Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1245

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2019/00148 дугаар шийдвэртэй, Ч.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Г К И Г” ХХК--д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 15 358 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Норовсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Г К И Г” ХХК--ийн “мах худалдан авна” гэсэн зарын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 100 ширхэг ямааны гулууз махыг нэг килограммын 4 400 төгрөгийн үнээр тооцож 6 600 000 төгрөгийн үнэ бүхий 1 500 килограмм махыг Налайх дүүрэгт байрладаг мах бэлтгэдэг төвд нь хүлээлгэн өгөөд төлбөр тооцооны асуудал ярихад “компани учраас компанийн данснаас мөнгийг нь шилжүүлнэ” гээд худалдан авсан махны хэмжээ, үнэ бичсэн падаан өгсөн. Үүнээс хойш 3 хоногийн дараа 2018 оны 12 дугаар сарын 01-нд үлдэгдэл 3 610 килограмм, 200 ширхэг ямааны гулууз махыг урьд тохирсон үнээр тооцож 15 884 000 төгрөгт өгсөн. Нийт 22 484 000 төгрөгт 5 110 килограмм мах хүлээлгэн өгсөн.

Хариуцагч махны төлбөрийг дансаар шилжүүлнэ гэхээр нь махаа өгч, баримт аваад явсан. Дансаар хийхгүй болохоор нь очиж уулзсан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч компанийн данснаас Ч.Э-ын нөхөр С.Отгонбаатарын дансанд 7 125 150 төгрөг шилжүүлснээс өөр төлбөр хийгээгүй. 2 удаа мах буулгахад автомашиныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие барьж явсан учраас махыг хаана буулгасан, хэдэн килограмм мах байсан тухай сайн мэдэж байна. Хариуцагчийн тайлбарлаж буй Ц.Бат-Эрдэнэ гэдэг хүн энэ компанийн ажилтан эсхүл ченж аль нь болохыг мэдэхгүй. Өөрсдийн биеэр 5 110 килограмм мах өгч баримт бичүүлээд авсан болохоор махны үнийг шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Манай компани 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн иргэн Ц.Бат-Эрдэнэтэй мах байнга нийлүүлдэг хүнтэй болох зорилгоор “мах бэлтгэн нийлүүлэгчийн гэрээ” байгуулсан ба 15 000 000 төгрөгийн урьдчилгааг “Хаан банк” ХХК дах 5779043282 тоот данс руу нь шилжүүлсэн болно. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1 500 килограмм ямааны мах, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3 610 килограмм ямааны мах тус тус авчирч өгсөн. Сүүлийн 3 610 килограмм ямааны махыг 4 300 төгрөгөөр авна гэснийг 4 400 төгрөг гэж бичсэн. Компани 15 000 000 төгрөгийн урьдчилгааг Бат-Эрдэнэд өгсөн. Махны нийт үнэ 22 484 000 төгрөг болсон.

Хариуцагч мах бэлтгэж эхэлсэн үеэс одоог хүртэл Ч.Э- гэдэг хүнтэй ямар нэг гэрээ байгуулаагүй, танихгүй. Тэрээр Ц.Бат-Эрдэнэтэй ах, дүү гээд хамт явж байсан, хоорондоо хамааралтай бөгөөд хамтран нийлж компани залилдаг байх гэж үзэж байна. Манай компани баримт бичиж өгдөг. 7 384 000 төгрөгийг Ч.Э- мах буулгах үед Ц.Бат-Эрдэнэтэй хамт ирсэн болохоор өгсөн. Тухайн үед Ц.Бат-Эрдэнэд урьдчилгаа мөнгийг өгөөд махаа авдаг байсан бөгөөд үлдэгдэл төлбөр тооцооны асуудал байхгүй, хэрэгт авагдсан орлогын баримтууд Ц.Бат-Эрдэнэ нэртэй байгааг анхаарна уу  гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”Г К И Г” ХХК--иас 15 358 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 744.25 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Г К И Г” ХХК--иас 234 744. 25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “Г К И Г” ХХК- нь иргэн Ц.Бат-Эрдэнэтэй 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулж, гэрээний дагуу мах худалдан авч, төлбөрийг төлсөн. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Ч.Э- нь 2018 оны 11 дүгээр сарьн 28, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нийт 5 110 килограмм ямааны махыг хариуцагч “Г К И Г” ХХК--д хүлээлгэн өгч, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 7 125 150 төгрөгийг дансаар хүлээн авсан үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна” гэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагчийн зүгээс Ч.Э-аас 5 110 килограмм ямааны мах хүлээн авсан боловч махны ченж Ц.Бат-Эрдэнээс мах худалдаж авсан, энэ нь Ц.Бат- Эрдэнэтэй байгуулсан гэрээний үүргийг түүний өмнөөс Ч.Э- бодит үйлдлээр гүйцэтгэснээс хэтрэхгүй юм. Хариуцагч нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компани бөгөөд зах зээлээс мах худалдан авахдаа махны ченжүүдээс бөөндөж авдаг, ченжүүд нь жижиглэн худалдагчдаас мах цуглуулж авах байдлаар арилжаа явагддаг нь өнөөгийн бодит нөхцөл байдал юм.

Гэтэл шүүхээс зах зээл дэх арилжааны үйл явцыг буруу дүгнэсэн бөгөөд Ч.Э-аас мах хүлээн авсан бодит үйлдлийг худалдах, худалдан авах гэрээний шинж гэж үзсэн нь буруу юм. Нөгөө талаас хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн үйлдлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзсэн нь буруу. Бодит байдал дээр гуравдагч этгээдээс эд хөрөнгө хүлээн авч, хариу төлбөрийг гүйцэтгэж болно. Гол нь худалдах, худалдан авах гэрээг хэнтэй байгуулсан, талуудын хүсэл зориг юу байсан гэдэг нь чухал байтал шүүхээс өнгөц дүгнэлт хийсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчим, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх зарчмыг зөрчсөн. Ц.Бат-Эрдэнэд бэлтгэн нийлүүлсэн нийт махны 70 хувиас илүү төлбөр төлсөн үйл баримт байхад шийдвэрт тусгаж үнэлээгүй, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болох гэрээ болон зарлагын баримт дээрх агуулгыг хэрхэн үнэлж байгаа талаар тусгаагүй, шүүхээс тогтоосон үйл баримтуудад эргэлзээ төрүүлэхүйц үйл баримтуудыг агуулж байхад үл ойшоож үнэлээгүй, хариуцагчийн гаргаж өгсөн бодит бичмэл баримт байсаар байхад хэргийг нэхэмжлэгчийн хийсвэр тайлбар дээр үндэслэж шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэр хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхийн шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байгаа тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Э- нь хариуцагч “Г К И Г” ХХК--д холбогдуулан, мах худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 15 358 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт хариуцагч “Г К И Г” ХХК--ийн Ц.Бат-Эрдэнэтэй байгуулсан “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” гэх баримт авагдсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хэрэгт хавсаргасан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орлогын баримт”-д махыг хүлээлгэн өгсөн гэх хэсэгт Ч.Э- гарын үсэг зурсан байх боловч “бэлтгэн нийлүүлэгчийн нэр” гэх хэсэгт Бат-Эрдэнэ гэж бичигдсэн байна. /хх5, 21-23/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ, нэхэмжлэгчээс махыг хүлээн авсан боловч бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг Ц.Бат-Эрдэнэтэй байгуулж, урьдчилгаа мөнгийг түүнд төлсөн, Ч.Э- нь түүнтэй хамаарал бүхий этгээд гэж тайлбарлаж буй тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Бат-Эрдэнийг оролцуулах эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэх хүрээнд маргааны үйл баримтыг тодруулснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэх юм. 

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан хариуцагч “Г К И Г” ХХК--ийн “Хаан банк” ХХК дах Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад 5779043282 дугаартай дансанд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “махны үнэ” 2 617 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “малын үнэ урьд...” 10 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Махны мөнгө” гэсэн гүйлгээний утгаар нийт 17 617 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд тухайн 5779043282 тоот дансны эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй байна. /хх26-27/

 

Иймээс хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2019/00148 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч “Г К И Г” ХХК--ийн 234 744 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА