Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00852

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00852

 

УСУГ ОНӨААТҮГ--ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00739 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч УСУГ ОНӨААТҮГ--ын хариуцагч КТИ ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлд 47 450 917 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага Нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгж байгууллагыг унд, ахуйн усаар тасралтгүй найдвартай хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг. КТИ ХХК нь 2018 оноос манай байгууллагатай 22000001 дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна. Тус хэрэглэгч нь гэрээ байгуулан ажилласнаас хойш Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, усны үйлчилгээний төлбөрийг хугацаандаа төлөхгүй байснаас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 47 450 917.64 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул хариуцагчаас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хэрэглэсэн цэвэр ус болон татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлбөр 47 450 917 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

УСУГ ОНӨААТҮГ--ын нэхэмжилсэн цэвэр бохир усны төлбөр 47 450 917 төгрөгийг манайх хэрэглэгчдээс орлого болгон аваагүй учир хариуцан төлөх үндэслэлгүй. Учир нь манайх 2015 оны 3 дугаар сард Хот Суурины Ус Хангамж Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Зөвлөл /ХСУХАТАҮЗЗ-ийн тусгай зөвшөөрлөөр орон сууц ашиглалтын /ОСА-н/ чиглэлээр үйл ажиллагаа явуулж Ус сувгийн удирдах газартай Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-гээр хамтран ажиллаж ирсэн. Гэтэл 2018 оны 4 дүгээр сард ОСА-н Т ХХК-тай хөрөнгө мөнгө, шугам сүлжээний өмчлөл, хөдөлмөрийн маргаан үүссэний улмаас Төрийн банктай байгуулсан биллинг үйлчилгээ үзүүлэх гэрээ 2019 оны 3 сараас цуцлагдаж харьяаллын байруудаасаа цэвэр бохир ус, халаалт халуун усны төлбөрийг төрийн банкаар хураах ажил зогссон тухай манай компаниас УСУГ болон ХСУХАТАҮЗЗ, Төрийн банкинд амаар болон бичгээр мэдэгдэж байсан. Энэ хугацаанд Т ХХК өөрт нь ямар ч хамааралгүй тусгай зөвшөөрлийн хүрээнд нь багтаагүй хэрэглэгчдээс үйлчилгээ үзүүлэх гэрээ хийлгүйгээр манай компанийн үйлчлүүлэгчдийн цэвэр бохир ус болон бусад орлогыг бэлнээр болон өөрийн компанийн дансанд шилжүүлэн авч хууль бусаар ашиг олсон талаар оршин суугчид хэлдэг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсээд байгаа 102/ШТ2020/00142 тоот хэрэгт нотлох баримтаар авагдсан Т ХХК-ийн Төрийн банкны 102100003201 тоот дансны хуулгаар нотлогддог. Манай компани нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч орлого болгон аваагүй төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа учир хууль бусаар ашиг олж, нэхэмжлэлд дурдсан мөнгийг орлого болгон хураасан Т ХХК-аас нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан КТИ ХХК-аас /РД:5945305/ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 47 450 917 /дөчин долоон сая дөрвөн зуун тавин мянга есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулан, УСУГ ОНӨААТҮГ--т /РД:2117568/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 395 205 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болж өнгөрсөн үйл баримтыг буруу дүгнэсэн. Хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлох зорилгоор гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан болно. Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авахтай холбоотой хуулиар тогтоосон журмыг зөрчиж, эрх хэмжээгүй этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулах, тайлбар авах ажиллагааг явуулсан байна. Нэхэмжлэлийн тоо, тооцоолол, төлбөр тооцсон хугацаа зэрэг нөхцөл байдлууд нь хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлага, түүнд хамаарах хугацааг зайлшгүй тодруулах шаардлага бүрдсэн байхад нэхэмжлэлийг тодруулах арга хэмжээг аваагүй байна.

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч байгууллага болох Ус сувгийн удирдах газарт хандаж, Т ХХК-ийн явуулж буй хууль бус үйл ажиллагааны улмаас Төрийн банкны зүгээс манай байгууллагын биллинг үйлчилгээг цуцалж, манай компанийн зүгээс айл өрхүүдээс төлбөр хураах боломжгүй болсон талаар, мөн Т ХХК-ийн зүгээс хууль бусаар айл өрхүүдээс төлбөр хурааж хууль бус орлого олж байгаа талаар, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг үргэлжлүүлэхгүй байх талаарх хүсэл зорилгоо илэрхийлсэн. Цаашид Т ХХК-аас төлбөрөө нэхэмжлэх талаар албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний харилцааг цуцлах тухай саналаа албан ёсоор бичгээр хүргүүлсэн. Энэхүү албан хүсэлтийг талуудын байгуулсан гэрээний 3.6-т хэрэглэгчээс гаргасан санал, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж барагдуулна гэж заасны дагуу заавал шийдвэрлэх ёстой байсан. Энэ өдрөөс хойш нэг ч айл өрхийн төлбөрийг хүлээн аваагүй. Т ХХК бэлнээр болон өөрийн Төрийн банкны 102100003201 тоот харилцах дансаараа хүлээж авч эхэлсэн. Энэ нөхцөл байдлыг тодруулж, өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс Т ХХК-ийн Төрийн банкны 102100003201 тоот дансны 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хуулгыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэж үзсэн. 2019 оны 3 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд Т ХХК нь айл өрхүүдээс цуглуулсан төлбөрөө хууль ёсны гэж үзээд өөрийн 102100003201 тоот Төрийн банкны дансаараа хүлээн авч байсан. Ийнхүү хүлээн авсан төлбөрөөс холбогдох тарифын дагуу нэхэмжлэгчид хамаарах төлбөрийг нэхэмжлэгч талд төлж барагдуулсаар байсан. Нэхэмжлэгч талын зүгээс Т ХХК-аас авсан хэрнээ гэрээтэй гэх нэрийдлээр давхардуулан манай компаниас төлбөрийг авахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Айл өрхүүдийн төлбөрийг аль нэг талаас суутган авсан нөхцөлд нөгөө талаас давхардуулан нэхэмжлэх нь үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нөхцөлд Т ХХК ямар хэмжээний төлбөрийг айл өрхүүдээс авсан, үүнээсээ ямар хэмжээг нэхэмжлэгч байгууллагад төлснийг тодруулах шаардлагатай. Нотлох баримт гаргуулах хүсэлтэд дурдагдсан дансны хуулга гаргуулах, мөн Т ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байсан. Манайх айл өрхүүдээс төлбөр аваагүй, 100 хувь хариуцах үүрэгтэй бол Т ХХК-ийн айл өрхүүдээс авч нэхэмжлэгчид төлсөн хэсгийг хасуулах нь зүйтэй. Харин Т ХХК-ийн төлсөн хэсгийг хасахгүй бол нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болно. Нэхэмжлэлийг гардаж авах үед шүүхэд гаргаж өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан тэмдэглэгээгээр Н.Төгөлдөр нь захирлаар бүртгэлтэй хэвээр болох нь харагдаж байхад итгэмжлэл олгогдоогүй, хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй Д.Б-д нэхэмжлэлийг хувийг гардуулж, тайлбар авсан нь хууль бус болсон, мөн мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна. Д.Б-д хожим итгэмжлэл олгосон нь тухайн өдрөөсөө хүчин төгөлдөр гэж тооцогдох ба өмнө нь нэгэнтээ хийгдсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөх үндэслэлгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийг өөрөө гардан авах, өөрөө тайлбар өгөх талаар хуулиар тогтоосон журам зөрчигдсөний улмаас хариуцагч Н.Төгөлдөрийн хувьд хэргийн талаарх мэдээлэлтэй байх, хариу тайлбарыг өөрийн хүсэл зоригт нийцсэн байдлаар гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хугацааг зөв тооцоолох зэрэг асуудлаар өөрийнх эрх нь хөндөгдсөн гэж үзэж байна.

2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд үүссэн авлагыг нэхэмжилсэн талаар нэхэмжлэлдээ тусгасан атлаа шүүхэд гаргаж өгсөн тооцоололдоо 2019 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын тооцоо гэж 5 429 089 төгрөгийг оруулсан байна. Гэтэл Ус сувгийн удирдах газрын харьяа хэрэглэгчдэд үйлчлэх албанаас 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12/25 тоот албан бичгээр манай байгууллагыг 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар 220 949 712.5 төгрөгийг төлснийг тодорхойлсон. Энэхүү баримтаар 2019 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын хоорондын төлбөрийг төлж барагдуулсан нь нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагыг агуулгад хамаарахгүй хугацааны, өмнө төлж дууссан тооцоог нэхэмжилсэн нь хэрэглэгчдийн төлбөрийн нэгдсэн тооцоо гэх баримтаас харагдана. Хэрэв 2019 оны 4 дүгээр сараас эхэлсэн төлбөрийг нэхэмжлэх бол энэхүү тооцооллыг зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулах шаардлагатай байсан.

Нэхэмжлэгч УСУГ ОНӨААТҮГ- нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр бусадтай гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхийг эдэлдэг зохицуулалттай хуулийн этгээд юм. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлөө шүүхэд гаргаж өгөөгүй атал нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн нэгэн адил тооцож нэхэмжлэлийг хангасан нь буруу байна. Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны нэгэн адил тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг учир нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг баримтаар гаргуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой. Хэрэв энэ талаарх тусгай зөвшөөрөл байхгүй бол нэхэмжлэл гаргах эрхгүйд тооцогдоно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ КТИ ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хэрэглэсэн цэвэр ус болон татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлбөр болох 47 450 917.64 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн талуудын нягтлан тооцоо нийлж баталгаажуулсан гэх баримтад 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал гэж тодорхой заасан. Гэтэл хариуцагч болох КТИ ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосон. Тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш нэхэмжлэлд хамаарах үйл ажиллагааг явуулах боломжгүй. Хариуцагчийн хувьд 2019 оны 3 сараас төлбөр хураахгүй талаар нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэж, айл өрхийн төлбөрийг Т ХХК-аас нэхэмжлэх талаар бичгээр мэдэгдсэн. Үүний дагуу 2019 оны 10 дугаар сард аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдааны явцад 2019 оны 11 дүгээр сар хүртэл тооцоолсон гэж тайлбарлаж, энэ талаар тооцоолол өгсөн байх боловч тэрхүү тооцоолол нь үндэслэлгүй. Улаанбаатар хот УСУГ ОНӨААТҮГ--ын нэхэмжлэлтэй, КТИ ХХК-д холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, энэ талаараа захирамждаа тусгасан хэрнээ КТИ ХХК-д холбогдуулан шүүхийн шийдвэрээ гаргасан байна. Энэ талаар шүүхийн шийдвэртээ дүгнээгүй байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч УСУГ ОНӨААТҮГ- нь КТИ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 47 450 917 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...манайх хэрэглэгчдээс орлого болгон аваагүй, нэхэмжлэлд дурдсан мөнгийг Т ХХК орлого болгон хураасан гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 22000001 дугаар Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-гээр УСУГ ОНӨААТҮГ- буюу хангагч нь цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, КТИ ХХК буюу хэрэглэгч нь нийлүүлсэн усны төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, талууд гэрээний нөхцлийг харилцан тохиролцож тогтоон /хх9-10/, гарын үсгээр баталгаажуулсан Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан байх ба шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

КТИ ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэрээ КТИ ХХК болж өөрчлөн улсын бүртгэлд өөрчлөн бүртгүүлсэн, гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байна. /хх15/

 

Талууд дээрх гэрээний үүргийг дүгнэж, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэн, нийт 47 450 917.64 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрсөн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад нэхэмжлэгч болон төлөгч байгууллагын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулжээ. /хх6/

 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 100 дугаар тогтоолоор хариуцагч КТИ ХХК-ийн нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх 286 дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгохдоо /хх30/ тусгай зөвшөөрөлтэй байх хугацааны усны үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийн тооцоог нийлж 2019 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлбөр барагдуулах гэрээ байгуулж ирүүлэхийг тогтоолын 4 дэх заалтаар КТИ ХХК /Д.Б-/-д үүрэг болгожээ.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны КТИ ХХК-ийн хэрэглэсэн усны төлбөрийн хэмжээг сар тутмаар харуулсан Хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо-ноос үзвэл 2019 оны 12 дугаар сард 49 037 764 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан, уг баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан.

 

Энэ баримтад заагдсан 49 037 764 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулахыг КТИ ХХК хүлээн зөвшөөрч, хуваарийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр талууд гарын үсэг, зурж тэмдгээр баталгаажуулсан байх бөгөөд төлбөрийг төлөхөөр баримт үйлдсэн нь зохицуулах зөвлөлөөс үүрэг болгосны дагуу байна. /хх-47/

 

Дээрхээс үзвэл үүрэг гүйцэтгэгч КТИ ХХК нь үүргийг хүлээн зөвшөөрснөө Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар бичгээр мэдэгдсэн байх тул 2019 оны 3 дугаар сараас төлбөрийг хураагаагүй, орлого болгож аваагүй гэх татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч КТИ ХХК-аас төлбөр шаардсан Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр нь Т ХХК-ийн Төрийн банкны дансанд шилжин орсон тул 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны 102100003201 тоот дансны хуулгыг гаргуулах хүсэлтийг шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2020/16992 дугаар захирамжаар хэрэг үүсгэхдээ хариуцагчийг КТИ ХХК гэж тодорхойлсон нь нэхэмжлэгч Улаанбаатар хотын УСУГ ОНӨААТҮГ--ын нэхэмжлэлд үндэслэгдсэн, компанийн нэр өөрчлөгдсөн баримтыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр хариуцагчийн нэрийг өөрчилж тодорхойлсон нь буруу биш.

 

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/013 дугаар Ерөнхий захирал Н.Т-ийн тушаалаар КТИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Б-ыг томилсон байна. Гүйцэтгэх удирдлага болох Д.Б- нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй.

 

Түүнчлэн, хариуцагч тал нь шүүх хуралдаанд ирж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантайгаа баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

 

Дээрх үндэслэлүүдээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийг гардуулсан, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2021/00739 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 205 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ