Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 821

 

 

 

 

 

 

 

 2020           06            25                                          2020/ДШМ/821                                                               

 

Б.Э-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

            шүүгдэгч Б.Э-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1908061080191 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын Э, Улаанбаатар хотод 1987 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал, чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 7 жил 10 хоног хорих ял,

2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 6 сар баривчлах ял,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног хорих ял,  тус тус шийтгүүлсэн,

2012 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 8 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 11 жил 1 сар 8 хоног хорих ялаар  тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Б.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онч” цахим тоглоомын газарт 1,105,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг компьютерийн дэлгэц, 2 ширхэг видео карт зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Э-ийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 жил 27 хоног хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий “CD”-г хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-ээс 1,160,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баттүшигт олгож шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шуух хуралдаанд гаргасан тайлбартаа: “... гэм буруу дээр маргаагүй. Хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, би компьютерийн процессорт хүрээгүй байхад доторх эд анги эвдэрсэн байх үндэслэлгүй. Анхан шатны шүүх дээрх эд хөрөнгийг бүгдийг нь эвдсэн гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Иймд хохирлын хэмжээг бодит байдлаар тогтоож өгнө үү” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Э-ийн үйлдсэн хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онч” цахим тоглоомын газарт 1,105,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг компьютерийн дэлгэц, 2 ширхэг видео карт зэрэг эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Баттүшигийн “... Би хяналтын камерын бичлэг үзээд өргөдөл гаргасан. Тэр залуу 2 компьютерийн видео карт, 3 ширхэг дэлгэц холболтын утаснуудыг эвдсэн. Видео карт нь компьютерийн дэлгэцийн ард байрладаг. Тэр залуу У.Нямлхагвыг цохих гээд дэлгэцийг утаснуудаас нь мулт татаад далайж байгаа бичлэг байсан. 2 компьютерийн дэлгэцийг утаснаас нь мулт татаж, нэг дэлгэцийг гараараа цохиод хагалсан. Видео картуудыг засварлах боломжгүй байсан тул шинээр сольсон.” /хх 27-28/,

шинжээч Ж.Отгонбаярын “... Эвдэрсэн зүйлст үзлэг хийхэд “Samsung” загварын 24 инчийн компьютерийн дэлгэц 1 ширхэг хагарч ажиллахгүй болсон. Харин нөгөө дэлгэц нь хэвийн ажиллаж байсан. Тухайн хоёр дэлгэцтэй холбосон 2 ширхэг видео карт доргилтын улмаас ажиллагаагүй болсон байсан. Тухайн картуудыг өөр компьютерт хийж шалгаж үзэхэд алдаа заасан ба үүнийг үзлэг хийхдээ зургаар баталгаажуулсан байгаа” /хх 61-62/,

гэрч У.Нямлхагвын “... Гаднаас хоёр эрэгтэй орж ирээд утсаар яриулахыг хүссэн. Би завгүй байгаагаа хэлэхэд нөгөөх нь “Энэ ямар хэгжүүн бацаан бэ” гээд 23 номерын компьютерийн дэлгэцийг аваад над руу шидэх гээд байхаар нь би цагдаа дуудаж байтал 29 номерийн компьютерийн дэлгэцийг авах гэж байгаад унагаад хагалчихсан” /хх 31-32/ гэх мэдүүлгүүд,

эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-57/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD”-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Б.Э- нь “Онч” тоглоомын газарт утсаар яриулаагүйн төлөө компьютерийн дэлгэцүүдийг хүчээр татаж авсны улмаас дэлгэцүүдэд холбоотой байсан 2 ширхэг видео карт болон 1 ширхэг дэлгэцийг гэмтээж ажиллагаагүй болгосон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодитой байдалтай нийцжээ.  

Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 10 сар 25 хоногийн өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаанд шүүгдэгч дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх уг эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч Ж.Отгонбаяр шинжилгээ хийхдээ шүүгдэгчийн маргаж буй видео картуудыг өөр компьютерт залгаж шалгахад алдаа заасан тул ашиглах боломжгүй гэж үзсэн тухайгаа тодорхой тайлбарлан мэдүүлсэн /хх 61-62/, үүнийгээ баталж шинжилгээний явцыг гэрэл зургаар баримтжуулсан /хх 56/, видео картууд нь компьютерийн процессорт бус дэлгэцэнд холбоотой байсан талаар хохирогч, гэрч, шинжээчид мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой тогтоогдсон буюу видео картууд нь гэмт халдлагад өртсөн эд хөрөнгө мөн гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “...процессорт хүрээгүй тул дотор нь байдаг видео картууд эвдэрсэн байх боломжгүй, хохирлыг үнэн зөв тогтоож өгнө үү...” гэх агуулгатай шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/392 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ         

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН