| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 140/2021/00084/И |
| Дугаар | 001/ХТ2023/00052 |
| Огноо | 2023-03-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2023/00052
“УББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШШ2022/00397 дугаар шийдвэр,
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2022/00023 дугаар магадлалтай,
“УББ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“ЮЮ” ХХК, Д.Б нарт холбогдох,
8,922,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Э, хариуцагч “ЮЮ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “УББ” ХХК нь хариуцагч “ЮЮ” ХХК-аас 8,862,500 төгрөг, Д.Бгээс 60,000 төгрөг, нийт 8,922,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2.Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШШ2022/00397 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “УББ” ХХК-ийн Д.Бгээс 60,000 төгрөг, “ЮЮ” ХХК-аас 8,862,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2022/00023 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШШ2022/00397 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Бгээс 8,922,500 төгрөгийг гаргуулж, “УББ” ХХК-ийн захирал М.Пид олгож” гэж, 2 дахь заалтыг “нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,710 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Бгээс 157,710 төгрөгийг нэхэмжлэгч компанид олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “УББ” ХХК-ийн захирал М.Пийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч компанийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалуудыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1.Д.Б би “ЮЮ” ХХК-ийн Богдын гол 1-р 40 айл, Богдын гол 2-р 40 айлын 5 давхар барилгын төслүүд дээр Төслийн Удирдагчаар ганцаараа ажиллаж байсан. Аливаа барилгын төсөл хэрэгжүүлэхэд төслийн удирдагч төслийн орон нутаг дахь бичиг баримт зөвшөөрөл гэрээ хэлцэл хариуцсан менежер, төслийн менежер, төслийн борлуулалтын менежер /супервайзер/, төслийн орон сууцуудыг борлуулалтын дараах банкны ипотекийн зээл хариуцсан менежер, төслийн барилгын бараа материалын нярав, анхан шатны ня-бо зэрэг ажлын байрны чиг үүрэг бүхий ажилчид өөр өөрсдийн хуваарьтай гүйцэтгэх ажлуудаа хийж гүйцэтгэж ажилладаг. “ЮЮ” ХХК Д.Б намайг ............... 2 ширхэг 5 давхар барилгын төсөлд төслийн удирдагчаар ажиллуулсан. Төсөл хэрэгжих Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт барилга барих зөвшөөрөл авахаас эхлэн орон сууцны 2 барилгыг бүрэн барьж, өмчлөгчид улсын бүртгэлийн гэрчилгээг гардуулж өгөх хүртэл ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн.
Энэ хугацаанд Богдын гол 1, 2-р 40 айлын орон сууцны 2 барилгыг барихдаа ......................., ..................., “......................” ТӨХК-ийн Завхан салбар, “.......................” ХХК-ийн ...................., “................” ХХК зэрэг бусад олон төрийн болон хувийн компаниудаас зөвшөөрөл зөвлөмж авах, хяналт холболт хийлгэх, гэрээгээр хамтрах зэргээр ажиллаж байсан. “ЮЮ” ХХК нь зөвхөн өөрийн хөрөнгөөр дээрх 2 барилгыг 100% санхүүжүүлж бариагүй. Барилга барьж эхлээгүй, тэр бүү хэл барилгын хашаа хатгаж эхлээгүй байх үеэс барилга бүрэн баригдаж дуусах хүртэл хугацаанд байр орон сууцыг борлуулах ажлыг хийж байсны үр дүнд /миний мэргэжил, барилгын салбарт ажиллаж байсан туршлага, орон нутагтаа олсон нэр хүнд, олны цар хүрээгээр, гол нь хийе бүтээе гэсэн чин хүсэл минь энэ олон ажлыг амжуулахад нөлөөлж байсан/ төслийн тодорхой хувийн хөрөнгө оруулалт бүрдэж байсан. Тухайлбал Богдын гол 1-р 40 айлын орон сууцны барилгын нийт төсөвт өртөг 2,800,000,000 байсан ба энэ барилгын ажлын явцад орон сууцны 87%-ийг борлуулж 2,160,128,400 төгрөгийн борлуулалтын орлого /хөрөнгө босгож/ барилга баригдаж байсан. “ЮЮ” ХХК нь зөвхөн өөрийн хөрөнгөөр дээрх 2 барилгыг барьсан бол 2017-2020 онд зөвхөн 1 барилга барих байсан байх.
Богдын гол 2-р 40 айлын барилга баригдаж дуусах хугацаанд мөн 60-70% ийн байр борлуулалттай байсан. Д.Б би ийнхүү “ЮЮ” ХХК-ийн 40 айлын орон сууцны 2 барилгын ажлыг удирдаж /төслийн удирдагчаар/ ажиллах хугацаандаа барилга барих зөвшөөрөл авахаас эхлэн улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан авагч нарыг ипотект хамруулах хүртэл бүхий л ажлыг хийж гүйцэтгэх байсан.
4.2.Нэхэмжлэгч “УББ” ХХК-ийн Ё.Б Богдын гол 1-р 40 айлын орон сууцны байрны анхны захиалагч ба Ё.Б нь “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Бд компани барилгаа хурдан бариач ээ гэдэг шаардлага тавьж анх уулзахдаа “манайх тойргийн эхэнд барилгын материалын дэлгүүртэй манай дэлгүүрээс барилгын материал бартерлаж болно гэдэг санал тавьж, “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Б ч саналыг дэмжиж” тэр хоёр харилцан тохиролцсон. Ийнхүү Богдын гол 1, 2-р барилгын ажилд анхны захиалагч Ё.Бгийн нөхрийн компани болох “УББ” ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс захирал Н.Бгийн зөвшөөрөл, барилгын гүйцэтгэгч компанийн инженер болон барилгын хяналтын инженер Бийн зөвлөмж шаардлагаар шруп, тэлэгч, скоч, шарик, өрмийн хошуу, тасдагчийн ир, бэхэлгээний утас, сангийн лент, гэрлийн шил /шөнө ажиллаж байсан учир олон талаас гэрэл асааж заслын ажлыг хийж байсан. Заримдаа шөнө ч утсаар залгаж гуйж дэлгүүр онгойлгуулж шаардлагатай байгаа материалыг авдаг байсан/ г.м тухайн цаг хугацаанд ажил зогсоочихгүйн тулд нэн шаардлагатай байгаа жижиг голдуу эд анги, барилгын материалуудыг авч Богдын гол 1, 2-р 40 айлын орон сууцны барилгуудад шууд хэрэглэж байсан нь үнэн. Миний өөрийн санаачилгаар барилгын материал огт авч байгаагүй гүйцэтгэгч компанийн инженер болон Бийн дутлаа, дууслаа, шатчихлаа, хугарчихлаа, тэдэн ширхэг хэрэгтэй байна, хурдан авчирч өгмөөр байна гэх шаардлагын дагуу барилга дээр яаралтай хэрэгцээтэй дутагдаад байгаа жижиг барилгын материалуудыг авч байсан ба ингэхдээ би зөвхөн ганцаараа очоод авч байсан удаа байгаагүй ба уг төслийн барилгын хяналтын инженер Б, талбайн цахилгаанчин М.О, манаач Н.Ж нартай хамт явж авдаг байсан. Намайг завгүй, эзгүй үед би дэлгүүр рүү утсаар ярьж “манай ажилтан тийм юм тэдэн ширхгийг авахаар очно” гэх байдлаар хэлүүлж өөрсдөө явж авч байсан ч үед бий. Барилгын материал авах бүртээ зарлагын падан бичүүлж, “УББ” ХХК-ийн хар дэвтэр дээр тэмдэглүүлэн гарын үсэг зурж баталгаажуулдаг байсан. Миний бие Богдын гол 1-р барилгыг барьж байхдаа барилгын ажлын үед аваарт орсны улмаас хүнд зүйл огт өргөдөггүй эмчийн заалт зөвлөмжтэй учир барилгын дэлгүүрээс шаардлагатай барилгын материал инженерийн шаардсаны дагуу авч байхдаа ганцаараа огт явж авч байгаагүй ба дээрх 3 ажилтны хэн нэгэнтэй буюу эсвэл дээрх 3 ажилтан өөрсдөө явж барилгын материал авч байсан нь зарлагын падан болон “УББ” ХХК-ийн хар дэвтэрт баталгаажуулан тэмдэглэсэн тэмдэглэл гарын үсгүүдээр баталгаажсан байгаа.
4.3.Завхан аймаг нь УБ хотоос 1080 км зайд алслагдсан “ЮЮ” ХХК-ийн ачаа тээвэр сардаа 2-3 удаа ирдэг байсан учир дээрх 2 барилгад нэн шаардлагатай тулгамдсан жижиг барилгын материалуудыг УБ хот руу захиалаад ирэхэд хугацаа алдаж тэр хооронд тулгамдаж буй ажил зогсож ажил хүлээгдэх учир барилга барьж гүйцэтгэж буй компанийн инженер болон Бийн шаардлагын дагуу барилгын материалуудыг “УББ” ХХК-аас авч барилгад шууд хэрэглэж байсан гэдгийг барилгын инженер болон дэлгүүрээс барилгын материал авч байсан ажилчид /гэрч/ нар бүгд мэднэ. “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Б нь “УББ” ХХК-ийн захирал М.П болон түүний эхнэр Ё.Б нартай уулзаж үлдэгдэл төлбөрт нь гараж өгнө гэж байсан ба гэнэт гараж өгөхгүй гэж зүтгэх болсон. Би захирал Н.Бд олон ч удаа тайлбарлаж Ё.Б дэлгүүрийн авлагатаа гараж авъя гээд байгаа, өгчих үү гэж хэлдэг байсан боловч муйхраар зүтгэж өгөхгүй гэж явсаар энэ асуудал үүссэн юм. “ЮЮ” ХХК-ийн “УББ” ХХК-аас хэдэн төгрөгийн бараа материал авсан, хэдэн төгрөгийг байрных нь үнээс суутгасан, хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаад түүндээ гараж авъя гэж ярьж хэлээд ямар хугацаанд явсан зэргийг Н.Б захирал бүгдийг мэдэж байгаа.
Энэ хэрэгт холбогдоод байгаа “УББ” ХХК, “ЮЮ” ХХК болон иргэн Д.Б бидний хэн аль нь 8,922,500 төгрөгийн маргаан хаанаас, хэнээс шалтгаалж эхлээд энэ хүрээд явж байгаа, хэн төлж барагдуулах ёстой вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Бидэнд бүх зүйл тодорхой илэрхий байгаа. Гэтэл өнөөдөр иргэн намайг чирэгдүүлж хариуцагчаар татаад, “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Б “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр өөрөө Улаанбаатар хотод сууж байгаад Завхан аймагт хэрэгжиж байгаа төслөө миний хүчин чармайлтаар амжилттай хэрэгжүүлж дуусгачхаад эцэст нь намайг гүтгэж хууль хяналтын байгууллагаар удаа дараа шалгуулж шүүх рүү чирээд, шүүх компанийн үйл ажиллагаанд зарцуулсан эд зүйлсийн үнийг ажилтан байсан, иргэн надаас 8,922,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж “УББ” ХХК-ийн нэхэмжилсэн 8,922,500 төгрөгийг надаас биш “ЮЮ” ХХК-аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэж хяналтын шатны шүүхээс хүсч байна гэжээ.
5.Хариуцагч Д.Бгийн өмгөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагч Даринчулууны Бямбасүрэнгийн өмгөөлөгч би эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлүүдээр хяналтын шатны журмаар хянан хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна.
5.1.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нэхэмжлэгч “УББ” ХХК, “ЮЮ” ХХК-ийн хоорондох барилгын материал зээлээр худалдаж, худалдан авсан талаарх баримтууд болох хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж хавсаргасан тооцоо нийлсэн актууд, дэлгүүрийн тооцооны хар дэвтэр, дэлгүүрийн үйлдсэн зарлагын баримтууд, мөн түүнчлэн шүүх хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авахад өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...талуудын худалдаж авсан барааны баримтыг тооцож үзэхэд хариуцагч тал нь нэхэмжлэгч талд төлөх төлбөргүй болох нь харагдаж байна...тооцооны үлдэгдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, төлбөр тооцоо дууссан гэх утгатай баримт бичиг үйлдсэн байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэлтэй...“УББ” ХХК 8,862,500 төгрөгийн тооцоотой гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл зохигчдын тайлбар болон гэрчүүд гарын үсэг зурж бараа материал авдаг байсан гэх үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч яг хэдэн төгрөгийн барааг зээлээр худалдаж худалдан авсан гэх байдал тогтоогдохгүй, энэ байдлаа нэхэмжлэгч нотлоогүй байна...” гэж өөр хоорондоо уялдаа холбоогүй, нэг хэсэг нь нөгөө хэсгээ үгүйсгэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтүүд хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна.
5.2.Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүйн дээр мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д нийцээгүй, 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан зарлагын баримтууд, талуудын тооцоо нийлсэн баримтууд нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар Д.Б нь “ЮЮ” ХХК-ийн нэрээр “УББ” ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс 16,915,700 төгрөгийн барилгын материал авсан, үүнээс 7,993,201 төгрөгийг “ЮЮ” ХХК-ийн барьсан орон сууцнаас Ё.Бгийн худалдан авсан байрны үлдэгдэл төлбөрт суутгахаар тохиролцож 8,922,500 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна” гэж дүгнэсэн атлаа Д.Бгийн тайлбар гэрчүүдийн мэдүүлэг хэтэрхий ерөнхий мэдээлэл агуулсан, маргаан бүхий зүйлийг хэн хэзээ, ямар ажилд хэрэглэхээр хүлээн авсан, нэг бүрчлэн ашигласан нь тооцоо судалгаагүй учир барилгын ажилд зарцуулсан байна гэж дүгнэх боломжгүй байна” гэсэн дүгнэлт хийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн дээрх дүгнэлтээ үгүйсгэсэн байна.
Гэрч Б.Б, Н.Ж, М.О нар “ЮЮ” ХХК-ийн 40 айлын орон сууцны барилгад шаардлагатай зарим барилгын материалыг Д.Бгээс гадна өөрсдөө ч очиж авдаг байсан, хүлээн авсан хүн дэлгүүрийн хувийн тооцооны дэвтэр болон зарлагын баримтад гарын үсгээ зурж баталгаажуулдаг байсан, уг барилгын материалуудыг Д.Б хувьдаа ашиглаагүй, 40 айлын орон сууцны барилгад зарцуулсан нь үнэн гэдгийг мэдүүлсэн байдаг бөгөөд энэ нь хариуцагч Д.Бгийн тайлбар, нэхэмжлэгч “УББ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан удаа дараагийн тайлбаруудаар нотлогдож байхад дээрх байдлаар хэт нэг талыг барьсан дүгнэлт хийжээ.
Давж заалдах шатны шүүх “мөн хариуцагч Д.Б нь “ЮЮ ХХК-ийг төлөөлж “УББ” ХХК-тай амаар тохиролцож бараа материал авдаг байсан гэж” тайлбарладаг гэсэн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох зохигчдын тайлбар, гэрч Ё.Бгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Б, “УББ” ХХК-ийн нягтлан бодогч гэрч Ё.Б нар “УББ” ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс “ЮЮ” ХХК-ийн барьж буй 40 айлын орон сууцны барилгад шаардлагатай барилгын материалыг худалдаж, худалдан авахаар хэлцэл хийсэн болох нь нотлогддог. “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Б энэ тайлбарыг огт үгүйсгэдэггүй. “ЮЮ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Манай компани “УББ” ХХК-аас барилгын материал худалдан авч байсныг үгүйсгэхгүй” гэж тайлбарласан нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх Д.Бг итгэмжлэлгүйгээр “УББ” ХХК-тай хэлцэл хийсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Ийнхүү давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, гэрээний үүргийг хариуцвал зохих талыг буруу тодорхойлж, компанийн хариуцлагыг ажилтанд ногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
5.3.Анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрсөн зөрчил нь шийдвэр, магадлал гаргахад нөлөөлсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж “УББ” ХХК-ийн нэхэмжилсэн 8,922,500 төгрөгийг жинхэнэ хариуцагч “ЮЮ” ХХК-аас гаргуулж бодит байдал, шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч Д.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.02.28-ны өдрийн 001/ШХТ2023/00226 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7.Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Э нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
8.Нэхэмжлэгч “УББ” ХХК нь хариуцагч “ЮЮ” ХХК-аас 8,862,500 төгрөг, Д.Бгээс 60,000 төгрөг, нийт 8,922,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...“ЮЮ” ХХК нь барьж буй барилгадаа хэрэглэхээр 2018.02.30-ны өдрөөс 2020.03.12-ны өдөр хүртэл нийт 16,915,700 төгрөгийн барилгын материалыг манай дэлгүүрээс зээлээр авсан, үүнээс эхнэр Ё.Бгийн тус компаниас захиалан авсан байрны үлдэгдэл төлбөр 7,993,200 төгрөгийг харилцан тохиролцож суутгасан, үлдэх мөнгөнд гараж өгөхөөр тохиролцсон ч өгөөгүй тул 8,862,500 төгрөгийг компаниас, скочны үнэ 60,000 төгрөгийг Д.Бгээс гаргуулна” гэжээ.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч ““ЮЮ” ХХК-ийг төлөөлж барилгын материал авсан, төлбөрийг компани төлөх ёстой, би хувьдаа авч хэрэглэсэн зүйлгүй учир 60,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж, хариуцагч “ЮЮ” ХХК нь “Д.Б нь компанийн бариулж байгаа орон сууцны барилгын төслийн удирдагч гэж дур мэдэн хэлцэл хийсэн, хэлцлээр авсан зүйлээ тайлагнаагүй, мөнгө ашиглаж компанид хохирол учруулсан тул төлбөрийг өөрөө хариуцах ёстой” гэж тус тус маргасан байна.
9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь тооцооны үлдэгдэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, төлбөр тооцоо дууссан гэх утгатай баримт үйлдсэн, иймээс төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “...хариуцагч Д.Б нь “ЮЮ” ХХК-ийг төлөөлж “УББ” ХХК-тай амаар тохиролцож бараа материал авдаг байсан... гэж тайлбарладаг, ...хэрэгт авагдсан баримтуудаар Д.Б нь “ЮЮ” ХХК-ийг хуулийн дагуу болон гэрээний үндсэн дээр төлөөлөх эрх үүсээгүй байна, иймд хариуцагч Д.Бгээс 8,922,500 төгрөгийг гаргуулж, “УББ” ХХК-д олгох нь зүйтэй” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
10.Дээрх байдлаар хоёр шатны шүүх маргааны үйл баримтын талаар тухайлбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчид хариуцагч нараас шаардах төлбөр байхгүй гэж, давж заалдах шатны шүүх төлбөрийн үүрэг байгаа боловч “ЮЮ” ХХК бус Д.Б төлөх нь хуульд нийцнэ гэж өөр өөр дүгнэлт хийсэн бөгөөд хоёр шатны шүүхийн аль аль нь зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу бүрэн хийгээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан бөгөөд хоёр шатны шүүх энэ үүргээ хангалттай биелүүлээгүй, тухайлбал, зохигчийн тайлбарт дурдсан үйл баримт, тэдний маргасан ба маргаагүй зүйл, бичгийн нотлох баримтын агуулгыг бүрэн судалж харьцуулан үнэлээгүйгээс маргааны зүйлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч “УББ” ХХК нь хариуцагч “ЮЮ” ХХК-аас 8,862,500 төгрөгийг, Д.Бгээс 60,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал давж заалдах шатны шүүх Д.Бгээс 8,862,500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шаардлагыг зөрчсөн, “ЮЮ” ХХК-ийг Д.Б төлөөлөх эрхгүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.
12.Хяналтын шатны шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаа хэмнэлттэй байх зарчмын дагуу хэргийн баримт, зохигчийн мэтгэлцээний хүрээнд дүгнэлт хийж шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
13.Нэхэмжлэгч “УББ” ХХК болон хариуцагч “ЮЮ” ХХК-ийн хооронд, түүнчлэн “УББ” ХХК болон Д.Б нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх, хариуцагч нар нэхэмжлэлээр шаардсан мөнгөний хэмжээгээр төлбөр төлөх эсэх нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл болсон байна.
14.Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч “ЮЮ” ХХК нь Завхан аймгийн Улиастай сум, Жинст багт “Богдын гол” нэртэй орон сууц барих төсөл хэрэгжүүлж 2 барилга барьсан, уг орон сууцны барилгаас нэхэмжлэгч “УББ” ХХК-ийн захирал М.Пийн эхнэр Ё.Б өөрийн нэрээр 76,944,000 төгрөгийн орон сууц захиалсан, “ЮЮ” ХХК-ийг төлөөлж орон сууц захиалгын гэрээг Д.Б байгуулсан, орон сууцны төлбөрт 70,000,000 төгрөгийг Ё.Б нь “ЮЮ” ХХК-ийн дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөртэй байсан, 2019.11.07-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, эдгээр байдлын талаар зохигч маргаагүй байна.
15.Нэхэмжлэгч нь “ЮЮ” ХХК-аас барилгын материалын үнэ шаардахдаа, “тус компани барилгыг бариулж, орон нутагт тус компанийг төлөөлж Д.Б төслийн удирдагчаар ажиллаж, захиалагч нартай гэрээ байгуулж байсан, мөн “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Б, эхнэр Ё.Б, төслийн удирдагч Д.Б нар уулзах үед манай эхнэр компанийн барилгын дэлгүүрээс бараа материал авч болохыг захирал Н.Бд хэлсэн байсан, иймээс ч 2018.02.30-ны өдрөөс 2020.03.12-ны өдөр хүртэл зээлээр барилгын материал авсан, Д.Б болон тухайн барилгын инженер, манаач нар ирж авч байсан, иймээс 8,862,500 төгрөгийг компаниас, барилгын ажилд скоч хэрэглэсэн эсэх нь тодорхой бус тул скочны үнийг Д.Бгээс шаардана” гэжээ.
Нэхэмжлэгч “УББ” ХХК-аас “ЮЮ” ХХК-ийн барилгын ажилд зориулж бараа материал авч байсан тухай болон тооцоо нийлсэн акт үйлдсэнийг хариуцагч Д.Б үгүйсгээгүй бөгөөд тус компанийн барилгад ажиллаж байсан хяналтын инженер гэх Б.Б, манаач Н.Ж болон М.О нар гэрчээр асуугдахдаа мөн бараа материалыг нэхэмжлэгчийн дэлгүүрээс очиж авч байсныг мэдүүлсэн, “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Бгийн 2018.04.04-ний өдрийн 16/18-р тушаалаар тус компанийн Завхан аймаг дахь Богдын голын 1-р барилга дээр Д.Бг 2018.04.04-ний өдрөөс эхлэн төслийн удирдагчаар авч ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан, эдгээрийг няцаасан баримтыг хариуцагч “ЮЮ” ХХК гаргаагүй байна.
16.Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заажээ. “ЮЮ” ХХК-ийн захирал Н.Б нь төслийн удирдагч Д.Бг тус компанийг төлөөлнө гэсэн ойлголтыг нэхэмжлэгчид өгсөн, иймээс нэхэмжлэгчийн хувьд “ЮЮ” ХХК-ийг Д.Б бүрэн төлөөлнө гэж бүрэн ойлгож, улмаар түүнтэй харьцаж бараа материал худалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч “УББ” ХХК болон хариуцагч “ЮЮ” ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.
Иймд энэхүү гэрээний үүргийн биелэлт, үр дагаврыг тус компани хариуцах үндэслэлтэй байна.
17.Хэрэгт авагдсан 2 удаагийн тооцоо нийлсэн баримтаар “ЮЮ” ХХК нь “УББ” ХХК-аас 2018.02.30-ны өдрөөс 2020.03.12-ны өдөр хүртэл зээлээр нийт 16,915,700 төгрөгийн барилгын материалыг авсан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.
Анхан шатны шүүх эдгээр баримтыг үнэлэхдээ “хариуцагч талын худалдан авсан барааны баримтыг тооцож үзэхэд хариуцагч тал нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна, тооцоо дууссан гэх агуулгатай” гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай, учир нь эхний буюу 2019.11.07-ны өдрийн “УББ” ХХК-ийг төлөөлж нягтлан Ё.Б “ЮЮ” ХХК-ийг төлөөлж Д.Б нарын тооцоо нийлсэн баримтад, 2018.05.30-ны өдрөөс 2019.10.25-ны өдөр хүртэлх нийлүүлсэн барааг нэр, авсан он, сар, өдрөөр тэмдэглэж, нийт 13,588,200 төгрөг болсноос байрны үнийн үлдэгдэл 7,993,200 төгрөгийг суутгаж, үлдэх 5,595,000 төгрөг, гаражийн үнэ 8,000,000 төгрөг, зөрүү 2,405,000 төгрөгт бараа нэмж авна гэсэн утга илэрхийлэгдсэн, дараа нь 2020.03.25-ны өдрийн тооцоо нийлсэн актад 2019.11.02-ны өдрөөс 2020.03.12-ны өдөр хүртэл “ЮЮ” ХХК-д нийлүүлсэн барилгын материалын тооцоог анхан шатны баримтыг тулган 3,3327,500 төгрөг болсныг баталгаажуулав гэснээс нийт 8,922,500 төгрөгийн барилгын материалын үнэ төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх дээрх баримтын агуулгыг нягтлаагүй, тооцоо дууссан гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй гэж үзэв.
18.Харин давж заалдах шатны шүүх талуудын хооронд тооцоо нийлсэн баримтыг зөв үнэлсэн атлаа хэн хэний хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх, барилгын ажлыг хариуцан төслийг хэрэгжүүлж байсан Д.Б нь “ЮЮ” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд эсэх талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй нь алдаатай болжээ.
19.Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн актыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа скочны үнэ 60,000 төгрөгийг хариуцагч Д.Бгээс шаардсаныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
20.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “ЮЮ”ХХК-аас 8,862,500 төгрөг, Д.Бгээс 60,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “УББ” ХХК-д олгож, энэ талаар шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2022/00023 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШШ2022/00397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Бгээс 60,000 төгрөг, “ЮЮ” ХХК-аас 8,862,500 төгрөгийг тус тус гаргуулж “УББ” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЮЮ” ХХК-аас 156,750 төгрөгийг, Д.Бгээс 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Бгийн 2023.01.30-ны төлсөн 157,710 төгрөгийг, хариуцагч Д.Бгийн өмгөөлөгч Д.Эгийн 2023.02.01-ний өдөр төлсөн 157,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД