Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0131

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Г, гуравдагч этгээд Р.Б, түүний өмгөөлөгч Ч.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Р.Б-ийн давж заалдах гомдлын дагуу Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр: ”Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.9, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот автозогсоолын бүртгэлтэй давхцуулан бүртгэсэн 40 тоот автозогсоолын бүртгэлийг хүчингүй болгож, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200, нийт 1,070,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Р.Б-ийн гаргасан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот автозогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот автозогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б, гуравдагч этгээд Р.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож” шийдвэрлэжээ.

        Гуравдагч этгээд Р.Б давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, бодитой байх талаас нь дүгнээгүй, шүүх хуралдаанд гаргасан баримт, мэдээллийг огт үнэлээгүй.

... Хэрэг маргааны хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд хүчингүй болсон хуулиудыг буцаан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Хүчингүй болсон хуулиар иргэний өмчлөх эрхийг хязгаарласан нь Үндсэн хуулийн суурь зарчмуудыг зөрчсөн.

... Б.Ц-ийн орон сууц худалдан авахдаа огт хэлцэл хийгдээгүйд дүгнэлт хийгээгүй, энэ талаарх нотлох баримтыг үнэлэхээс зайлсхийсэн, 42 тоотын өмчлөх эрх зөрчигдөөгүй.

... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны журмаар хэлэлцүүлж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

        НЭГ. “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 42 тоот авто зогсоолын бүртгэлтэй давхцуулан бүртгэсэн 40 тоот авто зогсоолын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Чингисийн өргөн чөлөө” гудамж, 48 айлын орон сууцны 75 дугаар барилгыг “Б” ХХК 2005 онд ашиглалтад оруулж, тухайн байрны зоорийн давхрын автомашины зогсоолуудыг бусдын өмчлөлд шилжүүлсэнтэй холбогдуулж, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардагдах баримтуудыг гаргаж улсын бүртгэлийн байгууллагад өгснөөр 42 тоот автомашины зогсоолыг 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007011 дугаарт иргэн Ж.Б-ын, 40 тоот автомашины зогсоолыг 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008040 дугаарт иргэн Э.М-ийн нэр дээр тус тус бүртгэжээ.

        Иргэн Ж.Б, Э.М нараас улсын бүртгэлийн байгууллагад ийнхүү хандахад “Б” ХХК зоорийн давхрын авто зогсоолд автомашин байршуулах тойм зурагт Ж.Б-ын өмчлөлийн гэх 42, Э.М-ийн өмчлөлийн гэх 40 тоот автомашины зогсоолуудын үл хөдлөх эд хөрөнгийн план зургийг давхардуулсан байдлаар хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримт[1]-уудаар тогтоогдсон байна.

        Эндээс харвал хариуцагч төрийн захиргааны байгууллагын дээрх 40 тоот авто зогсоолыг бүртгэсэн үйл ажиллагаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 /бүртгэл үнэн зөв байх/-т заасан зарчимд нийцээгүй байна.

        Э.М-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000217150 дугаар гэрчилгээ, Э.М-тай 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”[2], холбогдох бусад баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байрны 40 тоот орон сууц, 40 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Р.Б, С.Д, С.Ж нарыг улсын бүртгэлийн Ү-2206008040 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 000329879 дугаар гэрчилгээ[3] олгожээ.

        Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 13 дугаар зүйлийн 13.9 /Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө/-д зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй.

        Үүнээс гадна Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.9 /мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол/, 15 дугаар зүйлийн 15.4 /Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана/-д зааснаар тухайн авто зогсоолын байршилд нэхэмжлэгч Ж.Б-ын нэр дээр 42 тоот авто зогсоолыг бүртгэсэн бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд улсын бүртгэгч тухайн байршил дээр 40 тоот авто зогсоолыг бүртгэхээс татгалзах байжээ.

        Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.8 /улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох/-д улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байгаа тохиолдолд дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосныг анхаараагүй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.14 /шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах/-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс дээрх нөхцөл байдал үүсжээ.

        Энэ нь хариуцагч төрийн захиргааны байгууллагын хийсэн бүртгэлийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй гэх үндэслэл болно.

        Нөгөөтэйгүүр, тус барилгын зоорийн давхрын план зурагт 36, 42, 7, 46 дугаарт 4 машин, харин улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн план зурагт 36 7, 42, 40, 46 дугаарт 5 машин тус тус байрлуулахаар зөрүүтэй, өөрөөр хэлбэл, тухайн хэсэгт нэг машины зогсоол нэмсэн болох нь, үүнээс тухайн зоорийн давхар Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбд 30.01.04/-ийн 6.33, Авто зогсоол /MNS 5342:2007/-ийн 4.5, 4.7-д нийцээгүй нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр[4], автомашин хоорондын болон автомашинаас барилга байгууламжийн элемент хүртэлх зай, хөдөлгөөний аюулгүй байдал, автомашин чөлөөтэй нэвтрэх, орох, гарах нөхцөл хангагдаагүй нь мөн Авто зогсоол /MNS 5342:2007/-ийн 4.6, 6.3, 6.6, 6.8, 7.5, 7.6, 7.7-д заасан шаардлагыг хангаагүй нь Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02-03/41868 дугаар албан бичгээр[5] тус тус тогтоогджээ.

        Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хүнээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэдэг.

        Энэхүү хэргийн тухайд хариуцагч төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Р.Б-ийн авто зогсоолуудын улсын бүртгэлийн үйл ажиллагааг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу зөв бүртгэсэн эсэх, үүний улмаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар, мэдүүлэгт үндэслэн хянан шийдвэрлэсэн тул гуравдагч этгээд Р.Б-ийн “хүчингүй болсон хуулиудыг буцаан хэрэглэж, иргэний өмчлөх эрхийг хязгаарласан“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.  

        Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь үндэслэлтэй.

        ХОЁР. Гуравдагч этгээд Р.Б-ийн “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байрны зоорийн давхарт байрлах 07, 42 тоот авто зогсоолуудын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 75 дугаар байрны 40 тоот зогсоолын өмчлөх эрхийг зогсоолын план зураг дээрх байрлалаар нь, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр тэмдэглэсэн талбайг 15 м.кв хэмжээгээр баталгаажуулахыг хариуцагчид даалгах” бие даасан шаардлагын тухайд:

        Хариуцагч төрийн захиргааны байгууллагын маргаан бүхий 75 дугаар байрны 40 тоот зогсоолын өмчлөх эрхийг өмнө бүртгэгдсэн улсын бүртгэлтэй давхцуулан бүртгэснээс хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд гуравдагч этгээдийн “ ... 75 дугаар байрны 42 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хангах боломжгүй.

        Харин гуравдагч этгээд Б.Ц-ийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-2206007027 дугаартай 7 тоот орон сууц, 7 тоот авто зогсоолын хувийн хэрэгт[6] авагдсан нотлох баримтуудаар 7 тоот авто зогсоолын байршил нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Р.Б-ийн 40, 42 тоот авто зогсоолын байршил, бүртгэлтэй давхцалгүй нь тогтоогдсоноос үзвэл 7 тоот авто зогсоолыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсний улмаас гуравдагч этгээд Р.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөхгүй тул түүний бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

        ГУРАВ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянадаг бөгөөд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн “өмгөөллийн хөлс 1,000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах“ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

        Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт баримтлах ёсгүй хуулийг баримталсан, мөн баримталсан хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан тул эдгээр алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “13 дугаар зүйлийн 13.9” гэснийг хасч, “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт” гэснийг “15 дугаар зүйлийн 15.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д” гэж өөрчилж, 2 дахь заалтын “35100 /гучин таван мянга нэг зуун/” гэснийг “70.200” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Р.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

                                ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

 


[1] 2 дахь хавтсын 156, 162 дахь тал

[2] 2 дахь хавтсын 83 дахь тал

[3] 2 дахь хавтсын 84 дэх тал

[4] 3 дахь хавтсын 193 тал

[5] 4 хавтсын 32 дахь тал

[6] 1 дэх хавтсын 174-186 дахь тал