээр автозогсоолын хэмжээ хангалттай гэж дүгнэсэн, мөн хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан байгаа. Дээрх орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч захиалагч нарт нотлох баримтыг бүрдүүлж өгөхдөө автозогсоолын план зурагт 40, 42 тоотыг давхардуулан тэмдэглэж өгснөө хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч байгууллагын зүгээс дээрх маргааныг хянан шийдвэрлэх хамгийн анхны гарц нь “Б” ХХК нь уг байрны автозогсоолын план зурагт автозосгоол тус бүрийн байрлалыг зөв тодорхойлох явдал бөгөөд ингэснээр дараа дараагийн үйлдэл хэрхэн өрнөх нь тодорхой болно гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны иргэн Ж.Б-ын 42 тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-2206007011 дугаарт 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр анхны бүртгэлээр, иргэн Б.Ц-ийн 7 тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-2206007027 дугаарт 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр анхны бүртгэлээр, иргэн Р.Б-ийн 40 тоот орон сууц, зогсоол нь Улсын бүртгэлийн Ү-2206008040 дугаарт 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр /иргэн Э.М-ийн өмчлөлд/ анхны бүртгэлээр тус тус бүртгэгдсэн байна. Хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Б” ХХК нь Ж.Б-ын улсын бүртгэлийн Ү-2206007011 дугаартай 40 тоот орон сууц, авто зогсоол, Р.Б-ийн улсын бүртгэлийн Ү-2206008040 дугаартай 42 тоот орон сууц, авто зогсоолын материалыг бүрдүүлж өгөхдөө зогсоолын схем зурагт дээрх 2 зогсоолыг давхардуулан тэмдэглэж олгосноос маргаан үүссэн байна.

Энэхүү маргааныг анхан шатны шүүхээс “Б” ХХК-иас дахин автозогсоолын план зургийг гаргуулсны үндсэн дээр уг зогсоолуудын байрлалын давхардлыг арилгаж дахин улсын бүртгэлд бүртгэх хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч бүртгэлийг шинэчлэн хийгээгүй тохиолдолд уг бүртгэл хүчингүй болохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх зөрчигдөх нөхцөл байдлыг бий болгосон, уг шүүхийн шийдвэрийн дагуу маргаан нэг мөр шийдэгдэх боломжгүй.

Учир нь “Б” ХХК 6 сарын хугацаанд план зургийг шинэчлэн гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцагч ямар арга хэмжээ авах, нөхцөл байдлыг хэрхэн тодруулж дахин шинэ акт гаргах нь тодорхойгүй, иргэдийн орон сууц болон автозогсоолын хамт бүртгэгдсэн улсын бүртгэл бүхэлдээ хүчингүй болох эрсдлийг бий болгохоор байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд “Б” ХХК “автозогсоолуудын байршил, багтаамжийг дахин нягталж, зохицуулах боломжтой” гэсэн тайлбар өгсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК-иар уг ажиллагааг гүйцэтгүүлэх нь хуульд харшлахгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын автозогсоол өмчлөх эрх нь план зураг давхардсан улсын бүртгэлийн улмаас зөрчигдсөн, эсхүл “Б” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоох нь маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2017/0472 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН