Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00741

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр Дугаар 102/ШШ2021/00741 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД-н ИТХАА  холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранмандах, Г.Насанжаргал, А.Уранбилэг, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанд 2013.04.01-ний өдрөөс ажиллаж, 2018 оны 6 сараас 5 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил, бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч, 2015, 2018 онуудад Оны шилдэг ажилтан-аар шалгарч, өргөмжлөл цомоор шагнуулж байсан. ИТХ-ын Өргөмжлөл, ЗДТГ-ын Өргөмжлөл, Баянгол дүүргийн 50 жилийн ойн медаль, Нийслэлийн 380 жилийн ойн медалиар, 2019 онд Баянгол дүүргийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулсан. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр тушаалыг чинь гаргана гэж сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн. Сналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020.12.16-ны өдөр гэнэт хууль бус шалгалт зохион байгуулж шалгалтад унасан үндэслэлээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, НД, ЭМД-ийн нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор тус албаны дүрэм, бүтэц, орон тоо баталсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор Ажлын албаны даргын 2020.11.30-ны өдрийн тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, урын түвшин тогтоох журам болон 2020.12.08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан. Уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь УДШ-ийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т Хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх гэж тайлбарласны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй. Ийнхүү уг шалгалтаар Л.Алтанзул нь 40 хувь буюу Тэнцээгүй гэсэн үнэлгээ авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020.12.16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар тухайн албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа буюу 2021.01.18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан. Дүүргийн ИТХ-ын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Л.Алтанзул гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай Ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлж, маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хөдөлмөриин гэрээний 2.2.2-т зааснаар ажил олгогч нь албан хаагчийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлийн хэрэгжилт явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7.2.4-т заасан ажилтан өөрийн хариуцан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажлын албаны дүрэм гээд тусдаа дүрмээр хүний нөөцийн бодлогыг ажлын албаны дарга зохицуулахаар болсон. Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар баталсан Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журам бүхэлдээ бол хүчинтэй боловч холбогдох заалт нь хүчингүй, эрх зүйн үр дагаваргүй. Эрх зүйн актын хувьд Хурлын дарга захирамж, тэргүүлэгчдийн тогтоол байгаа. Ажлын албаны дүрэм нь тэргүүлэгчдийн тогтоол юм. Иймд эрх зүйн актын хувьд тэргүүлэгчдийн тогтоол нь дээр байх тул эрх зүйн үндэслэлтэй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Алтанзул нь Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хууль бус шалгалт зохион байгуулж ажлаас үндэслэлгүй халагдсан гэж, хариуцагч нь албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан, ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй гэж дүгнэгдсэн нь ажлаас халах үндэслэл болсон гэж тайлбарлан маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажилуулж байгаа этгээдийг ажил олгогч гэж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэж, 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны хороодын иргэний танхим хариуцсан зохион байгуулагчийн ажилд ажиллуулахаар 2018.01.03-ны өдөр 019 дугаар хөдөлмөрийн гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн зүйлийн 23.2.1-д заасанд нийцүүлсэн байна.

 

Хариуцагч байгууллагын даргын 2021.01.18-ны өдрийн Б/29 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2.7.10, 6.3, Хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.2.2, 7.1, 7.2.4-т заасныг үндэслэн Л.Алтанзултай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах юм.

 

Тухайн тохиолдолд хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тухайлан заагаагүй ба харин журмын 6.3-т төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар тодорхойлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаардах ба Ажлын албаны даргад ажилтны мэргэжлийн ур, чадвар нь ажил албан тушаалд тавигдах бодит шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах комисс байгуулах, үүнтэй холбогдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх олгогдоогүй байна.

 

Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга нь дүрмийн 2.5-д заасан үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд тушаал гаргах эрхтэй байхад Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулан, Хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа ажилтныг Хурлын дарга захирамжаар чөлөөлөх эрхийг хэрэгжүүлсэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар тухайн ажлын байранд тавигдах чухал шаардлагатай 4 ур чадварыг тодорхойлсон байхад Ажлын албаны даргын 2020.12.08-ны өдрийн А/09 тоот тушаалаар байгуулагдсан Мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс нь дээрх 4 шалгуурын хэмжээнд ур чадварыг үнэлсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээрхийг нэгтгэхэд хариуцагч нь ажилтны мэргэжлийн ур, чадвар нь ажил албан тушаалд тавигдах бодит шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах комисс байгуулан, комиссын үнэлгээг үндэслэн олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн 2021.01.18-ны өдрийн Б/29 тоот тушаал гаргасан нь хууль бус байна.

 

Талууд Хөдөлмөрийн гэрээний 6.1.3 дахь заалтаар үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ А, В үнэлгээтэй биелүүлсэн албан хаагчийг шагнаж урамшуулна, D, F үнэлгээтэй ажилласан тохиолдолд хариуцлага тооцох ба дараагийн хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болохоор тохиролцжээ.

 

Хариуцагч нь үр дүнгийн гүйцэтгэлийн тайлан хангалтгүй үнэлгээтэй тохиолдолд хариуцлага тооцож, 2021 оны эхний хагас жилд үнэлгээгээ дээшлүүлээгүй бол ажлаас халах үндэслэл болох байхад ажилтанд энэхүү боломжийг олголгүйгээр тушаалын үндэслэлээ болгосон нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх бөгөөд нэхэмжлэгч нь түвшин тогтоох шалгалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзжээ.

 

2020.12.18-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдэл баримтад нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ажиллагаа хийгдэж байгаа талаар бичигдсэн байгаагаас үзэхэд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдсэн гэж үзэхгүй юм.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019.09.07-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа, тус хурлын Тэргүүлэгчдийн 2020.11.11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан, тус дүрмийн 2.5 дахь заалтаар Ажлын албаны даргын гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлсонд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхээр заагаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан Л.Алтанзулыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д заасанд нийцүүлэн нэхэмжлэгчид сүүлийн 3 сард олгогдсон /1,211,020+962,908+944,309+144,000/ цалингийн дунджаар тооцоход /3,282,237:3/ сарын 1,094,079 төгрөг байна.

 

Иймд ажилгүй байсан 1 сар 1 хоногийн хугацааны цалин олговорт /1,094,079:22+1,094,079/ нийт 1,143,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй тул баталгаажилт хийхийг даалгалаа.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 32,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  А Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн 5 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1,143,810 /нэг сая нэг зуун дөчин гурван мянга найман арав/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 32,000 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ