Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/01007

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2018/01007

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Н-д холбогдох 

Эд хөрөнгийн үнэ 17,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э З” ХХК-ийн төлөөлөгч Г.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2011 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э З” ХХК-ийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 6 дугаар сараас “Э З” ХХК нь ахмадын амралтын газар ажиллуулах болсон. Ахмадын амралтын газар ажиллуулахад хөрөнгө шаардлагатай байсан тул би улсад хөдөлмөрлөж цуглуулсан ажлын хөлс, тэтгэврийн мөнгө, найз нөхөд, үр хүүхдийнхээ өгсөн мөнгөөр 20 тоннын контейнер 6x3 хэмжээтэй 2 ширхгийг 8,400,000 төгрөгөөр, 40 тонны контейнер 12x3 хэмжээтэй 1 ширхэг 4,150,000 төгрөгөөр худалдан авч тохижилт хийж, зоогийн газар болон конторын зориулалтаар ашиглаж байсан. Мөн 5 ханатай гэр гурвыг 4,500,000 төгрөгөөр, 4 ханатай гэр хоёрыг 2,400,000 төгрөгөөр, модон ор 10 ширхгийг 1,200,000 төгрөгөөр авч гэрийг тохижуулж амрагч хүлээн авч байсан. Мөн амрагч нарын тав тухыг бодолцон боловсон жорлон хийж, 1 тонны емкос /усны сав/ байршуулж, бохирыг зайлуулахад ашиглаж байсан. Гэтэл Л.Н нь “Э З” ХХК-ийн эдгээр өмчийг надад мэдэгдэлгүй авч явсан байна. Би “Э З” ХХК-ийг Л.Нтэй хамтран амьдрах болон гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө нэг гишүүнтэй үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан. Би Л.Нтэй 2015 оны 05 сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн энэ өдрөөс хойш гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн эрх үүссэн. Гэтэл Л.Н нь гэрлэхээс  өмнө миний үүсгэн байгуулсан компанийн эд хөрөнгө болох 8,400,000 төгрөгийн үнэ бүхий 6x3 хэмжээтэй 20 тоннын контейнер 2 ширхэг,  4,150,000 төгрөгийн үнэ бүхий  12x3 хэмжээтэй 40 тоннын контейнер 1 ширхэг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр 2 ширхэг, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий модон ор 10 ширхэг, 950,000 төгрөгийн үнэ бүхий 1 тоннын емкос 1 ширхэг, 250,000 төгрөгийн хашааны хаалга, нийт 17,850,000  төгрөгийн эд            хөрөнгийг дур мэдэн авч явсан. Иймд эдгээр эд хөрөнгийн үнэ болох 17,850,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 255,200 төгрөгийн хамт гаргуулах нэхэмжпэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Л.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ш нь хүүхдүүддээ хөөгдөөд манайд ирж амьдарсан. Энэ яригдаад байгаа 20 тоннын 2 ширхэг контейнерийн үнэ болох 7,000,000 төгрөг, 40 тоннын контейнерын үнэ, 5 ханатай 2 ширхэг гэрийн үнийг би өөрөө төлсөн. “Т” ББСБ-аас мөн тэтгэврийн зээл авсан. 10 ширхэг модон орны хувьд бид хоёрын хоюулаа л явж байгаад авсан. Муудсан хаалга бол байгаа, хүсвэл авч болно. Г.Шгийн хэлээд байгаа компанийн хөрөнгө биш. Харин тэр зөвхөн эдгээр эд хөрөнгийг ачуулахад л хажууд байсан. Энэ хүн өвчтэй байсан тул нар салхинд гаргах зориулалтаар хөдөө 2 гэр байж байсан. Тэрнээс биш үйл ажиллагаа явуулж мөнгө олж байсан зүйл байхгүй. Амралтын газрын хэмжээнд ажиллуулдаггүй байсан. Би өөрийн эд хөрөнгөө өөрөө л аваад явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э З” ХХК нь Л.Нд холбогдуулан эд хөрөнгийн үнэд 19,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр шаардлагын хэмжээг багасган 17,850,000 төгрөг болгожээ.

Хариуцагч Л.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг эдгээр эд хөрөнгийг өөрийн өмч хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 8,400,000 төгрөгийн үнэ бүхий 6x3 хэмжээтэй 20 тоннын контейнер 2 ширхэг,  4,150,000 төгрөгийн үнэ бүхий 12x3 хэмжээтэй 40 тоннын контейнер 1 ширхэг, 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр 2 ширхэг, 1,200,000 төгрөгийн үнэ бүхий модон ор 10 ширхэг, 950,000 төгрөгийн үнэ бүхий 1 тоннын емкос 1 ширхэг, 250,000 төгрөгийн үнэ бүхий хашааны хаалгыг дур мэдэн авч явсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эдгээр эд хөрөнгийн үнэд нийт 17,850,000 төгрөгийг гаргуулна хэмээн үндэслэлийг тодорхойлжээ.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.”, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “Э З” ХХК нь компани буюу хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-4-6/

Дээр дурдсанаар компанийн үндсэн шинж нь өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй байх ба энэ ч утгаар нэхэмжлэлд дурдсан нэр төрөл, тоо ширхэг, үнэ бүхий эд хөрөнгийн өмчлөгч хэмээн үнийг хариуцагчаас шаардаж байна.

Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Компани нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна.”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.” гэж заажээ.

Компанийн нягтлан бодох бүртгэлд компанийн бүх хөрөнгө буюу эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, хөрөнгө оруулалт, ахуйн бүх ажил, гүйлгээ, орлого, зарлага зэргийг нэг бүрчлэн бүртгэж, баланс буюу санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан гаргана хэмээн Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйл, 14 дүгээр зүйлд тус тус зохицуулжээ.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5, 9.6-д зааснаар гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах ба гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч цахим гарын үсэг зурсан тайланг харилцагч санхүүгийн байгууллага буюу тайланг хянах эрх бүхий байгууллагын цахим санд хүргүүлснээр баталгаажуулсанд тооцох зохицуулалттай байна.

Эндээс үзэхэд компани нь өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй болох нь санхүүгийн тайланд тусгагдсанаар, түүнийг эрх бүхий байгууллага баталгаажуулснаар тодорхойлогдоно.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргаж өгсөн “Э З” ХХК-ийн үндсэн хөрөнгийн жагсаалт /хх-7/ гэх баримт нь Компанийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд хөрөнгийн бүртгэл, тайлангийн талаар дээр дурдсан хуулийн заалтаар тавигдсан шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн Л.Нгээс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст баталгаа гаргах нь гэх бичгийн баримт /хх-40/-ыг компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хуулиар тогтоосон шаардлагыг орлох хэмжээний үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй.

Талуудын нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эхлээд нотлох үүрэгтэйн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлд заасан нэр төрөл, тоо ширхэг, үнэ бүхий эд хөрөнгийн өмчлөгч “Э З” ХХК болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхгүй гэж үзэн, хариуцагч Л.Нгээс эд хөрөнгийн үнэд 17,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр Л.Нн гаргасан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст баталгаа гаргах нь гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гарган өгсөн гэх үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 04227 дугаар захирамжаар уг баримтыг Сонгинохайрхан дүүрэг дэх Прокурорын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн хүсэлтээс татгалзсан болохыг дурдав.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан “Э З” ХХК-аас Л.Нд холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэд 17,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,200 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Г.НЯМСҮРЭН