Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00402

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00402

 

Э ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 102/ШШ2021/00016 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ТМЗ ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ТМЗ ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаар шийдвэрээр Буман дусал ББСБ ХХК-д 198 580 000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Я гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь уг ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052285 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 246 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 3/1412 дугаар мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Улмаар уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32020/07959 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар итгэмжлэлийг шинэчлэн авч нэхэмжлэл гаргаж байна. Маргаан бүхий тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц, бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах ашиг болон тав тухтай байдал, хэмжээг тооцолгүй тогтоосон нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Н.Б-ийн эрх ашгийг зөрчиж, барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр зах зээлийн хандлагын үнэлгээг гаргахдаа харьцуулсан жишиг үл хөдлөх хөрөнгүүд нь маргаан бүхий хөрөнгөөс ялгаатай, орон сууцны зориулалттай хөрөнгүүд байсан учир бодит харьцуулалт болоогүй гэж үзэхээр байна. Бид анх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2537 дугаар захирамжаар Э ТМЗ ХХК-иас 138 850 000 төгрөг гаргуулж Буман дусал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Э ТМЗ ХХК-ийн захирал Н.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Э ТМЗ ХХК нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052285 дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж 51 дүгээр байр, зоорийн болон 1 дүгээр давхарт байрлах 246 м.кв талбайтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20370052/182 дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20370052/002 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-иар зах зээлийн үнэлгээг тогтоолгоход нийт 376 500 000 төгрөгөөр тухайн барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар үнэлгээг талуудад 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11192 тоот мэдэгдлүүдийг мөн хуулийн 14.3-т зааснаар талуудыг дуудан ирүулж биечлэн гардуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж, тэмдэглэл хөтлөн, эрх үүргийг тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгоход 1 сарын хугацаа авахгүй тухай хүсэлтийг гаргасан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ТМЗ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Эй би Финанс ТМЗ ХХК-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02060 шийдвэрээр Буман дусал ББСБ ХХК-д 198 580 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.О явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Д.О нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052285 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 246 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 3/1412 тоот үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсан. Тус барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 246 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дуудлага худалдааг зарлахаас өмнө миний бие нь өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаагаа удаа дараа шийдвэр гүйцэтгэгч нарт илэрхийлж байсан. Үнэлгээний компаний тогтоосон 376 000 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/1412 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э ТМЗ ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/02537 дугаар захирамжаар өргөдөл гаргагч Буман дусал ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 233 689 800 төгрөгийн 34 839 800 төгрөгөөс татгалзаж, талууд үлдэх 198 850 000 төгрөгт тохирч 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, зээлийн төлбөр 198 850 000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд иргэн Н.Б-ийн нэр дээрх Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ дилав хутагт Жамсранжав гудамж 51 дүгээр байр, зоорийн болон 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай, 246 м.кв талбайтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталгаажуулжээ. /хх46-48/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 102/ГХ2019/00637 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Н.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ дилав хутагт Жамсранжав гудамж 51 дүгээр байр, зоорийн болон 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай, 246 м.кв талбайтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20370052/182 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 10370052/002 тоот тогтоолоор хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй. /хх43, 72-73, 76-77/

 

Анхан шатны шүүх хариуцагчийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасанд нийцсэн тул уг ажиллагааг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээг тогтоох санал дээр харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилохгүй, харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоохоор заасан байна.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч буюу өмчлөгч Н.Б-с үнийн санал авахад үл хөдлөх эд хөрөнгийг 1 230 000 000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасан /хх80/ боловч талууд үнэлгээг харилцан тохиролцож чадаагүй тул Мөнх-Оргил трейд ХХК-ийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаар тогтоолоор шинжээчээр томилсон /хх83/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Мөнх-Оргил трейд ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр буюу 7 хоногийн хугацаанд дүгнэлт гаргах хугацаа тогтоон ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/ дилав хутагт Жамсранжав гудамж 51 дүгээр байр, зоорийн болон 1 дүгээр давхар тоот хаягт байршилтай, 246 м.кв талбайтай зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 376 500 000 төгрөгөөр /хх88/ тус тус үнэлсэн байна. /хх-89-122/

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11192 дугаар албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-д гардуулан өгч шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ. /хх123,125/

 

Нэхэмжлэгч Э ТМЗ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдлын шаардлага гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2020/07349 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2020/07959 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э ТМЗ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2 сарын дараа 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Э ТМЗ ХХК нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийн хүрээнд бодит үнэ цэнийн суурийг хэрэглэж, өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд тус тус заасныг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Үнэлгээ хийгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг жишиж буй хөрөнгөтэй харьцуулахдаа ерөнхий байршил, бүсчлэлээс гадна орц, гарц, гудамж, хэд дэх эгнээнд байрлаж байгаагаас гадна талбайн хэмжээ, төв замтай харьцах байдлыг харгалзан үзсэн нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан тул Барьцаа хөрөнгө Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт байсныг харгалзан үзээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Анхан шатны шүүх шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо хуульд заасан 7 хоногийн хугацаанд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 376 000 000 төгрөгөөр зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25ы өдрийн 102/ШШ2021/00016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ