Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00753

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00753

 

Л.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 102/ШШ2021/00185 дугаар шийдвэртэй

Л.Дын нэхэмжлэлтэй хариуцагч С.Б, С.Бц, Т.Бз нарт холбогдох

76 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Г.Ичинхорлоо, хариуцагч С.Бц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Д нь С.Б түүний эхнэр Т.Бз нартай 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хамтран ажиллах тухай гэрээ байгуулж 36 000 000 төгрөгийг С.Бод бэлнээр өгсөн. Уг гэрээгээр С.Б нь цэргийн дотуур хувцас 8 000 хос, 200 ширхэг офицер цүнх нийлүүлэх үүргийг хүлээсэн. Ингээд нийт 36 000 000 төгрөгийн бараа нийлүүлэх ёстойгоос 32 000 000 төгрөгийн барааг нийлүүлсэн бөгөөд 4 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Би уг мөнгө дээр 20 000 ам.доллар нэмж өгөөд цэргийн суран бүс захиалсан. Тэрээр Москва хотод байхдаа залгаад ...бараагаа Украйнаас авч чадсангүй, Москвад гэхдээ хямд бараа байна гэж хэлсэн учир би түүнд нэмж 17 926 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ баримт нь хэргийн 3 дугаар хуудсанд байгаа. Мөн 830 ам.долларыг тэрээр Украйн улсад байхдаа надаас шилжүүлж авсан. Энэ баримт нь хэргийн 5 дугаар хуудсанд байгаа. Тэрээр Москва хотод байхдаа бичиг баримтаа алдсан гэж хэлээд надаас ахин 3 632 000 төгрөгийг шилжүүлэн авсан. Ингээд С.Бын авсан мөнгө нь 51 000 000 төгрөг болсон. Ам.долларыг бид тухайн үеийн ханшаар нь тооцоод 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бид Төлбөр төлөх тухай хэлцэл үйлдсэн. Уг хэлцлээр С.Б нь надаас авсан нийт 51 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Тэрээр надад ...бараа бүтээгдэхүүн Украйнд байгаа, Москвад байгаа, удахгүй авчирч өгнө гэж хэлдэг боловч амлалтаа биелүүлээгүй. Улмаар төлбөр тооцоогоо хийлгүйгээр гэр бүлийн хамт гадаадад гарч цагаачлах гэж байгааг С.Бын хадам ээжээс мэдэж би 2017 оны 9 дүгээр сарын эхээр цагдаад хандсан ба оргон зугтааж байхад нь саатуулж 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлийн 170801450 дугаартай хэрэг нээж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хилийн хориг тавьж шалгаж эхэлсэн. Хэрэг шалгагдаж байх явцад түүний эгч С.Бц нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Уг гэрээгээр С.Бц нь С.Бын өмнөөс үүрэг хүлээх болсон. Мөн захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хамтран ажиллах гэрээг С.Б нь эхнэр Т.Бзгийн хамт ирж байгуулан үүрэг хүлээсэн тул хамтран хариуцах үндэслэл болно. Хариуцагч надаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч ярьдаг юм. Хариуцагч С.Б нь 51 000 000 төгрөг авсан боловч тохирсон ёсоор бараа бүтээгдэхүүнээ авчирч өгөөгүй. Ийм учраас С.Б болон Т.Бз нараас 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөх тухай хэлцэл-ийн дагуу 51 000 000 төгрөг, алданги 25 500 000 төгрөг, нийт 76 500 000 төгрөгийг гаргуулна. Уг төлбөрөө хариуцагч нар төлж чадахгүй нөхцөлд хариуцагч С.Бцээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Батлан даалтын гэрээ-ний дагуу 76 500 000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй гэжээ.

Хариуцагч С.Б, С.Бц, Т.Бз нар шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б нь Л.Дтай 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Бараа бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулан, уг гэрээний дагуу Л.Даас 36 000 000 төгрөгт цэргийн дотуур хувцас 8 000 ширхгийг оруулж ирж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, уг үүргээ зуун хувь гүйцэтгэсэн юм. Мөн ондоо Л.Дын хүсэлтийн дагуу цэрэг цүнх 200 ширхэг, цэрэг бүс 1 300 ширхэгийг оруулж ирэхээр тохиролцож, уг бараануудыг Украйн улсаас худалдан авч улмаар гаалийн бүрдүүлэлт хийх гэсэн боловч Украйн улс болон Оросын Холбооны Улсын хооронд дайны байдал үүссэн гэрээнд заасан давтагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, нөгөө нэг шалтгаан нь гэрээнд оролцогч тал болох Л.Д гаалийн бүрдүүлэлт хийхгүй байснаас шалтгаалж Монгол улс руу оруулж ирж чадаагүй бөгөөд Монголд иртэл Л.Д нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр намайг цагдаад өгч, улмаар шүүхээс хилийн хориг тавьснаар буцаж очиж бараагаа авч чадахгүй байсаар өдийг хүрсэн билээ. Бид хоёрын хооронд байгуулсан гэрээ нь зөвхөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг өгч чадахгүй харин гэрээнд заасан үүргийн дагуу барааг нийлүүлэх сонирхолтой байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй, харин гэрээний дагуу захиалгаар бараа нийлүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр авч, гэрээнд заасны дагуу цэрэг дотуур хувцсыг нийлүүлсэн. Харин Л.Д дахин надад хандаж цэрэг бүс, цүнх олж өгөхийг гуйсны дагуу шилжүүлсэн мөнгөний хэмжээнд дээрх захиалгын барааг худалдан авсан боловч өөрөө тендерээс хоцорсноос болж барааг гаалийн бүрдүүлэлт хийж хүлээж авахгүй өдийг хүрсэн ба энэ үйлдэл /тухайн бараа одоо ч хадгалаастай байгаа/-д миний бие хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байсан талаарх гэрчийн мэдүүлэг, бусад холбогдох бусад холбогдох нотлох баримтыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгуулж байхдаа гаргаж өгсөн болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад болон Т.Бз, С.Бц нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх би Л.Дтай 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу би 36 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Уг гэрээгээр би цэргийн дотуур хувцас 8 000 хос, 200 ширхэг офицер цүнх нийлүүлэх үүргийг хүлээсэн. Нийт 36 000 000 төгрөгийн бараа нийлүүлэх ёстойгоос 32 000 000 төгрөгийн барааг Л.Дд нийлүүлсэн бөгөөд 4 000 000 төгрөгийн буюу 200 ширхэг офицер цүнхийг дутуу нийлүүлсэн. Уг мөнгө дээр Л.Д нь 20 000 ам.доллар нэмж өгөөд надад цэргийн суран бүс захиалсан. Ингээд би уг мөнгийг аваад 200 ширхэг цүнх, 2 600 ширхэг суран бүсийг Украйн улсаас очиж авсан. Ингээд Монгол улс руу ачуулах гэхэд Украйн улсад дайн эхэлсэн учраас би авсан бараагаа Монгол руу ачуулж амжилгүй тэнд нь хадгалуулаад шууд өөрөө буцсан. Ирээд энэ байдлаа Л.Дд хэлсэн бөгөөд надад түүнийг хууран мэхлэх санаа зорилго огтоос байгаагүй. Гэтэл Л.Д нь намайг цагдаагийн байгууллагад өгч, улмаар миний хилээр гарах эрхийг хязгаарлуулсан. Үүнээс болоод би буцаж явж бараагаа авч чадаагүй. Т.Бз, С.Бц нар нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд би хариуцах ёстой юм. Би нэхэмжлэгчийн шаардаад байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Л.Дын захиалсан бараа нь Украйнд байгаа учраас би барааг нь өгөх хүсэлтэй байгаа. 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Л.Д болон С.Б миний бие Төлбөр төлөх тухай хэлцэл үйлдсэн. Уг хэлцлээр би 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Л.Даас хүлээн авсан 51 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ОХУ болон Украйн улсаас Л.Дын захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь үнэн. 51 000 000 төгрөгийг бид дараах мөнгөн төлбөрүүдээс харилцан тооцож тогтоосон. Үүнд:

1/ 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай гэрээний үлдэгдэл болох 4 000 000 төгрөг;

2/ Украйн улс руу цэргийн бүс авахаар явахад Л.Даас шилжүүлсэн 20 000 ам.доллар-Уг ам долларыг тухайн үеийн ханшаар нь тооцсон;

3/ Намайг Москвад байхад Л.Даас шилжүүлсэн 17 926 000 төгрөг- Би нэхэмжлэгч рүү яриад ...Украйн улсаас бараагаа авч чадаагүй, гэхдээ Москвад хямд бүс байна гэж хэлээд нэмж авсан мөнгө;

4/ Москвагаас Монгол улс руу буцаж ирэхэд замын зардалд зориулж шилжүүлсэн 3 623 000 төгрөг- Москвад байхдаа мөнгө, бичиг баримтаа алдаад нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгө;

5/ 830 ам.доллар-уг мөнгийг би Л.Даас Украйн улсад байхдаа авсан;

Дээрх үйл баримт буюу 51 000 000 төгрөгийг дээр дурдсан замаар хүлээн авсан тал дээр би маргахгүй. Би дайн байлдааны нөхцөл байдлаас болоод цэргийн зориулалттай барааг авч ирж чадахгүй байгаа талаар нэхэмжлэгчид зөндөө тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч надад хилийн хориг авхуулаад хоёр, гурван жил эрүүгийн журмаар шалгуулснаас болж би бараагаа авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Одоо хүртэл нэхэмжлэгчийн бараа гадаад улсад байгаа, би авч ирээд бараа хэлбэрээр нь өгөхөд бэлэн. С.Бц нь миний нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний талаар огт мэдэхгүй. Харин эрүүгийн хэрэгт оргон зайлж магадгүй гэсэн үндэслэлээр батлан даалт гаргаж гэрээ байгуулсан. Ийм учраас энэ хүн гэрээний хариуцлага хүлээхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.Боос 76 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Т.Бзд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б нь үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн үүрэг гүйцэтгэгч С.Бын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч С.Бцээс гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, С.Бц нараас 540 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч С.Б, С.Бц, Т.Бз нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх зохигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч нарт хэргийг танилцуулаагүй. шүүх хуралдааны тов мэдэгдлийг хариуцагч Т.Бз, С.Бц нарт огт мэдэгдээгүй, хүргээгүй, яг шүүх хуралдаан эхлэхэд утас руу нь залгаж одоо хурал эхэлж байна хүрээд ир гэсэн яваад ирэхэд хурал болчихсон гэсэн. Өмнөх хурал дээр ч мөн мэдэгдээгүй. Хариуцагч С.Б өмнөх хуралдаан дээр сонгож авсан өмгөөлөгч нэг удаа короногиин хөл хорионы улмаас хүрэлцэн ирж чадаагүй тул хойшилсон, гэтэл дараагийн хуралд ямар ч шалтгаангүй ирээгүй тул уг өмгөөлөгчөөс татгалзан өөр өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах, учир нь тэр өмгөөлөгчид нотлох баримтаа өгчихсөн байгаа тул хуралдаанд оролцох боломжгүй гэдэг шалтгаанаа учирласан, гэтэл шууд хуралдчихсан. Өмгөөлөгч утас нь холбогдохгүй, иргэн хүний хувьд шалтгааныг нь мэдэх боломжгүй, аргагүй болоод шүүхэд хүсэлт гаргахад шийдвэрлээгүй юм. Хэргийн үйл баримтыг огт тогтоогоогүй, иймээс ямар маргаан шийдвэрлэгдэж байгаа нь тодорхой бус болсон. Шүүхийн шийдвэрт маргааны үйл баримт тодорхой биш, маргаж буй асуудал болон хэргийн баримтуудад эрх зүйн дүгнэлт үндэслэл хийгээгүй тул шийдвэрийг ойлгож чадаагүй. Талуудын хооронд ямар эрх харилцаа явагдсаныг ч дүгнээгүй. Нэхэмжлэгч Л.Д хариуцагч С.Б нарын хооронд цэргийн зориулалттай тусгай бараа сонгон захиалж мөнгөө өгсөн, захиалсан барааг гадаад улсаас оруулж ирүүлэн хүлээлгэж өгсөн, зарим барааг Д цэргийн тусгай зориулалтын дагуу Монгол Улсын хилээр оруулах тусгай зөвшөөрөл баримтыг бүрдүүлж хүлээн авах байсан боловч баримтаа бүрдүүлээгүйгээс хилээр оруулах боломжгүй болсноос, хилийн цаанаа агуулах олж хадгалагдаж байгаа, хадгалалтын хөлс зардал хоног хугацаагаар нэмэгдэж С.Бод маш их хохирол гарч байгаа юм. Үндсэн үүргийн харилцааг тогтоогүй байж төлбөр төлөх хэлцлээр зөвхөн үүрэг хүлээсэн гэдэг үндэсгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч 20 000 ам.доллар өгсөн гэж бичсэнээр нь мөнгө өгч авалцсан баримтыг огт үнэлэлгүй шууд мөнгөн төлбөр харьцуулсан нь үндэсгүй гэж үзнэ. Батлан даалтын гэрээний агуулгыг үндэслэлгүй дүгнэсэн. Эрүүгийн хэрэгт оргон зайлахгүй гэж батлан даасан болохоос иргэний хэлцэлд төлбөр хариуцах гэрээ байгуулаагүй байхад шууя төлбөр хариуцуулсан нь хууль бус. Нэхэмжлэгч нэг л 76 000 000 төгрөг нэхэмжилсэн байхад 2 хүнээс 2 удаа 76 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй, ойлгохгүй байгаа болно. Нэхэмжлэгчид өмгөөлөгчтэй оролцох боломж олгочхоод 3 хариуцагч байхад нэгд нь ч эрх зүйн туслалцаа авах хүний үндсэн эрхийг хангаагүй, хэргийг ч танилцуулаагүй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломж олгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Д хариуцагч С.Б, С.Бц, Т.Бз нарт холбогдуулан 76 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...нэхэмжлэгчийн шаардаж байгаа мөнгийг өгч чадахгүй, харин гэрээнд заасан үүргийн дагуу бараа нийлүүлэх сонирхолтой байна гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Д болон хариуцагч С.Б, Т.Бз нар 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Б, Т.Бз нар Украйн улсын Кировоград хотоос цэргийн дотуур өмд, цамц, офицер цүнхийг захиалан авчруулах, үүний хариуд Л.Д нь 36 000 000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. Дээрх гэрээний дагуу Л.Д нь С.Б, Т.Бз нарт 36 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан болохоо үгүйсгээгүй байна.

Мөн хэрэгт нэхэмжлэгч Л.Д хариуцагч С.Б нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Төлбөр төлөх тухай хэлцэл авагдсан, уг хэлцлээр С.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Л.Даас хүлээн авсан 51 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор ОХУ болон Украйн улсаас Л.Дын захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч Л.Д болон хариуцагч С.Бц нар Батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Бц нь үүрэг гүйцэтгэгч С.Б гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөх хариуцлага хүлээхээр тохирсон байна. /хх.12-13/

Анхан шатны шүүх Л.Д, С.Б, Т.Бз хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Хариуцагч С.Б 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Захиалгаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах тухай гэрээний дагуу 4 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутуу нийлүүлсэн, нэхэмжлэгчээс 20 000 ам доллар, 17 926 000 төгрөг, 3 623 000 төгрөг, 830 ам.долларыг тус тус хүлээн авсан болон эдгээр мөнгөн дүндээ 51 000 000 төгрөг болсон талаар маргаагүй, харин барааг нийлүүлнэ гэсэн тайлбар гаргасан байна.

Л.Д, С.Б нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Төлбөр төлөх тухай хэлцлээр 51 000 000 төгрөгөнд бараа бүтээгдэхүүнийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нийлүүлэхээр тохиролцсон байгаа боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Д 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөх тухай хэлцэл-ийн дагуу 51 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч С.Боос шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч Т.Бз 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөх тухай хэлцэл-ийн оролцогч тал биш гэсэн үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Төлбөр төлөх тухай хэлцэл-ийн 3-т Төлбөрийг хугацаандаа төлж барагдуулсан нөхцөлд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцно гэж тохирсон байна.

Анхан шатны шүүх хариуцагч С.Боос барааны үнэд шилжүүлсэн 51 000 000 төгрөг, алданги 25 500 000 төгрөг нийт 76 500 000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Л.Д болон С.Бц нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд батлан даалтын гэрээгээр батлан даагч нь нөхөх хариуцлага хүлээдэг. Харин Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй тул талууд гэрээндээ үүргийг хамтран хариуцахаар заагаагүй тул шууд батлан даагчаас шаардах эрхгүй юм.

Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Батлан даалтын гэрээ-ний заалтуудаас үзэхэд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б нь үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн үүрэг гүйцэтгэгч С.Бын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч С.Бцээс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжтой.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгоно. Харин үүрэг гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Л.Д С.Бцээс батлан даалтын гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

Мөн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг зөв баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Хариуцагчийн ...Хариуцагч нарт хэргийг танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдлийг хариуцагч Т.Бз, С.Бц нарт огт мэдэгдээгүй, хариуцагч С.Бын өмгөөлөгч авах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн, шүүх хуралдаан дээр хариуцагч С.Б өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2021/00716 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулж, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан, мөн хариуцагч С.Бц, Т.Бз нарт хуралдааны товыг утсаар мэдэгдсэн баримт авагдсан байна. /хх.78, 80/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 102/ШШ2021/00185 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын С.Б, С.Бц нараас гэснийг С.Боос гэж, тогтоох хэсгийн дугаарыг 3 гэснийг 2 гэж, 4 гэснийг 3 гэж, 5 гэснийг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Бын төлсөн 540 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО