Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1492

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э з” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01007 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э з” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Н-д холбогдох

 

Эд хөрөнгийн үнэ 17 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шагдарсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э з” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 06 дугаар сараас ахмадын амралтын газар ажиллуулах болсон ба 20 тоннын контейнер 6 x 3 хэмжээтэй 2 ширхгийг 8 400 000 төгрөгөөр, 40 тонны контейнер 12 x 3 хэмжээтэй 1 ширхэг 4 150 000 төгрөгөөр худалдан авч тохижилт хийж, зоогийн газар болон конторын зориулалтаар ашиглаж байсан. Мөн 5 ханатай 3 гэрийг 4 500 000 төгрөгөөр, 4 ханатай 2 гэрийг 2 400 000 төгрөгөөр, модон ор 10 ширхгийг 1 200 000 төгрөгөөр авч гэрийг тохижуулж амрагч хүлээн авч байсан. Мөн амрагч нарын тав тухыг бодолцон боловсон жорлон хийж, 1 тонны емкос /усны сав/ байршуулж, бохирыг зайлуулахад ашиглаж байсан. Гэтэл Л.Н- нь компанийн эдгээр өмчийг надад мэдэгдэлгүй авч явсан байна. Би компаниа Л.Н-тэй хамтран амьдрах болон гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө нэг гишүүнтэй үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Л.Н- нь гэрлэхээс өмнө миний үүсгэн байгуулсан компанийн эд хөрөнгө болох 8 400 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дур мэдэн авч явсан. Иймд эдгээр эд хөрөнгийн үнэ болох 17 850 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 255 200 төгрөгийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яригдаад байгаа 20 тоннын 2 ширхэг контейнерийн үнэ болох 7 000 000 төгрөг, 40 тоннын контейнерын үнэ, 5 ханатай 2 ширхэг гэрийн үнийг би өөрөө төлсөн. “Транскапитал” ББСБ-аас, мөн тэтгэврийн зээл авсан 10 ширхэг модон орны хувьд бид хоёр явж байгаад авсан. Муудсан хаалга бол байгаа, хүсвэл авч болно. Г.Шагдарсүрэнгийн хэлээд байгаа компанийн хөрөнгө биш, харин тэр зөвхөн эдгээр эд хөрөнгийг ачуулахад л хажууд байсан. Энэ хүн өвчтэй байсан тул нар салхинд гаргах зориулалтаар хөдөө 2 гэр байж байсан. Түүнээс биш үйл ажиллагаа явуулж мөнгө олж байсан зүйл байхгүй. Амралтын газрын хэмжээнд ажиллуулдаггүй байсан. Би өөрийн эд хөрөнгөө өөрөө л аваад явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “Э з” ХХК-аас Л.Н-д холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэд 17 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1007 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсгүүдэд заасан журмыг баримтлаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

“Э з” ХХК нь нэг гишүүнтэй, нэг хөрөнгө оруулагчтай Г.Шагдарсүрэн миний үүсгэн байгуулсан компани бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр би өөрөө гүйцэтгэх удирдлагын үүрэг гүйцэтгэдэг. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд юм. Л.Н- нь компаний анхан шатны бүртгэлд бүртгэгдсэн нэр бүхий эд хөрөнгийг дур мэдэн авч явсан учир цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулах явцад Л.Н- нь нэр бүхий эд хөрөнгийг авч явснаа бичгээр илэрхийлж, захиран зарцуулахгүй байх талаар баталгаа гаргаж өгсөн. Шүүх энэ бичгийн нотлох баримтыг компанийн үйл ажиллагаанд хуулиар тогтоосон шаардлагыг орлох хэмжээний үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү баримтаар нэхэмжилж байгаа компаний эд хөрөнгийг Л.Н- авч явсан гэдгийг нотлох гэж шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх эсрэг дүгнэлт хийсэн.

Шүүх хурлын явцад шүүгч “Э з” ХХК нь үйл ажиллагаа явуулаад орлого олж байсан эсэх, татварын болон санхүүгийн тайлан гаргаж байсан эсэх талаар тодруулж асуухад нь тодорхой хариултыг өгсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3 дахь хэсэгт нягтлан бодох бүртгэлийн талаар хуульчилсан байхад шүүх дан ганц санхүүгийн тайлан хэрэгт авагдаагүй үндэслэлээр нэхэмжилж буй эд хөрөнгийг хуульд заасан шаардлага хангахгүй гэж үзсэн. Компанийн анхан шатны баримт болох эд хөрөнгийн бүртгэлд бичилт хийж, нягтлан бодох бүртгэл хөтөлж, үүнийхээ үнэн зөвийг тодорхойлж нотлох баримтаар өгсөн байхад нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхийг шүүх эдлэх гэсэн байхад дан ганц хэргийн зохигчид нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэсэн байдлаар хандаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, хэрэгт санхүүгийн тайлан авагдаагүй гэж үзэж энэ талаар тодруулга явуулсан атлаа хэргийг хянан шийдвэрлэхэд компанийн санхүүгийн тайланг авах шаардлагатай гэдгийг мэдсээр байж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч Л.Н-д холбогдуулан эд хөрөнгийн үнэд 19 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч “Э з” ХХК нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 17 850 000 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн 8 400 000 төгрөгийн үнэ бүхий 6 x 3 хэмжээтэй 20 тоннын контейнер 2 ширхэг,  4 150 000 төгрөгийн үнэ бүхий 12 x 3 хэмжээтэй 40 тоннын контейнер 1 ширхэг, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр 2 ширхэг, 1 200 000 төгрөгийн үнэ бүхий модон ор 10 ширхэг, 950 000 төгрөгийн үнэ бүхий 1 тоннын емкос 1 ширхэг, 250 000 төгрөгийн үнэ бүхий хашааны хаалгыг дур мэдэн авч явсан гэж тайлбарлаж, уг эд зүйлийг гаргуулах боломжгүй тохиолдолд үнийг нь гаргуулна гэснийг шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулахаар шаардсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгчээс “Э з” ХХК-ийн үндсэн хөрөнгийн жагсаалт гэх баримтыг гаргаж өгсөн байгаа нь Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар компани нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргахаар хуульчилсан байх ба мөн компанийн нягтлан бодох бүртгэлд компанийн бүх хөрөнгө буюу эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, хөрөнгө оруулалт, ахуйн бүх ажил, гүйлгээ, орлого, зарлага зэргийг нэг бүрчлэн бүртгэж, баланс буюу санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан гаргах гэсэн шаардлагыг хангаагүй гэж шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 7 дугаар тал/

 

Хариуцагч Л.Н-гийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан баталгаа гаргах нь гэх бичгийн баримтыг компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хуулиар тогтоосон шаардлагыг орлох хэмжээний үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, уг баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Шагдарсүрэн, хариуцагч нарын гэр бүлийн эд хөрөнгийн маргаантай холбоотой баримт болохоос нэхэмжлэгч компанийн өмчлөлийн эд хөрөнгийн харилцаанд хамааралгүй байна. /хэргийн 40 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч “Э з” ХХК нь маргаан бүхий эд хөрөнгө нь өөрийн компанийн хөрөнгө болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлд заасан нэр төрөл, тоо ширхэг, үнэ бүхий эд хөрөнгийн өмчлөгч “Э з” ХХК болох нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Шагдарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                    С.ЭНХТӨР