Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00560

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/00560

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, регистрийн дугаартай, Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, регистрийн дугаартай, М ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 444.433.768,25 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, Г.Батбаатар, хариуцагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Цэдэнрагчаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, Г.Батбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк зээлдэгч М ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ТЗ-14/005 тоот зээлийн гэрээг байгуулж, 474.000.000 төгрөгийг төслийн зээлийн зориулалтаар сарын 0.583 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгээр зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ТЗ-14/005 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТЗ-14/005 зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны 401 тоот хаягт байрлах, 242 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 66 дугаар байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах, 36 м.кв талбай бүхий авто зогсоол, УББ 09-09 улсын дугаартай, Бенз Эм Эл-350 маркийн суудлын автомашин зэргийг барьцаалсан болно. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгч М ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 106.000.826,10 төгрөг, зээлийн хүүнд 107.775.374,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 609.667,78 төгрөг, нийт 214.385.868,48 төгрөг төлсөн байна. М ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд банкны зүгээс зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд М ХХК-иас зээлийн төлбөрт 367.999.173,90 төгрөг, зээлийн хүүнд 68.266.754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8.167.840,36 төгрөг, нийт 444.433.768,25 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунсүрэн нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах барьцааны гэрээ болон фидукцийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан байна. Зээлийн зориулалт нь Хүүхэд эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулах зориулалтаар 5 жилийн хугацаатай энэ гэрээг байгуулсан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд 3.600.000 төгрөгийг төлж явахаар графикт тусгасан. Банкнаас өгсөн дэлгэрэнгүй хүснэгтийг харахаар 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлж чадахгүй болсон нөхцөл байдал үүссэн байна. Энэ тохиолдолд банкнаас гэрээг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл хүргэлгүйгээр, нэмэгдүүлсэн хүү бодоод явж байгаа нь хуульд нийцэхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэгэнт төлбөрийн чадвар алдагдаад эхэлж байгаа тохиолдолд энэ гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломж байгаагүй юм уу, ингэсэн бол тухайн үед ядаж 214.000.000 төгрөгийн төлөлтийг хүүд суутгуулаад явахгүй байх боломж бүрдэхгүй, хариуцагчид өрийн дарамт үүсэхгүй байсан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа үр дүн гарахгүй нь мэдэгдэх юм бол гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Үүнийг яагаад хэрэгжүүлэхгүй яваад байсан бэ гэдийг бодолцож үзнэ үү. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т хэтэрсэн хугацааны хүүг талууд гэрээндээ тохирох ёстой. Үүнээс хойш гэрээгээр тохироогүй байгаа хүүг авъя гэж байгаа бол хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн материалтай танилцахад тусгай зөвшөөрөл байхгүй учраас банк гэж ойлгоход хэцүү гэж ойлгосон. Тиймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээ байгаа учраас нэмэгдүүлсэн хүүг хасаад үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар зохицуулалттай гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргахыг хүсье гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 444.433.768,25 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

М ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ү ХХК-тай ТЗ-14/005 тоот зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, 474.000.000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 7, /сарын 0.583/ хувийн хүүтэйгээр зээлж, гэрээний 4.1-т зааснаар гэрээний хавсралтад заасан эргэн төлөх графикт хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохирч, мөн өдрөө ТЗ-14/005 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж М ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн 5 өрөө орон сууц, авто зогсоол, мөн өдрөө ТЗ-15/005 тоот фидуцийн гэрээ байгуулж 0909 УББ улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн Бенз ЭмЭл-350 /Benz ML-350/ маркийн автомашин зэргийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны, фидуцийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч М ХХК-ийг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, төлбөрөө төлөхийг шаардаж, удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч бүрэн төлөөгүй тул үндсэн зээлд 367.999.173,90 төгрөг, хүүнд 68.266.754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8.167.840,36 төгрөг, нийт 444.433.768,25 төгрөг нэхэмжилж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч нь тус банктай зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авсан, зээлийн гэрээний үлдэгдэл болон тооцоолол зэрэгт маргаагүй боловч тус компани 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн энэ тохиолдолд банкнаас гэрээг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл хүргэлгүйгээр, нэмэгдүүлсэн хүү бодоод явж байгаа нь хуульд нийцэхгүй, тусгай зөвшөөрөл байхгүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан болно.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр тусгай зөвшөөрөл байхгүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-т ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж тусгайлан зааснаас гадна Ү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд ...зээл, төлбөр тооцоо, гадаад валют худалдах, худалдан авах... гэж бичигдсэн байна.

 

Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээл болон барьцааны гэрээ, фидуцийн гэрээг хуульд нийцүүлэн хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

М ХХК нь Ү ХХК-иас 474.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 сарын хугацаатай, жилийн 7, /сарын 0.583/ хувийн хүүтэй зээлж, улмаар М ХХК-ийн 2908000154 тоот төгрөгийн дансанд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 474.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч М ХХК гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 106.000.374,10 төгрөг, зээлийн хүүнд 107.775.374,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 609.667,78 төгрөг, нийт 214.385.868,48 төгрөг төлж, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн байх бөгөөд талууд үлдэгдэл төлбөр болон тооцоолол дээр маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэх шаардах эрхтэй байна.

Иймд М ХХК-иас үндсэн зээл 367.999.173,90 төгрөг, зээлийн хүүнд 68.266.754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8.167.840,36 төгрөг, нийт 444.433.768,25 төгрөгийг гаргуулж, Ү ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТЗ-14/005 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох М ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206030954 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах, 36 м.кв талбайтай авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2206006753 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны 401 тоотод байрлах, 242 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 444.433.768,25 төгрөг гаргуулж, Ү ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн 4JDA5HB5CG0025 арлын дугаартай, 09-09 УББ улсын дугаартай, Бенз Эм Эл-350 /Benz ML-350/ маркийн автомашин зээлийн барьцаанд байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 444.433.768,25 /дөрвөн зуун дөчин дөрвөн сая дөрвөн зуун гучин гурван мянга долоон зуун жаран найман төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ү ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2206030954 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны зоорийн давхарын 2 тоотод байрлах, 36 м.кв талбайтай авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2206006753 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны 401 тоотод байрлах, 242 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 444.433.768,25 төгрөг гаргуулж, Ү ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн 4JDA5HB5CG0025 арлын дугаартай, 09-09 УББ улсын дугаартай, Бенз Эм Эл-350 /Benz ML-350/ маркийн автомашин зээлийн барьцаанд байгааг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.450.409 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 2.450.409 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН