Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00959

 

 

 

 

 

 

 

 

 

"ҮХОБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/00560 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "ҮХОБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "М Х" ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 444 433 768.25 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2014 оны 11 сарын 27-ны өдөр ТЗ-14/005 дугаар зээлийн гэрээ байгуулж, 474 000 000 төгрөгийг сарын 0.583 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, төслийн зээлийн зориулалтаар зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2014 оны 11 сарын 27-ны өдөр ТЗ-14/005 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, 2014 оны 11 сарын 27-ны өдрийн ТЗ-14/005 дугаар зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны 401 тоот хаягт байрлах, 242 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамжны 66 дугаар байрны зоорийн давхрын 2 тоотод байрлах, 36 м.кв талбай бүхий авто зогсоол, УББ 09-09 улсын дугаартай, Бенз Эм Эл-350 маркийн суудлын автомашин зэргийг барьцаалсан болно. 2021 оны 01 сарын 19-ний өдрийн байдлаар зээлдэгч “ММВ” холдинг ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 106 000 826,10 төгрөг, зээлийн хүүд 107 775 374,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 609 667,78 төгрөг, нийт 214 385 868,48 төгрөг төлсөн байна. "М Х" ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд банкны зүгээс зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд "М Х" ХХК-аас зээлийн төлбөрт 367 999 173,90 төгрөг, зээлийн хүүд 68 266 754 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8 167 840,36 төгрөг, нийт 444 433 768,25 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: "М Х" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунсүрэн нь 2014 оны 11 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах барьцааны гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлийн зориулалт нь Хүүхэд эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулах зориулалтаар 5 жилийн хугацаатай энэ гэрээг байгуулсан. 2014 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлээд 3 600 000 төгрөгийг төлж явахаар графикт тусгасан. Банкнаас өгсөн дэлгэрэнгүй хүснэгтийг харахаар 2015 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн төлж чадахгүй болсон нөхцөл байдал үүссэн байна. Энэ тохиолдолд банкнаас гэрээг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл хүргэлгүйгээр, нэмэгдүүлсэн хүү бодоод явж байгаа нь хуульд нийцэхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэгэнт төлбөрийн чадвар алдагдаад эхэлж байгаа тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжтой байсан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа үр дүн гарахгүй нь мэдэгдэх юм бол гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт хэтэрсэн хугацааны хүүг талууд гэрээндээ тохирох ёстой. Үүнээс хойш гэрээгээр тохироогүй хүүгийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийн материалтай танилцахад тусгай зөвшөөрөл байгаагүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээ учраас нэмэгдүүлсэн хүүг хасаад үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар зохицуулалттай гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх шийдвэрээ гаргаж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "М Х" ХХК-аас 444 433 768,25 /дөрвөн зуун дөчин дөрвөн сая дөрвөн зуун гучин гурван мянга долоон зуун жаран найман төгрөг хорин таван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "ҮХОБ"ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2206030954 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны зоорийн давхарын 2 тоотод байрлах, 36 м.кв талбайтай авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2206006753 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны 401 тоотод байрлах, 242 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 444.433.768,25 төгрөг гаргуулж, "ҮХОБ"ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн 4JDA5HB5CG0025 арлын дугаартай, 09-09 УББ улсын дугаартай, Бенз Эм Эл-350 /Benz ML-350/ маркийн автомашин зээлийн барьцаанд байгааг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 450 409 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч "М Х" ХХК-аас 2 450 409 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "ҮХОБ"ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банкны зээл нь ердийн зээлийн гэрээнээс нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү зэргийг авах давуу эрхтэй. Нэхэмжлэгч нь банкны үйл ажиллагаа эрхлэх талаар холбогдох хуулиудад зааснаар тусгай зөвшөөрөлтэй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлоогүй. Шүүх “ Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийг урьдаас банк гэдгийг хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрлийг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Тиймээс нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү авах эрхгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 27-ны өдрийн ТЗ-12/005 дугаартай зээлийн гэрээний 8.2.8, 2.1.13-т тус тус зааснаас үзвэл, хариуцагч нь зээлийн төлбөрийн хуваарийг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчил болж банк нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байсан. Хэрэгт авагдсан зээлдэгчтэй удаа дараа уулзсан тэмдэглэлээр хариуцагч нь зээлээ төлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлээ төлөх боломжгүй байгааг тэмдэглэл хөтлөн баталгаажуулж байсан нь харагдах боловч зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт, эсвэл гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцлах тухай мэдэгдэл ирүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан Хүү тооцооллын хүснэгтээс харвал хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс зээл төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2015 оноос эхлүүлэн ноцтой зөрчил гаргаж эхэлсэн байтал нэхэмжлэгч талаас гэрээний дагуу нэг талын санаачилгаар цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоор байсан байна. Энэ нь нэгэнт төлбөрийн чадваргүй болсон хариуцагчийг хүүгийн хуримтлал үүсгэж, төлбөрийн дарамтад орох үр дагаврыг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээг цуцлах нөхдөл байдал үүссэнг мэдсээр байж зориуд хүү хуримтлуулсан байна. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоолгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл тооцож нэхэмжилсэн. Уг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар огт тусгаагүй. Энэ нь нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох эрхгүй байсныг харуулж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг тооцохдоо тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх байсан боловч хүү тооцооллын хүснэгтээс үзвэл эхлээд нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн төлбөр гэсэн дарааллаар зээлийг төлүүлсэн нь хариуцагчийн эрх ашгийг зөрчиж байна. Мөн 2014 оны 11 сарын 27-ны өдөр зээлийн эргэн төлөх үүргийн гүйдэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу 09-09 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь фидуцийн зүйл болсон. Дээрх автомашиныг хариуцагч нь одоо ч унаж, ашиглаж байгаа. Гэтэл нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу тээврийн хэрэгслээ хурааж авалгүй, мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүүд 8 167 840,36 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зс зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч "ҮХОБ"ХХК нь хариуцагч "М Х" ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 444 433 768.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2014 оны 11 сарын 27-ны өдрийн ТЗ-14/005 дугаар “Зээлийн гэрээ” /хх 9-12/, ТЗ-14/005 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” /хх 13-17, 20-23/, ТЗ-14/005 тоот “Зээлийн эргэн төлөх үүгийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” /хх 18-19/, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээний харилцаа, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тэдгээрийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

Дээрх гэрээгээр зээлдэгч "М Х" ХХК нь 474 000 000 төгрөгийн зээлийг жилийн 7 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгээр зээлдүүлэгч "ҮХОБ"ХХК-аас авах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд иргэн Э.Оюунсүрэнгийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, 66-р байр, 401 тоот хаягт байршилтай 242 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, мөн хаягт байршилтай зоорийн давхрын 2 тоот 36 м.кв талбай бүхий авто зогсоолыг тус тус барьцаалуулах, 09-09 УББ улсын дугаартай Бенз МЛ-350 маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 367 999 173.9 төгрөг, зээлийн хүү 68 266 754 төгрөг төлөх үүрэг хүлээж байгаа гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч няцаагаагүй, харин зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдохгүй тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 8 167 840.36 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

 

Талууд 2014 оны 11 сарын 27-ны өдрийн ТЗ-14/005 тоот “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.8, 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.3-т үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тусгасан, зээлдэгч "М Х" ХХК 2018 оны 08 сараас хойшхи хугацаанд зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан “Хүү тооцооллын хүснэгт” /хх 27-28/, “Зээлийн дансны хуулга” /хх 29-35/ зэрэг баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-тэй холбоотой шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ. Тодруулбал, нэхэмжлэгч автомашинтай холбоотой шаардлага гаргаж, холбогдох фидуцийн гэрээг нотлох баримтаар өгсөн байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “...автомашин зээлийн барьцаанд байгааг дурдсан”-ыг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Талууд фидуцийн гэрээ байгуулсан атлаа гэрээний зүйл болох 09-09 УББ улсын дугаартай “Бенз 350-МЛ” маркийн автомашиныг хариуцагч одоо ч унаж ашиглаж байхад нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу тээврийн хэрэгслээ хурааж авалгүй, мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний онцлог нь үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авч, үүргийн гүйцэтгэлийг түүгээр тооцон хангуулах эрхтэй байдаг.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 27-ны өдрийн ТЗ-14/005 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 2 дугаар зүйлийн 2.2-т “Үүрэг хүлээгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй... бол ... фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч нь бодитойгоор гаргуулан авах эрхтэй” гэж заасан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна. Хэдийгээр талууд мөн өдөр буюу 2014 оны 11 сарын 27-ны өдөр ТЗ-14/005 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээнд фидуцийн зүйл болох 0909 УББ улсын дугаартай “Бенз 350-МЛ” маркийн автомашиныг барьцаалж, барьцаалуулахаар тусгасан байх боловч уг гэрээ нь “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” нэртэй, барьцааны эрх нь барьцаалбараар гэрчлэгдэх агуулгыг тусгасан, уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “...өөрийн бусад хөрөнгөөр барьцааны гэрээ нэмж хийх бөгөөд анхны энэ гэрээ хүчинтэй байна” гэж заасан байна. Иймд фидуцийн гэрээний дагуу холбогдох шаардлагыг шийдвэрлэх нь барьцааны гэрээтэй харшлахгүй гэж үзэв. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг автомашинаар үүргийг хангуулах хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардсан нийт 444 433 768.25 төгрөгөөс фидуцийн гэрээгээр харилцан тохиролцсон, нэхэмжлэгчид биетээр нь шилжүүлж өгөхийг даалгасан фидуцийн зүйлийн үнэ болох 80 000 000 төгрөгийг хасч, үлдэх 364 433 768.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулж, 3 дахь заалтад “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн 4JDA5HB5CG0025 арлын дугаартай, 09-09 УББ улсын дугаартай, Бенз Эм Эл-350 /Benz ML-350/ маркийн автомашиныг биет байдлаар нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч "М Х" ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж, улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/00560 дугаар шийдвэрийн

                 тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "М Х" ХХК-аас 364 433 768.25 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ҮХОБ"ХХК-д олгож, үлдэх 80 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

                 тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2206030954 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны зоорийн давхарын 2 тоотод байрлах, 36 м.кв талбайтай авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2206006753 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 66 дугаар байрны 401 тоотод байрлах, 242 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

                 тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Э.Оюунсүрэнгийн өмчлөлийн 4JDA5HB5CG0025 арлын дугаартай, 09-09 УББ улсын дугаартай, Бенз Эм Эл-350 /Benz ML-350/ маркийн автомашиныг биет байдлаар нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч "М Х" ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

                 тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 450 409 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч "М Х" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 050 319 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "ҮХОБ"ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 04 сарын 20-ны өдөр төлсөн 145 636 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             

ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР