Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 0392

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч М.Сүхчулуун,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908061080191 дүгээр хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2006 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 жил 15 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар нийт 6 сарын баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 cap 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 11 жил 1 cap 8 хоногийн хорих ял шийтгүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ХМШЗ/185 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, Боржигон овогт Баярбатын Э /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Э нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой газарт компьютерийн дэлгэц 1 ширхэг, видео карт 2 ширхэг зэрэг эд зүйлсийг гэмтээж, бусдад 1.105.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 11 дүгээр сард дүү Эрдэнэхүү тэр PC-ны газар 10 гаруй хоног тоглосон. Би очоод асуухад “би яаж мэддэг юм” гээд маргалдсан. Дэлгэцийг бариад тавьсан. Процессорт хүрээгүй. Хохирлын үнэлгээг дахин гаргуулах саналтай. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг багасгаж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 1908061080191 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Баттүшигийн: ““Онч” цахим тоглоомын газар нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг. ...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой “Онч” цахим тоглоомын газарт очиход манай тоглоомын газрыг хариуцаж ажиллуулдаг У.Нямлхагва гэдэг дүү ““нэг согтуу залуу орж ирээд утсаар яриулсангүй” гэж агсраад хоёр компьютер эвдэлчихлээ, тэр хүнийг цагдаа нар ирээд бариад явсан” гэж хэлсэн. Тэр залуу тоглоомын газрын 2 компьютерийн видео карт, 3 ширхэг дэлгэц холболтын утаснуудыг эвдэлсэн. Видео карт нь компьютерын дэлгэцний ард байрладаг. Дэлгэцнүүдийг утаснуудаас нь мулт татаад дэлгэцүүдээр цохих гээд байгаа бичлэг байна лээ. Хоёр дэлгэцийг бүр мулт татаад, нэг дэлгэцийг гараараа цохиод хагалсан байсан. Тухайн залуугийн эвдэлсэн видео карт, дэлгэцнүүд нь дахин ашиглах, засварлах боломжгүй байсан учир шинээр сольсон. Харин сүүлд гараараа цохиод баруун дээд хэсгийг нь хагалсан дэлгэц нь одоо ашиглагдаж байгаа. Дээрх эд зүйлсийг “ашиглаж болохгүй” гэсэн учир бүгдийг хаячихсан. Тухайн үедээ худалдаж авсан баримт аваагүй. Би тэдгээр зүйлсийг бүрэн сольсон ба 2 ширхэг видео картыг 760.000 төгрөгөөр, 2 ширхэг дэлгэцийг 500.000 төгрөгөөр худалдан авсан. Сүүлд цохиод хагалсан нэг ширхэг дэлгэц нь одоо ашиглаж байгаа учир түүний мөнгийг нэхэмжлэхгүй. Мөн холболтын утас зэрэг жижиг эд зүйлс солих, нааш цаашаа явсан зардал, тухайн компьютер хэвийн ажиллаж байсан бол олох орлого зэрэг гээд 80.000 төгрөг, нийт 1.340.000 төгрөг нэхэмжилж байна.

Манай цахим тоглоомын газарт 1 дэлгэц эвдэрсэн, 1 дэлгэцийн баруун дээд буланд нь жоохон хагарсан бас GTX1050 үзүүлэлттэй видео карт 2 ширхэг эвдэрсэн. Тэгэхдээ нэг дэлгэцийг үнэлүүлэх шаардлагагүй. Тухайн үед 2 дэлгэц эвдэрсэн гэж бодож байсан боловч 1 дэлгэц нь хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28, 30/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020.02.17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 20/003 дугаар тодорхойлолтод: “Зурагт /Самсунг фирм, 24 инч/ 300.000 төгрөг, видео карт /GT1050 загвар/ 2 ширхэг 800.000 төгрөг, видео карт солих 5000 төгрөг, нийт дүн 1.105.000 төгрөг” гэжээ /хх-48/,

Шинжээч Т.Отгонбаярын: “2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Онч” цахим тоглоомын газраас утасдаад “тоглоомын газрын эд зүйлд хохирлын үнэлгээ хийлгэмээр байна, 1 хүн танхайраад эд зүйлс эвдэлчихлээ” гэсэн. Тус тоглоомын газрын эвдэрсэн гэх зүйлсд үзлэг хийхэд Самсунг маркийн 24 инчийн компьютерийн шилэн хамгаалалттай дэлгэц 1 ширхэг хагарч, ажиллахгүй болсон байсан. Харин нөгөө дэлгэц нь хэвийн ажиллаж байсан. Гэхдээ баруун дээд буланд хагарсан байсан. Тухайн 2 дэлгэцтэй холбоотой байсан 2 видео карт доргилтын улмаас ажиллахаа больсон байсан. Тухайн картуудыг өөр компьютерт хийж шалгаж үзэхэд алдаа зааж байсан. Үүнийг үзлэг хийхдээ зургаар баримтжуулан хавсаргасан. Компьютерийн видео картууд нь процессортой VGI-р холбогддог. Видео картууд амархан гэмтэл авдаг. Тухайн үед доргилтын улмаас ажиллахаа больсон шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-60-62/,

CD-д үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Шаргал өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, халаасандаа гараа хийсэн эрэгтэй хүн /Б.Э/, хар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай хоёр хүн бичигдсэн байв. Камерийн бичлэгийн цаг 19:51:39 цагийг зааж байхад шаргал өнгийн куртиктэй эрэгтэй хүн нь /Б.Э/ тухайн цахим тоглоомын газарт нэгэн эрээн өнгийн цамцтай хүнтэй хэрэлдэж байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд камерийн бичлэгийн цаг 19:54:32 цагийг зааж байхад шаргал өнгийн куртиктэй эрэгтэй хүн нь /Б.Э/ сууж байсан газрынхаа компьютерийн дэлгэцийг авч шидэх гэж байгаа нь бичлэгт буусан байв. 19:55:32 цагийг зааж байхад шаргал өнгийн куртиктэй эрэгтэй нь сууж байсан компьютерийнхээ дэлгэцийг гараараа татаж унагаж байгаа нь бичлэгт буусан байв...” гэжээ /хх-19-21/,

Шүүгдэгч Б.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд: “...Яллагдагч Б.Э мэдүүлэг авч байхад “Намайг чи байдаг газар нь аваачиж хийчихээд мэдүүлгээ аваарай” гээд гараад явсныг тэмдэглэл болгон бичив” гэжээ /хх-67-69/,

хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/, мөрдөгчийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” санал /хх-10/, үнэлгээний төлбөрийн баримт /хх-50/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол яллагдагчид танилцуулсан тухай тэмдэглэл /хх-66/, тус шүүхийн шүүгчийн “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж /хх-73-74/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, магадлал, тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт зэргийн хуулбар /хх-99-126/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-129/, хавтаст хэргийн материал яллагдагчид танилцуулсан тухай тэмдэглэл /хх-133/, прокурорын тогтоол /хх-145/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж, эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг үзэж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Онч” тоглоомын газарт шалтаг шалтгаангүйгээр 1.105.000 төгрөгийн эд хөрөнгийг эвдэж, гэмтээсэн болох нь шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. 1.105.000 төгрөгийн төлбөртэй. Шүүгдэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгч ширээн дээр байгаа дэлгэцийг биеийн хүчээр салгаж аван цохих байдлаар далайж байгаа нь бичлэгээр харагддаг. Иймээс дээрх хохирол учирсан. Дэлгэц нь хагарсан ч ажиллаж байгаа учраас хохирогч нэхэмжлэхгүй гэсэн. Хүчээр салгаж авснаас материаллаг хохирол учирсан...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, үйлдэл дээр маргаагүй. Хохирогч 1.160.000 төгрөг нэхэмжилж байгаа. Видео карт яагаад гэмтсэн талаар шинжээч хэлсэн. Процессорт Э хүрээгүй байхад яагаад ажиллахаа байсныг тогтоогоогүй. 2 видео карт худалдаж  авсан гэх боловч баримт байхгүй гэдэг. Бичлэгээр процессор хөдлөөд, эсхүл унасан зүйл харагдахгүй байгаа. Эийн үйлдлийн улмаас 2 ширхэг видео карт эвдэрсэн нь нотлогдохгүй байгаа тул 805.000 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Үлдэх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамж, 05 тоотод байрлах “Онч” цахим тоглоомын газрын компьютерийн дэлгэц 1 ширхэг, видео карт 2 ширхгийг гэмтээж, устгаж бусдад 1.105.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Баттүшигийн “...“Онч” тоглоомын газрыг хариуцаж ажиллуулдаг У.Нямлхагва ““нэг согтуу залуу орж ирээд утсаар яриулсангүй” гэж агсраад хоёр компьютер эвдэлчихлээ, тэр хүнийг цагдаа нар ирээд бариад явсан” гэж хэлсэн. ...Нэг дэлгэц эвдэрсэн, нэг дэлгэцийн баруун дээд буланд нь жаахан хагарсан бас GTX1050 үзүүлэлттэй видео карт 2 ширхэг эвдэрсэн. Тэгэхдээ нэг дэлгэцийг үнэлүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-27-28, 30/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 20/003 дугаар “Зурагт /Самсунг фирм, 24 инч/ 300.000 төгрөг, видео карт /GT1050 загвар/ 2 ширхэг 800.000 төгрөг, нийт дүн 1.105.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-48/, шинжээч Т.Отгонбаярын “2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Онч” цахим тоглоомын газарт очиход Самсунг маркийн 24 инчийн компьютерийн шилэн хамгаалалттай дэлгэц 1 ширхэг хагарч, ажиллахгүй болсон байсан. Гэхдээ баруун дээд буланд хагарсан байсан. Тухайн 2 дэлгэцтэй холбоотой байсан 2 видео карт доргилтын улмаас ажиллахаа больсон байсан. Тухайн картуудыг өөр компьютерт хийж шалгаж үзэхэд алдаа зааж байсан. Үүнийг үзлэг хийхдээ зургаар баримтжуулан хавсаргасан. Видео картууд амархан гэмтэл авдаг...” гэх мэдүүлэг /хх-60-62/,  CD-д үзлэг хийсэн “...Камерийн бичлэг 19:54:32 цагийг зааж байхад шаргал өнгийн куртиктэй эрэгтэй хүн нь /Б.Э/ сууж байсан газрынхаа компьютерийн дэлгэцийг авч шидэх гэж байгаа нь бичлэгт буусан байв. 19:55:32 цагийг зааж байхад шаргал өнгийн куртиктэй эрэгтэй компьютерийн дэлгэцийг гараараа татаж унагаж байгаа нь бичлэгт буусан байв...” гэх тэмдэглэл /хх-19-21/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан СД-д бичигдсэн бичлэгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эийн хохирогч Б.Баттүшигийн “Онч” цахим тоглоомын газрын 1 ширхэг компьютерийн дэлгэц, 2 ширхэг видео картыг устгасан, гэмтээж 1.100.000 төгрөгийн шууд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баттүшигт 1.100.000 төгрөгийн эд хөрөнгийн шууд хохирол, 60.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 1.160.000 төгрөгийн хохирол /хх-50-57/ учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эээс гаргуулж, хохирогч Б.Баттүшиг /Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамж, 03 тоот, утас 99115320, 88011388, РД:чг83122478/-т олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “Хохирлын үнэлгээг дахин гаргуулах, Б.Эийн үйлдлийн улмаас видео карт эвдрээгүй тул хохирлыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан СД-д үзлэг хийсэн “...Б.Э сууж байсан газрынхаа компьютерийн дэлгэцийг авч шидэх гэж байгаа бичлэг буусан байв...” гэх тэмдэглэл /хх-20/, хохирогчийн “...Тэр залуу дэлгэцүүдийг утаснуудаас нь мулт татаад бариад цохих гээд байгаа бичлэг байна лээ. Видео карт нь дэлгэцийнхээ ард байдаг, дахин ашиглах, засварлах боломжгүй байсан учир шинээр сольсон...” гэх мэдүүлэг /хх-27-28/, шинжээчийн “...Тухайн хоёр дэлгэцтэй холбоотой байсан 2 видео карт доргилтын улмаас ажиллахаа больсон байсан, амархан эвдэрч гэмтдэг...” гэх мэдүүлэг /хх-60-62/, эд зүйлийн үнэлгээгээр “24 инчийн, 1 ширхэг Samsung дэлгэцийг 300.000 төгрөгөөр, GT1050 загварын, 4 гега видео карт 2 ширхгийг тус бүр 400.000 төгрөгөөр үнэлсэн” /хх-53-54/ зэргээр шүүгдэгчийн компьютерийн дэлгэцүүдийг ширээн дээрээс аваад цохих гээд далайж байгаа үйлдлийн буюу гэмт хэргийн улмаас 1 ширхэг дэлгэц, 2 ширхэг видео карт устаж, гэмтсэн, улмаар 1.100.000 төгрөгийн шууд хохирол учирсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэсэн болно.         

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг 1 жил 27 хоногоор тогтоох, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, “утсаар яриулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эд хөрөнгөд 1.100.000 төгрөгийн шууд хохирол, нийт 1.160.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдөөгүй, хохирогч “Учирсан хохирлыг төлчихвөл гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хорих төвд байцаалт өгөхгүй гэх шалтгаанаар өгөөгүй атлаа мэдүүлэг өгье гэхээр аваагүй гэж, хэргийн материал танилцуулсан баримтад “танилцлаа” гээд гарын үсэг зурсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт танилцаагүй гэх/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Б.Э хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ХМШЗ/185 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 10 cap 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Эт энэ тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 62 хоног буюу 2 сар 2 хоногийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Эийн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 27 /хорин долоо/ хоногоор тогтоож, дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 хоног /хх-73, 142/-ийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баярбатын Эийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Эт энэ тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 62 хоног буюу 2 сар 2 хоногийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 cap 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Эийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 1 /нэг/ жил 27 /хорин долоо/ хоногоор тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.   

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Эээс 1.160.000 /Нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баттүшиг /Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамж, 03 тоотод оршин суух, утас 99115320, 88011388, РД:чг83122478/-т олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлсэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР