Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00549

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 00 өдөр

Дугаар 210/МА2021/00549

 

Н.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00190 дугаар шийдвэртэй

Н.С, Ч.Э, Б.С нарын нэхэмжлэлтэй хариуцагч ШШт холбогдох

Орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Н.С, Ч.Э, Б.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00104 дугаар захирамжаар Н.С, Б.С, Ч.Э нараас 229 004 875 төгрөгийг гаргуулж М.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний баталгаа болох Б 4 Цагдаа-2 хотхонд байрлалтай 95.28 м.кв миний өмчлөлийн орон сууцыг 185 796 000 төгрөгөөр тооцож үнэлсэн. Иймд миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00104 дугаар захирамжаар Н.С, Б.С, Ч.Э нараас 229 004 875 төгрөгийг гаргуулж М.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 00-ны өдөр үүссэн. Шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ш.Гантөр хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 20370208/224 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б 4 дунд голын гудамж 30 а байрны 00 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөн хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тухайн эд хөрөнгийг 2 хөндлөнгийн гэрч оролцуулан 20370208/04 тоот тогтоолоор хураан авсан. Хураан авсанаас хойш талуудаас үнийн санал өгөх тухай мэдэгдлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний хүргүүлэхэд төлбөр төлөгч С, Э нар нь өөрийн хөрөнгө биш учир үнийн санал өгөхөөс татгалзаж байгаа тухай хүсэлтээ бичгээр шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч Ш.Гантөр би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 9/457 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргаж Сэлэнгэ эстимэйт ХХК хөрөнгийн үнэлгээ хийсэн ба хөрөнгийн үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээг 185 796 000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх явцад Баянгол дүүргийн шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 15621 дугаар захирамж ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ШШт холбогдох Б 4 Үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамжны 00 байрны 00 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061025 дугаарт бүртгэлтэй 95,28 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.С, Ч.Э, Б.С нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.С, Ч.Э, Б.С нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шийдвэр гүйцэтгэгч Ш.Гантөмөр би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 9/457 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргаж Сэлэнгэ эстимэйт ХХК хөрөнгийн үнэлгээ хийсэн ба хөрөнгийн үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээг 185 796 000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн гэсэн. ШШ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг баримтлаагүй буюу төлбөр төлөгч нарын саналыг харгалзаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахгүйгээр шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч нарын орон сууцыг журмын дагуу хөрөнгийн үнэлгээг хийлгээгүй байна гэж үзэж байна. Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчнийг сонгох үйлчлүүлэгч нь үнэлгээчнийг сонгох эрхтэй байхад Б.С Ч.Э, Н.С нар үнийн санал өгөөгүйн улмаас үнэлгээчнийг сонгох эрхийг хязгаарлан гэсэн үг биш юм. Б.С Ч.Э, Н.С нарыг Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж зааснаар эрхийн эдлүүлэх боломжийг хангаж өгөөгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д ...гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлзг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх... гэж хууль тогтоогч тогтоож өгсөн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдааны анхны үнийн талаар заасан байна. Хамгийн доод үнийг тогтоосноор дуудлага худалдааны хувьд түүнээс доогуур борлуулах боломжгүй болох үр дагавар үүсэж байгаа юм. Эдгээр зохицуулалт нь төдийлөн ойлгомжтой бус байгаа хэдий ч доод үнийг тогтооход тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ ямар нэгэн ач холбогдолгүй байх нь харагдаж байгаач эргээд тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн талаархи шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан доод үнийг тогтооно гэдэг нь ойлгомжгүй болж байна. Энэ талаар тодруулах шаардлагатай. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгө үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээ хийгээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.С, Ч.Э, Б.С нь хариуцагч ШШт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гарган маргажээ. /хх.1, 59/

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж тайлбарласан байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/00104 дугаар захирамжаар хариуцагч Н.С, Б.С, Ч.Э нар 228 320 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бямбасүрэнд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамжны 00 байрны 00 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061025 дугаарт бүртгэлтэй 95.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх.33-34/

ШШ 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 20370208/224 тоот тогтоолоор Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамжны 00 байрны 00 тоот хаягт байршилтай 95.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20370208/04 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогдсон байна. /хх.100-104/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-224/33024 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн, төлбөр төлөгч Б.С, Ч.Э нь үнийн санал өгөхөөс татгалзаж, төлбөр авагч М.Бямбасүрэн Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамжны 00 байрны 00 тоот хаягт байршилтай 95.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 157 212 000 төгрөгөөр үнийн санал гаргасныг төлбөр төлөгч Б.С эс зөвшөөрч шинжээч томилуулах санал гаргажээ. /хх.107-110, 114-116/

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимейт ХХК хөрөнгийн үнэлгээний тайландаа ...Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс дунд гол гудамжны 00 байрны 00 тоот хаягт байршилтай 95.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ, цэнийг 185 796 000 төгрөг болохыг тодорхойлов гэсэн дүгнэлт хийсэн, дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна. /хх.123-149/

Нэхэмжлэгч нарын ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээчнийг сонгох эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн талаар тохиролцоогүй тохиолдолд үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаас үзэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т үйлчлүүлэгч нь үнэлгээчнийг сонгох эрхтэй гэсэн заалт нь ШШт хамаарахаар байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг нэхэмжлэгч нар ...үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00190 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО