Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00055

 

 Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/03109 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00087 дугаар магадлалтай,

 Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х ХХК-д холбогдох

 Гэм хорын хохиролд 56,788,150 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,180,000 төгрөг, нийт 71,968,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Э ХХК-иас хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 56,788,150 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,180,000 төгрөг, нийт 71,968,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/03109 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 56,788,150 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,180,000 төгрөг, нийт 71,968,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675,741 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00087 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/03109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.2 дахь хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцаа, түүнд холбогдох нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүх мөн адил нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бус асуудалд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус байна.

4.1. 15,180,000 төгрөгийн шаардлагын тухайд:

Манай компани нь анх хариуцагчтай 2019.12.06-ны өдөр 19-12-06/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь Д ХХК-ийн заасан цэгт 220 метрийн өрөмдлөг хийх, хариуцагч нь ажлын хөлсөнд 50,600,000 /220x230,000/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн. Бид гэрээний үүргээ биелүүлж 220 метрийн худаг ухаж хариуцагчид хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний харилцаа дуусгавар болсон. Гэтэл хариуцагч нь нэмж 260-300 метр хүртэл ухуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж улмаар 220-260 метр хүртэл ухах ажлыг 9,200,000 /40x230,000/ төгрөгөөр тохирч ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэж байхад буюу нэмж 6 метр ухсаны дараагаар хуучин уурхайн цооног таарч цаашид ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ийнхүү ажил гүйцэтгэх боломжгүй болоход нэхэмжлэгчийн буруутай үйлдэл огтоос байдаггүй. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу 220 метрийн худгийг нэмж ухсан бөгөөд хуучин уурхайн цооног гарах талаар мэдэх боломжгүй байсан. Хариуцагчийн зүгээс 220 метр хүртэл нэмж ухахад хуучин уурхайн коридор таарсан гэдэгт мөн адил маргадаггүй. Тиймээс 6 метр ухсан ажлын хөлс 1,380,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь төлөх үүрэгтэй юм.

Хариуцагч компани нь худаг зайлшгүй шаардлагатай байгаа талаар бидэнд мэдэгдэж дахин шинээр гүний худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцсон. Улмаар Д ХХК нь дахин усны хайгуул, судалгааны ажил хийж тус компанийн заасан цэгт 2020.02.21-ны өдрийн байдлаар дахин шинээр 60 метрийн өрөмдлөг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч нь харилцан тохиролцсоны дагуу санхүүжилтээ цаг тухайд нь олгоогүйгээс талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсан талаар хариуцагч компанийн захирал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн адил дурдсан байдаг. Ийнхүү хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 60 метр ухсан ажлын хөлс 13,800,000 /60x230,000/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс 19-12-06/01 тоот гэрээг цуцлагдсан талаар огтоос дурдаагүй, харин дахин өөр газарт шинээр худгийн цооног ухуулахаар амаар харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан учир 60 метр ухсан ажлын хөлсөнд 13,800,000 төгрөгийг шаардсан. Хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн акт нь 19-12-06/01 тоот гэрээний үүргийг харилцан тооцсон акт юм, Энэхүү тооцоо нийдсэн актын дагуу хариуцагчаас 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд энэхүү төлбөр нь 19-12-06/01 тоот гэрээний төлбөр юм. Харин 60 метр өрөмдлөгийн ажил нь Д ХХК-аас 2020.02.19-ний өдөр заасан цэгт 2020.02.21-ний өдөр хийж гүйцэтгэсэн амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил юм. 60 метр өрөмдлөгийн ажил хийсэн болохыг нотлох зорилгоор шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 58 метр гэж гарсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн маргаагүй 6 метр болон амаар харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн өрөмдлөг болох 60 метрийн ажлыг хариуцагчид хүлээлгэж өгөөгүй, шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй зэргээр дүгнэсэн нь илт үндэслэл муутай байна.

Нөгөөтэйгүүр 19-12-06/01 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар Х ХХК нь гүйцэтгэгчийн буюу нэхэмжлэгчийн заасан цэгт өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэн үр дүнгүй бол төлбөртөө багтсан ажлын үр дүнг нэмэлт төлбөргүйгээр шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл Э ХХК нь өрөмдлөгийн цэгийг зааж өрөмдлөг хийгээд үр дүн хүрээгүй тохиолдолд хариуцагч ажлын үр дүнг нэмж шаардах эрхтэй талаар дээрх гэрээгээр зохицуулсан. Манай компани усны хайгуул хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд биш тул усны хайгуулын ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд эрх бүхий этгээд буюу Д ХХК-ийн заасан цэгт гэрээгээр тохирсон өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тиймээс 9-12-06/01 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.5,4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг үндэслэн 2 дахь өрөмдлөгийн цооногийн ажлын хөлсийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэх дүгнэлт мөн адил үндэслэлгүй байна.

4.2. Хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн мөнгөний тухайд:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид нийт 120,000,000 гаруй төгрөг төлсөн боловч худагтай болж чадаагүй гэж тайлбарладаг ба анхан шатны шүүх Х ХХК-г ажлын хөлсөнд 120,680,000 төгрөг төлсөн гэж дүгнэжээ. Хариуцагч Э ХХК манай компанитай гэрээ байгуулахаас өмнө буюу 2019.11.18-ны өдөр 1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Д ХХК-тай байгуулсан ба энэхүү гэрээний нийт үнэ 59,500,000 төгрөг байна. /хавтаст хэргийн 88 дахь тал/ Энэхүү гэрээгээр Д ХХК нь усны хайгуулын ажил болон өрөмдлөгийн ажил хийх үүргийг хүлээсэн байна. Энэхүү гэрээгээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхэд Д ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Т ХХК ажиллаж, нийт гүйцэтгэсэн ажлын зардал 59,500,000 төгрөг авсан болох нь тус компанийн 2021.06.08-ны өдрийн 21/0608-1 тоот албан бичгээр нотлогддог. Тиймээс хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэх 120,680,000 төгрөгийн 59,500,000 төгрөг нь Х ХХК болон Д ХХК нарын хооронд байгуулагдсан 2019.11.18-ны өдөр 1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох нь эргэлзээгүй нотлогдож байна.

Дээрх баримтуудаас дүгнэн үзэхэд хариуцагч нь 19-12-06/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид 120,680,000 төгрөг төлсөн гэх тайлбар үндэслэлгүй, мөн энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн хариуцагчаас шүүхэд нийт 104,800,000 төгрөгийн гүйлгээний баримт гаргаж өгсөн байхад шүүх 120,680,000 төлсөн гэж шууд дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

4.3. Хохирол нэхэмжилсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 56,000,000 төгрөгийг шаардахдаа хуулийн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж тодорхойлсон.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хууль бусаар гэм хор учруулсан гэдгийг гэм буруутай болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх ёстой мэтээр тайлбарлаж Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын прокурорын тогтоолоор хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэж шийдвэрлэсэн буруу юм. Хуульд заасан хууль бусаар гэдэгт зөвхөн эрүүгийн болон зөрчлийн хууль зөрчсөн үйлдэл байхыг шаардахгүй ерөнхий утгаар хууль зөрчсөн байхыг л шаарддаг. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын прокурорын тогтоолыг үндэслэж гэм хор шаардаагүй юм.

Мөн манай компанийн зүгээс хууль бусаар хөрөнгө барьцаалсан агуулгаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй бөгөөд Т ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг үндэслэн Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус юм. Х ХХК нь бидний түрээсийн гэрээгээр ашиглаж байсан өрмийн тоног төхөөрөмжийг хууль бусаар барьцаалсны улмаар манай компани шүүхийн шийдвэрээр түрээслүүлэгч компанид өр төлбөртэй болсон. Ийнхүү хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас манай компанид мөнгөн эд хөрөнгийн бодит хохирол учирсан юм.

Тиймээс хариуцагч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг үндэслэн манай компанид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

4.4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж шүүхэд хандсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн хууль бус үйлдэл, эсхүл эс үйлдэхүүгээс нэхэмжлэгчид гэм хор учирсан хор уршиг гэх нөхцөл байдал, шалтгаант холбоо тогтоогдоогүй гэх илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчийн бус хөрөнгийг хууль бусаар барьцаалснаас нэхэмжлэгч нь бусдад өр төлбөртэй болж эдийн засгийн хохирол амссан. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын маргаагүй ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл мэтээр үнэлж, дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тиймээс шийдвэр, магадлал нь тус тус хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.03.16-ны өдрийн 001/ШХТ2023/00298 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 7. Нэхэмжлэгч Э ХХК /............ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэрээ өөрчилсөн/ хариуцагч*******-д холбогдуулан гэм хорын хохиролд 56,788,150 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 15,180,000 төгрөг, нийт 71,968,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ ...хариуцагч компанитай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ... талбайд захиалагчийн нэрлэн заасан цэгт 220 метр өрөмдлөгийн ажлыг 50,600,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон, ...гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, хэрэгжих явцад захиалагч тал санхүүжилт олгох төлбөрийн үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. ...Бид өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхдээ Т ХХК-аас өрмийн машин, тоног төхөөрөмжийг түрээслэн ажиллаж байсан ...гэтэл хариуцагч нь тоног төхөөрөмжийг барьцаалан хураан авч, өгөхгүй байснаас Т ХХК манай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, түрээсийн төлбөр, алданги, эд хөрөнгө хүлээлгэж өгөөгүй хугацаа хожимдуулсны хохиролд нийт 56,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 183/ШШ2020/01573 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, 56,788,150 төгрөгийг шийдвэр гүйцэтгэж журмаар төлсөн тул энэ хэмжээний хохирол учирсан, ...түүнчлэн гэрээ цуцлагдахаас өмнө гүйцэтгэсэн 66 метр өрөмдлөгийн төлбөр 15,180,000 төгрөгийг төлөөгүй, ...иймд хохирол 56,788,150 төгрөг, гүйцэтгэсэн ажлын хөлс 15,180,000 төгрөг, нийт 71,968,150 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...Д ХХК-тай усны эрэл хайгуул хийж, геофизикийн дүгнэлт гаргуулах, улмаар дүгнэлтэд үндэслэн өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, гүнийн худаг гарган, худгийн паспорт гаргуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан, Д ХХК нь өрөмдлөгийн ажлыг Б ХХК-аар хийлгэнэ гэсэн. Тус компанитай байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч нь ...220 метрийн гүн 273мм 10 инч хэмжээтэй өрөмдлөгийн ажил гүйцэтгэх, түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалттай гүний худаг гарган худгийн паспорт гардуулах үүрэг хүлээсэн. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, манай компанид гүнийн худгийг хүлээлгэн өгөөгүй, ...ажлаа дуусгаагүй, хэрэглэж байсан тоног төхөөрөмжийг нь үл таних хүмүүс ирж авч явснаар гэрээ хэрэгжих боломжгүй болсон. ...нийт 120,680,000 төгрөгөөр гэрээт ажил гүйцэтгүүлсэн боловч ямар ч үр дүн хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 8. Зохигч 2019.12.06-ны өдөр 19-12-06/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тус гэрээгээр гүйцэтгэгч Б ХХК нь /Э ХХК/ Д ХХК-ийн эрэл хайгуулаар тогтсон цэгт 220 метр өрөмдлөгийн ажлыг биечлэн гүйцэтгэж, үйлдвэрлэлийн зориулалттай гүнийн худаг хүлээлгэж өгөх, захиалагч Х ХХК нийт ажлын хөлс 50,600,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн ба гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, өрөмдлөгийн гүнийг 260-300 метр болгох, ажлыг 2020.01.29-ний өдөр хийж дуусгах, нэмэлт ажлын хөлсийг 9,200,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцжээ.

 Гүйцэтгэгч 220 метр гүн өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, ус гарсан боловч үйлдвэрлэлийн зориулалттай худаг биш байсан үндэслэлээр насосны хүчин чадлыг нэмэгдүүлэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмж 40 метр өрөмдөхөөр болсон. Ийнхүү нэмж өрөмдөх үед 226 дахь метрт хуучны уурхайн суваг таарч, 195 метрээс гарсан ус суваг руу орсноос ажил гүйцэтгэх гэрээний үр дүн гараагүй, дахин тогтоосон цэгт 60 метр гүн өрөмдлөг хийсэн боловч ажил дуусалгүй гэрээ цуцлагдсан, гэрээний хугацаанд захиалагч буюу хариуцагч усны эрэл хайгуул болон өрөмдлөгийн ажлын хөлсөнд нийт 120,680,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, ...зохигчийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар талууд зөрүүтэй тайлбар гаргасан байна.

 9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 10. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д нийцсэн байна.

 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 12. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тодорхойлсон ба талууд гэрээний 2.1-д Д ХХК-ийн эрэл хайгуулаар тогтсон цэгт гүний худгийн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, үйлдвэрлэлийн зориулалттай гүний худаг хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 13. Нэхэмжлэгч нь нэмэлт гэрээгээр гүйцэтгэсэн 6 метр, дахин шинэ цооногт гүйцэтгэсэн 60 метр, нийт 66 метр өрөмдлөгийн ажлын төлбөрт нийт 15,180,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч дээрх ажлыг захиалагчид хүлээлгэж өгсөн болохоо гүйцэтгэгч нотлоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 Түүнчлэн Гэрээний 2.3 дахь заалтад гүйцэтгэгч нь 220 метр өрөмдлөгийн ажил хийнэ гэж, 4.6-д гүйцэтгэгчийн заасан цэгт тухайн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэн үр дүнгүй бол захиалагчийн хувьд төлбөртөө багтсан ажлын үр дүнг нэмэлт төлбөргүйгээр шаардах шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон тул гүйцэтгэгч нь зөвхөн өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэх бус өрөмдлөгийн ажил үр дүнгүй бол захиалагчийн төлбөрт багтсан ажлын үр дүнг нэмэлт төлбөргүйгээр гүйцэтгэн, захиалагчийн шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээжээ.

 Зохигчийн хооронд 2020.01.17-ны өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч Х ХХК 19,280,000 төгрөгийн төлбөртэй байсан, Нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр 2020.01.19-2020.01.29-ний хооронд хийж гүйцэтгэх 40 метрийн өрөмдлөгийн ажлын хөлсийг 9,200,000 төгрөгөөр тохирсон байх ба хэрэгт цугларсан баримтаар талууд тооцоо нийлж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020.01.17-ноос хойш хариуцагч нь 30,400,000 төгрөгийг төлсөн талаарх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. /хх-42/

 Иймд гүнийн худаг хүлээлгэн өгөх ажлын үр дүн гараагүйн улмаас дахин өрөмдлөг хийсэн ажлын хөлсийг шаардах эрхгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 Дээр дурдснаар ...манай компани ...худаг гаргах үүрэг хүлээгээгүй тул гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын хөлсийг шаардах эрхтэй, ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн... гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 14. Мөн хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 56,788,150 төгрөгийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримтад нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 14.1. Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагч нь өрөмдлөгийн ажил гүйцэтгэх байсан тоног төхөөрөмжийг дур мэдэн, хууль бусаар хүч хэрэглэн барьцаалан, саатуулсны улмаас эд хөрөнгөө түрээслүүлсэн гуравдагч этгээд буюу Т ХХК-д тоног төхөөрөмжийг хугацаанд нь хүлээлгэн өгч чадаагүй, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу түрээсийн төлбөр, алданги, хохиролд нийт 56,788,150 төгрөгийг төлж хохирсон гэжээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 Иймд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

 14.2. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон, улмаар тус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 Тухайлбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэл болгож Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 183/ШШ2020/01573 дугаартай шийдвэр, тус шийдвэрийг биелүүлсэн баримтыг, мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын 2020.04.12-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзах тухай №24 дугаартай Прокурорын тогтоолыг хавсаргажээ.

 Дээрх шүүхийн шийдвэрээр түрээслэгч М ХХК /Э ХХК/-аас түрээсийн төлбөр, төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйн алданги, хохиролд нийт 56,000,000 төгрөг гаргуулж түрээслүүлэгч******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бол Прокурорын тогтоолоор Т ХХК-ийн тоног төхөөрөмж, өрмийн машиныг Х ХХК-аас гаргуулах гомдол нь гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.

 Эдгээр баримтаар хариуцагч Х ХХК-ийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоогоогүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

 Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгалгүй ажлаа орхиж явснаас ажил үүргээ гүйцэтгэж байсан тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд үлдсэнтэй хариуцагч маргаагүй бөгөөд гагцхүү дээрх тоног төхөөрөмжийг хууль бусаар, хүч хэрэглэж барьцаалсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул бусдын хууль бус үйлдлийн улмаас гэм хор учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 Иймд хариуцагчаас гэм хорын хохиролд 56,600,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, ...нотлох баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, ...хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн... агуулгатай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

15. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/03109 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00087 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э-н гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Э ХХК-иас 2023.02.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517,791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД             Н.БАЯРМАА

                                            П.ЗОЛЗАЯА

                                             Д .ЦОЛМОН

                                                    Х.ЭРДЭНЭСУВД