Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00121

 

 

 

 

 

2020 оны 01 сарын

15 өдөр 102/ШШ2021/00121 Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, Горькийн дугаар гудамж, овогт  -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар байр, тоотод оршин суух, овогт  холбогдох төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие хүсэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, нотариатчийн дэргэд  Хас банк ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээ хийхдээ өдрийн зээлээр тохиролцон өдөрт 275,000 төгрөг төлөхөөр заагдсан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүүтэйгээ 9,000,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дууссан боловч  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй элдэв шалтаг хэлж, аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Бид Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасны дагуу харилцан эрх үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгч  зээлийн үлдэгдэл төлбөр 12,700,000 төгрөг, хүү 2,300,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, хариуцагч  холбогдох иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Нэхэмжлэгч  миний бие анх  хүсэлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэ 5,000,000 төгрөгийг өөрөөсөө зээлээгүй. Өмнө би зээл авч байсан өдрийн зээл гаргадаг гэх хүнээс зээл авч өгсөн.  байгуулсан зээлийн гэрээг нотариатаар батлуулсаны хөлс болох 12,000 төгрөгийг / Хаан банк ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гүйлгээнээс харагдана/ У.Батзаяа надад төлсөн. Өдрийн 100,000 төгрөгөөр буцаан төлөхөөр тохиролцсон. Дансны хуулгаар тооцож үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4,367,500 төгрөгийг төлсөн байдаг.

нь манай салоноор байнга үйлчлүүлдэг, надтай эгч дүү шиг дотно байсан. Тиймээс эгчээ 10 хувийн хүүтэй мөнгө зүгээр байна. Би 30 хувийн хүүтэй мөнгөө төлж дуусгамаар байна. Та надад мөнгө зээлээч гэж байсан. Би тухайн үед хүнд мөнгөө хүүгүй зээлсэн байгаа гэж  хэлж байсан. Ингээд цувж орж ирсэн мөнгөө  дараах байдлаар цувуулж зээлүүлсэн. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг тус бүр 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Би тухайн үед бүх мөнгө чинь орохоор хоёулаа зээлийн гэрээг нотариат дээр очиж хийнэ гэж тохирсон. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 11,340,000 төгрөгийг -ийн данснаас  руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр У.Батзаяатай хамт нотариат орж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шилжүүлсэн 18,840,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хүүнд 260,000 төгрөгөөр тооцож нийт 19,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Энэхүү зээлийг өдрийн 275,000 төлж дуусгахаар тохирсон. Өдөр өдөрт нь мөнгөө хийхгүй, хувааж хийдэг, хугацаагаа хэтрүүлж хийж байсан. Гэвч  нь эгчээ 30 хувийн хүүтэй зээлсэн мөнгөө төлсөн их амар байна. Эргэлтийн хөрөнгө маш их хэрэгтэй байна. Дахиад зээл өгөөч гээд байдаг байсан тул миний дүүгээс ялгаагүй гэж санаад эгчийн сэтгэлээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 250,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,430,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 240,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 400,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 600,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 2,300,000 төгрөг, нийт 8,720,000 төгрөгийг нэмж авсан байна. Тухайн үедээ мөн 10 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

 нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 19,000,000 төгрөгийг 3 сарын хүү болох 5,700,000 төгрөг нийт 24,700,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш авсан нэмж зээлсэн 8,720,000 төгрөг, нийт 39,420,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний 3-т заасны дагуу алдангид 3,750,050 төгрөг, нийт 43,170,050 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан.

Алдангийг тооцохдоо 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш төлсөн дээрх гэрээний үүрэгт хүүний хамт 24,700,000 төгрөг төлөхөөс төлсөн 17,199,900 төгрөгийг хасаад төлөөгүй үлдсэн 7,500,100 төгрөгөөс алдангийг тооцсон.  нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 30,539,400 төгрөг төлсөн байна. Нийт төлөх 43,170,050 төгрөгөөс 30,539,400 төгрөгийг хасч 12,630,650 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Жич Нэхэмжлэгч  нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлээ тодруулж үзэхэд 12,630,650 төгрөг болж байх тул 2,369,350 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Талуудын тооцоо нийлсэн актад зөвхөн дансаар өгсөн, авсан мөнгөн дээр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс 3 удаагийн зээлийн гэрээний дагуу нийт 32,560,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд нэхэмжлэгчид буцааж дансаар 30,944,400 төгрөгийг, бэлнээр 300,000 төгрөг, 700,500 төгрөгийг тус тус төлж, нийт 31,944,400 төгрөгийг төлсөн.

Гэхдээ 2019 оны 12 сарын 12-ны өдөр  5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, зөвшөөрсөн гэдгийг нотолсон баримт ч хавтаст хэрэгт байхгүй. Иргэний хуульд хүү болон алданги тооцохоор бол гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулна гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилж байна гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.  хувьд  зээлсэн 5,000,000 төгрөгөө төлчихсөн байгаа ба талууд мөнгө зээлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй байх тул хүү төлөх үндэслэлгүй. Хоёр дахь гэрээний тухайд: Шүүхээс нэг зүйлийг анхаарч харж үзээсэй гэж хүсч байна. Юу вэ гэвэл өнөөдрийн байдлаар нийгмийн зах зээлд зээлийн хүүний сарын дундаж хэмжээ нь 8 хувь байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид илтэд хохиролтойгоор буюу сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Иймд шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний хүүг 8 хувьд тооцож өгнө үү гэж хүсч байна. Зээлийн гэрээний хүүг 8 хувиар тооцвол хариуцагч У.Батзаяа нь 2020 оны 01 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг зохих журмын дагуу төлж барагдуулсан нь харагдана. Иймд шүүхээс зээлийн гэрээний хүүг 8 хувиар тооцож зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ үү. Гурав дахь гэрээний тухайд: Нийт зээлсэн  төгрөгөөс үлдэгдэл төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь хариуцагч  холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,369,350 төгрөгөөр багасгаж, 12,630,650 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...нэхэмжлэгч нь хариуцагчтай нийт 3 удаагийн зээлийн гэрээ байгуулсан. Үүнд:

1. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр амаар харилцан тохиролцож, хариуцагчид 5,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүний төлбөрт нийт 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж,

 

2.2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 18,840,000 төгрөгийг хариуцагчид зээлж, уг мөнгөний хүүг 160,000 төгрөгөөр тооцож, нийт 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр 19,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр байгуулсан. Хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19,000,000 төгрөг, хүүнд 5,700,000 төгрөг, нийт 24,700,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс төлсөн 17,199,900 төгрөгийг хасаад төлөөгүй үлдсэн 7,500,100 төгрөг болон түүний 50 хувиар алданги тооцон 3,750,050 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй гэж,

 

3. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш хариуцагчид 8,720,000 төгрөгийг зээлсэн. Талууд хэдийгээр хүү тооцохоор тохиролцсон боловч бичгээр байгуулаагүй тул хүү тооцоогүй. Ийнхүү хариуцагч нь дээрх 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 43,170,050 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчид нийт 30,539,400 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас үлдэх 12,630,650 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан бөгөөд уг ээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхгүй, ... 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 18,840,000 төгрөгийг зээлэн авсан бөгөөд уг мөнгийг 10 хувийн хүүтэй авсан боловч зах зээлийн ханшаас өндрөөр хүү тооцсон байх тул уг зээлийн гэрээний хүүг 8 хувиар тооцож өгнө үү. 8 хувиар хүүг тооцвол уг зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэж байна, ... 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш нэхэмжлэгчээс 8,720,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг гэрээний үүрэгт 4,738,100 төгрөгийг төлөөгүй байгаа, уг мөнгийг төлөхөд татгалзахгүй ... гэж тайлбарлаж байна.

 

Зохигчийн тайлбар болон хэрэг авагдсан бичгийн баримтуудаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд уг зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй.

 

Мөн дээрх 3 удаагийн зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 32,560,000 төгрөгийг зээлсэн, хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт дансаар нийт 30,944,400 төгрөгийг буцааж төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тооцоон нийлсэн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт бэлнээр нэхэмжлэгч талд 300,000 төгрөгөөр 1 удаа, 700,500 төгрөгөөр 1 удаа бэлэн мөнгөөр эргэн төлөлт хийсэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талууд дээр зээлийн гэрээнүүдэд хүү тооцох эсэх дээр маргаантай байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш зээлсэн гэх 8,720,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь эдгээр зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхгүй.

 

Харин хэрэгт талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 19,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, өдөрт 275,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу хариуцагчид 19,000,000 төгрөгийг шилжүүлэх үүрэгтэй байх боловч 18,840,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон талуудын тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд энэхүү гэрээний дагуу хариуцагч нь 18,840,000 төгрөг, сарын 10 хувийн хүүг 3 сарын хугацаагаар тооцон, нийт 24,492,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү зээлийн гэрээний сарын 10 хувийн хүүг хариуцагчид илтэд хохиролтой байна гэх үндэслэлээр сарын хүүг 8 хувиар тооцуулах тухай хүсэлтийг гаргаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар уг зээлийн гэрээний хүүгийн хэмжээ хариуцагчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэх байдал тогтоогдохгүй байх тул зээлийн хүүгийн хэмжээг 8 хувиар тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш зээлсэн гэх 8,720,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 8,720,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,840,000 төгрөг, хүүнд /10 хувь*3 сар/ 5,652,000 төгрөгийг, нийт 38,212,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас хариуцагчийн төлсөн 30,944,400 төгрөгийг хасч тооцвол 7,267,600 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 3,750,000 төгрөгийн алданги тооцон нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзын алданги гэнэ гэж, талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний 3-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заажээ.

 

Гэвч талууд зээлийн гэрээний 1-д ...зээлийн үндсэн зээл ба хүүгийн хамт өдөр бүр төлөх бөгөөд өдрийн 275,000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хэзээнээс эхлэн зөрчсөний улмаас энэхүү алданги үүсээд байгаа талаарх үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хэдийнээс эхлэн зөрчсөн болох, алдангийг хэзээнээс, ямар үнийн дүнгээс тооцоод байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 3,750,000 төгрөгийн алданги нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч  7,267,600 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч  олгож, үлдэх 5,363,050 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  7,267,600 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,363,050 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Батзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 131,232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА