Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00185

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 22 өдөр                       Дугаар 102/ШШ2021/00185                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2-194 тоотод оршин суух, Баарин овогт Лувсанцэрэнгийн Дашбал /РД:чй70022410/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-3 гудамж, 97 тоотод оршин суух, Буриад овогт Содномдаржаагийн Батцэцэг /РД:уе83091604/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 36 дугаар байр, 14 тоотод оршин суух, Буриад овогт Содномдаржаагийн Батболд /РД:уе86011739/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 36 дугаар байр, 14 тоотод оршин суух, Оворгод овогт Тэрбишийн Батзаяа /РД:сю81092105/, 

 

76,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Дашбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Дашбал миний бие С.Батболд түүний эхнэр Т.Батзаяа нартай 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хамтран ажиллах тухай гэрээ” байгуулж 36,000,000 төгрөгийг С.Батболдод бэлнээр өгсөн. Уг гэрээгээр С.Батболд нь цэргийн дотуур хувцас 8,000 хос, 200 ширхэг офицер цүнх нийлүүлэх үүргийг хүлээсэн. Ингээд нийт 36,000,000 төгрөгийн бараа нийлүүлэх ёстойгоос 32,000,000 төгрөгийн барааг нийлүүлсэн бөгөөд 4,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Ингээд би уг мөнгө дээр 20,000 ам доллар нэмж өгөөд цэргийн суран бүс захиалсан. Тэрээр Москвад байхдаа залгаад “...бараагаа Украйнаас авч чадсангүй, Москвад гэхдээ хямд бараа байна” гэж хэлсэн учир би түүнд нэмж 17,926,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ баримт нь хэргийн 3 дугаар хуудсанд байгаа. Мөн 830 ам долларыг тэрээр Украйнд байхдаа надаас шилжүүлж авсан. Энэ баримт нь хэргийн 5 дугаар хуудсанд байгаа. Тэрээр Москвад байхдаа бичиг баримтаа алдсан гэж хэлээд надаас ахин 3,632,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Ингээд С.Батболдын авсан мөнгө нь 51,000,000 төгрөг болсон. Ам долларыг бид тухайн үеийн ханшаар нь тооцоод 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бид “Төлбөр төлөх тухай хэлцэл” үйлдсэн. Уг хэлцлээр С.Батболд нь надаас авсан нийт 51,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Тэрээр надад “...бараа бүтээгдэхүүн Украйнд байгаа, Москвад байгаа, удахгүй авчирч өгнө” гэж хэлдэг боловч амлалтаа биелүүлээгүй.  Улмаар төлбөр тооцоогоо хийлгүйгээр гэр бүлийн хамт гадаадад гарч цагаачлах гэж байгааг С.Батболдын хадам ээжээс мэдэж би 2017 оны 9 дүгээр сарын эхээр цагдаад хандсан ба оргон зугтааж байхад нь саатуулж 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлийн 170801450 дугаартай хэрэг нээж 2017 оны 10 дугаар сарын 23-нд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хилийн хориг тавьж шалгаж эхэлсэн. Эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөгч, прокуророос шалтгаалан удааширч 2020 оны 8 дугаар сар хүртэл хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болж сэргээгдэн явсаар хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлага тооцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсэж иргэний шүүхээр явахаас өөр аргагүйд хүрсэн юм. Хэрэг шалгагдаж байх явцад түүний эгч С.Батцэцэг нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Уг гэрээгээр С.Батцэцэг нь С.Батболдын өмнөөс үүрэг хүлээх болсон. Мөн захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хамтран ажиллах гэрээг С.Батболд нь эхнэр Т.Батзаяагийн хамт ирж байгуулан үүрэг хүлээсэн тул хамтран хариуцах үндэслэл болно. Хариуцагч надаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч ярьдаг юм. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хилийн хориг цуцлуулахын тулд эгчээрээ батлан даалт гаргуулсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад хилийн лавлагаагаар хариуцагч олон удаа Оросын Холбооны Улс руу орж гарсан нь харагддаг. Бараагаа аваад ирэх бүрэн боломж байсан гэж үзэж байгаа. Хариуцагч энэ гурван жилийн хугацаанд би авч ирнэ, оюутнуудаар авчруулна гэдэг ч одоог хүртэл авч ирээгүй тиймээс мөнгөө гаргуулах хүсэлттэй байгаа учир дараах шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. 

Хариуцагч С.Батболд нь 51,000,000 төгрөг авсан боловч тохирсон ёсоор бараа бүтээгдэхүүнээ авчирч өгөөгүй. Ийм учраас С.Батболд болон Т.Батзаяа нараас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ийн дагуу 51,000,000 төгрөг, алданги 25,500,000 төгрөг, нийт 76,500,000 төгрөгийг гаргуулна. Уг төлбөрөө хариуцагч нар төлж чадахгүй нөхцөлд хариуцагч С.Батцэцэгээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний дагуу 76,500,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй гэжээ.  

 

Хариуцагч С.Батболд, С.Батцэцэг, Т.Батзаяа нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: С.Батболд, Т,Батзаяа, С.Батцэцэг нарт холбогдуулан иргэн Л.Дашбалын гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1/ Миний бие иргэн Л.Дашбалтай 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “бараа бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ” байгуулан, уг гэрээний дагуу Л.Дашбалаас 36,000,000 төгрөгт цэргийн дотуур хувцас 8000 ширхгийг оруулж ирж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, уг үүргээ зуун хувь гүйцэтгэсэн юм. 

2/ Мөн ондоо Л.Дашбалын хүсэлтийн дагуу цэрэг цүнх 200 ширхэг, цэрэг бүс 1,300 ширхгийг оруулж ирэхээр тохиролцож, уг бараануудыг Украйн улсаас худалдан авч улмаар гаалийн бүрдүүлэлт хийх гэсэн боловч Украйн улс болон Оросын Холбооны Улсын хооронд дайны байдал үүссэн гэрээнд заасан давтагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, нөгөө нэг шалтгаан нь гэрээнд оролцогч тал болох Л.Дашбал гаалийн бүрдүүлэлт хийхгүй байснаас шалтгаалж Монгол улс руу оруулж ирж чадаагүй бөгөөд миний бие өөрөө Монголд иртэл Л.Дашбал нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр намайг цагдаад өгч, улмаар шүүхээс хилийн хориг тавьснаар буцаж очиж бараагаа авч чадахгүй байсаар өдийг хүрсэн билээ. 

3/ Миний бие иргэн Л.Дашбалд хандан, өгсөн мөнгөнд нь авсан бараа хадгалагдаж байгаа, хадгалалтын мөнгө их болж байна гэдгийг хэлсээр байтал өөрийнх нь оролцсон тендерийн хугацаа дууссан учир ашиггүй гэж бодсон уу, надаас бараагаа биш зөвхөн мөнгөө нэхэх болсон. Бид хоёрын хооронд байгуулсан гэрээ нь зөвхөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг өгч чадахгүй харин гэрээнд заасан үүргийн дагуу барааг нийлүүлэх сонирхолтой байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй, харин гэрээний дагуу захиалгаар бараа нийлүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр авч, гэрээнд заасны дагуу цэрэг дотуур хувцсыг нийлүүлсэн. Харин Л.Дашбал дахин надад хандаж цэрэг бүс, цүнх олж өгөхийг гуйсны дагуу шилжүүлсэн мөнгөний хэмжээнд дээрх захиалгын барааг худалдан авсан боловч өөрөө тендерээс хоцорсноос болж барааг гаалийн бүрдүүлэлт хийж хүлээж авахгүй өдийг хүрсэн ба энэ үйлдэл /тухайн бараа одоо ч хадгалаастай байгаа/-д миний бие хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан талаарх гэрчийн мэдүүлэг, бусад холбогдох бусад холбогдох нотлох баримтыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгуулж байхдаа гаргаж өгсөн болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад болон Т.Батзаяа, С.Батцэцэг нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх би Л.Дашбалтай 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай” гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу би 36,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Уг гэрээгээр би цэргийн дотуур хувцас 8,000 хос, 200 ширхэг офицер цүнх нийлүүлэх үүргийг хүлээсэн. Нийт 36,000,000 төгрөгийн бараа нийлүүлэх ёстойгоос 32,000,000 төгрөгийн барааг Л.Дашбалд нийлүүлсэн бөгөөд 4,000,000 төгрөгийн буюу 200 ширхэг офицер цүнхийг дутуу нийлүүлсэн. Уг мөнгө дээр Л.Дашбал нь 20,000 ам доллар нэмж өгөөд надад цэргийн суран бүс захиалсан. Ингээд би уг мөнгийг аваад 200 ширхэг цүнх, 2,600 ширхэг суран бүсийг Украйн улсаас очиж авсан. Ингээд Монгол улс руу ачуулах гэхэд Украйн улсад дайн эхэлсэн учраас би авсан бараагаа Монгол руу ачуулж амжилгүй тэнд нь хадгалуулаад шууд өөрөө буцсан. Ирээд энэ байдлаа Л.Дашбалд хэлсэн бөгөөд надад түүнийг хууран мэхлэх санаа зорилго огтоос байгаагүй. Гэтэл Л.Дашбал нь намайг цагдаагийн байгууллагад өгч, улмаар миний хилээр гарах эрхийг хязгаарлуулсан. Үүнээс болоод би буцаж явж бараагаа авч чадаагүй. Т.Батзаяа, С.Батцэцэг нар нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд би хариуцах ёстой зүйл. Миний бие нэхэмжлэгчийн шаардаад байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Л.Дашбалын захиалсан бараа нь Украйнд байгаа учраас би барааг нь өгөх хүсэлтэй байгаа.  

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Л.Дашбал болон С.Батболд миний бие “Төлбөр төлөх тухай хэлцэл” үйлдсэн. Уг хэлцлээр би 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Л.Дашбалаас хүлээн авсан 51,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ОХУ болон Украйн улсаас Л.Дашбалын захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь үнэн. 51,000,000 төгрөгийг бид дараах мөнгөн төлбөрүүдээс харилцан тооцож тогтоосон. Үүнд:

1/ 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай” гэрээний үлдэгдэл болох 4,000,000 төгрөг;

2/ Украйн улс руу цэргийн бүс авахаар явахад Л.Дашбалаас шилжүүлсэн 20,000 ам доллар-Уг ам долларыг тухайн үеийн ханшаар нь тооцсон;

3/ Намайг Москвад байхад Л.Дашбалаас шилжүүлсэн 17,926,000 төгрөг- Би нэхэмжлэгч рүү яриад “...Украйн улсаас бараагаа авч чадаагүй, гэхдээ Москвад хямд бүс байна” гэж хэлээд нэмж авсан мөнгө;

4/ Москвагаас Монгол улс руу буцаж ирэхэд замын зардалд зориулж шилжүүлсэн 3,623,000 төгрөг- Москвад байхдаа мөнгө, бичиг баримтаа алдаад нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгө;

5/ 830 ам доллар-Уг мөнгийг би Л.Дашбалаас Украйн улсад байхдаа авсан;

Дээрх үйл баримт буюу 51,000,000 төгрөгийг дээр дурдсан замаар хүлээн авсан тал дээр би маргахгүй. Би дайн байлдааны нөхцөл байдлаас болоод цэргийн зориулалттай барааг авч ирж чадахгүй байгаа талаар нэхэмжлэгчид зөндөө тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч надад хилийн хориг авхуулаад хоёр, гурван жил эрүүгийн журмаар шалгуулснаас болж би бараагаа авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Би нэхэмжлэгчийг хамт яваад үзье гэж ч хэлсэн, нэхэмжлэгчийг хуурч мэхлэх байдлаар дээрх зүйлсийг яриагүй. Нэхэмжлэгч манай хадам ээжтэй ярьсан, намайг оргон зайлах гэж байсан гэдэг нь худлаа. Одоо хүртэл нэхэмжлэгчийн бараа гадаад улсад байгаа, би авч ирээд бараа хэлбэрээр нь өгөхөд бэлэн. Би Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас нотлох баримтуудаа авчирч өгөх гэсэн боловч чадсангүй. С.Батцэцэг нь миний нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний талаар огт мэдэхгүй. Харин эрүүгийн хэрэгт оргон зайлж магадгүй гэсэн үндэслэлээр батлан даалт гаргаж гэрээ байгуулсан. Ийм учраас энэ хүн гэрээний хариуцлага хүлээхгүй гэжээ.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах гэрээнүүд авагджээ.

 

1/ 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Л.Дашбал болон С.Батболд, Т.Батзаяа нар “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай” гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээгээр С.Батболд, Т.Батзаяа нар Украйн улсын Кировоград хотоос цэргийн дотуур өмд, цамц, офицер цүнхийг захиалан авчруулах, үүний хариуд Л.Дашбал нь 36,000,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. Хариуцагч С.Батболд, Т.Батзаяа нар гэрээний дагуу 36,000,000 төгрөгийг Л.Дашбалаас хүлээн авсан талаар маргаагүй. 

 

2/ 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Л.Дашбал болон С.Батболд нар “Төлбөр төлөх тухай хэлцэл” үйлджээ. Уг хэлцлээр С.Батболд нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Л.Дашбалаас хүлээн авсан 51,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ОХУ болон Украйн улсаас Л.Дашбалын захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.   

 

3/ 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үүрэг гүйцэтгүүлэгч Л.Дашбал болон батлан даагч С.Батцэцэг нар “Батлан даалтын гэрээ” байгуулжээ. Уг гэрээний гол нөхцөлийг талууд дараах байдлаар тохирчээ. Үүнд:

а/ Батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгч болон С.Батболд, Т.Батзаяа /цаашид үүрэг гүйцэтгэгч гэх/ нарын хооронд “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай гэрээгээ /2017-03-11/, “Төлбөр төлөх тухай хэлцэл” /2017-06-05/-ийн дагуу үүрэг гүйцэтгэгчийг хүлээсэн үүргээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний дотор бүрэн биелүүлнэ гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй болон эсхүл үүрэг гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийж оргон зайлсан тохиолдолд батлан даагч өөрийн эд хөрөнгө, аливаа данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. 

б/ Үүрэг гүйцэтгэгч нь захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай гэрээ болон төлбөр төлөх тухай хэлцлээр хүлээсэн үүргээ 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор гүйцэтгээгүй, эсхүл гүйцэтгэж чадахгүй нь тогтоосон хугацаа дуусахад илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэсэн байна.

 

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Л.Дашбал нь хариуцагч С.Батцэцэг, С.Батболд, Т.Батзаяа нарт холбогдуулж 76,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч С.Батболд нь 51,000,000 төгрөг авсан боловч тохирсон ёсоор бараа бүтээгдэхүүнээ авчирч өгөөгүй. Ийм учраас С.Батболд болон Т.Батзаяа нараас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ‘Төлбөр төлөх тухай хэлцэл’-ийн дагуу 51,000,000 төгрөг, алданги 25,500,000 төгрөг, нийт 76,500,000 төгрөгийг гаргуулна. Уг төлбөрөө хариуцагч нар төлж чадахгүй нөхцөлд хариуцагч С.Батцэцэгээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ‘Батлан даалтын гэрээ’-ний дагуу 76,500,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй” гэж тайлбарлаж байна. 

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Л.Дашбал болон С.Батболд, Т.Батзаяа нарын хооронд байгуулагдсан гэрээг талууд “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай” гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний заалт, агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай” гэрээний дагуу хариуцагч С.Батболд 4,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутуу нийлүүлсэн талаар талууд маргаагүй. Улмаар нэхэмжлэгч С.Батболд нь нэхэмжлэгч Л.Дашбалаас 20,000 ам доллар, 17,926,000 төгрөг, 3,623,000 төгрөг, 830 ам долларыг тус тус хүлээн авсан болон эдгээр мөнгөн дүнг нийтэд нь 51,000,000 төгрөг гэж тохирсны үндсэн дээр 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Л.Дашбал болон С.Батболд нар “Төлбөр төлөх тухай хэлцэл” үйлдсэн үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна. 

 

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ээр харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн “Төлбөр төлөх тухай хэлцэл” нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна. 

 

Хариуцагч С.Батболд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Л.Дашбалаас хүлээн авсан 51,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ОХУ болон Украйн улсаас Л.Дашбалын захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар төлж дуусгаагүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй. 

 

Иймд нэхэмжлэгч Л.Дашбал 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ийн дагуу 51,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч С.Батболдоос шаардах эрхтэй байна. 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ээр талууд алдангийн талаар бичгээр тохирсон.  Дээр дурдсанчлан хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ буюу гэрээний зүйлийг хугацаанд нь нэхэмжлэгчид шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Нэгэнт талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар бичгээр тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Ийм учраас хариуцагч С.Батболдоос гэрээний дагуу тохирсон алданги болох 25,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцнэ. 

 

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ийн оролцогч тал биш тул хариуцагч Т.Батзаяад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Л.Дашбал болон С.Батцэцэг нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн байна.    

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэжээ.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бөгөөд харин мөн зүйлийн 460.2.-т зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байна.

 

Батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилготой болохоос гадна үндсэн үүргийн байдлаас шууд хамааралтай байдаг. Үндсэн үүрэг нь хүчин төгөлдөр бус бол батлан даалтын гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус байна. 

 

Хариуцагч С.Батцэцэг нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-гээр 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай гэрээ”, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ийн дагуу хүлээсэн үүргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор С.Батболд нь биелүүлэхийг нэхэмжлэгч Л.Дашбалын өмнө баталж, гүйцэтгээгүй болон эсхүл үүрэг гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийж оргон зайлсан тохиолдолд батлан даагч өөрийн эд хөрөнгө, аливаа данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн байна. 

 

2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай гэрээ”, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Төлбөр төлөх тухай хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна С.Батболд нь гэрээний үүргээ биелүүлээгүй талаар дээр дүгнэсэн.

 

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”-ний заалтуудаас үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Батболд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн үүрэг гүйцэтгэгч С.Батболдын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч С.Батцэцэгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Батболдоос 76,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дашбалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Т.Батзаяад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Батболд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн үүрэг гүйцэтгэгч С.Батболдын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч С.Батцэцэгээс гаргуулан нэхэмжлэгч Л.Дашбалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батболд, С.Батцэцэг нараас 540,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дашбалд олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ