Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2023/00046

 

ТАЗийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02760 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2023/00042 дугаар магадлалтай,

ТАЗийн нэхэмжлэлтэй,

Т.Нт холбогдох,

Төрд учруулсан хохирол 26,614,049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, С.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, С.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Т.Нт холбогдуулан төрд учруулсан хохирол 26,614,049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02760 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар хариуцагч Т.Ноос гэм хорын хохиролд 8,287,068 төгрөгийг гаргуулж төрийн санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,326,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т.Ноос 147,543 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2023/00042 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “8,287,068” гэснийг “14,801,400” гэж, “18,326,982” гэснийг “11,812,649” гэж, 2 дахь заалтын “147,543” гэснийг “231,957” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ТАЗ давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, С.С нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсэг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэл бүхий болоогүй учир эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.ТАЗөөс Т.Нт холбогдуулан төрд учруулсан хохирол 26,614,049 төгрөгийг буруутай албан тушаалтан болох Т.Ноор нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018.08.06-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар Ч.Бг Сургуулийн өмнөх боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт, хөрөнгө орлогын мэдүүлэг, нууцын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халсныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2018.10.16-ны өдрийн 05 дугаар тогтоолоор халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019.03.13-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, 4 дүгээр сарын 3-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин 8,634,394 төгрөгийг олгожээ. Мөн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018.08.02-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар Л.Цг Хуулийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлснийг ТАЗийн 2018.10.12-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019.02.12-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Хуулийн хэлтсийн даргын албан тушаалд томилж, 28-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ажилгүй байсан хугацааны цалин 10,436,281 төгрөгийг олгожээ.

4.2.Анхан болон давж заалдах шатны шүүх “...ТАЗ болон Салбар зөвлөл Ч.Б, Л.Ц нарыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг тогтоосон боловч томилох эрх бүхий албан тушаалтан дээрх албан хаагчдыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилоогүйн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн, үүнийг Т.Н хариуцах үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.

4.3.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “...төрийн албан хаагчийг...хууль бусаар...чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтыг төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлснийг ТАЗ, Салбар зөвлөл, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж ойлгоно. Гэтэл анхан шатны шүүх Ч.Б, Л.Ц нарыг хууль бусаар төрийн албанаас чөлөөлснийг Зөвлөл болон Салбар зөвлөл тогтоосон гэж зөв дүгнэсэн атлаа уг албан хаагчдыг төрийн албанд томилоогүй эс үйлдэхүй гаргасан нь төрд учруулсан хохирлыг нэмэгдүүлсэн энэ хохирлыг хариуцагч Т.Н хариуцах үндэслэлгүй гэж хуулийн уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлснийг эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан болох Т.Ноор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх байтал томилоогүй эс үйлдэхүй гаргасан яамны Төрийн нарийн бичгийн даргыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг...хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ”, 25.7.5.а дахь заалтад “анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын гомдол гаргаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцагч Т.Нын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд 26,614.049 төгрөгийн хохирлыг учруулсан байхад хохирлын хэмжээг бууруулж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул төрд учруулсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан болох Т.Ноор нөхөн төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтад зааснаар уг шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн өмгөөлөгч М.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

5.1.Давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5.1.1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.06-ны өдрийн 695 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Оийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019.03.12-ны өдрийн 402 дугаар захирамжаар талууд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилохгүйгээр өөр ажлын байраар хангахаар эвлэрснийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.12.20-ны өдрийн 0852 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.А хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргатай эвлэрснийг баталсан. Дээрх 2 иргэнтэй холбоотой хэргийн шүүгчийн захирамжаар тэднийг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль бус байсныг тогтоогоогүй, тэднийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгоогүй байна. Иймд тэднийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан үндэслэл бүрдээгүй байна.

5.1.2.Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, шүүхийн шийдвэрийн 10 дугаар талд “Хэдийгээр Т.А, Д.О нарт улсын төсвөөс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгогдсон байгаа боловч тэд шүүхийн шатанд хариуцагч буюу өөрийн ажил олгогчтойгоо харилцан тохиролцож, захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан “Хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн” болохыг тогтоолгоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүх болон ТАЗ, эсхүл Салбар зөвлөл нь төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг тогтоосны үндсэн дээр төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан байх бөгөөд Т.А, Д.О нарт олгогдсон нөхөн олговрын хувьд шийдвэр гаргасан албан тушаалтны гэм буруу тогтоогдоогүй байна” гэсэн байдаг.

5.1.3.Гэтэл давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан “Хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн” болохыг тогтоох талаар буруу дүгнэж, магадлалын Хянавал хэсгийн 3.3-д “Дээрхээс дүгнэхэд, нэр бүхий нэхэмжлэгч нарын гаргасан төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрсөн байх ба ийнхүү зөвшөөрсөн нь гэм буруугийн асуудлаар шийдвэр гараагүй гэж хариуцагч хожим маргах үндэслэл болохгүй. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг шүүх тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Иймээс Г.Ад олгосон олговор 1,750,456 төгрөг, Д.Од олгосон олговор 3,786,505 төгрөгийг тус тус хариуцагч Т.Ноос гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй” гэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нөхцөлд шүүгч эвлэрснийг баталсан захирамж гаргадаг бөгөөд уг захирамжаар хариуцагчийн гэм буруугийн талаар шүүх дүгнэлт өгдөггүй, гэм бурууг тогтоодоггүй болно. Талууд эвлэрэх шалтгаан нь ганцхан хариуцагчийн гэм буруутай эсэх асуудал байдаггүй бөгөөд уг маргаанд хамааралтай хүмүүсийн хоорондын хувийн харилцаа гэх мэт олон шалтгаантай байдаг. Иймд хариуцагч нь шүүхээр өөрийн гэм буруутай эсэхийг тогтоолгохгүйгээр нэхэмжлэгчийг буцааж ажилд нь авахаар зөвшөөрснийг шууд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж болохгүй.

5.1.4.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн нь төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлснийг шүүх тогтоосон нөхцөлд л хэрэглэгдэх ёстой.

5.1.5.Тэр тусмаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хариуцлагыг хүлээлгэхийн тулд энэ тохиолдолд хариуцагчийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байх ёстой юм. Нэгэнт Т.А, Д.О нарыг хууль бусаар төрийн албанаас чөлөөлснийг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй тул тэднийг хариуцагч хууль бусаар чөлөөлснийг нэхэмжлэгч ТАЗ энэ хэрэгт нотлох шаардлагатай байсан. Гэвч уг нотлох ажиллагааг хийгээгүй, нотлох баримт бүрдүүлээгүй байж, эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжаар гэм буруу нь нотлогдсон мэтээр тайлбарлаж, давж заалдах шатны шүүх түүнийг нь дэмжиж, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон “хууль бусаар чөлөөлснийг шүүх тогтоосон” гэсэн хатуу шаардлагыг буруугаар тайлбарлаж хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Г.Ад холбогдох 1,750,456 төгрөг, Д.Од холбогдох 3,786,505 төгрөг, нийт 5,536,961 төгрөгийг хариуцагч Т.Ноос гаргуулах төлбөрөөс хасч өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, С.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.02.16-ны өдрийн 001/ШХТ2023/00147 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Т.Нт холбогдуулан 26,614,049 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Т.Н нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах үедээ ажилтан Д.О, Л.Ц, Ч.Б, Т.А, С.Н нарыг ажлаас чөлөөлснийг шүүх болон ТАЗ, Салбар зөвлөл тогтоосноор тэд ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 26,614,049 төгрөгийг яамнаас авсан, хариуцагч нь эдгээр ажилтныг ажлаас хууль бусаар халж шийдвэр гаргасан тул байгууллагаас олгосон мөнгөний хэмжээгээр төрд хохирол учирсан гэж үзэн буруутай этгээдээс гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа, “Д.О, Т.А нарыг ажлаас хууль бусаар чөлөөлсөн эсэхийг шүүх тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрснээр маргааныг шийдвэрлэсэн, иймээс хохирлыг хариуцахгүй, Л.Ц, Ч.Б, С.Н нарын хувьд тушаал үндэслэлгүй байсныг эрх бүхий байгууллага тогтоосон боловч яамны зүгээс ажилд эгүүлэн томилохгүй хугацаа алдсан, нийт хохирлоос 8,667,412 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэж маргажээ.

9.Анхан шатны шүүх “...Т.А, Д.О нар шүүхийн шатанд өөрийн ажил олгогчтойгоо харилцан тохиролцож, захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн, улсын төсвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгогдсон боловч ... шийдвэр гаргасан албан тушаалтны гэм буруу эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй гэж үзнэ, иймд тэдэнд олгосон олговрын хэмжээгээр хохирол шаардсаныг хангах боломжгүй, С.Н, Ч.Б, Л.Ц нарыг ажил олгогч хууль бусаар ажлаас халсныг шүүх болон ТАЗ болон байгууллагын салбар зөвлөл тогтоосон байна, иймээс хохирлыг хариуцагч хариуцах боловч тухайн цаг хугацаанд байгууллага ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй, хугацаа удааширснаас хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзнэ, нийт 8,287,068 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ажилтанг төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг шүүх тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, иймээс Т.Ад олгосон олговор 1,750,456 төгрөг, Д.Од олгосон олговор 3,786,505 төгрөгийг тус тус хариуцагчаас нэмж гаргуулж олгох нь зүйтэй, Ч.Б, Л.Ц нарын хувьд ...Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааны олговрыг хариуцагч хариуцах үндэслэлгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч тооцооллыг буруу хийсэн...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас нийт 14,801,400 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

10.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх гэм хорын хохирол гаргуулах шаардлагын үндэслэл болж буй үйл баримтын хууль зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Иргэний хуулийн агуулгыг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байна.

11.2017 онд батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.”, /энэ заалтад 2022.07.05-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон боловч буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх агуулга хэвээр/ 50.2-т “Төрийн албаны төв байгууллага ... төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэсэн хэм хэмжээг хуульчилсан байна. Иймээс ТАЗ нь хариуцагч Т.Нт холбогдуулан хохирол гаргуулах шаардлага гаргах эрхтэй байна.

12.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”-г, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.

Харин ийнхүү гэм хорыг хуулийн этгээд буюу төр хариуцан арилгасан бол байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д журамлажээ.

13.Т.Н нь 2018.06.06-ны өдрөөс 2018.08.22-ны өдөр хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байхдаа Д.О, Л.Ц, Ч.Б, Т.А, С.Н нарыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан бөгөөд Л.Ц, Ч.Б, С.Н нарт холбогдох тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх болон ТАЗ, яамны салбар зөвлөл тогтоож, улмаар ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг байгууллагаас гаргуулж олгосон нь тогтоогдсон байна.

Хоёр шатны шүүх Л.Ц, Ч.Б, С.Н нарт олгосон олговрын хэмжээгээр хохирол шаардсан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ эдгээр ажилтанд олгосон олговрын хэмжээгээр төрд хохирол учирсан, уг хохирол учрахад хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтны гэм буруутай үйлдэл, эдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон боловч харин шүүх болон ТАЗ, яамны салбар зөвлөлийн шийдвэр нэгэнт гарсан атал шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам цаг хугацаанд нь биелүүлээгүй 3-5 сарын дараа ажилтныг ажилд томилох тушаал гаргасан тул олговрын хэмжээ нэмэгдсэн, уг хугацааны хохирлыг хариуцагч Т.Ныг төлөх үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн илтэд буруутай үйлдэл нөлөөлсөн бол хохирлыг багасгаж болох зохицуулалтад нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, Л.Цг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох ТАЗийн 94 дүгээр тогтоол 2018.10.12-ны өдөр гарсан байхад яамны төрийн нарийн бичгийн даргын 2019.02.12-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар түүнийг ажилд нь эгүүлэн томилж, 10,436,281 төгрөг олгосон, Ч.Бг яамны салбар зөвлөлөөс 2018.10.16-ны өдрийн 05 тоот тогтоолоор эргэж ажилд нь томилохоор шийдвэрлэснийг 2019.03.13-ны өдрийн Б/67 тоот тушаалаар томилж, 8,634,394 төгрөг олгосон, С.Нг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр 2018.12.10-ны өдөр гарсан атал 2019.02.15-ны өдрийн Б/35 тоот тушаалаар ажилд томилж, 3,543,028 төгрөг тус тус олгосон нь шүүхийн шийдвэр болон ТАЗ, салбар зөвлөлийн тогтоолыг ажил олгогч цаг алдалгүй биелүүлээгүйтэй холбоотойгоор хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзнэ. Иймээс энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “ажилтнуудад олгосон олговрын нийт хэмжээгээр бус зөвхөн шүүхийн шийдвэр, ТАЗ, салбар зөвлөлийн шийдвэрт заасан хэмжээгээр хохирол гаргуулсныг зөвшөөрөхгүй” гэснийг хүлээн авах үндэслэлгүй, иймд гомдлыг хангахгүй орхино.

 14.Харин Д.О, Т.А нарын хувьд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч маргааныг шийдвэрлэсэн тул хариуцагчийн гэм бурууг шүүх болон эрх бүхий этгээд тогтоосон гэж үзэхгүй, иймээс Төрийн албаны тухай хууль болон Иргэний хуулийн гэм хорын хохирол төлүүлэх шаардлага гаргах урьдач нөхцөл үүсээгүй гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулахдаа “...Д.О, Т.А нарын хууль бусаар чөлөөлөгдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг ...яамны төрийн нарийн бичгийн дарга хүлээн зөвшөөрсөн байх ба ийнхүү зөвшөөрсөн нь гэм буруугийн асуудлаар шийдвэр гаргаагүй гэж хариуцагч хожим маргах үндэслэл болохгүй, төрийн албанаас хууль бусаар чөлөөлснийг шүүх тогтоогоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу” гэж үзсэн бөгөөд хариуцагч Т.Н нь 2018.08.22-ны өдрөөс гүйцэтгэж байсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн, дараагийн томилогдсон төрийн нарийн бичгийн дарга Т.Агийн хувьд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ажилгүйдлийн тэтгэмжийг хасч, цалин хөлстэй тэнцэх олговорт 2,161,057 төрөг олгохоор эвлэрсэн, Д.Оийн хувьд яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлснийг зохигч эвлэрэхдээ өөр ажил буюу тухайн газрын Инновацийн хэлтсийн даргын албан тушаалд томилохоор тохиролцсон нь тогтоогдсон байна.

Хэдийгээр зохигчийн эвлэрлийг баталж шүүгч захирамж гаргаж байгаа боловч тухайн захирамжийг хариуцагчийн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр гэж үзэхэд дутагдалтай, тухайлбал, энэ маргаан, зохигчийн мэтгэлцээний үр дүнд хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Т.А, Д.О нарыг эвлэрлийг баталгаажуулсан захирамжийн дагуу ажилд эгүүлэн томилж, улмаар цалин хөлстэй тэнцэх олговор олгосон тэр хэмжээгээр хариуцагч Т.Н төрд хохирол учруулсан гэж үзэх буруутай үйлдэл, гэм буруу, учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

15.Дурдсан үндэслэлээр Т.А, Д.О нарт олгосон олговортой холбоотой хохирлыг хариуцагчаас гаргуулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг ханган магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2023/00042 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ТАЗ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Н /өмгөөлөгч М.Б/-ын улсын тэмдэгтийн хураамжид 2023.01.18-ны өдөр төлсөн 104,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД