Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00190

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/00190 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух******* /РД:ХА58032312/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч:*******,******* тоотод оршин суух******* /РД:ХВ60031575/-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч:, 5 дугаар хороо 16 дугаар хороолол 75-22 тоотод оршин суух Цагаангууд овогт Бадамдашийн Сэргэлэн /РД:УК59122618/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 3 тоотод байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Сайнбилэг, Ч.Энх-Амгалан, Б.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00104 дүгээр захирамжаар Н.Сайнбилэг, Б.Сэргэлэн, Ч.Энх-Амгалан нараас 229 сая төгрөгийг гаргуулж М.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний баталгаа болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо Цагдаа-2 хотхонд байрлалтай 95.28 м.кв миний өмчлөлийн орон сууцыг 185,796,000 тооцож үнэлсэн. Иймд миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Н.Сайнбилэг, Б.Сэргэлэн, Ч.Энх-Амгалан нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00104 дүгээр захирамжаар Н.Сайнбилэг, Б.Сэргэлэн, Ч.Энх-Амгалан нараас 229,004,875 төгрөгийг гаргуулж М.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үүссэн. Шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ш.Гантөр миний бие хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20370208/224 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо дунд голын гудамж 30 а байрны 26 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөн хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тухайн эд хөрөнгийг 2 хөндлөнгийн гэрч оролцуулан 20370208/04 тоот тогтоолоор хураан авсан.

Хураан авсанаас хойш талуудаас үнийн санал өгөх тухай мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний хүргүүлэхэд төлбөр төлөгч Сэргэлэн, Энх-Амгалан нар нь өөрийн хөрөнгө биш учир үнийн санал өгөхөөс татгалзаж байгаа тухай хүсэлтээ бичгээр шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч Ш.Гантөр би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 9/457 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргаж Сэлэнгэ эстимэйт ХХК хөрөнгийн үнэлгээ хийсэн ба хөрөнгийн үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээг 185,796,000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх явцад Баянгол дүүргийн шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15621 дугаар захирамж ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Сайнбилэг, Б.Сэргэлэн, Ч.Энх-Амгалан нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00104 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 228,320,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор хариуцагч Н.Сайнбилэг, Б.Сэргэлэн, Ч.Энх-Амгалан нар бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамжны 30А байрны 26 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061025 дугаарт бүртгэлтэй 95,28 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ГХ2020/00321 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо дунд гол гудамж 30А байрны 26 тоот 95,28 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20370208/224 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20370208/04 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Б.Сэргэлэн, Ч.Энх-Амгалан, Н.Сайнбилэг нар үнийн санал өгөөгүйн улмаас харилцан тохиролцоогүй байна.

 

Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 9/457 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг томилсон, шинжээч Сэлэнгэ-эстимэйт ХХК нь дээрх орон сууцны зах зээлийн үнийг 185,796,000 төгрөг болохыг тогтоосон байна.

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 147-148/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамжны 30А байрны 26 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061025 дугаарт бүртгэлтэй 95,28 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Сайнбилэг, Ч.Энх-Амгалан, Б.Сэргэлэн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ