Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/00490

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2021/00490 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистртэй, *******,

Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, эмэгтэй, 75052008 регистртэй, Боржигон овогт Баттөмөрийн Бурмаа,

3,084,000 /гурван сая наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Тэгшээ, хариуцагч Б.Бурмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Тэгшээ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Бурмаатай орон сууц хөлслүүлэх гэрээг бичгээр байгуулсан. Гэрээгээр би өөрийн өмчлөлийн *******,******* тоот, 70 м.кв талбайтай орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 800,000 төгрөгийн хөлстэй, ашиглалтын зардал, СӨХ, цахилгааны төлбөрийг тус тус хөлслөгч тал хариуцахаар тохиролцож гэрээ хийсэн. Гэтэл гэрээний 2.7 зааснаар түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөх үүрэгтэй байтал сар бүр төлөх 800,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш сар бүр 300,000 төгрөгөөр дутуу төлөлт хийгдэж, гэрээний явцад үлдэгдлийг төлж барагдуулна гэж хэлээд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, мөн СӨХ-ны 2018 оны 5, 6 дугаар сарын 84,400 төгрөгийг төлөөгүй байна. Миний бие хөлслөгч этгээдтэй удаа дараа утсаар ярьж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл, СӨХ-ны төлбөрийг шаардахад элдэв шалтаг тоочин маргааш, нөгөөдөр, удахгүй өгнө гэж тайлбар хэлж байснаа утсаа авахгүй алга болсон. Иймд хариуцагчаас 10 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдлийн зөрүү болох 3,000,000 төгрөг, СӨХ-ны 2018 оны 5, 6 дугаар сарын 84,000 төгрөгийг нэгтгэн, нийт 3,084,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан боловч хариуцагч Б.Бурмаа гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлбөр хийж, 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байрнаас гарсан байсан. Байрыг надад хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч энэ байранд Өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан. Түрээсийн төлбөрөө дутуу төлөхөөр нь яасан гэхээр 2 дугаар сард нөхөж төлөе гэсэн ч төлөөгүй. Ингээд 500,000 төгрөгөөр төлсөөр байгаад 6 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг өгөөд гарсан. Нийтдээ 5,800,000 төгрөгийг надад өгсөн ... гэв.

Хариуцагч Б.Бурмаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 8 дугаар сарын 30-нд гэрээ хийж 800,000 төгрөгийг /9 дүгээр сарын төлбөр/ сар бүр хүүхдийн тооноос хамаарч гэрээ хийхээр тохиролцсон боловч тухайн үед 7 хүүхэдтэй, нэг хүүхдээс сарын төлбөр 150,000 төгрөг авдаг байсан. Түрээслүүлэгчийн дансанд сар бүр 500,000 төгрөгийг тохиролцож хийдэг байсан ба хүүхэд бага байгааг өөрөө өдөр бүр ирж шалгадаг байсан. Нэхэмжлэгчид нэг хувь түлхүүр байдаг байсан. Хүүхдийн тоо бага, орчин нөхцөлтэй холбоотой байсан. Байнга бохир үнэртдэг, хүйтэн, энэ талаар түрээслүүлэгчид удаа дараа хэлдэг байсан боловч хүлээж авдаггүй. Хүүхэд эрсдэх өндөртэй шкафны толь хаалга бохирын үнэр зэргийг өөрийн мөнгөөр янзлуулж байсан. Уг байрыг түрээслэн ороход төлөгдөөгүй байсан орон сууц, цахилгааны төлбөрт 6 дугаар сарын 27-ны өдрийн 43,300 төгрөг, 5 дугаар сарын 21-ний 30,600 төгрөгийг би өөрөө төлж барагдуулсан. Мөн шкафны хаалгыг 250,000 төгрөгөөр засварлуулж, нийтдээ 6,139,482 төгрөгийг төлсөн. Иймд надад нэхэмжлэгч Ш.Тэгшээд өгөх мөнгө байхгүй. 2017 оны 8 дугаар сарын 25-нд 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөг төлж, 9 дүгээр сарын 28-наас 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгийн түрээс төлсөн. 4 дүгээр сарын 25-нд 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээс төлөөд байраа хүлээлгэж өгсөн ч надаас удаа дараа мөнгө нэхээд байхаар нь 2018 оны 6 дугаар сарын 28-нд 500,000 төгрөг, 9 дүгээр сарын 06-нд 500,000 төгрөг төлсөн. Сүүлд 2 удаагийн төлөлтөөр төлсөн 1,000,000 төгрөгийг 2017 оны 10, 11, 12 дугаар сарын үлдэгдэл төлбөрт тооцож, 100,000 төгрөг нь 2018 оны 1 дүгээр сарын төлбөрийн үлдэгдлээс хасаад, үлдэгдэл төлбөрөөс миний шкафны хаалга засварлахад зарцуулсан 250,000 төгрөг, мөн түрээслэж эхлэхээс өмнөх хугацааны ашиглалтын зардалд төлсөн 15,582 төгрөг, 43,300 төгрг, 30,600 төгрөг зэргийг хасаж, үлдэх төлбөрийг зөвшөөрч болно... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Тэгшээ нь хариуцагч Б.Бурмаад холбогдуулан, гэрээний үүрэгт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, ашиглалтын зардал 84,000 төгрөг, нийт 3,084,000 төгрөгийг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...түрээсийн байрыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгсөн учир илүү шаардсан түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, ...гэрээний зүйлийг түрээсэлж эхлэхээс өмнөх хугацааны ашиглалтын зардал болон түрээсийн байрны шкафны хаалга засварлуулахад гарсан зардал зэргийг төлбөрөөс хасуулах, ...мөн ашиглаагүй 2018 оны 6, 7, 8 дугаар саруудын ашиглалтын зардлыг төлөхгүй... хэмээн тайлбарлаж маргасан.

Талууд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулж, Ш.Тэгшээ нь өөрийн өмчлөлийн *******,******* тоот дахь өргөтгөл орон сууцыг Б.Бурмаад гэрээ байгуулсан өдрөөс хойш 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 800,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцжээ. /хх-5,6/

Тэд гэрээгээ Орон сууц хөлслүүлэх гэрээ хэмээн нэрлэсэн боловч хариуцагч Б.Бурмаа уг орон сууцыг хүүхдийн өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эрхлэх зорилгоор нэхэмжлэгч Ш.Тэгшээгээс түрээслэн авч, уг үйл ажиллагаанд зориулан түрээслүүлэгч тал орон сууцыг тохижуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүсэж, гэрээг бичгээр байгуулан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний дагуу түрээслэгч Б.Бурмаа эхний сард буюу 2017 оны 9 дүгээр сарын түрээс 800,000 төгрөгийг түрээслүүлэгч Ш.Тэгшээд гэрээнд зааснаар төлж, улмаар 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарыг дуусах хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард 500,000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 5,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, зохигчдын банк дахь харилцах дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх 10-13, 26-37/

Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарыг хүртэлх 10 сарын хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдлийн зөрүү 3,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан бол, хариуцагч тал гэрээгээр тохирсон төлбөрийг өдөр өнжүүлэхэд хамрагдаж буй хүүхдийн тооноос хамаарч 500,000 төгрөгөөр төлж байхаар түрээслүүлэгчтэй тохиролцсон гэж, мөн түрээсийн зүйлийг 2018 оны 7 дугаар сар хүртэл бус, харин 5 дугаар сарын 31-ний өдөр сулласан учир ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөр төлөхгүй хэмээн маргаж байна.

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх хэсэгт заасны дагуу талууд түрээсийн гэрээний хугацааг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохриролцож тогтоосон байх бөгөөд Гэрээний 2.6-д гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд нэг сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэх үүргийг түрээслэгч хүлээхээр, мөн гэрээний 5.3-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна гэж заажээ.

Тухайлан тохирсон гэрээний хугацааг өөрчлөх, гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар талууд тохиролцоогүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил хамаарах тул мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ цуцлах хугацаа 3 сар байх бөгөөд гэрээ цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш энэ хугацааг тооцно.

Гэвч талууд хуульд заасны дагуу гэрээг цуцлах талаар хэн аль нь мэдэгдээгүй, түрээслэгч тал гэрээний зүйлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн гэх боловч түрээслүүлэгчид түлхүүр хүлээлгэж өгөөгүй, Гэрээний 2.2 дахь хэсэгт заасан түрээсийн зүйлийг ...хүлээн авсан байдлаар нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Б.Бурмааг түрээсийн зүйлийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Бурмаа 2017 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2018 оны 1-6 дугаар сард нийт 8,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 5,800,000 төгрөг төлж, гэрээний дагуу төлвөл зохих түрээсийн үлдэгдэл 2,200,000 төгрөг ба энэхүү төлбөрөөөс хариуцагчийн 2017 оны 8 дугаар сарын буюу гэрээний зүйл ашиглахаас өмнөх хугацааны тухайн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардалд төлсөн 15,582 төгрөгийг хасаж 2,184,418 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 2018 оны 5, 6 дугаар сарын ашиглалтын зардал 84,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Түрээсийн хугацаанд энэхүү үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын болон хэрэглээний зардлыг хугацаанд нь зохих газарт нь төлөх хатуу үүрэгтэй гэж харилцан тохиролцсон, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт зааснаар түрээслэгч Б.Бурмаа нь баримтаар баталгаажсан нэмэлт зардлын төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

2018 оны 5, 6 дугаар сарын ашиглалтын зардалд нэхэмжлэгч Ш.Тэгшээ 84,400 төгрөг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримт-аар тогтоогдсон тул уг зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаар дээрх зардлаас 84,000 төгрөгийг шаардсан байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хариуцагч Б.Бурмаагаас 84,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Бурмаа гэрээний хугацаанд түрээсийн зүйл дэх хувцасны шкафыг 250,000 төгрөгөөр засварлуулсан, түрээсийн зүйлийг ашиглаж эхлээгүй байх хугацааны ашиглалтын зардалд илүү төлбөр төлсөн гэж тайлбарлан Төрийн банкны төлбөрийн нэхэмжлэх, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргасан.

Гэвч хувцасны шкаф 250,000 төгрөгөөр засварлуулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, ашиглалтын зардал төлсөн гэх төлбөрийн баримтууд нь 2017 оны 9 дүгээр сарын буюу гэрээний хугацаанд хамаарч байх тул хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэхээр байна.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бурмаагаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,184,418 төгрөг, ашиглалтын зардал 84,000 төгрөг, нийт 2,268,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тэгшээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 815,582 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бурмаагаас 2,268,418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тэгшээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 815,582 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,294 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б.Бурмаагаас 51,244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тэгшээд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА