Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00739

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/00739 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , К ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,450,917 /дөчин долоон сая дөрвөн зуун тавин мянга есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмжаргал, Д.Эрдэнэчимэг, Я.Балжинням, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага Нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгж байгууллагыг унд, ахуйн усаар тасралтгүй найдвартай хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг. Комфорт таун инвест ХХК нь 2018 оноос манайтай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 22000001 дугаартай гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Тус хэрэглэгч нь гэрээ байгуулан ажилласнаас хойш Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, усны үйлчилгээний төлбөрийг хугацаандаа төлөхгүй байснаас 2020.09.30-ны байдлаар нийт 47,450,917.64 төгрөгний өр төлбөртэй байгаа тул хариуцагчаас 2019.04.01-ний өдрөөс 2020.09.30-ны өдрийн хооронд хэрэглэсэн цэвэр ус болон татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлбөр 47,450,917 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: УСУГ-аас нэхэмжилсэн цэвэр бохир усны төлбөр 47,450,917 төгрөгийг манайх хэрэглэгчдээс орлого болгон аваагүй учир хариуцан төлөх үндэслэлгүй. Учир нь манайх 2015 оны 3 сард Хот Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөл /ХСУХАТАҮЗЗ-ийн тусгай зөвшөөрлөөр орон сууц ашиглалтын /ОСА-н/ чиглэлээр үйл ажиллагаа явуулж Ус Сувгийн Удирдах Газар /УСУГ/-тай Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээтэйгээр хамтран ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 4 сард ОСА-н Таун комфорт ХХК-тай хөрөнгө мөнгө, шугам сүлжээний өмчлөл, хөдөлмөрийн маргаан үүссэний улмаас Төрийн банктай байгуулсан Биллинг үйлчилгээ үзүүлэх гэрээ 2019 оны 3 сараас цуцлагдаж харъяаллын байруудаасаа цэвэр бохир ус, халаалт халуун усны төлбөрийг төрийн банкаар хураах ажил зогссон тухай манай компаниас УСУГ болон ХСУХАТАҮЗЗ, Төрийн банкинд амаар болон бичгээр мэдэгдэж байсан. Энэ хугацаанд Таункомфорт ХХК өөрт нь ямар ч хамааралгүй тусгай зөвшөөрлийн хүрээнд нь багтаагүй хэрэглэгчдээс үйлчилгээ үзүүлэх гэрээ хийлгүйгээр манай компанийн үйлчлүүлэгчдийн цэвэр бохир ус болон бусад орлогыг бэлнээр болон өөрийн компанийн дансанд шилжүүлэн авч хууль бусаар ашиг олсон талаар оршин суугчид хэлдгийн дээр БГД-н иргэний хэргийн шүүхэд үүсээд байгаа 102/ШТ2020/00142 тоот хэрэгт нотлох баримтаар авагдсан Т ХХК-ийн Төрийн банкны 102100003201 тоот дансны хуулгаар нотлогддог. Манай компани хэдийгээр УСУГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч орлого болгон аваагүй төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа учир хууль бусаар ашиг олж, нэхэмжлэлд дурьдсан мөнгийг орлого болгон хураасан Т ХХК-с дээрх мөнгийг нэхэмжлэн авах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

У ОНӨААТҮГ нь К ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,450,917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ тооцоо нийлсэн баримтын дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь манайх хэрэглэгчдээс орлого болгон аваагүй, нэхэмжлэлд дурьдсан Т ХХК мөнгийг орлого болгон хураасан гэж маргажээ.

 

У ОНӨААТҮГ буюу хангагч нь цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, К ХХК буюу хэрэглэгч нь нийлүүлсэн усны төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр 2018.07.25-ны өдөр 22000001 дугаар гэрээ байгуулсан байна.

 

Тухайн гэрээг хариуцагчийн 286 дугаартай Тусгай зөвшөөрлийг үндэслэн байгуулсан байх бөгөөд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019.11.22-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.

 

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээх ба тухайн тохиолдолд нэхэмжлэгч цэвэр ус нийлүүлэх, хариуцагч төлбөр төлөхөөр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Хэрэгт авагдсан дээрх 100 дугаар тогтоолоор К ХХК-д тусгай зөвшөөрлийн хүрээнд үүссэн усны төлбөрийн үлдэгдэл тооцоог нийлж, төлөхийг хариуцагчид үүрэг болгосон байна.

 

Талууд 2020.09.30-ны өдөр тооцоог нийлж, нийт 47,450,917 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч, тус бүрийн нягтлан бодогч нар нь гарын үсэг, тамгаар баталгаажуулжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч цэвэр ус нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул У ОНӨААТҮГ нь Контор төв инвест ХХК-иас үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр К ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,450,917 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 395,205 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Өмнөх шүүх хуралдаан хариуцагч талын өмгөөлөгч авах хүсэлтээр хойшилж, энэ өдрийн товыг мэдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан К ХХК худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,450,917 /дөчин долоон сая дөрвөн зуун тавин мянга есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулан, У ОНӨААТҮГ-толгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 395,205 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ