Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00467

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00467

 

Д.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00121 дугаар шийдвэртэй

Д.Цын нэхэмжлэлтэй хариуцагч У.Бд холбогдох

15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би У.Бгийн хүсэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж , мөнгийг У.Бгийн Х ХХК-ийн 5002845404 данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээг өдрийн зээлээр тохиролцон өдөрт 275 000 төгрөг төлөхөөр заасан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүүтэйгээ 9 000 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дууссан боловч У.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд зээлдэгч У.Бгаас зээлийн үлдэгдэл төлбөр 12 700 000 төгрөг, хүү 2 300 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч У.Бд холбогдох иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэгч Д.Ц анх У.Бгийн хүсэлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэ 5 000 000 төгрөгийг өөрөөсөө зээлээгүй. Өмнө би зээл авч байсан өдрийн зээл гаргадаг Н.Цэрэнхорлоо гэх хүнээс зээл авч өгсөн. Н.Цэрэнхорлоотой байгуулсан зээлийн гэрээг нотариатаар батлуулсаны хөлс болох 12 000 төгрөгийг / Хаан банк ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гүйлгээнээс харагдана/ У.Б надад төлсөн. Өдрийн 100 000 төгрөгөөр буцаан төлөхөөр тохиролцсон. Дансны хуулгаар тооцож үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 4 367 500 төгрөгийг төлсөн байдаг. У.Бд мөнгөө дараах байдлаар цувуулж зээлүүлсэн. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 300 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 200 000 төгрөгийг тус бүр 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Би тухайн үед бүх мөнгө чинь орохоор хоёулаа зээлийн гэрээг нотариат дээр очиж хийнэ гэж тохирсон. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 11 340 000 төгрөгийг Х ХХК-ийн данснаас У.Б руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр У.Бтай хамт нотариат орж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шилжүүлсэн 18 840 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хүүнд 260 000 төгрөгөөр тооцож нийт 19 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Энэхүү зээлийг өдрийн 275 000 төлж дуусгахаар тохирсон. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 250 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 430 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 240 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 400 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 600 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр 2 300 000 төгрөг, нийт 8 720 000 төгрөгийг нэмж авсан байна. Тухайн үедээ мөн 10 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Д.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 2 сарын хүү 1 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 19 000 000 төгрөгийг 3 сарын хүү болох 5 700 000 төгрөг нийт 24 700 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш авсан нэмж зээлсэн 8 720 000 төгрөг, нийт 39 420 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний 3-т заасны дагуу алдангид 3 750 050 төгрөг, нийт 43 170 050 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Алдангийг тооцохдоо 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш төлсөн дээрх гэрээний үүрэгт хүүний хамт 24 700 000 төгрөг төлөхөөс төлсөн 17 199 900 төгрөгийг хасаад төлөөгүй үлдсэн 7 500 100 төгрөгөөс алдангийг тооцсон. У.Б нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 30 539 400 төгрөг төлсөн байна. Нийт төлөх 43 170 050 төгрөгөөс 30 539 400 төгрөгийг хасч 12 630 650 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич Нэхэмжлэгч Д.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15 000 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлээ тодруулж үзэхэд 12 630 650 төгрөг болж байх тул 2 369 350 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч У.Б шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын тооцоо нийлсэн актад зөвхөн дансаар өгсөн, авсан мөнгөн дээр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс 3 удаагийн зээлийн гэрээний дагуу нийт 32 560 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд нэхэмжлэгчид буцааж дансаар 30 944 400 төгрөгийг, бэлнээр 300 000 төгрөг, 700 500 төгрөгийг тус тус төлж, нийт 31 944 400 төгрөгийг төлсөн. Гэхдээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.Цаас 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, зөвшөөрсөн гэдгийг нотолсон баримт ч хавтаст хэрэгт байхгүй. Иргэний хуульд хүү болон алданги тооцохоор бол гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулна гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн 5 000 000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжилж байна гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. У.Бгийн хувьд Д.Цаас зээлсэн 5 000 000 төгрөгөө төлчихсөн байгаа ба талууд мөнгө зээлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй байх тул хүү төлөх үндэслэлгүй. Хоёр дахь гэрээний тухайд: Шүүхээс нэг зүйлийг анхаарч харж үзээсэй гэж хүсч байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн зах зээлд зээлийн хүүний сарын дундаж хэмжээ нь 8 хувь байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид илтэд хохиролтойгоор буюу сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Иймд шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний хүүг 8 хувьд тооцож өгнө үү гэж хүсч байна. Зээлийн гэрээний хүүг 8 хувиар тооцвол хариуцагч У.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг зохих журмын дагуу төлж барагдуулсан нь харагдана. Иймд шүүхээс зээлийн гэрээний хүүг 8 хувиар тооцож зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ үү. Гурав дахь гэрээний тухайд: Нийт зээлсэн 8 720 000 төгрөгөөс үлдэгдэл 4 738 100 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Бгаас 7 267 600 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Цад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 363 050 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 131 232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт бэлнээр нэхэмжлэгч талд 300 000 төгрөгөөр нэг удаа, 700 500 төгрөгөөр 1 удаа бэлэн мөнгөөр эргэн төлөлт хийсэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээд тухай бүрт нь буцааж төлдөг байсан бөгөөд бэлнээр өгч байсан. Шүүх үүнийг харгалзаж үзээгүй нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Мөн шүүх ...зээлийн гэрээний сарын 10 хувийн хүүг хариуцагчид илтэд хохиролтой байна гэх үндэслэлээр сарын хүүг 8 хувиар тооцуулах тухай хүсэлтийг гаргаж байна...хэрэгт авагдсан баримтаар уг зээлийн гэрээний хүүгийн хэмжээ хариуцагчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэх байдал тогтоогдохгүй байх тул зээлийн хүүгийн хэмжээг 8 хувиар тооцох үндэслэлгүй гэж үзлээ гэжээ. Хариуцагч нь тухайн үед Түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг байсан бөгөөд хүсэлтийн үндэслэлээ жирэмсэн болсон, 2020 оны 01 сараас СOVID-19 тахлын улмаас хөл хорио тогтоож, улсын хил хаагдаж, түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон, зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дундаж хүү 8 хувь байдаг тухай тайлбарласан. Шүүх үүнийг үнэлээгүй хариуцагчийн жирэмсэн болсон талаар нэхэмжлэгч маргадаггүй, цар тахал болон дундаж 8 хувийн хүү нь Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан нийтэд илэрхий үй баримт юм. Шүүх хариуцагчаас 7 267 600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4 521 600 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг учир үүний зөрүү 2 746 000 төгрөгийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчид холбогдох 2 746 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч У.Бд холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 369 350 төгрөгөөр багасгаж, 12 630 650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч 4 738 100 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ц хариуцагч У.Бд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 18 840 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 8 720 000 төгрөгийг зээлсэн үйл баримт тогтоогдсон, зээлдэгч нь зээлдүүлэгчид дээрх гэрээнүүдийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн асуудлаар зохигчид маргаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хуульд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...

1. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр амаар харилцан тохиролцсон, зээл болон хүүний төлбөрт нийт 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй,

2. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 18 840 000 төгрөгийг хариуцагчид зээлж, уг мөнгөний хүүг 160 000 төгрөгөөр тооцож, нийт 19 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр уг гэрээгээр 19 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр бичгээр байгуулсан. Хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 19 000 000 төгрөг, хүүд 5 700 000 төгрөг, нийт 24 700 000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс төлсөн 17 199 900 төгрөгийг хасаад төлөөгүй үлдсэн 7 500 100 төгрөг болон түүний 50 хувиар алданги тооцон 3 750 050 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй,

3. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш хариуцагчид 8 720 000 төгрөгийг зээлсэн. Талууд хэдийгээр хүү тооцохоор тохиролцсон боловч бичгээр байгуулаагүй тул хүү тооцоогүй. Ийнхүү хариуцагч нь дээрх 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт нийт 43 170 050 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчид нийт 30 539 400 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас үлдэх 12 630 650 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тус тус тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон бичгийн баримтаас үзэхэд зохигчид 2019 оны 12 дугаар сарын 12, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулаагүй байх тул дээрх гэрээгээр хүү шаардах эрхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин зохигчид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлсэн мөнгөнд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан, 3 сарын хугацаатай, уг зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон байх тул дээрх гэрээний дагуу хүү шаардах эрхтэй.

Хэргийн 193-195 дугаар талд зохигчдын хооронд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн акт нотлох баримтаар авагдсан, уг актаар хариуцагч У.Бгийн дансанд нийт 32 560 000 төгрөгийн орлого орсон, нэхэмжлэгч Д.Цад 30 944 400 төгрөгийг буцаан шилжүүлсэн болохыг хүлээн зөвшөөрчээ. /хх.193-195/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг болон талуудын хооронд байгуулсан тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагч У.Бг гурван гэрээний үүрэгт нийт 38 212 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас хариуцагчийн төлсөн 30 944 400 төгрөгийг хасч тооцвол 7 267 600 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэрээний 1-д ...зээлийн үндсэн зээл ба хүүгийн хамт өдөр бүр төлөх бөгөөд өдрийн 275 000 төгрөгийг төлнө гэж тохиролцсон, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хэдийнээс эхлэн зөрчсөн болох, алдангийг хэзээнээс, ямар үнийн дүнгээс тооцоод байгаа нь ойлгомжгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 3 750 000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг хэдний өдрөөс гэрээний үүргээ зөрчсөн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 300 000 төгрөг, 700 500 төгрөгийг бэлэн мөнгөөр төлснийг шүүх анхаарч үзээгүй, зээлийн сарын хүүг 10 хувиар тооцсон нь хариуцагчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтой болсон гэсэн үндэслэл заажээ.

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт бэлэн мөнгө өгсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан, талуудын зарчмыг үндэслэн өөрсдөө зээлийн хүү, хугацаагаа тодорхойлсон байх тул шүүхээс зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэхгүй. Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/00121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 58 886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО