Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 13

 

Завхан аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цэрмаа Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч О.Уламдэлгэр Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр Хохирогч Л. Алтанцэцэг Хохирогчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Уламдэлгэрт холбогдох 201613000112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Отгон сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, дүүгийн хамт Завхан аймгийн Отгон сум Баянбулаг багт оршин суудаг, хэрэгт холбогдохын өмнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт оршин сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ямаач овогт Очирсүхийн Уламдэлгэр /РД: ИЙ89111511/ Шүүгдэгч О.Уламдэлгэр давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Уламдэлгэрт холбогдох 201613000112 дугаарын эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж хэргийг шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ямаач овогт Очирсүхийн Уламдэлгэр нь 2016 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байрлах Дашпунцаглан хийдийн цонхыг хагалж, цонхоор нэвтрэн орж Богд лам нэртэй 1.5х2м харьцаатай торгон зээгт наамал бурхан 1-ш, Бурхан багш нэртэй 30 см өндөртэй гуулин бурхан 1-ш, Жамсран нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан 1-ш, Гомбо нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан 1-ш, Лхам нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан-1ш, Цагаан дарь- Эх нэртэй 70х50 см хэмжээтэй зурмал бурхан-1ш, даалимбан хийцтэй хамба лам нөмөрч суудаг жанч-1ш, 20 см өндөртэй гуулин суварга-1ш, гуулин цан-2ш, гуулин бумба-3ш, гуулин сэлмэн-3ш, дун-2ш, хүрд-1ш, тодва /тариа хийдэг сав/-1ш, хонх-1ш, толь мандаа-1ш, Майдар нэртэй зурмал бурхан 1-ш, Очирваань нэртэй 21х36 см хэмжээтэй зурмал бурхан-1ш, Очирваань нэртэй 25х30 см хэмжээтэй зурмал бурхан-1ш, дамар-2 ширхэгийг хулгайлсан нь дээрх эд зүйлсийг алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Л.Алтанцэцэгийн “...2016 оны 07 сарын 01-ний өглөө 10 цаг 45 минутын орчимд ажилдаа ирэхэд..... Манай хийдээс Богд лам нэртэй 1.5х2м харьцаатай торгон зээгт наамал бурхан 1-ш, Бурхан багш нэртэй 30 см өндөртэй гуулин бурхан 1-ш, Жамсран нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан 1-ш, Гомбо нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан 1-ш, Лхам нэртэй 60х35 см хэмжээтэй зурмал бурхан-1ш, Цагаан дарь-Эх нэртэй 70х50 см хэмжээтэй зурмал бурхан-1,ш, даалимбан хийцтэй хамба лам нөмөрч суудаг жанч-1ш, 20см өндөртэй гуулин суварга-1ш, гуулин цан-2ш, гуулин бумба-3ш, гуулин сэлмэн-3ш, дун-2ш, хүрд-1ш, тодва /тариа хийдэг сав/-1ш, хонх-1ш, толь мандаа-1ш, Майдар нэртэй зурмал бурхан 1-ш, Очирваань нэртэй 21х36 см хэмжээтэй зурмал бурхан-1ш, Очирваань нэртэй 25х30 см хэмжээтэй зурмал бурхан-1ш, дамар-2 ширхэг эд зүйлүүд алга болсон байсан... Сэлмэн гэдэг цантай адил зүйл байгаа юм. ...” гэсэн мэдүүлгээр, хийдээс алдагдсан эд зүйлсийг хулгайлагдсан гэдгийг мэдэлгүйгээр О.Уламдэлгэрээс худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч, иргэний нэхэмжлэгч П.Төрбатын “ ...Уламдэлгэр гэх залуугаас 2016 оны 07 сарын 08-ны өдөр ... цан, зурмал бурхан-1ш, шашны эд зүйл буюу Рашааны гүц буюу сав зэргийг нийлүүлээд 200000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр эд зүйлсээс рашааны савыг Завхан аймгийн Цагдаагийн газраас ирсэн хүмүүст хүлээлгэж өгсөн. Харин зурмал бурхан, цан зэргийг Уламдэлгэрээс худалдаж авснаас 2-3 хоногийн дараа Улаанбаатар хот орж Нарантуул зах дээр хуучны эдлэл авна гэсэн настай хүн байхаар нь 130000 төгрөгөөр бүгдийг нь зарчихсан... тэр өдөр дээрх эд зүйлтэй хамт 1 дун авсан нь үнэн. Энэ дунг тухайн үед Улаанбаатар хотод авч очиж Нарантуул зах дээр нэг танихгүй хөгшин хүнд 50000 төгрөгөөр зарсан... Богдзонхов 2 шавийн хамт байгаа дүрс бүхий зээгт наамал, даавуун материалтай орчин цагийн хийцтэй миний өөрийн харж хэлсэн үнэлгээгээр 500000 төгрөгөөр үнэлэгдэх бурхан байсан. Одоо энэ бурхан нь Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн Урт цагааны хажууд байрлах Хаан чулуу эртний эдлэлийн дэлгүүрт байгаа. Эзэн нь Нямболд гэх 9595-8888 гэсэн дугаартай хүнд байгаа. Би түүнийг зараад өгчих гэж дэлгүүрт нь тавьсан байгаа...” гэсэн мэдүүлгээр, гэрч, иргэний нэхэмжлэгч О.Галбадрахын “... 2 зурмал бурханыг 150000 төгрөгөөр худалдаж авсан, төвдийн шинэ зурмал бурханууд байсан. Би тэр Уламдэлгэр гэдэг залууд Төвдийн шинэ 60х40 см хэмжээтэй бурхан байна гэж хэлсэн. ... хулгайн зүйл гэдгийг мэдээгүй... Анхны байцаалтаар би 2 бурхан авсан гэж хэлсэн харин 3 дахь бурхныг манай охин Энхзаяа бусдад зарсныг би сүүлд мэдсэн... Надад байсан 2 бурхныг Завхан аймгийн цагдаа нар ирэхдээ хураагаад авсан, харин охины зарсан бурхныг Төрөө гэж хүнд зарсныг гэрчийн мэдүүлэг дээрээ би хэлсэн. Гэрт байсан нэг бурхан байхгүй байхаар нь охиноосоо асуутал эртний эдлэл авна гэсэн зар явахаар нь утас руу нь залгаад 500000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, гэрч О.Болдбаатарын “...Би өөрөө төрсөн дүү Нямболдын лангуун дээр хааяа суудаг ... 2016 оны 08 дугаар сард байх өдрийг нь сайн мэдэхгүй байна. Надад өгөөд үүнийг хадгалж бай, түр байлгаж бай гэж өгөөд явсан. Саяхан ирээд миний нөгөө даавуун бурхан байгаа юу гэж асуусан, тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн... Би уг бурханг, мэдэхгүй хараагүй даавуун бурхан байсан. Дээр үеийнх юм уу, шинэ үеийнх юм уу гэдгийг нь мэдэхгүй, бурхан надад байсныг сая цагдаад хураалгасан... гэсэн мэдүүлгээр, алдагдсан нэг зурмал бурхан хэргийг мөрдөн шалгаж байхдаа олсон талаар мэдүүлсэн гэрч Д.Идэрмөнхийн “....2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улиастай сумын Богдын гол багийн Дашпунцаглан хийдэд хулгай орж бурхан шашны эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийн дагуу манай эрүүгийн цагдаагийн албан хаагч нар ажиллаж байсан юм...2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Богдын гол Цэнгэлдэхийн хэсэгт явж байгаад хойно байх гудамжнуудын ар талаар урсдаг голын захаас энэ бурхны зургийг олсон...” гэсэн мэдүүлгээр, гэрч О.Галбадрахын мэдүүлгийг баталж мэдүүлсэн Г.Энхзаяагийн мэдүүлгээр, О.Уламдэлгэр гэртээ бурхны зураг, цан зэрэг зүйлсийг авчирсан байсан талаар мэдүүлсэн гэрч Э.Туяагийн мэдүүлгээр болон иргэний нэхэмжлэгч О.Галбадрахаас 2 ширхэг зурмал бурхныг хурааж авсан тэмдэглэлээр, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр, Д.Идэрмөнхөөс бурханы зураг хурааж авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч П.Төрбатаас зэсэн рашааны сав, гуулин рашааны савыг хурааж авсан тэмдэглэлээр, О.Уламдэлгэрийн гэрээс гуулин бурхан, шармал суврага хурааж авсан тэмдэглэлээр, О.Галбадрах, Д.Идэрмөнх, П.Төрбат, шүүгдэгч О.Уламдэлгэр нараас хурааж авсан эд зүйлсийг хохирогч Л.Алтанцэцэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч О.Уламдэлгэр нь давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг Овооны өвөр гэх газарт байрлах иргэн Р.Баярсайханы байшингийн цонхоор нэвтрэн орж ТОЗ-8 маркийн буу 2 ширхэг, баринтагтай судар 6 ширхэг, Vega маркийн гар утас-1 ширхгийг, монетон ээмэг/1 хос/, 100000 төгрөгийг хулгайлсан нь хохирогч Р.Баярсайханы “2016 оны 09 сарын 14-ний ...шөнө 23 цагийн үед гэртээ ирэхэд Батбаяр, Бадамгарав нар манайд байсан. Тэгээд охин Мягмаржав таны 2 буу, миний гар уас байхгүй болсон байна гэсэн... Туваандамбий манайхаас нэг хүн гараад явж байхыг харсан байна лээ. Тэр үед 15 цаг болж байсан гэсэн. Тоз маркийн буу-2ш, судар-6ш, нэг нүдний дуран-1ш, монетэн хос ээмэг-1ш, Галакси Эс-4 маркийн гар утас 1 ширхэг, 100000 төгрөг алдсан... Том сударны завсраар 100000 төгрөг хийсэн байсан... 7 сард баяраар гуанз ажиллуулаад 100000 төгрөг олсон. Манай эхнэр, хүүхэд мэднэ... Ээмэг нь манай эхнэрийнх, гар утас нь манай том охины гар утас... тэр сударнууд 1993 онд надад миний эцэг эхээс өвлөгдөж ирсэн юм... гэсэн мэдүүлгээр, хохирогч Р.Сүх-Очирын “Би 2091 гол төмөрний, 2091 замагны дугаартай ТОЗ-8 маркийн буутай. 2016 оны 06 сард төрсөн ахаасаа худалдаж аваад дүү Р.Баярсайханы гэрт нь орхиод авч чадаагүй байсан юм. Тэгсэн чинь 2016 оны 09 сарын 17-ны өдөр байх манай дүү Баярсайхан над руу утсаар хэлэхдээ манайд хулгай ороод эд зүйл алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Баярсайханыхаас алдагдсан гар утсыг О.Уламдэлгэр С.Мөнхцэцэгт өгсөн тухай мэдүүлсэн гэрч С.Мөнхцэцэгийн “... 2016 оны 09 сарын 15-ны орчимд Эрдэнэт явлаа гэж хэлчихээд явсан. Тэгсэн чинь 2 билүү хоноод буцаад ирсэн... манайд ирэхдээ .... нүүр нь хагархай хар өнгийн гар утас надад өгсөн. Манай эгчийн гар утас байгаа юм та хадгалж бай гэж хэлж өгсөн... Би тэр утсыг нь ашиглаагүй, нүүр нь хагархай VEGA гэсэн бичигтэй гар утас байсан ... “ гэсэн мэдүүлгээр, ТОЗ-8 маркийн буу, судар, зэргийг шүүгдэгч О.Уламдэлгэрээс хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, хураан авсан зүйлсүүдийг хохирогч Р.Баярсайхан Р.Сүх-Очир нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Л.Алтанцэцэгт 6863000 төгрөгийн, хохирогч Р.Баярсайханд 1310000 төгрөгийн, хохирогч Р.Сүх-Очирт 500000 төгрөгийн буюу нийт 8673000 төгрөгийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон Хүрэл бэрс ХХК-ны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 202 дугаартай, Үнэлгээний комиссын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтүүдээр нотлогджээ. Шүүгдэгч О.Уламдэлгэр нь давтан үйлдлээр орон байранд нэвтрэн орж бага бус хэмжээний буюу 8673000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.Уламдэлгэр нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацаа хэрэгсэхгүй болгогдсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөр эрхэлж орлого олдоггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна. Хохирогч Л.Алтанцэцэгийн өмгөөлөгч В.Содномцэрэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ буруу тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ тогтоогдоогүй байгаа учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь Дашпунцаглан хийдээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээ буруу тогтоогдсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна. Мөн алдагдсан бурханы зурмал зураг нь орчин цагийн хийцтэй байсан гэдгийг бурханы зурмал зургийг худалдаж авсан гэрч О.Галбадрах, П.Төрбат, хийдийн ажилтан гэрч Г.Отгонбаяр нарын мэдүүлгүүд нотолдог бөгөөд гэрчийн мэдүүлгүүдийг харгалзан үзэхэд үнэлгээг буруу тогтоосон гэх байдал тогтоогдохгүй байна. Хохирогч Л.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд Жамсран бурханы зурмал зураг, жанч, сэлмэн 3 ширхэг, дун-2 ширхэг, хүрд-1 ширхэг, тодва/ тариа хийдэг сав/-1 ширхэг, хонх-1 ширхгийг буцааж аваагүй гэж мэдүүлдэг бөгөөд эдгээр эд зүйлсийн үнэ, болон цонх шиллэхэд гарсан зардал 13000 төгрөг нийт 1513000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох үндэстэй байна. Хохирогч Р.Баярсайхан нь шинжээчийн зардал 50000 төгрөгийг Хүрэл бэрс ХХК-нд нөхөн төлсөн нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс шинжээчийн зардал 50000 төгрөг, монетон ээмэгний үнэ, дурангийн үнэ нийт 370000 төгрөгийг гаргуулж Р.Баярсайханд олгох нь зүйтэй байна. Хохирогч нарт хохирол бүрэн төлөгдөөгүй учир шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол нөхөн төлөгдтөл хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархай 2 ширхэг, цагаан өнгийн жааз, цэнхэр өнгийн цоож 1 ширхгийг цаашид ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дугаар зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ямаач овогт Очирсүхийн Уламдэлгэрийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уламдэлгэрт оногдох эд хөрөнгийг хураахгүйгээр О.Уламдэлгэрийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уламдэлгэрт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1дэх хэсэг, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уламдэлгэрийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 124 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уламдэлгэрээс нийт 2283000 төгрөг гаргуулж хохирогч Баярсайханд 370000 төгрөг, хохирогч Л.Алтанцэцэгт 1513000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Галбадрахад 150000 төгрөг, Төрбатад 250000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилний хагархай 2 ширхэг, цагаан өнгийн зургийн жааз, хөх өнгийн цоожийг устгаж, алдагдсан эд зүйлийн 5 ширхэг фото зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэвээр үлдээсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уламдэлгэрийн эзэмшлээс Мустанг-5 маркийн мотоцикл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016. оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг, хохирол нөхөн төлөгдтөл хэвээр үлдээсүгэй.

9.Шүүгдэгч О.Уламдэлгэрийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт иргэний үнэмлэхний лавлагаа хавсаргагдсан болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг ялтан, шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ