Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00946

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00946

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 4 хороо, 37 байрны 11 тоотод оршин суух, регистр ВЮ 71022213, Бадам овогт Нинжийн Дэмбэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүрэг Хувьсгалын гудамж 3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд байрлах, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлд холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Дэмбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Дэмбэрэл Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл байхаар, 24 дүгээр зүйлийн 24.1.7-д Үндэсний зөвлөл нь Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах эрхтэй байхаар заасны дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандахтай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан Ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн.Гэтэл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний 06 дугаар тогтоолоор Н.Дэмбэрэлийг Ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.Үндэслэл нь сахилгын зөрчил давтан гаргасан,-Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гээд холбогдох хуулийн болон хөдөлмөрийн гэрээний үндэслэл болсон заалтуудыг тавьжээ. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 нь хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгохтой холбоотой Үндэсний зөвлөлийн эрх, 4 дүгээр зүйлийн 4.2.7 нь Ерөнхий захирлын үүрэг бөгөөд энэ үүргээ хангалттай биелүүлэх эсэх нь Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нэрлэн заасан сахилгын зөрчил биш юм. Энд Монгол улсын Ерөнхийлөгчтэй хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ярилцлагын нэвтрүүлгийг хамруулсан бололтой. Монгол улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохын хувьд аливаа улс төрийн нам, улс төрийн хүчнийг төлөөлөх эрх бүхий субъект биш бөгөөд миний албан тушаалын бүрэн эрхээ улс төрийн болон шашны ухуулга сурталчилгаа хийхэд ашиглахгүй байх гэсэн үүрэгт дээрх ярилцлага нь хэрхэн харшилж байгаа нь ойлгогдохооргүй байна. 6 дугаар зүйлийн 6.5.4 нь сахилгын зөрчлийг удаа дараа, давтан гаргавал сахилгын ноцтой зөрчилд хамааруулах тухай байна.Харин 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.2-т сахилгын зөрчлийг тодорхойлсон. Дээрхээс үзэхэд би ажилд томилогдсон cap хүрэхгүй хугацаанд сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халагдаж байгаа юм байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг зөрчил тус бүр дээр тогтоосон байхыг шаарддаг. Гэтэл намайг Хөдөлмөрийн гэрээний 6.4 дүгээр зүйлд заасан 2 төрлийн сахилгын зөрчлийн алиныг хэзээ давтан гаргасан тул дээрх 6.5.4 дэх заалтыг үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй, түүнийг хэн хэрхэн тогтоосон ямарваа нэгэн үйл баримт болоогүй, түүнчлэн Үндэсний зөвлөл Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар шаардлага тавьж байгаагүй.Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.1-ийн и заалтыг тушаалын нэг үндэслэл болгосон нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийн тухай ойлголтод нийцэхгүй байна.Учир нь Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлага тавигддаг. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.1.6-д Үндэсний зөвлөлийг Хөдөлмөрийн тухай хууль болон энэхүү гэрээнд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байхаар заасан.Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн и д заасан зөрчлийг надтай буюу Ерөнхий захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.1-6.5.6-д ноцтой зөрчил хэмээн нэрлэн заагаагүй тул Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн и заалт нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж чадахгүй.Олон нийтийн радио, телевизийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1, 31.6.2-т заасан Ерөнхий захирлын бүрэн эрхийн дагуу цар тахлын дэглэмтэй хөл хорионы хязгаарлалт бүхий үед иргэдийн амьдрал ахуй, эдийн засаг, амьжиргаатай холбоотой Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн ярилцлага нь цаг үеийн шаардлагаар хийгдсэн бөгөөд энэ нь хууль, журмын дагуу бэлтгэгдсэн нэвтрүүлэг болно.Үндэсний зөвлөлийн тогтоол нь үндэслэлгүй бөгөөд би ямар нэгэн сахилгын зөрчил давтан гаргасан, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл байхгүй тул Н.Дэмбэрэлийг Ерөнхий захирлын үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Н.Дэмбэрэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 06 дугаар тогтоолоор ерөнхий захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, тухайн үед Н.Дэмбэрэлд ямар байдлаар ажлаас чөлөөлж байгааг нь танилцуулаагүй.Үндэсний зөвлөлийн хуралдаан дээр Н.Дэмбэрэлийг дуудаж оруулаад эфирийн соёл зөрчсөн гэдэг асуудал гаргаж тавьсан.Үйлдвэрчний эвлэлийн гаргасан 3 удаагийн шаардлагаар энэ асуудлыг гаргаж тавьсан гэж тайлбарладаг.Тухайн шаардлагыг Н.Дэмбэрэл уншиж танилцаагүй, зөвхөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хурал дээр дөнгөж танилцаад шийдвэр гарсан байдаг. Ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлээ сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл гаргадаг.Тухайн үед Үндэсний зөвлөлийн хурал дээр Монгол улсын Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага яригдсан. Хожим нь хариуцагчийн хариу тайлбараас харахад хүүхдийн төлөө фонд болон Соёлын сайд С.Чулуунтай хийсэн ярилцлагыг эфир зөрчиж оруулсан гэдэг зүйл ярьж, үүнийг улс төрийн болон шашны ухуулга сурталчилгаа хийсэн гэж тайлбарлаж хэлсэн.Ямар нэгэн улс төрийн болон шашны ухуулга хийсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.1 6.4.2-т сахилгын зөрчил гэдгийг тусгайлан заасан байдаг, дээрх сахилгын зөрчлийг Н.Дэмбэрэл гаргаагүй.Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг тухайн үедээ тогтоосон байхыг шаарддаг, баримтаас үзэхэд Үндэсний зөвлөлийн хуралдаан дээр үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг баримтлаад, үйлдвэрчний эвлэлтэй харилцан тохиролцож буулт хийх байдлаар тухайн өдөр шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байна.Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-т шаардлага тавих Үндэсний зөвлөлийн эрх хэмжээг зохицуулсан байдаг. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирал үүргээ хангалттай биелүүлэхгүй байна гэж үзэх юм бол үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрх нь Үндэсний зөвлөлд олгогдсон. Ийм шаардлага тавьж байсан үйл баримт, нотлох баримт байдаггүй, бүх зүйл 2021 оны 01 сарын 19-ний өдөр шийдэгдээд, ганц удаа тайлбар аваад шийдвэр гаргасан байна. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.1 и заалтыг тушаалын үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцэхгүй гэж үзэж байна.Ноцтой зөрчил гэдгийг юу гэж ойлгох талаар Хөдөлмөрийн тухай хуульд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тогтооно, тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж зохицуулсан байна. Н.Дэмбэрэлтэй байгуулсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн хөдөлмөрийн гэрээнд эфирийн цагийг зөрчих гэсэн ноцтой зөрчил байхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д Үндэсний зөвлөл хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хугацаанаас өмнө цуцлах эрхтэй болохыг заасан боловч хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн байх ба энэ заалт зөрчигдсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1 и-д заасан зөрчлийг Н.Дэмбэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж нэрлэн заагаагүй учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Тухайн өдөр эфирийн цаг зөрчсөнтэй холбоотой үйл баримтууд хэрэгт авагдсан байдаг. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор цаг үеийн шаардлагаар хийгдсэн ажиллагаанууд байдаг. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд эфирийн цаг өөрчлөгдсөн тохиолдлууд нэг бус удаа байдаг. Эфирээс хөөж гаргасан гэдэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт үзлэг хийсэн.Үүгээр эфирээс яагаад хүмүүс гарах болсон шалтгааныг тайлбарласан байдаг. Монгол улсын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилчид эфирийг чөлөөлж, хүмүүсийг гаргасан. Гэхдээ эфирийн хяналтын өрөөнд тухайн хяналтын ажилтан байсан гэдэг. Үүнийг Үндэсний зөвлөлөөс хүлээн зөвшөөрсөн гэх харилцан яриа, асуулт хариулт авагдсан байдаг. Энэ бол Н.Дэмбэрэлээс шалтгаалсан асуудал биш. Хөдөлмөрийн гэрээнд эфиртэй холбоотой ноцтой зөрчил гэж ерөөсөө байхгүй. Хөдөлмөрийн дотоод журамд заасан байгаа бол энэ зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заагдсан байхыг Хөдөлмөрийн тухай хуулиар шаарддаг. Тэгэхээр энэ тушаал хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна гэх тайлбар үндэслэлгүй байна, сарын үндсэн цалин болох 3,000,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаагаар нэхэмжилж байна, Н.Дэмбэрэлийг үндэслэлгүй халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Дэмбэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Үндэсний зөвлөлийн тогтоол нь үндэслэлгүй бөгөөд би ямар нэгэн сахилгын зөрчил давтан гаргасан, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл байхгүй тул ... намайг Ерөнхий захирлын үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.Олон нийтийн Радио телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Олон нийтийн Радио телевизийн удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байхаар хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-д ...олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, ... бүрэн эрхтэй байхаар хуульд заасан байх бөгөөд Н.Дэмбэрэлтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д заасан Үндэсний зөвлөлийн эрхэд ...Ерөнхий захирлыг энэхүү хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг болон Олон нийтийн Радио, телевизийн тухай хууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэхийг шаардах, зөрчсөн гэж үзвэл Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах-аар гэрээгээрээ тохирсон байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэл нь Хөдөлмөрийн гэрээр ажиллах хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хөтөлбөрт орж батлагдаагүй, Hero студийн нэвтрүүлгийг тухайн студийн ажилчдад урьдчилан мэдэгдэлгүйгээр, студиэс Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ажилчдыг гарган, эфирийн оргил цагаар нэвтрүүлж, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Хөдөлмөрийн дотоод журам-н 5.3.1-н и-д "...хөтөлбөрт орж батлагдаагүй нэвтрүүлгийг эфирт гаргасан... гэх заалтыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан юм. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь өөрийн тусгайлсан хуультай бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, нөхцөл боломжоор хангахын тулд олон дүрэм журмыг хэрэгжүүлэн ажилладаг юм. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлын 2018 оны А/86 тоот тушаалаар батлагдсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн ажиллах журам-ын 3.4-т долоо хоногийн хөтөлбөрийг төлөвлөхдөө тухайн хугацаанд олон нийтэд зайлшгүй хүргэх шаардлагатай сэдэв, захиалга, бэлтгэсэн нэвтрүүлгийг сувгийн онцлогийг харгалзан, цаг хугацаагаар нарийвчлан тооцож, эфирийн цагийг баримтлан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулах түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах багц журмын дагуу төлөвлөнө гэсэн заалт, мөн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулах түүнтэй холбогдох харилцааг зохицуулах багц журам-ын 4.3-т төлөвлөгч редакторууд нь долоо хоногийн хөтөлбөрийн төслийг өмнөх долоо хоногийн Баасан гарагт Радиогийн ерөнхий продюсер, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн даргатай хэлэлцэн төлөвлөж, Ерөнхий захирлаар хянуулан батлуулснаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн салбар бүрийн долоо хоногийн хөтөлбөр хүчин төгөлдөр болно гэсэн журмын дагуу долоо хоногийн хөтөлбөр баталгааждаг бөгөөд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн захирлаар ажиллаж байсан Н.Дэмбэрэл нь дээр дурдсан журмын заалтуудыг удаа дараа зөрчин, өөрийн гарын үсэг зурж баталгаажсан хоёр сувгийн хөтөлбөрийн оронд 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 21 цаг 08 минутаас 21 цаг 20 минутын хооронд Соёлын Сайд С.Чулууны ярилцлага нэвтрүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цаг 20 минутаас 19 цаг 50 минутын хооронд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлага нэвтрүүлгүүдийг хөтөлбөр зөрчин нэвтрүүлж зөрчил гаргасан тул ажлаас халахаар шийдвэрлэсэн байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөл-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас гаргасан 06 тоот тогтоолын 1 дүгээрт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Н.Дэмбэрэл нь Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул...хөдөлмөрийн гэрээг цуцалж, Ерөнхий захирлын үүрэгт ажлаас...чөлөөлсүгэй... гэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний заалтад нийцсэн, хууль ёсны шийдвэр юм.Иймд дээр дурдсан тайлбарыг харгалзан үзэж, Н.Дэмбэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Дэмбэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл байхаар хуульчилж өгсөн бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8-т олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах бүрэн эрхтэй байгууллага нь Үндэсний зөвлөл юм.Н.Дэмбэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-т үндэсний зөвлөлийн эрхэд ...ерөнхий захирал хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэхийг шаардах, зөрчсөн гэж үзвэл хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахаар гэрээгээр тохирсон. Н.Дэмбэрэл нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 3 удаагийн Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хөтөлбөрт орж батлагдаагүй нэвтрүүлэг буюу Hera студи гэх хувийн студийн нэвтрүүлгийг ажилчдад урьдчилан мэдэгдэхгүйгээр эфирээс Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ажилчдыг гаргаж эфирийн оргил цагаар уг нэвтрүүлгийг явуулсан нь Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1 и заалтад заасан хөтөлбөрт орж батлагдаагүй нэвтрүүлгийг эфирт гаргасан гэх ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж байна.Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар заалт нь ноцтой зөрчил болох тохиолдлыг зааж өгсөн байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь өөрийн тусгайлсан хуультай, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангахын тулд олон дүрэм журам хэрэгжүүлдэг.Үүний нэг нь ерөнхий захирлын 2018 оны А87 тоот тушаалаар батлагдсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн ажиллах журам байдаг.Уг журмын 3.4-т долоо хоногийн хөтөлбөрийг төлөвлөхдөө тухайн хугацаанд олон нийтэд зайлшгүй хүрэх шаардлагатай захиалга, бэлтгэсэн нэвтрүүлгийг сувгийн онцлогийг харгалзан цаг хугацаагаар нарийвчлан тооцож эфирийн цагийг баримтлан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулах түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах багц журмын дагуу төлөвлөнө гэж заасан байна.Тус журмын 4.3-т төлөвлөгч, редактор болон 7 хоногийн хөтөлбөрийг өмнөх долоо хоногийн баасан гарагт ерөнхий продюсер, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн даргатай хэлэлцэн төлөвлөж, ерөнхий захирлаар батлуулснаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн салбар бүрийн 7 хоногийн хөтөлбөр хүчин төгөлдөр болно гэсэн журмын дагуу 7 хоногийн хөтөлбөр баталгааждаг. Н.Дэмбэрэл нь дээр дурдсан журмын заалтуудыг удаа дараа зөрчиж гарын үсэг зурж, баталгаажсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хоёр сувгаар 2021 оны 01 сарын 09-ний өдрийн 21 цаг 08 минутаас Соёлын сайд С.Чулууны хөтөлбөрт орж батлагдаагүй ярилцлага, нэвтрүүлэг, 2021 оны 01 сарын 10-ны өдрийн 19 цаг 20 минутаас Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мөн хөтөлбөрт орж батлагдаагүй нэвтрүүлгүүдийг зөрчиж гаргасан.Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан нэвтрүүлгийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн 300 гэсэн студид Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ажилчдыг гаргаж, Hera студийн ажилчдыг оруулан уг бичлэгийг хийж телевизээр цацсан. Баталгаажаагүй, хөтөлбөрт тусгагдаагүй нэвтрүүлгүүдийг гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1 и-д заасан зөрчил байна гэж үзэж Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 сарын 19-ний өдрийн хуралдаанаар дүгнэж Н.Дэмбэрэлийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасанд ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна.Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар болон баримтуудыг гаргаж өгсөн.Уг баримтад хүүхдийн төлөө фондын нэвтрүүлгийн CD бичлэгт үзлэг хийж баталгаажуулсан.Хүүхдийн төлөө фонд нэвтрүүлэг нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явсан нэвтрүүлэг бөгөөд үүнийг хөтөлбөр зөрчиж явуулсан.Тухайн өдрийн батлагдсан хөтөлбөрөөр тус нэвтрүүлэг 45 минут явах ёстой байсан.Гэтэл уг нэвтрүүлгийн дараах нэвтрүүлгүүдийг болиулан үүрийн 4 цаг хүртэл явуулсан нь батлагдсан хөтөлбөр зөрчсөн ноцтой зөрчил болсон.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Дэмбэрэл нь хариуцагч Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн үндэсний зөвлөлд холбогдуулан Ерөнхий захирлын үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн телевизийн үндэсний зөвлөл байна, 24 дүгээр зүйлийн 24.1.8-д олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах гэж заасан байна.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээг дэмжиж, ерөнхий захирал Н.Дэмбэрэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахыг Үндэсний зөвлөлийн даргад зөвшөөрсөн байна.

Улмаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн дарга нь Н.Дэмбэрэлтэй 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Н.Дэмбэрэл нь ерөнхий захирлын албан тушаалыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хийх нөхцөлийг талууд тохирсон байна.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай 06 дугаартай тогтоолоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Н.Дэмбэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан Н.Дэмбэрэлийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалжМонголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т дараах зөрчлийг сахилгын зөрчилд тооцно 6.4.1-т Ажлын болон санхүүгийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж Үндэсний зөвлөлд ирүүлээгүй, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу олон нийтэд мэдээлээгүй, 6.4.2-т Ажлын төлөвлөгөө, төсвийн төслийг тогтоосон хугацаанд боловсруулаагүй, Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, батлаагүй бол гэж зааж талууд тохиролцсон байна.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл, санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт, олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт, ирэх жилийн зорилт, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаарх санал, сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаарх мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал зэргийг тусгана гэж заажээ.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа ил тод байлгах, олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг явуулах, сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж заасан байна.

Мөн хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд ... 6.5.4-т Сахилгын зөрчлийг удаа дараа, давтан гаргасан бол хамааруулан ойлгоно гэжээ.

Н.Дэмбэрэл нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа 3 удаагийн үйлдлээр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хөтөлбөрт орж батлагдаагүй 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фондын нэвтрүүлэг, 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Соёлын сайд С.Чулуунтай хийсэн ярилцлага, 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн ярилцлага нэвтрүүлгийг, эфирийн оргил цагаар эфирт гаргасныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа гэж хариуцагч тал тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байхыг ойлгодог тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан байна гэж үзэх боломжгүй юм.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан байх бөгөөд 5.3.1-т зөрчлийн төрлүүдийг нэрлэн заасан байх ба и заалтад хөтөлбөрт орж батлагдаагүй, цалингийн санд тусгагдаагүй нэвтрүүлгийг эфирт гаргасан гэж тусгасан байна.

Мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулах түүнтэй холбогдох харилцааг зохицуулах багц журмын 4 дүгээр зүйлд Долоо хоногийн хөтөлбөр, түүний дагуу нэвтрүүлгийг дамжуулах өдөр тутмын урсгал гэж заасан, 4.3-т төлөвлөгч редакторууд нь долоо хоногийн хөтөлбөрийн төслийг өмнөх долоо хоногийн баасан гаригт Радиогийн ерөнхий продюсер, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн даргатай хэлэлцэн төлөвлөж, Ерөнхий захирлаар хянуулан батлуулснаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн салбар бүрийн долоо хоногийн хөтөлбөр хүчин төгөлдөр болно гэж заасан байна.

Гэхдээ Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөдөлмөрийн дотоод журам болон Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулах түүнтэй холбогдох харилцааг зохицуулах багц журамд заасан заалтуудыг тухайлбал 5 дугаар зүйлийн 5.3-т заасан заалтууд нь Н.Дэмбэрэлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй байхад Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.1 и заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Н.Дэмбэрэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнийг эрхэлж байсан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлын ажилд нь эргүүлэн тогтоох үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн байгууллагад 3 сар хүртэл хугацаагаар ажиллаагүй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээс тооцож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 7 571 412 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлд даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 136 093 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Нинжийн Дэмбэрэлийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирлын ажилд нь эргүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлөөс 7 571 412 /долоон сая таван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан Н.Дэмбэрэлд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Н.Дэмбэрэлийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН