Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 104/ШШ2021/00075

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....................................... оршин суух,  ******* овогт Ч.Э /РД: ........................../-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: .......................... тоотод байрлах, .......................... ХХК-д холбогдох

15 358 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

хариуцагийн төлөөлөгч Х.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э нь .......................... ХХК-ийн мах худалдан авна гэсэн зарын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100 ширхэг буюу 1 500 кг махыг нэг клограммыг 4 400 төгрөгөөр тооцож 6 600 000 төгрөгөөр, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200 ширхэг буюу 3 610 кг махыг нэг клограммыг 4 400 төгрөгөөр тооцож, 15 884 000 төгрөгөөр худалдсан. .......................... ХХК-д 2 удаа мах нийлүүлсний үнэ 22 484 000 төгрөг болсон. .......................... ХХК нь махыг Ч.Э гэх хүнээс худалдаж авч, хүлээж авсан гэдэг дээр маргадаггүй боловч  5 110 килограмм махны үнэ болох 22 481 000 төгрөгөөс 15 358 850 төгрөгийг Ц.Б хариуцах ёстой гэдэг боловч нэхэмжлэгч нь Ц.Б биш .......................... ХХК-тай л худалдаа хийсэн, тийм ч учраас хариуцагч нь нэхэмжлэгчид махны үнэ гэж 7 125 150 төгрөгийг төлж байсан байдаг. Иймд махны үлдэгдэл төлбөр 15 358 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн иргэн Ц.Б гэгч /махны ченж/ залуутай тохирч “Бэлтгэн нийлүүлэх” гэрээ хийсэн, гэрээ ёсоор бид урьдчилж мөнгөө Ц.Б рүү өгч байсан ба Ц.Б хүлээн авсан мөнгөндөө малын мах нийлүүлж байсан. Цэрэндоржийн Ц.Б нь  ....................... тоот ХААН банкны дансаар дамжуулан манайхаас 15 000 000 төгрөгийн урьдчилгаа мөнгө гэж авч явсан болно.

Гэрээний дагуу Ц.Б нь Ч.Эын ямааны махыг манайд нийлүүлсэн, түүнээс Ч.Э шууд манайд малын мах нийлүүлээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100 ширхэг ямааны буюу 1 500 кг махыг нэг клограммыг 4 400 төгрөгөөр тооцож 6 600 000 төгрөгөөр, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200 ширхэг ямааны буюу 3 610 кг махыг нэг клограммыг 4 400 төгрөгөөр тооцож 15 884 000 төгрөгөөр тооцож хүлээн авсан нь үнэн, маргах зүйлгүй. Гэхдээ өмнө хэлсэнчлэн Ц.Б энэ махыг нийлүүлсэн. Тухайн үед төлбөрийн асуудлыг тооцоод манай хариуцах нь 7 125 150 төгрөг байсан тул Ч.Эын нөхрийн данс руу энэ мөнгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 15 358 850 төгрөгийг Ц.Б Ч.Эд төлөх ёстой, тийм ч учраас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр энэ талаар баталгааг гаргаж өгсөн. Энд яригдаж байгаа Ц.Бэс өөр Ц.Б гэсэн хүн Ч.Эын ямааны мах нийлүүлсэн асуудалд байхгүй юм.

Мөн Ч.Э, Ц.Б нар нь ах, дүү хүмүүс бөгөөд нийлж манайхыг хуурч, залилан мэхэлж явна гэж бодож байна. Учир нь Ч.Э нь Ц.Бтэй мах авч ирэх болгондоо хамт ирж байсан. Махаа авчраад буулгахдаа бид танайхаас урьдчилж авсан мөнгөндөө махаа авч ирж байна шүү гэж хэлж байсан. Манай зүгээс зөвхөн мах хүлээж авсан гэх падааныг өгсөн. Энэ падаан нь ямар нэгэн төлбөр төлөх, үүрэг үүсгэх баримт биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч .......................... ХХК-иас ямааны мах худалдасны төлбөр 15 358 850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Ч.Эаас .......................... ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100 тооны ямааны 1 500 кг махыг 1 кг-ыг 4 400 төгрөгөөр тооцон 6 600 000 төгрөгийн үнэ бүхий, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200 тооны  ямааны 3 610 кг махыг 1 кг-ыг нь 4 400 тооцон 15 884 000 төгрөгийн үнэ бүхий, нийтдээ 22 484 000 төгрөгийн үнэ бүхий 5 110 кг ямааны махыг хүлээн авсан гэх үйл баримт талуудын маргаагүй өгсөн тайлбараар тогтоогдсон, энэ талаар .......................... ХХК-иас олгосон 2018 оны 11 дүгээр сарын 28, 12 дугаар сарын 01-ний өдрүүдийн санхүүгийн тэмдэг дарагдсан орлогын баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч нь Ч.Эын хүлээлгэн өгсөн мах нь “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу Ц.Бий нийлүүлсэн мах бөгөөд төлбөрийг нь Ц.Бд урьдчилж шилжүүлсэн тул Ц.Б уг төлбөрийг хариуцах ёстой, Ч.Э, Ц.Б нар нь хуйвалдаж тус компанийг залилан мэхэлж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хэм хэмжээ баримтлав. Энэ хүрээнд хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай харилцаа уялдаа бүхий байдлаар нотлогдоогүй учир Ц.Бий 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бичсэн гэх “Баталгаа”-г хэрэгт хамааралтай нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хариуцагчийн гаргасан мэтгэлцээний байр суурийг хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай харьцуулан авч үзээд хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Хэрэгт .......................... ХХК болон Ц.Б нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” авагдсан байгаа боловч энэ гэрээнд мах бэлтгэн нийлүүлэх талаар тусгаагүй, мөн энэ гэрээний дагуу Ц.Б нь Ч.Эын .......................... ХХК-нд хүлээлгэн өгсөн ямааны махыг бэлтгэн нийлүүлсэн болохыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан өөрийн мэтгэлцээний байр суурийг хуульд заасан арга журмын дагуу цуглуулсан баримтаар нотлох зарчмын хүрээнд нотолж чадаагүй байна. Түүнчлэн хариуцагчийн нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мах хүлээн авсан орлогын баримтад нийлүүлэгч нь Ц.Б гэж бичигдсэн байгаа боловч энэ нь Ц.Бтэй байгуулсан “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-нд хамааралтай гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “... Ц.Бийн ХААН банкны ....................... тоот данс руу мах авах урьдчилгаа мөнгийг шилжүүлж байсан ....” гээд үүнийг нотолсон .......................... ХХК-ийн ....................... тоот дансны “.... ....................... тоот данс руу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 617 000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, 12 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн ...” хуулгыг хэрэгт баримтаар гарган өгчээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банк ХХК-ийн Налайх тооцооны төвөөс ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05749/313 тоот албан бичигт “....................... тоот дансыг ....................... регистрийн дугаартай Нямжавын Ц.Б гэх хүн эзэмшдэг” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч .......................... ХХК-ийн Ч.Эаас хүлээн авсан махны төлбөрийг Ц.Бд урьдчилж шилжүүлсэн гэх байр суурь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Мөн хариуцагчийн зүгээс Ч.Э, Ц.Б нар нь малын махны мөнгийг урьдчилж авсан атлаа үгсэж хууран мэхлэж мөнгө нэхэмжилж байна гэж маргасан байр сууриа өмнө дурдсан мэтгэлцэх зарчмын хүрээнд баримтаар нотолж чадаагүй байна.

Энэ хэсэгт өгсөн дүгнэлтүүдээр хариуцагчийн Ц.Бтэй байгуулсан гэрээний хүрээнд нэхэмжлэгч Ч.Э малын мах нийлүүлсэн болох нь, Ч.Эын малын махны үнийг Ц.Бд хариуцагч нь урьдчилж шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдсонгүй.

Хэрэв Ц.Б гэх хүнд махны урьдчилгаа мөнгө өгөөд хохирсон гэж үзэж байгаа бол хариуцагч .......................... ХХК нь Ц.Бд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй билээ. Онцлоход, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Б гэх хэд хэдэн хүний нэр талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар гарч ирэхэд зөвхөн Ц.Б энэ харилцаанд хамааралтай гэж хариуцагч тал тодорхойлсон бол нэхэмжлэгч нь Ц.Б гэх ямар ч хүн малын махыг .......................... ХХК-нд нийлүүлсэн харилцаанд огт оролцоогүй гэж тайлбарласан.

 

Ч.Эаас .......................... ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 28, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд нийтдээ 22 484 000 төгрөгийн үнэ бүхий 5 110 кг ямааны махыг хүлээн авсан гэх тогтоогдсон үйл баримт, энэ талаар хариуцагчаас олгосон орлогын баримт, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчаас нэхэмжлэгч талд махны үнэ гэж 7 125 150 төгрөг шилжүүлсэн, мөн хариуцагчийн гаргасан мэтгэлцээний байр суурийг шүүх нотлох баримтын үнэлгээний явцад хүлээн аваагүй тул хариуцагч .......................... ХХК болон нэхэмжлэгч Ч.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар амаар харилцан тохиролцож, уг тохирооны дагуу нэхэмжлэгч нь 5 110 кг ямааны махыг хариуцагчид хүлээлгэн өгч, ийнхүү хүлээн авснаа нотолж хариуцагч нь орлогын баримтыг үйлдэж, төлбөрийн зарим хэсгийг төлсөн байна. Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээний дагуу худалдаж буй ямааны махаа Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хариуцагчид хүлээлгэн өгсөн, энэхүү үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах өөр үүрэг гүйцэтгүүлэгч байхгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар тогтоогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид барааны үнийг төлөх үүрэгтэй тул 22 484 000 төгрөгийн махны үнээс төлөгдөөгүй үлдсэн 15 358 850 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч Х.У нь Ц.Бийг хамтран хариуцагчаар, эсхүл гуравдагч этгээдээр татах тухай хүсэлт гаргасныг шүүхээс гарах шийдвэр нь Ц.Бийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөнө гэж үзэх шууд үндэслэл, нотлох баримт байхгүй, хариуцагчийн гаргасан Ц.Бийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШЗ2021/00259 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1245 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2020/00762 дугаар тогтоолоор урьд гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “... хариуцагч нь Ц.Бтэй байгуулсан Бэлтгэн нийлүүлэх гэрээ гэх баримт авагдсан байна ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Бийг оролцуулах эсэхийг тодруулах нь ач холбогдолтой байна ... маргааны үйл баримтыг тодруулснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ ... мөнгө шилжүүлэн авсан дансны эзэмшигч хэн болох нь тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна ...” гэж дүгнэсэн бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлт, тайлбараар холбогдох дансны эзэмшигчийн лавлагаа авагдсан, Ц.Бийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх асуудлыг талуудын зарчмын хүрээнд шүүх шийдвэрлэж, зохих дүгнэлтүүдийг өгсөн болно.

 

Нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 234 744.25 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас  234 744.25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан .......................... ХХК-иас 15 358 850 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Ч.Эд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 234 744.25 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас  234 744.25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ