Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00016

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/00016 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюуш гудамж, 25 дугаар байрны 114 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5488997 регистртэй Эй би эм финанс ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Эй би эм финанс ТМЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Эй би эм финанс ТМЗ ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаар шийдвэрээр Буман дусал ББСБ ХХК-д 198,580,000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Янжинлхам гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь уг ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.Бүжидмаагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052285 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 246 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 1 дүгээр сарын 30-ны 3/1412 дугаар мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Улмаар уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2020/07959 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар итгэмжлэлийг шинэчлэн авч нэхэмжлэл гаргаж байна. Маргаан бүхий тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц, бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдал, хэмжээг тооцолгүй тогтоосон нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Н.Бүжидмаагийн эрх ашгийг зөрчиж, барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн хандлагын үнэлгээг гаргахдаа харьцуулсан жишиг үл хөдлөх хөрөнгүүд нь маргаан бүхий хөрөнгөөс ялгаатай, орон сууцны зориулалттай хөрөнгүүд байсан учир бодит харьцуулалт болоогүй гэж үзэхээр байна. Бид анх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан... гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2537 дугаар захирамжаар Эй би эм финанс ТМЗ ХХК-иас 138,850,000 төгрөг гаргуулж Буман дусал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Эй би эм финанс ТМЗ ХХК-ийн захирал Н.Бүжидмаад шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Эй би эм финанс ТМЗ ХХК нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052285 дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж 51 дүгээр байр, зоорийн болон 1 дүгээр давхарт байрлах 246 м.кв талбайтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 20370052/182 дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20370052/002 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-иар зах зээлийн үнэлгээг тогтоолгоход нийт 376,500,000 төгрөгөөр тухайн барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар үнэлгээг талуудад 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11192 тоот мэдэгдлүүдийг мөн хуулийн 14.3-т зааснаар талуудыг дуудан ирүүлж биечлэн гардуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, тэмдэглэл хөтлөн, эрх үүргийг тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгоход 1 сарын хугацаа авахгүй тухай хүсэлтийг гаргасан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Эй би эм финанс ТМЗ ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан хэмээн тайлбарлаж маргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн 102/ШЗ2019/02537 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар өргөдөл гаргагч Буман дусал ББСБ ХХК нь анхны шаардлага 233,689,800 төгрөгийн 34,839,800 төгрөгөөс татгалзаж, үлдэх 198,850,000 төгрөгийг Эй би эм финанс ТМЗ ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд иргэн Н.Бүжидмаагийн Ү-22005052285 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж 51 дүгээр байр, зоорийн болон 1 дүгээр давхарт байрлах 246 м.кв талбайтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталгаажуулсан байна.

Төлбөр төлөгч Эй би эм финанс ТМЗ ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Буман дусал ББСБ ХХК-ийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/08312 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 102/ГХ2019/00637 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20370052 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Эй би эм финанс ТМЗ ХХК шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөх талаар Зарлан дуудах болон, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар төлбөр төлөгч Эй би эм финанс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Бүжидмаагийн өмчлөлийн, барьцаа хөрөнгө болох Ү-22005052285 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж 51 дүгээр байр, зоорийн болон 1 дүгээр давхарт байрлах 246 м.кв талбайтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 20370052/182 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20370052/002 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааж авсан болох нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн №20370052 дугаар бүхий Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдсон ба зохигчид энэ асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг эс зөвшөөрч, уг хөрөнгийг ижил хэмжээний бус, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдтэй жишиж, зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн гэх агуулга бүхий тайлбар гарган үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн талаар санал асуухад төлбөр төлөгчөөс хөрөнгөө 1,230,000,000 /нэг тэрбум хоёр зуун гучин сая/ төгрөгөөр үнэлж, талууд харилцан тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, мэргэшсэн үнэлгээчин, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатарт тогтоол болон шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх бөгөөд, мэргэшсэн үнэлгээчин Б.Эрдэнэбаатар шийдвэр гүйцэтгэгчийн Шинжээч томилох тухай 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №154 тоот тогтоолд заасан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 51 дүгээр байрны зоорийн болон 1 дүгээр давхарт байрлах 246 м.кв талбайтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр танилцаж, Үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээний өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг ашиглан үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны байдлаар 376,500,000 /гурван зуун далан зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр үнэлжээ.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11192 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одод хүлээлгэн өгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 20/34 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн үнэлгээнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналгүй болохоо мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/9 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа явуулахаар болж, Өнөөдөр сонины 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн №086 дугаар хэвлэлд нийтлэгдэн, албадан дуудлага худалдааг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр явуулах талаарх мэдэгдлийг 5 дугаар сарын 01-ний өдрийн 4/16349 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.

Эй би эм финанс ТМЗ ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлын шаардлага гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2020/07349 тоот захирамжаар уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч, мөн шүүгчийн 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2020/07959 тоот захирамжаар нэхэмжлэгч Эй би эм финанс ТМЗ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар нэхэмжлэгч Эй би эм финанс ТМЗ ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11191 тоот мэдэгдлээр хүргүүлсэн дээрх үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

Хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдсэн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гомдол гаргах өдрийг тооцвол 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дотор төлбөр төлөгч Эй би эм финанс ТМЗ ХХК нь гомдол гаргах эрхтэй байсан ба энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан боловч, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2 сарын дараа буюу 8 дугаар сарын 12-ны өдөр уг нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэнийн суурийг хэрэглэж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Өртгийн болон Зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн байх тул шинжээчийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцжээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн 376,500,000 төгрөгөөс илүү үнэлгээтэй гэж тайлбарлах боловч, нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэлээ баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын хүсэлтээр шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй, тухайн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэгч гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй зэрэг үндэслэлээр Эй би эм финанс ТМЗ ХХК-ийн гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Эй би эм финанс ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА