Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00087

 

 

2023 01 06 210/МА2023/00087

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/03109 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 56,788,150 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,180,000 төгрөг, нийт 71,968,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Төгсбилгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талууд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, захиалагч компанийн Хэнтий аймгийн Дархан сум, Бор-Өндөр, Хажуу улааны уурхайн талбайд захиалагчийн нэрлэн заасан цэгт 220 метр өрөмдлөгийн ажлыг 50,600,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Уг ажлыг хийж гүйцэтгэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч компанийн уурхайн удирдлагуудад болон бусад ажилтнуудад шалгуулан тууш метрийг хэмжүүлэн тоолуулж хүлээлгэн өгсөн. Гэтэл захиалагч компанийн удирдлагууд шийдвэр гаргаж уг өрөмдсөн цооногийг дахин доош нь өрөмдүүлэн усны нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар мэдэгдэн хоёр талаас тохиролцож тэдний хүсэлтээр өрөмдлөгийн гүнийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 260 тууш метр хүртэл нэмж өрөмдөхөөр тохиролцож, 40 тууш метр өрөмдөх ажлын хөлсийг 9,200,000 төгрөгөөр тооцож олгохоор тохирч, бусад компаниас түрээсэлсэн өрмийн машин, өрөмдлөгийн багаж 120 метр, өрмийн 8 хошуу зэргийг үргэлжлүүлэн түрээслэх, түүний төлбөрийг санхүүжилт хийж шуурхай гаргаж өгөх, ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тус тус тохирсон.

1.2. Ажлыг гүйцэтгэх явцад буюу 226 метрийн өрөмдлөгийг хийж байх үед газрын доор хуучин уурхайн коридор буюу нүхэлсэн суваг таарч 195 метрээс гарсан ус нь уг суваг руу урсан орж байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цаашид үргэлжлүүлэн өрөмдөх техникийн боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас уг ажил дуусгавар болсон. “Б” ХХК-ийн удирдлагууд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрсдийн ажлын өрөөндөө уулзалт хийж, уурхайд усны шаардлага маш их байгаа, жонш баяжуулахад угаах хэрэгтэй байна, шинээр худгийн цооног гаргуулж, 1 тууш метрийн үнийг 220,000 төгрөгт бодож хямдруулах, цооногийн хэмжээг өргөсгөх, уг ажлыг гадаадаас мөнгө орж иртэл нэхэмжлэгч компанийг өөрсдийн зардлаар өрөмдлөгийг эхлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, дахин шинээр усны хайгуулын судалгаа хийлгэх, хайгуул судалгаа хийгдсэн даруйд өрөмдлөгийн ажлыг нэн даруй эхлүүлж 315 мм голчоор 200-300 тууш метр өрөмдлөг хийх, нэн тэргүүнд шаардлагатай хошууны зардал 5,600,000 төгрөгийг гаргаж өгөх, өрөмдлөгийн ажилд шаардагдах 300 литр түлшийг уурхайгаас гаргаж өгөх, уг өрөмдлөгийн ажилтай холбоотой шинэчилсэн график төлөвлөгөө гаргаж шинэ гэрээг хийж баталгаажуулах зэргийг тус тус тохирсон болно.

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хайгуулын ажлыг “В” ХХК гүйцэтгэж өрөмдөх цэг тогтоосноор мөн өдөр нэхэмжлэгч компани 315 мм-ийн үзүүрийн багаж, 315 мм-ийн ган хоолой трубаг өөрийн зардлаар шинээр худалдан авч, хайгуул судалгаа хийгдсэн газарт тээвэрлэн хүргүүлж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 60 метр тууш өрөмдлөг хийж гүйцэтгэсэн. Ажлыг зохих ёсоор гүйцэтгэн 2020 оны 02 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч компанийн уурхайн дарга болох Н.Нямдаваа болон бусад ажилтнуудад шалгуулан тууш метрийг хэмжүүлэн тоолуулж хүлээлгэн өгсөн.

1.3. Гэтэл захиалагч тал харилцан тохиролцсон шийдэлдээ хүрэхгүйгээр шинээр хийсэн нэмэлт гэрээ болон үүссэн тохиролцооныхоо санхүүжилтийг олгохоос татгалзаж, улмаар захиалагчаас төлбөрийн үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэх хэлцэл цуцлагдсан болно. Нэхэмжлэгч талаас маш олон удаа албан тоот хүргүүлж, ажлын хөлсөө нэхэмжилж, шаардлага гаргасаар байсан боловч ямар ч хариу өгөөгүй юм.

1.4. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн ажлаа гүйцэтгэж байсан Муи Зирег 7000 МА өрмийн машин, түүний багаж, **** УНК улсын дугаартай тусгай зориулалтын автомашин зэргийг барьцаалан хураан авч, уурхайн хашаанаас гаргахгүй, уурхайн хашаа руу огт нэвтрүүлэхгүй, хамгаалалтын алба ашиглаж хууль бус барьцаалах, булаах, хураах үйлдэл гаргасан юм. Уг өрмийн машин, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч нь “Г” ХХК-аас түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгааг “Б” ХХК-ийн удирдлагууд маш тодорхой мэдэж байсан бөгөөд түрээсийн өр төлбөрт орж, хохирч байсан тул түрээслүүлэгч буюу өмчийн эзэнд энэ тухайгаа мэдэгдэж 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтэс, прокурорын байгууллагад тус тус гомдол гарган дээрх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хууль бус барьцаанаас авахаар хандсан. Гэтэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 24 дүгээр прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлбэл зохих маргаан гэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

1.5. Энэ хугацаанд өмчийн эзэн буюу түрээслүүлэгч “Г” ХХК нь нэхэмжлэгч компанид холбогдуулан **** УНК улсын дугаартай тусгай зориулалт бүхий өрмийн машин, түүний 120 метр штанг, 8 хамма бит багажийг хүлээлгэн өгөхийг даалгах, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш үүссэн түрээсийн төлбөр, түүний алданги, эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй хугацаа хожимдуулсан хохиролд нийт 56,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/01573 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 183/Ш32020/00351 дугаартай албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 183/ГХ2020/00869 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус гарсан байдаг бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн данс болон эд хөрөнгийг битүүмжилж, захирал болон хувьцаа эзэмшигч нарын гадаад зорчих эрх хязгаарлах зэргээр компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж шүүхийн шийдвэрт заасан 56,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 508,150 төгрөг, ажиллагааны зардалд 280,000 төгрөг, нийт 56,788,150 төгрөгийг нэхэмжлэгч компани Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушааж, өр төлбөрийг барагдуулсан болно. Энэхүү шүүхийн шийдвэрээр төлсөн өр төлбөр нь нэхэмжлэгч компаниас огт хамааралгүй буюу гуравдагч этгээд болох хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас бидэнд учруулсан хохирол болно. Тодруулбал, бусдын хөрөнгийг дур мэдэн хууль бусаар хүч хэрэглэн барьцаалж, саатуулсны улмаас 56,788,150 төгрөгийн бодит хохирол учирсан тул Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 56,788,150 төгрөг, гэрээний нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд гүйцэтгэсэн 6 метр өрөмдлөгийн төлбөр 1,380,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор хийж гүйцэтгэсэн 2 дахь цооногт 60 метр өрөмдлөгийн төлбөр 13,800,000 төгрөг, нийт 15,180,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт жонш баяжуулах үйлдвэр ажиллуулдаг бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай усны хэрэглээг хангахын тулд гүний худаг гаргуулах шаардлагатай болж 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “В” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь усны эрэл хайгуулын ажил хийж, геофизикийн дүгнэлт, тайлан гаргах, улмаар дүгнэлтэд үндэслэн 220 метрийн гүнтэй 273 мм, 10 инч хэмжээтэй өрөмдлөгийн ажил гүйцэтгэх, түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалттай гүний худаг гарган худгийн паспорт гардуулах нөхцөлтэйгөөр тохиролцон байгуулсан юм.

2.2. “В” ХХК нь эрэл хайгуул хийж гүний худаг гарах магадлал 75 хувьтай гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн бөгөөд өрөмдлөгийн ажлыг “А” ХХК-аар хийлгэх талаар мэдээлсэн. Ингээд тус компанитай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дугаар 19-12-06/01 тоот гэрээг давхар байгуулсан юм. Төлбөр тооцооны хувьд хариуцагч компани төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. “Б” ХХК нь 10 удаагийн шилжүүлгээр 120,680,000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь дансны гүйлгээгээр нотлогдоно.

2.3. Анх нэхэмжлэгч компанийг тоног төхөөрөмжтэй гэдэгт итгэж, гүний худаг зайлшгүй шаардлагатай тул гэрээ байгуулсан. Гэтэл дараа нь түрээсийн нөхцөл байдал бий болсон. Хариуцагчийн зүгээс тоног төхөөрөмжийг нь өгөхгүй байсан асуудал байхгүй. Тус гэрээний гүйцэтгэл хангалтгүй худаг, худгийн паспорт хүлээлгэж өгөх нь битгий хэл насосс ч тавиагүй.

2.4. Нэхэмжлэгч компанийн зүгээс ажил гүйцэтгэхэд хүндрэл гарсан, нэмэлт ажил хийх шаардлагатай тухай хүсэлт гаргасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 9,200,000 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг гаргаж өгсөн боловч тус компани ажлаа дуусгаагүй бөгөөд хэрэглэж байсан тоног төхөөрөмжийг нь үл таних хүмүүс авч явснаар гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон. 2 өрмийн цооногт нийтдээ 120,680,000 төгрөг төлөөд эцэст нь үр дүн гараагүй нөхцөл байдалтай байгаа.

2.5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэлээр ус гараагүй учир хариуцагч энэ мөнгийг төлөх үүрэггүй гэж үзэж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 56,788,150 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,180,000 төгрөг, нийт 71,968,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 675,741 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч нь анх хариуцагчтай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19-12-06/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлд зааснаар хариуцагч талаас өөрсдөө “В” ХХК-аар уст цэг тогтоолгож, хайгуул судалгаа хийгдсэн газарт буюу түүний нэрлэн заасан цэгт нь 220 метрийн өрөмдлөг хийх, хариуцагч нь ажлын хөлсөнд 50,600,000 /220т/м*230,000 төгрөг/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлж 220 тууш метр өрөмдлөг хийгээд хариуцагчид хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний харилцаа дуусгавар болсон. Гэтэл хариуцагч нь гарсан усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор өрөмдлөг хийгдэж дууссан байсан 220 тууш метр цооногийг цааш нь үргэлжлүүлэн 260-300 метр хүртэл өрөмдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж улмаар 40 метр хүртэл өрөмдөх ажлыг 9,200,000 /40 т/м*230,000төгрөг/ төгрөгт тохирч, ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэж, 6 метр өрөмдлөг хийгдэх үед газрын доор хуучин уурхайн туннель буюу цооног таарч газрын гүнээс гарсан бүх ус нь уг хэсэг рүү урсан орж алга болж цаашид ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул үүнд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл огт байхгүй. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу 220 метрийн худгийг өрөмдөж хүлээлгэн өгснөөс хойш дахин нэмэлт гэрээгээр өрөмдлөг хийлгэх явцад хуучин уурхайн цооног гарах талаар манай зүгээс мэдэх боломжгүй байсан. Хариуцагчийн зүгээс 226 метр хүртэл нэмж өрөмдөх явцад хуучин уурхайн коридор буюу туннель таарсан гэдэгт мөн адил маргадаггүй. Тиймээс 6 метр нэмж өрөмдлөг хийсэн ажлын хөлс 1,380,000 /60т/м*230,000 төгрөг/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь төлөх үүрэгтэй юм.

Хариуцагч компани нь гүний худаг зайлшгүй өрөмдүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэж дахин шинээр гүний худгийн цооног өрөмдүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр талууд амаар харилцан ярьж тохиролцсон. Улмаар хариуцагч талаас “В” ХХК-аар дахин усны хайгуул, судалгааны ажил хийлгэж уурхайн хашааны өмнө талд нэхэмжлэгч компаниар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин шинээр 60 метр гүн өрөмдлөг хийж гүйцэтгүүлсэн. Хариуцагч нь харилцан тохиролцсоны дагуу санхүүжилтээ цаг тухайд нь олгоогүйгээс талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлагдсан талаар хариуцагч компанийн захирал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн адил дурдсан байдаг. Ийнхүү хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 60 метр ухсан ажлын хөлс 13,800,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс 19-12-06/01 тоот гэрээг цуцлагдсан талаар огт дурдаагүй, харин дахин өөр газарт шинээр худгийн цооног ухуулахаар амаар харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан учир 60 метр ухсан ажлын хөлсөнд 13,800,000 төгрөгийг шаардсан. Хэргийн 40 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн акт нь 19-12-06/01 тоот гэрээний үүргийг харилцан тооцсон акт бөгөөд уг тооцоо нийлсэн актын дагуу хариуцагчаас 20,000,000 төгрөгийг төлсөн нь 19-12-06/01 тоот өмнөх дуусгавар болсон гэрээний төлбөр юм.

Харин 60 метр өрөмдлөгийн ажил нь “В” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр заасан цэгт 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийж гүйцэтгэсэн амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил юм. 60 метр өрөмдлөгийн ажил хийсэн болохыг нотлох зорилгоор шүүхээс шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 58 метр гэж гарсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн маргаагүй 6 метр болон амаар харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын хөлс болох 60 метр бүхий ажлын хөлсийг хариуцагчид хүлээлгэж өгөөгүй, шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй зэргээр дүгнэсэн нь илт үндэслэл муутай байна.

Нөгөөтэйгүүр 19-12-06/01 тоот гэрээний 3.5, 4.6-д зааснаар “Б” ХХК нь “гүйцэтгэгчийн буюу нэхэмжлэгчийн заасан цэгт өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэн үр дүнгүй бол төлбөртөө багтсан ажлын үр дүнг нэмэлт төлбөргүйгээр шаардах эрхтэй” юм. Өөрөөр хэлбэл, “А” ХХК нь өрөмдлөгийн цэгийг тогтоож өрөмдлөг хийгээд үр дүнд хүрээгүй тохиолдолд хариуцагч ажлын үр дүнг нэмж шаардах эрхтэй талаар дээрх гэрээгээр зохицуулсан.

Нэхэмжлэгч компани усны хайгуул хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд биш тул усны хайгуулын ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд эрх бүхий этгээд буюу хайгуул, судалгаа хийдэг “В” ХХК-ийн заасан цэгт гэрээгээр тохирсон өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тиймээс 9-12-06/01 тоот гэрээний 3.5, 4.6-д заасныг үндэслэн 2 дахь өрөмдлөгийн цооногийн ажлын хөлсийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэх дүгнэлт мөн адил үндэслэлгүй хэт өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна.

5.2 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид нийт 120,000,000 гаруй төгрөг төлсөн боловч худагтай болж чадаагүй гэж тайлбарладаг ба анхан шатны шүүх “Б” ХХК-ийг ажлын хөлсөнд 120,680,000 төгрөг төлсөн гэж дүгнэжээ. Ийм мөнгө манай компанид өгөөгүй. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг “В” ХХК-тай түүний туслан гүйцэтгэгч “Г” ХХК-тай байгуулсан ба энэхүү гэрээний нийт үнэ 59,500,000 төгрөг байна. /хх 88 дахь тал/ Энэхүү гэрээгээр “В” ХХК нь усны хайгуулын ажил болон өрөмдлөгийн ажил хийх үүргийг хүлээсэн байна.

Энэхүү гэрээгээр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхэд “В” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр “Г” ХХК ажиллаж, нийт гүйцэтгэсэн ажлын зардал 59,500,000 төгрөг авсан болох нь тус компанийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 21/0608-1 тоот албан бичгээр нотлогддог. Тиймээс хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн гэх 120,680,000 төгрөгийн 59,500,000 төгрөг нь “Б” ХХК болон “В” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох нь эргэлзээгүй нотлогдож байна. Энэ гэрээний талаар өмнө нь шүүхийн шийдвэр, магадлал гарсан байдаг. Хариуцагч “Б” ХХК-аас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байдаг бөгөөд түүнийг нь албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм.

Дээрх баримтуудаас дүгнэн үзэхэд хариуцагч нь 19-12-06/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид 120,680,000 төгрөг төлсөн гэх тайлбар нь бодит бус, мөн энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь огт үндэслэлгүй байна. Мөн хариуцагчаас шүүхэд нийт 104,800,000 төгрөгийн гүйлгээний баримт гаргаж өгсөн байхад шүүх 120,680,000 төлсөн гэж шууд өөрөө мэдэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

5.3. Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 56,000,000 төгрөгийг шаардахдаа хуулийн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэж тодорхойлсон.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хууль бусаар гэм хор учруулсан гэдгийг гэм буруутай болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх ёстой гэж тайлбарлаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын прокурорын тогтоолоор хариуцагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэж шийдвэрлэсэн буруу юм. Нэхэмжлэгч компани хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан бусдын түрээсийн эд зүйлийг хугацаанд нь буцаан өгөөгүйн улмаас хариуцагчаар татагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр мөнгө төлж хохирсон байдлаа шүүхэд үнэн зөвөөр нотлох баримтаар гаргаж мэдүүлсэн. Хуульд заасан хууль бусаар гэдэгт зөвхөн эрүүгийн болон зөрчлийн хууль зөрчсөн үйлдэл байхыг шаардахгүй ерөнхий утгаар хууль зөрчсөн байхыг л шаарддаг. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын прокурорын тогтоолыг үндэслэж гэм хор шаардаагүй юм.

Мөн манай компанийн зүгээс хууль бусаар бусдын хөрөнгийг барьцаалсан агуулгаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй бөгөөд “Г” ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг үндэслэн “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд хууль бус юм.

Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч компанийн түрээсийн гэрээгээр ашиглаж байсан өрмийн тоног төхөөрөмжийг хууль бусаар барьцаалан хураан авч, өөрийн эзэмшилдээ урт хугацаанд байлгаж, өөр өрмийн компанид дур мэдэн ашиглуулахаар завдаж, улмаар нэхэмжлэгчийг түрээслэгч талд их хэмжээний түрээсийн өр төлбөрт оруулж хохироосон. Ийнхүү хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид мөнгөн эд хөрөнгийн бодит хохирол учирсан. Тиймээс хариуцагч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Манай компани нь нэхэмжлэгч компанитай 220 метр гүнтэй худаг гаргуулах гэрээ байгуулсан. Уг гэрээнд өөрчлөлт оруулж 260 метр гүнтэй худаг ухуулахаар тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан. Манай компаниас үндсэн гэрээний төлбөр болох 50,600,000 төгрөг болон нэмэлт гэрээний төлбөр 9,200,000 төгрөгийг 100 хувь төлж барагдуулсан. Харин нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй худгийн гэрчилгээ байхгүй хэдэн метр өрөмдлөг хийсэн нь тодорхойгүй байх бөгөөд машин техник болон ажлаа орхиж явсан.

6.2. Анх гэрээ байгуулахад хариуцагч компани “В” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд өрөмдлөгийн ажлыг “А” ХХК-аар хийлгэхээр удирдлагуудыг авчирч танилцуулан өөрийн гэсэн техник хэрэгсэлтэй гэж зураг бичлэг үзүүлэн гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний гол зорилго нь үр дүн байх ёстой бөгөөд одоогоор үр дүн байхгүй, гараагүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.

6.3. Хэрэгт хавсаргасан шүүхийн шийдвэрээс үзэхэд техникийг 1 өдрийн 500,000 төгрөгөөр түрээслээд дараа нь 2 сар сунгаад нийт 45,000,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, хохирол 20,000,000 төгрөг гэж хоорондоо тохиролцоод шүүхээр шийдвэрлүүлсэн. Дээрх тохиролцоо үнэн байсан бол тухайн хэрэгт хариуцагч компанийг татаж оролцуулах байсан. Мөн хүний техникээр хариуцагчийн ажлыг ямар ч ашиггүйгээр хийж, шийдвэрт огт гомдол гаргахгүйгээр 56,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

6.4. Хариуцагчид өгсөн албан бичигт техник түрээсэлсэн талаар үг, өгүүлбэр ороогүй. Харин нэхэмжлэгч компанийн ажлын гүйцэтгэлд үр дүн гарахгүй байсан учраас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хашаанд байгаа техникийг түрээслэх санал тавьсан. Хэрэв нэхэмжлэгч компани нь тухайн техникийг өөр компаниас түрээсэлснийг мэдсэн бол нөгөө компанид хандах байсан.

Миний хувьд хариуцагч компанийн гүйцэтгэх захирал бөгөөд тухайн ажлыг анхнаас нь гардан гүйцэтгэж байсан. Мөн “А” ХХК-ийн удирдлагуудын хувийн болон компанийн данс руу тухайн мөнгөнүүд орсон. Мөнгө дутуу орсон талаар асуудал нь шатахууны зөрүү буюу хариуцагчаас шатахуун авч хэрэглээд түүнийгээ үнийн дүнд тооцож байсан. Нийт 120,680,000 төгрөгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 56,788,150 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,180,000 төгрөг, нийт 71,968,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Д” ХХК нь хуулийн этгээдийн нэрийг “А” ХХК болгож өөрчилсөн байна.

 

3.1. Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр захиалагч нь ажлын хөлс 50,600,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, гүйцэтгэгч нь 273 мм 10 инч хэмжээтэй 220 метр гүнтэй өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээжээ. Уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн сарын 29-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд 260-300 метр өрөмдөхөөр, 220-260 метр хүртэл 40 метрийн ажлын хөлсийг 9,200,000 төгрөгөөр харилцан тохиролцсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.2. Дээрх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь 220 метр гүнтэй өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нэмж 40 метр нэмж өрөмдөх үед буюу 226 метрт хуучин уурхайн суваг таарч 195 метрээс гарсан ус нь тус суваг руу орсноос ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тохиролцсон ажлын үр дүн гараагүй, захиалагч нь ажлын хөлсөнд 50,600,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.

 

3.2. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нэмж өрөмдлөг хийсэн 6 метрийн ажлын хөлс 1,380,000 төгрөг, амаар тохиролцон шинээр өрөмдлөг хийсэн 60 метр цооногийн ажлын хөлс 13,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч дээрх 2 цооногийн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгснөө нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4.1. Хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 104,800,000 төгрөг шилжүүлсэн байхад анхан шатны шүүх үнийн дүнг 120,680,000 төгрөг гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт буруу дүгнэжээ. /хх43-50 дахь тал/

 

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн шилжүүлсэн төлбөрийн 56,500,000 төгрөг нь “В” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан  баримтаар тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Б” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох худгийн өрөмдлөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгч “Д” ХХК-ийн менежер, одоогийн гүйцэтгэх захирал Е- болон нягтлан З-ы данс руу шилжүүлсэнийг 2019 оны ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй гэдгийг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох үүрэгтэй.  

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэм хор учруулснаас үүссэн хохирол гэж тодорхойлж 56,788,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус үйлдэл, эсхүл эс үйлдэхгүйгээс  нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх нөхцөл байдал, шалтгаант холбоо тогтоогдоогүй байна.  

5.2. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагчийг гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй гэх агуулгаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2022/03109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА