Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00962

 

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00962

 

 

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00946 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч МҮОНТ ХМХ-ийн ҮЗ-д холбогдох

Ерөнхий захирлын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.На, өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д- нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандахтай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн. Гэтэл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Н.Д-ийг ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлээ сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл гаргадаг. Тухайн үед Үндэсний зөвлөлийн хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага яригдсан. Хожим нь хариуцагчийн хариу тайлбараас харахад хүүхдийн төлөө фонд болон Соёлын сайд С.Чулуунтай хийсэн ярилцлагыг эфир зөрчиж оруулсан гэдэг зүйл ярьж, үүнийг улс төрийн болон шашны ухуулга сурталчилгаа хийсэн гэж тайлбарласан. Ямар нэгэн улс төрийн болон шашны ухуулга хийсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.1 6.4.2-т сахилгын зөрчил гэдгийг тусгайлан заасан ба уг сахилгын зөрчлийг Н.Д- гаргаагүй. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг тухайн үедээ тогтоосон байхыг шаарддаг. Баримтаас үзэхэд Үндэсний зөвлөлийн хуралдаан дээр үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг баримтлаад, үйлдвэрчний эвлэлтэй харилцан тохиролцож буулт хийх байдлаар тухайн өдөр шийдвэр гаргаж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-т шаардлага тавих Үндэсний зөвлөлийн эрх хэмжээг зохицуулсан байдаг. МҮОНРТ-ийн ерөнхий захирал үүргээ хангалттай биелүүлэхгүй байна гэж үзэх юм бол үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрх нь Үндэсний зөвлөлд олгогдсон. Ийм шаардлага тавьж байсан үйл баримт, нотлох баримт байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.и заалтыг тушаалын үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй. Н.Д-тэй байгуулсан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хөдөлмөрийн гэрээнд эфирийн цагийг зөрчих гэсэн ноцтой зөрчил байхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д Үндэсний зөвлөл хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хугацаанаас өмнө цуцлах эрхтэй болохыг заасан боловч хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн байх ба энэ заалт зөрчигдсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.и-д заасан зөрчлийг Н.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж нэрлэн заагаагүй учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Тухайн өдөр эфирийн цаг зөрчсөнтэй холбоотой үйл баримтууд хэрэгт авагдсан байдаг. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор цаг үеийн шаардлагаар хийгдсэн ажиллагаанууд байдаг. МҮОНРТ-д эфирийн цаг өөрчлөгдсөн тохиолдлууд нэг бус удаа байдаг. Эфирээс хөөж гаргасан гэдэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгт үзлэг хийсэн. Үүгээр эфирээс яагаад хүмүүс гарах болсон шалтгааныг тайлбарласан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны ажилчид эфирийг чөлөөлж, хүмүүсийг гаргасан. Гэхдээ эфирийн хяналтын өрөөнд тухайн хяналтын ажилтан байсан гэдэг. Энэ бол Н.Д-ээс шалтгаалсан асуудал биш. Хөдөлмөрийн гэрээнд эфиртэй холбоотой ноцтой зөрчил гэж ерөөсөө байхгүй. Хөдөлмөрийн дотоод журамд заасан байгаа бол энэ зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заагдсан байхыг Хөдөлмөрийн тухай хуулиар шаарддаг. Тэгэхээр энэ тушаал хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна гэх тайлбар үндэслэлгүй. Иймд Ерөнхий захирлын үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Д- нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр МҮОНРТ-ийн хөтөлбөрт орж батлагдаагүй, Херо студийн нэвтрүүлгийг тухайн студийн ажилчдад урьдчилан мэдэгдэлгүйгээр, студиэс МҮОНРТ-ийн ажилчдыг гарган, эфирийн оргил цагаар нэвтрүүлж, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.и-д "...хөтөлбөрт орж батлагдаагүй нэвтрүүлгийг эфирт гаргасан... гэх заалтыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар заалт нь ноцтой зөрчил болох тохиолдлыг зааж өгсөн. МҮОНРТ нь өөрийн тусгайлсан хуультай, өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангахын тулд олон дүрэм журам хэрэгжүүлдэг.Үүний нэг нь ерөнхий захирлын 2018 оны А87 тоот тушаалаар батлагдсан МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн ажиллах журам байдаг. Уг журмын 3.4-т долоо хоногийн хөтөлбөрийг төлөвлөхдөө тухайн хугацаанд олон нийтэд зайлшгүй хүрэх шаардлагатай захиалга, бэлтгэсэн нэвтрүүлгийг сувгийн онцлогийг харгалзан цаг хугацаагаар нарийвчлан тооцож эфирийн цагийг баримтлан МҮОНРТ-ийн нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулах түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах багц журмын дагуу төлөвлөнө гэж заасан байна. Мөн журмын 4.3-т төлөвлөгч, редактор болон 7 хоногийн хөтөлбөрийг өмнөх долоо хоногийн баасан гарагт ерөнхий продюсер, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн даргатай хэлэлцэн төлөвлөж, ерөнхий захирлаар батлуулснаар МҮОНРТ-ийн салбар бүрийн 7 хоногийн хөтөлбөр хүчин төгөлдөр болно гэсэн байдаг. Н.Д- нь журмын дээр дурдсан заалтуудыг удаа дараа зөрчиж гарын үсэг зурж, баталгаажсан МҮОНРТ-ийн хоёр сувгаар 2021 оны 01 сарын 09-ний өдрийн 21 цаг 08 минутаас Соёлын сайд С.Чулууны хөтөлбөрт орж батлагдаагүй ярилцлага, нэвтрүүлэг, 2021 оны 01 сарын 10-ны өдрийн 19 цаг 20 минутаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мөн хөтөлбөрт орж батлагдаагүй нэвтрүүлгүүдийг зөрчиж гаргасан. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан нэвтрүүлгийг МҮОНРТ-ийн 300 студид тус телевизийн ажилчдыг гаргаж, өөр студийн ажилчдыг оруулан уг бичлэгийг хийж телевизээр цацсан. Баталгаажаагүй, хөтөлбөрт тусгагдаагүй нэвтрүүлгүүдийг гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1 и-д заасан зөрчил байна гэж Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 сарын 19-ний өдрийн хуралдаанаар дүгнэж, Н.Д-ийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасанд ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хүүхдийн төлөө фонд нэвтрүүлэг нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явсан нэвтрүүлэг бөгөөд үүнийг хөтөлбөр зөрчиж явуулсан. Тухайн өдрийн батлагдсан хөтөлбөрөөр тус нэвтрүүлэг 45 минут явах ёстой байсан. Гэтэл уг нэвтрүүлгийн дараах нэвтрүүлгүүдийг болиулан үүрийн 4 цаг хүртэл явуулсан нь батлагдсан хөтөлбөр зөрчсөн ноцтой зөрчил болсон. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаас гаргасан 06 тогтоол нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний заалтад нийцсэн, хууль ёсны шийдвэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Нинжийн Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлөөс 7 571 412 төгрөгийг гаргуулан Н.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар Н.Д-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т дэх заалтыг тайлбарлахдаа Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 тоот тогтоолын 15.4, 15.4.1-д заасан хуулийн тайлбарыг шийдвэртээ дурдсан боловч уг тайлбараа буруу тайлбарлан хэрэглэж, сахилгын зөрчлийг давтан гаргасан байна гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Д- нь Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа 3 удаагийн үйлдлээр МҮОНРТ-ийн хөтөлбөрт орж батлагдаагүй, Херо студийн нэвтрүүлгийг тухайн студийн ажилчдад урьдчилан мэдэгдэлгүйгээр, студиэс МҮОНРТ-ийн ажилчдыг гарган, эфирийн оргил цагаар нэвтрүүлж, МҮОНРТ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1.и-д заасан зөрчлийг гурван удаа дараалан гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Эдгээр нь тус тусдаа бие даасан зөрчлүүд бөгөөд 2006 оны Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор тайлбарласан 6 сарын дотор гаргасан зөрчлүүд тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр юм. Мөн Н.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д заасан Үндэсний зөвлөлийн эрхэд ...Ерөнхий захирлыг энэхүү хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг болон Олон нийтийн радио телевизийн тухай хууль, МҮОНРТ-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэхийг шаардах, зөрчсөн гэж үзвэл Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах-аар гэрээнд тусгагдсан байна. Мөн МҮОНРТ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах асуудлыг тусгасан бөгөөд 5.3.1 и-д ...хөтөлбөрт орж батлагдаагүй, ... нэвтрүүлгийг эфирт гаргасан... гэх заалтыг Н.Д- нь ноцтойгоор зөрчсөн тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 тоот тогтоолоор МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Н.Д- ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Н.Д- нь хариуцагч МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд /цаашид Үндэсний зөвлөл гэх/ холбогдуулан тус телевизийн ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Н.Д-ийг хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн үндэслэлтэй гэж маргажээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн телевизийн үндэсний зөвлөл байна гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Yндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 24.1.8-д олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах гэж зохицуулсан.

Үндэсний зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор МҮОНРТ-ийн ерөнхий захирал Н.Д-тэй байгуулах хөдөлмөрийн гэрээг дэмжиж, түүнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахыг Үндэсний зөвлөлийн даргад зөвшөөрч, улмаар үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нь Н.Д-тэй 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3 жилийн хугацаатай, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд түүнийг ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. / хх-ийн 9-17/

Үндэсний зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Н.Д-ийг Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн и, хөдөлмөрийн гэрээний 3.1.5, 3.1.6, 4.2.7, 6.5.4, 7.2.2, 7.2.3 дахь заалтыг тус тус үндэслэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ. / хх-ийн 16-17 /

МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн ажиллах журмын 3.4-т Долоо хоногийн хөтөлбөрийг төлөвлөхдөө тухайн хугацаанд нийтэд олон нийтэд зайлшгүй хүргэх шаардлагатай сэдэв, захиалга, бэлтгэсэн нэвтрүүлгийг сувгийн онцлогийг харгалзан, тухайн цаг хугацаагаар нарийвчлан тооцож, эфирийн цагийг баримтлан МҮОНРТ-ийн нэвтрүүлгийг бэлтгэх, дамжуулах түүнтэй холбогдох харилцааг зохицуулах багц журам-ын дагуу төлөвлөнө гэж, уг багц журмын 4.3-т төлөвлөгч редакторууд нь долоо хоногийн хөтөлбөрийн төслийг өмнөх долоо хоногийн баасан гаригт Радиогийн ерөнхий продюсер, нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн даргатай хэлэлцэн төлөвлөж, Ерөнхий захирлаар хянуулан батлуулснаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн салбар бүрийн долоо хоногийн хөтөлбөр хүчин төгөлдөр болно гэж тус тус зохицуулжээ. /хх-ийн 51, 56/

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хугацаандаа МҮОНРТ-ийн хөтөлбөрт орж батлагдаагүй, хүүхдийн төлөө фондын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэвтрүүлгийн эфирийн цаг хэтрүүлсэн, Соёлын сайд С.Чулуунтай хийсэн ярилцлагыг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн ярилцлага нэвтрүүлгийг 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус тус эфирт гаргасан болох нь Монголын мэдээ сувгийн хөтөлбөрүүд, Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, шүүхээс дуу, дүрсний бичлэг бүхий хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 61, 67, 68, 91-92, 99, 102, 110-131, 135-136/

МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн и заалтад хөтөлбөрт орж батлагдаагүй, цалингийн санд тусгагдаагүй нэвтрүүлгийг эфирт гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар 5.3.1-д заасан /хх-ийн 43/ байхаас гадна Үндэсний зөвлөлийн Н.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасны 6.5.4-т Сахилгын зөрчлийг удаа дараа, давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна. / хх-ийн 14 /

Нэхэмжлэгч Н.Д- нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул Үндэсний зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна.

Хариуцагч байгууллагын тайлбар, татгалзлын үндэслэл болгосон дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч няцаасан баримт гаргаагүй байхад анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй хөдөлмөрийн дотоод журмын 5.3.1-ийн и заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажилд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/00946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд холбогдох тус телевизийн Ерөнхий захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ