Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00916

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00916

 

 

 

 

Ш.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00490 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Тгийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг, ашиглалтын зардалд 84 000 төгрөг, нийт 3 084 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.Бтай орон сууц хөлслүүлэх гэрээг бичгээр байгуулсан. Гэрээгээр би өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн .... дугаар хороо, 14а байрны .... тоот, 70 м.кв талбай бүхий орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын 800 000 төгрөгийн хөлстэй, ашиглалтын зардал, СӨХ, цахилгааны төлбөрийг тус тус хөлслөгч тал хариуцахаар тохиролцож гэрээ хийсэн. Гэтэл гэрээний 2.7-д зааснаар хариуцагч нь сар бүр төлөх 800 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш сар бүр 300 000 төгрөгөөр дутуу төлж, гэрээний явцад үлдэгдлийг төлж барагдуулна гэж хэлээд өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн СӨХ-ны 2018 оны 5, 6 дугаар сарын 84 400 төгрөгийг төлөөгүй байна.

Гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан боловч хариуцагч Б.Б гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг төлж, 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байрнаас гарсан байсан. Байрыг надад хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч энэ байранд хүүхдийн өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан. Нийт 5 800 000 төгрөгийг надад өгсөн.

Иймд хариуцагчаас 10 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдлийн зөрүү болох 3 000 000 төгрөг, СӨХ-ны 2018 оны 5, 6 дугаар сарын 84 000 төгрөг нийт 3 084 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ хийж 800 000 төгрөгийг сар бүр хүүхдийн тооноос хамаарч гэрээ хийхээр тохиролцсон боловч тухайн үед 7 хүүхэдтэй, нэг хүүхдээс сарын төлбөр 150 000 төгрөг авдаг байсан. Түрээслүүлэгчийн дансанд сар бүр 500 000 төгрөгийг тохиролцож хийдэг байсан ба хүүхэд бага байгааг өөрөө өдөр бүр ирж шалгадаг байсан.

Хүүхдийн тоо бага байгаа нь орчин нөхцөлтэй холбоотой буюу орон сууцанд бохир үнэртдэг, хүйтэн байснаас болдог. Энэ талаар түрээслүүлэгчид удаа дараа хэлдэг байсан боловч хүлээж авдаггүй. Хүүхэд эрсдэх өндөртэй шкафны толь хаалга бохирын үнэр зэргийг өөрийн мөнгөөр янзлуулж байсан. Уг байрыг түрээслэн ороход төлөгдөөгүй байсан орон сууц, цахилгааны төлбөрт 6 дугаар сарын 27-ны өдрийн 43 300 төгрөг, 5 дугаар сарын 21-ний 30 600 төгрөгийг би өөрөө төлж барагдуулсан. Мөн шкафны хаалгыг 250 000 төгрөгөөр засварлуулж, нийт 6 139 482 төгрөг төлсөн. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 800 000 төгрөг төлж, мөн оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 500 000 төгрөгийн түрээс төлсөн. 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээс төлөөд байраа хүлээлгэж өгсөн ч надаас удаа дараа мөнгө нэхээд байхаар нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 9 дүгээр сарын 06-ны өдөр 500 000 төгрөг төлсөн. Сүүлд 2 удаагийн төлөлтөөр төлсөн 1 000 000 төгрөгийг 2017 оны 10-12 дугаар сарын үлдэгдэл төлбөрт тооцож, 100 000 төгрөг нь 2018 оны 1 дүгээр сарын төлбөрийн үлдэгдлээс хасаад, үлдэгдэл төлбөрөөс миний шкафны хаалга засварлахад зарцуулсан 250 000 төгрөг, мөн түрээсэлж эхлэхээс өмнөх хугацааны ашиглалтын зардалд төлсөн 15 582 төгрөг, 43 300 төгрг, 30 600 төгрөг зэргийг хасаж, үлдэх төлбөрийг зөвшөөрч болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 2 268 418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 815 582 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64 294 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Б.Бгаас 51 244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус хорооны 14А байрны .... тоотод оршин суугч Ш.Ттэй орон сууц хөлслөх гэрээг хийсэн ба гэрээнд заасан сарын төлбөр 800 000 төгрөг гэж заасан боловч хүүхэд бага орлого хүрэхгүй байгаа тул 10 сараас түрээсийн төлбөрийг 500 000 төгрөгөөр төлөөд хүүхэд нэмэгдэж орлого өсөхөөр гэрээний дагуу 800 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг хийж байна гэж аман тохиролцоо хийсэн. 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл тасралтгүй 500 000 төгрөгийг Ш.Тгийн дансанд шилжүүлдэг байсан. 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сургууль амарсан тул 800 000 төгрөгийг төлөөгүй гээд байраа суллахыг шаардсан тул байраа чөлөөлж өгсөн.

Гэтэл Ш.Т өөрөө эхэлж гэрээгээ зөрчиж байраа авсан атлаа ашиглаагүй 6-8 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 500 000 төгрөг тус бүр Ш.Тгийн дансанд шилжүүлсэн. Мөн хаалганд нь маш том 3 ширхэг тольтой гүйдэг шкафны хаалгыг хүүхэд мөргөж бэртэж гэмтэхээс сэргийлж тавилгын үйлдвэрээр 250 000 төгрөгөөр шинэчлэн зөөлөвчтэй хаалга хийлгэсэн байхыг өөрөө ирж үзээд толио аваад явсан атлаа шүүх хуралдаанд хийсэн гэсэн баримтаа аваад ир гэж хэлж байсан.

Ш.Т түрээсийн гэрээг зөрчиж хугацаанаасаа өмнө гаргасан ба ашиглаагүй үеийн 6-8 дугаар сарын мөнгийг нэхэмжилж хууль зөрчиж байна.

Иймд миний бие өөрийн ашиглаж байсан үеийн мөнгөн дүн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 800 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сараас эхлэн цаг тухай бүрд нь тасралтгүй 500 000 төгрөг шилжүүлж нийт 5 800 000 төгрөгийг Ш.Тгийн ХААН банкны дансанд шилжүүлсэн.

Түрээсийн гэрээний 2.6-д гэрээний хугацаанаас өмнө түрээслэгчийг гаргах бол мэдэгдэх ёстой байсныг мэдэгдээгүй. Ш.Т өөрөө 7 сар гарсан гэж байгаа нь ямар ч нотлох баримтгүй. Харин ашиглаагүй сар буюу 6 сар 9 саруудад нийт 1 000 000 төгрөг төлсөн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Б.Бд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг, ашиглалтын зардалд 84 000 төгрөг, нийт 3 084 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Талууд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц хөлслүүлэх” гэх гэрээ байгуулж, Ш.Т нь Баянгол дүүргийн .... дугаар хороо, 10 дугаар хороолол, 14а байр, .... тоотод байрлах орон сууцыг хөлслүүлэх, Б.Б нь орон сууцыг 1 жилийн хугацаатай, сарын хөлсөд 800 000 төгрөг болон ашиглалт, хэрэглээний зардлыг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэргийн 6,7 дугаар талд авагдсан гэрээгээр тогтоогдож байна.

Б.Б нь уг орон сууцанд өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Уг заалтаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулан тодорхой хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Ийм учир үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаарддаг.

Гэтэл гэрээний зүйл нь орон сууцны зориулалттай хөрөнгө байх бөгөөд сургалтын зориулалттай байр биш байна.

Талууд гэрээгээр орон сууцны зориулалттай байрыг хөлслөхөөр тохирч шилжүүлсэн учир зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр, хэн аль нь үүргийг шаардах эрхтэй.

Зохигчид орон сууцны хөлсний хэмжээ болон гэрээг цуцалсан хугацааны талаар маргасан байна.

Талууд гэрээний 1.4-т орон сууцны хөлсийг 800 000 төгрөгөөр, гэрээний 1.5, 2.3-т ашиглалтын болон хэрэглээний зардлыг хөлслөгч нь бүрэн төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хариуцагч Б.Б нь орон сууцны хөлсөд 2017 оны 9 дүгээр сард 800 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарыг дуусталх хүртэлх хугацаанд сар бүр 500 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг нийт 5 800 000 төгрөгийг төлсөн байна. Тэрээр орон сууцны хөлсийг бүрэн төлсөн гэх үндэслэлээ “өдөр өнжүүлэх бүлэгт цөөн хүүхэд хамрагдсан учир сарын хөлсийг 500 000 төгрөгөөр тохирсон” гэж тайлбарласан боловч гэрээнд өөрчлөлт оруулсан гэх нөхцөл байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй. Мөн хариуцагч нь “сургууль амарч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн” гэх тайлбараа баримтаар нотлоогүй учир түүнийг гэрээний 2.2-т зааснаар орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч “6 сар түрээс” гэх гүйлгээний утгаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны хөлсөд 500 000 төгрөг төлсөн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх31/ Шүүх нэхэмжлэгчийн 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч орон сууцнаас гарсан гэх тайлбар, дээрх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлээд орон сууц хөлслөх гэрээг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр цуцлагдсан гэж дүгнэн 2017 оны 9-12 дугаар сар, 2018 оны 1-6 дугаар сарын хөлсөд төлөх 8 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5 800 000 төгрөгийг хасч, 2 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. /хх10-13, 26-34/

Гэрээний 1.5-д заасныг үндэслэн 2018 оны 5-6 дугаар сарын СӨХ-ны төлбөрт 84 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дах хэсэгт зааснаар баримтлан хариуцагчаас нэмэлт зардлын төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Учир нь хариуцагчаас нь ашиглалтын зардалд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 43 300 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 32 600 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг зөвшөөрнө гэх боловч дээрх төлбөрийг СӨХ-ны төлбөрт төлсөн болон хувцасны шүүгээг засварлуулахад 250 000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Бгаас 2 268 418 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Тд олгож шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00490 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “318 дугаар зүйлийн 318.1” гэснийг “302 дугаар зүйлийн 302.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 51 344 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                       Ч.ЦЭНД