Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2023/00050

 

Х-н

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/01379 дүгээр шийдвэр,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2022/00125 дугаар магадлалтай,

 Х-н нэхэмжлэлтэй

П.Б, М.Пнарт холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 12,713,682.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Х-с хариуцагч П.Б, М.Пнарт Зээлийн гэрээний үүрэгт 12,713,682.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/01379 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан хариуцагч П.Б, М.П нараас үндсэн зээлийн төлбөр 5,359,057.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,598,683.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 542,259.38 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 5,213,682 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,368.92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, П.Б, М.П нараас улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2022/00125 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/01379 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан хариуцагч П.Б, М.П нараас үндсэн зээлийн төлбөр 5,359,057.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 542,259.38 төгрөг нийт 6,901,316.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 5,213,682 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...хариуцагч П.Б-с 7,261,609 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,452,073 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.П-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,368.92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, П.Б, М.П нараас улсын тэмдэгтийн хураамж 134,950 төгрөг гаргуулж Х ХХК-д олгосугай... гэснийг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн урьдчилан төлсөн 218,368.92 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, П.Б, М.П нараас улсын тэмдэгтийн хураамж 131,136 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Г.М нар журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсэг болох зээлийн хүүгийн төлбөр 5,213,682 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ уг шийдвэрийн хариуцагч хамтран үүрэг гүйцэтгэгч М.П-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, П.Б-с 7,261,609 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5,452,073 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хариуцагч П.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2017.06.27-ны өдөр 1,792,589 төгрөг төлснөөс хойш зөрчиж эхэлсэн байхад банк хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй шүүхэд 2022 оны 08 сард нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ хугацаагаар тасалбар болгон хэтрүүлсэн хугацааны хүүг тооцож үндсэн зээлээс давсан хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах, бүрэн хэмжээгээр гаргуулах тухай давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж хянасан нь зээлийн хүүг 2016.12.27-ны өдрийн Зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу хуримтлагдах хүү 2,741,504 төгрөгөөс тооцож байгаа нь учир дутагдалтай үндэслэлгүй, төлсөн гэж үзэн хассан хүү зөрүүтэй бодогдон 1,902,552 төгрөгийн хүүний төлбөр төлүүлэх шийдвэр үндэслэлгүй байна.

Хариуцагч П.Б нь 2017.06.28-нд нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 15,740.75 төгрөгийг зээлийн хуримтлагдсан төлөгдөөгүй хүүнээс 284,259.25 төгрөгийг төлсөн нь зээлийн дансны хуулга болон нэхэмжлэлийн хэсэг болох бүртгэлийн картаас харагдаж байна. Банкны зүгээс зээлдэгч нартай зээл төлөх талаар удаа дараа утсаар холбогдож, гэрийн хаягаар нь уулзахаар очиход амжилт олдоггүй тул анхааруулах захидлыг 2016.11.07-нд 1 удаа, 2018.02.23-нд дахин 1 удаа, зээл төлөх мэдэгдэл 2018.02.23-нд 1 удаа өгч ажилласан. Ажиллагаа амжилтгүй болж зээлдэгчтэй биеэр уулзалдахгүй байсан тул 2020.01.14-ний өдөр 9,393,557.17 төгрөгийн нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2020.02.06-ны өдөр 142/Ш32020/00883 тоот шийдвэр гарч утасны дугаарууд холбогдохгүй, оршин хаяг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймээс зээл төлүүлэх ажиллагаа дахин хийгдэж зээл төлөх мэдэгдлийг 2022.08.03-ны өдөр Монгол шуудангаар гэрийн хаягаар хүргүүлж 2022.08.15-нд дахин Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

4.1. Зээлдэгч П.Б нь Ш ХХК-д Зуухчин албан тушаалд ажиллаж байхдаа Х-с зээл авахад нагац ах болох хувиараа хөдөлмөр эрхэлдэг С.А-г хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулан 2014.11.13-ны өдөр ЗГ14/319 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн зээл, 2015.03.17-ны өдөр ЗГ15/78 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,903,859.74 төгрөгийн үлдэгдэл зээл дээр нэмж 1,000,000 төгрөг, нийт 11,903,859.74 төгрөгийн зээлийг тус тус авсан.

Зээлдэгч П.Б-н ажлын газрын үйл ажиллагаа доголдож цалингийн орлого буурч зээлийн төлбөр төлөхөд хүндрэл учирч хугацаа хэтрүүлэх болсон тул зээлийн сарын төлбөрийг багасгаж бууруулахаар 2016.12.22-ны өдрийн зээлдэгч болон төрсөн эцэг болох М.П-г хамтран үүрэг гүйцэтгэгчээр орох хүсэлтийг 2016.12.22-нд /Зээлийн гэрээ байгуулахаас 5 хоногийн өмнө/ бичгээр гаргаж хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцаж дуусгах үүрэг хүлээн хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүрээнд П.Б, М.П нартай 2016.12.27-ны өдөр банканд өөрийн биеэр ирж 15/78-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсгээ зурж, үндсэн зээлдэгч П.Б-г итгэмжлэлээр төлөөлж зээлдэгчийн гарын үсэг зурах хэсэгт зурсан тул М.П нь Зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйл 242.11-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан байх бөгөөд М.П-н хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор 2016.12.22-нд банканд ирж бичгээр хувийн мэдээллийн анкет, цээж зургийн хамтаар өгч гарын үсэг зурсан нь баримтаар нотлогддог.

4.2. Давж заалдах шатны шүүх нь магадлалын тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасныг баримтлан шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт явцуу хуулийн заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Зүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэн зээлийн хүүг хасаж тооцсон ч буруу юм. Учир нь Улсын дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн 01 дугаартай Зөвлөмжийн 2-ын г/-д Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Энэ нөхцөлд алданги шаардах эрх үүсэхгүй. Мөн хэрэв хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг өөрийг нь хугацаа хэтрүүлсэн гэх ба энэ нөхцөлд анз авах эрхээ алдана. Иймд гэрээний хугацаа хэтэрсэн эсхүл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2, 222.2, 223 дугаар зүйлийн 223.1, 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь заалтуудыг сайтар судалж, нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ хийнэ гэж зөвлөсөн.

Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйл, түүн дотроо 242.1.11 дэх заалтуудыг шүүх зайлшгүй хэрэглэх, үнэлж дүгнэх байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт зааснаар хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Г.М нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.02.28-ны өдрийн 001/ШХТ2023/00207 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 7. Нэхэмжлэгч Х хариуцагч П.Б, М.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,713,682.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч П.Б, М.П нар нь 2014.11.13-ны өдөр ЗГ14/319 тоот зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, 2015.03.17-ны өдөр ЗГ15/78 барьцаат зээлийн гэрээ байгуулж, нэмж 1,000,000 төгрөгийг авсан. Гэрээний хугацаанд үндсэн зээлд 7,640,942.9 төгрөг, зээлийн хүүд 3,713,070.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,894.08 төгрөг, нийт 11,385,907.93 төгрөгийг төлж, 2016.12.27-ноос хойш төлбөр хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн. ...2016.12.27-нд зээлдэгч П.Б-н хүсэлтээр хамтран зээлдэгчээр М.П орж гэрээний хугацааг сунгасан, ...2022.08.11-ний өдрөөр тасалбар болгож үндсэн зээлийн үлдэгдэл 5,359,057.10 төгрөг, зээлийн хүү 6,812,365.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 542,259.38 төгрөг, нийт 12,713,682.44 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна.. гэж тайлбарласан,

 Хариуцагч П.Б: ...цалингийн зээлийн гэрээ байгуулж 13,000,0000 төгрөгийн зээл авсан, харин банкны хүсэлтээр өөрийн эцэг М.П-т итгэмжлэл хийж өгөөд 2016.12.27-ны өдөр гэрээний хугацааг сунгаснаас энэ өдөр дахин зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй, М.П зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй, ... банкнаас 13 сая төгрөг аваад 12 сая төгрөгийг төлсөн тул үлдэх нэг сая төгрөгийг төлөх үүрэгтэй гэж бодож байна, хүүгээс хүү бодож мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй... гэж маргасан,

 Хариуцагч М.П: ...төрсөн хүү П.Б-н олгосон итгэмжлэлээр 2016.12.27-ны өдөр банкны дуудснаар очиж гэрээний хугацаа сунгах гэрээнд гарын үсэг зурсан, ...гэрээний нөхцөлийн талаар хүү, банк хоёр тохиролцоод, харин би итгэмжлэлийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан явдал нь банкны өмнө зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн үндэслэл болохгүй, ...намайг хамтран хариуцагч биш болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 8. Зээлдэгч П.Б нь Х-с 2014.11.13-ны өдрийн №ЗГ14/319 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг, 2015.03.17-ны өдрийн №ЗГ15/78 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг тус тус сарын 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан, 2016.12.27-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах №15/78-1 тоот гэрээгээр гэрээний хугацааг 2019.12.10-ны өдөр хүртэл сунгасан талаар зохигч маргаагүй байна.

 Харин гэрээний хугацаа сунгахад гэрээний нөхцөлийг өөрчлөх, зээл авах эрх олгоогүй, дахин зээл аваагүй тул 2016.12.27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн төлбөр шаардах эрхгүй, гэрээнд гарын үсэг зурсан М.Пүрэвжав зээл аваагүй тул тэрээр хариуцагч биш, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй гэж маргажээ.

 9. Талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, Зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байна.

 10. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулсан.

 11. Зээлдэгч П.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч буюу банк гэрээний үүргийг шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн боловч үүргийн гүйцэтгэлийг тооцохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

 12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ...нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсээр байж гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, ...иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн, ...224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана... гэж дүгнэж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,359,057.10 төгрөг дээр зээлийн хүү 1,000,000 төгрөгийг нэмж нийт 6,359,057.10 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн бол,

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгээгүй, харин зээлийн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж дүгнэн, зээлийн хүүгийн тооцоонд өөрчлөлт оруулж, хариуцагч М.Пүрэвжавт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 13. Хариуцагч М.П-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч нэхэмжлэгчийг нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй буруутай байна.

 Хоёр шатны шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр багасгаж шийдвэрлэжээ.

 14. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэжээ.

 Хуулийн дээрх зохицуулалт нь үүрэг гүйцэтгүүлэгчийн гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбогдон гарах үр дагаварт хамаарахаар байна.

 Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд Банкны эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд 5.1.1-д /шийдвэр, магадлалд 6 дугаар зүйлийн 6.1.1 гэж ташаа бичигдсэн/ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг Зээлдэгчээс шаардах эрхтэй гэжээ.

 Гэрээний дээрх зохицуулалт нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах банкны эрхийг тодорхойлсон байх бөгөөд гэрээний энэ заалтаар банк үүрэг хүлээгээгүй тул зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 Иймд зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг хууль болон гэрээгээр хүлээсэн нөхцөлийн дагуу биелүүлэх үүрэгтэй.

 15. Зээлдэгч П.Б 2016.12.22-нд Хаан банкинд гаргасан хүсэлтдээ өөрийн ажиллаж байсан Ш ХХК нь ажилгүй сул зогссон үндэслэлээр зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргаж, 2016.12.27-ны өдрийн М.П-т олгосон итгэмжлэлээр П.Б-н цалингийн зээл, түүний хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурах эрх олгожээ. /хх-10, 31/

 Тэрээр гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийг М.П-т олгоогүй байхад банк Зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээнд зохигчийн хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний зээлийн хүү жилийн 16.8 хувь байсныг 22.8 хувь болгон өөрчилсөн нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар гэрээний дээрх заалт хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 Иймд зээлийн хүүг талуудын өмнө тохиролцсон гэрээний зохицуулалтад зааснаар жилийн 16.8 хувиар тооцох нь зүйтэй.

 16. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч үндсэн зээл, гэрээнд заасан бол түүний хүүг, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2016.12.27-ны үед хариуцагчийн төлөх төлбөр үндсэн зээлийн үлдэгдэл 7,353,000 төгрөг байсан байна, 2017.04.21-нд 159,169 төгрөг, 2017.6.27-нд 1,792,589.90 төгрөгийг тус тус үндсэн зээлд төлснөөр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,359,057.10 төгрөг болсон, дээрх хугацаанд хүүгийн төлбөрт 700,820.58 төгрөгийг төлсөн болох нь зээлийн бүртгэлийн картад тусагджээ.

 Иймд хариуцагчийн төлөх төлбөрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2022.08.17-ны өдрийг хүртэлх хугацаагаар бодож, үндсэн зээлийн үлдэгдэл 5,359,057 төгрөг, зээлийн хүүд 4,568,499 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлд дурдсан 542,259 төгрөгөөр тооцож, нийт 10,469,815 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 17. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207/МА2022/00125 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2022/01379 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П.Б-с 10,469,815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,243,867 төгрөгийг болон хариуцагч М.П-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын ...П.Б, М.П нараас улсын тэмдэгтийн хураамж 116,695 төгрөг гаргуулж... гэснийг ...хариуцагч П.Б-с 182,467 төгрөгийг гаргуулан... гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Г.М нарын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х-с 2023.01.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,183.16 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Н.БАЯРМАА

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД             П.ЗОЛЗАЯА

                                                Д.ЦОЛМОН

                                                        Х.ЭРДЭНЭСУВД