Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0346

 

 

 

2022            05           04                                     128/ШШ2022/0346

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И.К ББСБ*** ” ХХК /РД:*** /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д***

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.О***

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Л*** ***

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/293*** албан бичгээр мэдэгдсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолыг хүчингүй болгох санхүүгийн тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*** нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/293*** албан бичгээр мэдэгдсэн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. “И.К ББСБ*** ” ХХК банк бус санхүүгийн байгууллага нь 2006 онд зээлийн төрлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагджээ.

2.2. Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг  3 жилийн хугацаатай олгож улмаар 1/106 дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

2.3. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 304 дугаар тогтоол 3 жилийн хугацаатай, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар тогтоолоор тус тус тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

2.4.И.К ББСБ*** ” ХХК нь “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа эзэмшигч бүртгүүлэх тухай” хүсэлтийг нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд гаргажээ.

2.5. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Баримт бичиг хянасан тухай” 7/2394 дугаар “... дараах баримт бичгүүдийг нэмж ирүүлэх шаардлагатай байна. ... нэмж ирүүлэх баримт бичгүүдийг  холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлж хэвлэмээр болон цахимаар 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлсэн тохиолдолд танай хүсэлтийг дахин хянан, шийдвэрлэх боломжтой болохыг анхаарна уу” гэсэн агуулга бүхий албан бичгийн хариуг И.К ББСБ*** ” ХХК-д өгчээ.

2.6.“И.К ББСБ*** ” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд “Нэмэлт материал хүргүүлэх тухай” 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр албан бичгээр 66 хуудас бүхий материалыг хүргүүлсэн байна.

2.7.Санхүүгийн зохицуулах хорооны “Хариу хүргүүлэх тухай” 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/293*** дугаартай албан бичгээр “И.К ББСБ*** ” ХХК-д “Танай компаниас ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21 тоот албан хүсэлт хавсралтаар ирүүлсэн баримт бичгүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хянаж үзлээ.

"И.К ББСБ*** " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хурлууд нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан "Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно" шаардлагыг хангахгүй байгаа тул хүчин төгөлдөр бус байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 7/2394 тоот албан бичгээр шаардсан баримт бичгүүдийг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй байх тул танай хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгчээ.

2.8."И.К ББСБ*** " ХХК-аас дээр хариуг эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 1/20 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд гомдол гаргажээ.

2.9."И.К ББСБ*** " ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 7/2394 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна.

2.10.Тус шүүх Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “И.К ББСБ*** ” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 7/2394 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.11. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолоор “И.К ББСБ*** ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.12. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “И.К ББСБ*** ” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 36/21 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлд гомдол гаргасанд тус зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр “... 2021 оны 53*** дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн хариу өгсөн байна.

2.13.“И.К ББСБ*** ” ХХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасныг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1090 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

2.14.Тус шүүх “И.К ББСБ*** ” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2665 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Санхүүгийн зохицуулах хорооноос манай компанийг хувь нийлүүлсэн хөрөнгийн доод  хэмжээг ханган ажиллах талаар холбогдох байгууллагууд ажиллаагүй, дүрмийн сангаа нэмэгдүүлээгүй гэж банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн дагуу компанийнхаа дүрмийн сангийн хэмжээг нэмэх асуудлаар “И.К ББСБ*** ” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулж, тус хурлаар хувьцаа эзэмшигч Д.Т****** , Д.О*** нар нь өмнө хуримтлуулсан ашиг 200,000,000 төгрөгийн дүрмийн сангийн хөрөнгөө нэмэгдүүлж, мөн компанид шинээр эзэмшигчээр Б.Ө*** *** нэмэгдэж, Б.Ө*** *** нь компанийн дүрмийн санд 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, “И.К ББСБ*** ” ХХК-ийн одоо бодитой байгаа 437,577,309 төгрөгийн дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж 1,400,000,000 төгрөгт хүргэж зөрчлөө арилгасан. Санхүүгийн зохицуулах хорооноос маргаан бүхий албан тоотоор үндэслэлгүйгээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/2930 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч байгууллагын зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны баталсан тогтоолын дагуу компанийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Компанийн хөрөнгө нэмэгдүүлсэн талаарх Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Нэхэмжлэгч компани хуульд заасан үндэслэл журмын дагуу хурлаа хийж гаргасан зөрчлөө арилгаж, холбогдох нотлох баримтуудыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Дүрмийн сан нэмэгдүүлэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан зөрчлөө арилган, өөрсдийн зүгээс хамаарах үйл ажиллагаагаа хийсэн байхад дүрмийн сангаа нэмэгдүүлээгүй гэдэг үндэслэлээр татгалзсан нь хууль бус. гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани Санхүүгийн зохицуулах хорооноос тавьсан шаардлагын дагуу дүрмийн санг нэмэгдүүлэх ажиллагааг үе шаттайгаар хийж байсан. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн дүрмийн сангаас хасалт хийсэн.  Бодитой байгаа хөрөнгийг хассан үйлдэл гаргасан байна гэж үзэж байна. Тухайн үе нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед дүрмийн санг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байна гэж тайлбар гаргаж байсан. “И.К ББСБ*** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн тоо нь хоёр байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хийсэн хуралдаанаар Д.О*** нь дүрмийн санд оруулсан хөрөнгөө буцаан авсан. Нэхэмжлэгч компани ноогдол ашиг хуваарилдаггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдсэн асуудал нь хувьцаа эзэмшигч Д*** нь хувьцаа эзэмшигчдээс өөрт ноогдох хувьцааг авч гарснаар Д.Т*** болон Д.О*** нарын хувьцаа бодитоор өсөн хамгийн их хувьцаа эзэмшигчээр тогтоогдож байна. Дүрмийн санг нэмэгдүүлэхийн тулд Д.Т*** нь шинээр хувьцаа эзэмшигчээр тогтоохдоо дансны хуулга өөрийн данс дахь хөрөнгийн хэмжээ зэргийг харгалзан эзэмших хувьцааны хувь хэмжээг тогтоосон. Үүний дараагаар нэхэмжлэгч компанийн зүгээс дүрмийн санг нэмэгдүүлэх хөрөнгөтэй болсон тул ийнхүү дүрмийн санг нэмэгдүүлсэн тул хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт өгсөн байхад зөвшөөрөл өгөөгүй бөгөөд үүний дараагаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно" гэж заасны дагуу 2017 оны 27 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ББСБ-ууд нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргийг хүлээсэн.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор уг хуваарийг шинэчлэн баталсан бөгөөд шинэчлэн батлахдаа 1.4 тэрбум төгрөгт хүргэж чадаагүй банк бус санхүүгийн байгууллагуудыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1.4 тэрбум төгрөгт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ хүргэх шийдвэрийг гаргасан.

“И.К ББСБ*** ” ХХК нь одоогоор 800.000.000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгаа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолоор хүлээсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй тул банк бус санхүүгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болсон тул Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолоор үйл ажиллагааг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж, тус хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгч хэрэв тогтоосон хугацаанд нэмэгдүүлээгүй тохиолдолд хүчингүй болгох талаар мэдэгдсэн байдаг.

“И.К ББСБ*** ” ХХК-ийн зүгээс дээрх 2020 оны 879 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд тус хэрэг маргаан нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тус тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар нэхэмжлэгчээс Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 379 дүгээр тогтоолын дагуу “И.К ББСБ*** ” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, холбогдох материалыг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул 1-т тус байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэл байхгүй. 2-т тус байгууллагын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-т "Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонх ийн саналаар хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хүчин төгөлдөр биш шийдвэр зэрэг үндэслэлүүд байна.

Мөн тус “И.К ББСБ*** ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 879 дүгээр тогтоолын дагуу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ зохих түвшинд хүргээгүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хороо нь холбогдох хууль, дүрэм журамд зааснаар үйл ажиллагаа явуулсан. Анх нэхэмжлэгч компанийн дүрмийн сангийн хэмжээг 1,400.000.000 төгрөг байхад 200,000,000 төгрөг болж бууруулсан хууль бус үйлдэл гаргасан үүнээс үүдэн маргаан эхэлсэн гэж тайлбарлаж байгаа ч үүнийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхээр нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Санхүүгийн зохицуулах хороонд нэхэмжлэгч компани нь 800,000,000 төгрөгийн дүрмийн сангийн бүртгэлтэй байдаг. 2018 онд нэхэмжлэгч компаниас дүрмийн санг 2,000,000,000 төгрөг болгон нэмэгдүүлье гэдэг хүсэлт гаргасан. Хүсэлийг тодруулбал, тухайн компани нь гурван хувьцаа эзэмшигчтэй, Г.Г , Д.Т*** , Д.О*** гэсэн хүмүүс үүнд хамаарна. Г.Г ийн тухайд 50 хувийн хувьцаа эзэмшдэг, үлдсэн 50 хувийн хувьцааг Д.Т*** , Д.О*** нар эзэмшдэг. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо тушаал гарган нэмэгдүүлэх зүйтэй байна гэсэн шийдвэр гаргасан. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар үүнийг бүртгэхгүй байсан. Учир нь компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувьцаа нь хууль бус гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор “И.К ББСБ*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 652 дугаартай шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны 651 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 365 дугаар тогтоол шийдвэрүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч  “... Г.Г*** нь анх компанийн дүрмийн санд оруулсан 400 сая төгрөгөөсөө “хөрөнгө оруулалтаа татах” нэрийн дор үе шаттайгаар буцаан авсан, уг авсан мөнгөө компанийн дүрмийн санд буцааж оруулах талаарх 2 удаа  Г.Г*** , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*** т хүргүүлж, уг санал хүсэлтэд хариу ирүүлэхийг  хүссэн боловч Г.Г*** ийн зүгээс тодорхой хариу ирүүлээгүй ... бид дараагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж 2021 03 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, хурлаар компанийн дүрмийн сан хувьцаа эзэмшлийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд “И.К ББСБ*** ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 12 өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын № 01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигч Г.Г*** нь анх “И.К ББСБ*** ” ХХК-ийн дүрмийн санд хувь нийлүүлсэн 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа 362,400,000 (гурван зуун жаран хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг үе шаттай буцаан татаж, өнөөдрийн байдлаар бодитойгоор 37,600,000 төгpөг (гучин долоон сая зургаан зуун мянга) үлдсэн, хувь эзэмшигч Г.Г*** нь уг эргүүлж авсан хөрөнгө оруулалтаа буцааж “И.К ББСБ*** ” ХХК-ийн дүрмийн санд оруулаагүй, тушаагаагүй, хувь хөрөнгөө нэгэнт буцааж авсан цаашид хувьцаа эзэмшигч нарын дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээ, эзэмшиж хувьцааны тоо хэмжээг одоо бодитой байгаа хувь нийлүүлсэн хөрөнгө хувь хэмжээг үндэслэн өөрчлөлт оруулж хувьцаа эзэмшигч Д.Т*** ын дүрмийн санд оруулсан хөрөнгө нь 300,000,000 төгрөг, эзэмшиж буй хувьцаа нь 3000 ширхэг буюу 68,55 хувийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигч Д.О*** нь дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт нь 100,000,000 төгрөг, эзэмшиж буй хувьцаа нь 1000 ширхэг буюу 22,85 хувийн хувь эзэмшигч, хувьцаа эзэмшигч Г.Г*** нь дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт 37,600,000 төгрөг, эзэмшиж буй хувьцаа нь 376 ширхэг буюу 8,6 хувийн хувьцаа эзэмшихийг болохыг тогтоож баталгаажуулсан болно.

Уг ээлжит бус хуралд хувьцаа эзэмшигч Г.Г*** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*** мөн оролцсон бөгөөд хурлын ирц бүрэн, Г.Г*** нь анх “И.К ББСБ*** ” -ийн дүрмийн санд хувь нийлүүлсэн 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа 362,400,000 (гурван жаран хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг үе шаттай буцаан татаж, одоо түүний дүрмийн санд байгаа бодитой хөрөнгө оруулалт нь 37,600,000 төгрөг, эзэмшиж буй хувьцаа нь ширхэг буюу 8,6 хувийн хувьцаа эзэмшиж байгаа болох нь мөнгө буцаан авсан санхүү баримт болон Аудитын тайлангаар нотлогдож тогтоогдсон болно. Иймд уг хув эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно.

Бид Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлсэн хуваарийн дагуу компанийнхаа  дүрмийн сангийн хэмжээг нэмэх асуудлаар “И.К ББСБ*** ” ХХК 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулж, тус хурлаар хувьцаа эзэмшигч Д.Т*** , Д.О*** нар нь хуримтлуулсан ашиг 200,000,000 төгрөгөөр дүрмийн сангийн хөрөнгөө нэмэгдүүлж, компанид шинээр хувьцаа эзэмшигчээр Б.Ө*** нэмэгдэж, Б.Ө*** компанийн дүрмийн санд 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, “И.К ББСБ*** ” ХХК-ийн одоо бодитой байгаа 437,577,309 төгрөгийн дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж 1,400,000,000 төгрөгт хүргэсэн болно. Уг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь хүчин төгөлдөр юм. Учир нь “И.К ББСБ*** ”-ийн өмнөх 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралд хувьцаа эзэмшигч Г.Г*** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*** оролцсон бөгөөд тус хурлаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г*** ийн эзэмшиж буй хувьцааг бодитой тогтоосон. Г.Г*** нь компанийн 50  хувийн хувьцаа эзэмшигч биш, 376 ширхэг буюу 8,6 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож баталгаажуулсан бөгөөд Г.Г*** нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч биш болсон тул "Инвест-Капитал ББСБ" ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд заавал Г.Г*** ийг оролцсон байхыг шаардахгүй.

 Нэгэнт зарласан хуралд ирээгүй тул хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар компанийн 68,55 хувийн хувьцаа эзэмшигч, Д.Т*** , хувьцаа эзэмшигч Д.О*** нар нь хуралд оролцож, хэлэлцсэн асуудлын талаар санал нэгдэж, тогтоол баталж шийдвэр гаргасан. Бидний зүгээс уг 2021 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуулийн дагуу зарлаж, Өнөөдөр сонинд хурлын нээлттэй зарлуулсан, хурлын зарыг мэдэгдсэн, харин Г.Г*** хувьцаа эзэмшигчийн хувьд бол уг хуралд өөрөө ирж оролцоогүй байдаг.” гэж, хариуцагчаас “И.К ББСБ*** ” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, холбогдох материалыг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул тус байгууллагын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэл байхгүй, 2-т тус байгууллагын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-т заасныг зөрчсөн ...” гэж тус тус маргасан.

4. Нэхэмжлэгчийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/293*** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

4.1. Нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны 02 дугаар албан бичгээр “... “И.К ” ББСБ *** -ийн одоо бодитой байгаа 437,577,309 төгрөгийн дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж 1,437,577,309 төгрөг болгож, компанид шинээр хувьцаа эзэмшигчээр Б.Ө*** нэмэгдэж, Б.Ө*** нь компанийн дүрмийн санд 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж байгааг баталгаажуулж, дүрмийн сан нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан болно. Мөн хувьцаа эзэмшигч Д.Т*** , Д.О*** нар нь өмнө хуримтлуулсан ашиг болон байршуулсан мөнгө 200,000,000 төгрөгөөр дүрмийн сангийн хөрөнгөө нэмэгдүүлж байгаа болно. Компанийн дүрмийн сан нэмэгдсэнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигч Д.Т*** , Б.Ө*** , Д.О*** , Г.Г*** нарын хувь хөрөнгийн хэмжээг тогтоосон тул компанийн дүрмийн сангийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинээр орж буй хувьцаа эзэмшигчийг бүртгэж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад журамд нийцүүлэн хөрөнгийн хамжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгож, бүртгэж өгөхийг хүсье. ...” гэх агуулга бүхий хүсэлтийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд хүрүүлсэн байна.

4.2. Дээрх хүсэлтийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 7/293*** дугаар албан бичгээр шийдвэрлэж хариуг өгсөн байна.

Уг албан бичигт “... “И.К ББСБ*** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлууд нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “Компанийн санал эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.” шаардлагыг хангахгүй байгаа тул хүчин төгөлдөр бус байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7/2394 тоот албан бичгээр шаардсан баримт бичгүүдийг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй байх тул танай хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдье.” гэжээ.

4.3. Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэл авагджээ.

Уг тэмдэглэлээс үзвэл, тус ээлжит бус хуралд компанийн хувьцаа эзэмшигч Д.Т*** , Д.О*** , Хувьцаа эзэмшигч Г.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М нар оролцсон байх бөгөөд хувьцаа эзэмшигч Д.Т*** 300,000,000 төгрөгийн 3000 ширхэг энгийн хувьцаатай 68,55 хувь, хувьцаа эзэмшигч Д.О*** 100,000,000 төгрөгийн 1000 ширхэг энгийн хувьцаатай 22,85 хувь, хувьцаа эзэмшигч Г.Г*** 37,577,309 төгрөгийн 375 ширхэг энгийн хувьцаатай 8,6 хувь эзэмшиж байна. Уг асуудлаар гарч буй тогтоолыг дэмжих эсэх талаар санал хураахад хувьцаа эзэмшигч Д.Т*** , Д.О*** нар зөвшөөрч, Хувьцаа эзэмшигч Г.Г*** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*** дэмжээгүй байна. Тогтоолын төслийг хувьцаа эзэмшигч нарын 2 нь дэмжсэн тул батлав гэжээ.

4.4. Хурлын дээрх шийдвэрийг үндэслэн тус ээлжит бус хурлаас 01 дугаартай тогтоол гарчээ.

Уг тогтоол нь Компанийн тухай хуулийн 59, 61, 62, 63, 69 дүгээр зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл, “И.К ББСБ*** ” ХХК-ийн дүрмийн 8, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.3.2 дахь заалт, И.К ББСБ*** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 02 тоот тогтоол, хувьцаа эзэмшигчдийн гаргасан хүсэлт зэргийг үндэслэн “И.К ББСБ*** ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хурлаас тогтоох нь гээд хувьцаа эзэмшигч Г.Г нь анх “И.К ” ББСБ-ийн дүрмийн санд хувь нийлүүлсэн 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа 362,422,691 (гурван зуун жаран хоёр сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг үе шаттай буцаан татаж, өнөөдрийн байдлаар бодитойгоор 37,577,309 (гучин долоон сая таван зуун далан долоон мянга гурван зуун ес) төгрөг үлдсэн, хувьцаа эзэмшигч Г.Г*** нь уг эргүүлж авсан хөрөнгө оруулалтаа буцааж “И.К ***” ББСБ-ийн дүрмийн санд оруулаагүй, тушаагаагүй, хувь хөрөнгөө нэгэнт буцааж авсан тул цаашид хувьцаа эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, хохирол учруулахгүй байх үүднээс хувьцаа эзэмшигч нарын дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээ, эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээг бодитой байгаа хувь нийлүүлсэн хөрөнгө, хувь хэмжээг үндэслэн Нэгдүгээр хавсралтаар өөрчлөлт оруулж баталгаажуулжээ.

Хавсралтад, хувьцаа эзэмшигч Д.Т*** 300,000,000 төгрөгийн 3000 ширхэг энгийн хувьцаатай 68,55 хувь, хувьцаа эзэмшигч Д.О*** 100,000,000 төгрөгийн 1000 ширхэг энгийн хувьцаатай 22,85 хувь, хувьцаа эзэмшигч Г.Г 37,577,309 төгрөгийн 375 ширхэг энгийн хувьцаатай 8,6 хувь нийт дүрмийн сан 437,577,309 төгрөг, 4375 ширхэг хувьцаа гэжээ.

4.5. Мөн хэрэгт нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ээлжит бусаар хуралдсан талаарх тэмдэглэл авагдсан байна.

Уг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хувьцаа эзэмшигч Д.Т*** , Д.О*** нар компанид шинээр хувьцаа эзэмшигчээр орох гэж байгаа гэх Б.Ө*** нар оролцсон гэжээ.

Тэмдэглэлээс үзвэл, Компанид шинээр Б.Ө*** ийг хувьцаа эзэмшигчээр оруулахаар шийдвэрлэв. Б.Ө*** нь компанид 800,000,000 төгрөгийн хувь нийлүүлэхээр болов. Мөн компанийн дүрмийн сангийн хэмжээг 1,437,577,347.38 төгрөгт хүргэхээр шийдвэрлэсэн тогтоол гарч байна. Уг тогтоолыг дэмжиж байна уу ? гээд санал хураахад хувьцаа эзэмшигч Д.Т*** , Д.О*** нар компанид шинээр хувьцаа эзэмшигчээр орох гэж байгаа гэх Б.Ө*** нар тогтоолын төслийг дэмжиж байна гэжээ.

4.6. Мөн хурлын дээрх шийдвэрийг үндэслэн тус ээлжит бус хурлаас 01 дугаартай тогтоол гарчээ.

Уг тогтоол нь Компанийн тухай хуулийн 59, 62, 63, 69 дүгээр зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл, “И.К ББСБ*** ” ХХК-ийн дүрмийн 8, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.3.1 дэх заалт, хувьцаа эзэмшигчдийн гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын 2.1, 2.4 дэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд компанийн одоо байгаа хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, дүрмийн сангийн хэмжээг 1,437,577,347.38 төгрөг болгож нэмэгдүүлж, компанид шинээр хувьцаа эзэмшигчээр Б.Ө*** нэмэгдэж, Б.Ө*** нь компанийн дүрмийн санд 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж байгааг баталгаажуулж, хувьцаа эзэмшигч Д.Т*** , Д.О*** нар өөрсдийн хуримтлуулсан ашиг 200,000,000 төгрөгөөр дүрмийн сангаа нэмэгдүүлж байгааг баталгаажуулж шийдвэрлэжээ.

4.7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 20/3854 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч “И.К ” ББСБ-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Ганбаатарын Ганчимэг гэжээ.

4.8. Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Г.Г байх бөгөөд дээрх бүртгэлд өөрчлөлт ороогүй байна.

4.9. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. “Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц /кворум/, хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох”, 69.1.Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.” гэж заажээ.

4.10. Хуулийн дээрх заалтаас үзвэл, компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр байхаар байна.

4.11. Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 03 дугаар сарын 12, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдийн ээлжит бус хурлуудад тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г*** нь оролцоогүй байх бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр болсон хуралд хувьцаа эзэмшигч Г.Г*** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М*** оролцсон байх бөгөөд ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийг дэмжээгүй байна.

4.12. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г***  ийг оролцуулалгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 12, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд хуралдсан гэх ээлжит бус хурлууд нь хүчин төгөлдөр бус бөгөөд тус хурлуудаас гарсан шийдвэрүүд ч мөн хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

  4.13. Иймд нэхэмжлэгчийн дээрх хурлын шийдвэрүүдийг үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/293*** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгчийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 53*** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухад;

5.1. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх тухай” 27 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагууд нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргийг хүлээжээ.

5.2. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 441 дүгээр тогтоолын 5 дахь заалтаар Улаанбаатар хотод хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 1.4 тэрбум төгрөгт хүргэж чадаагүй банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргэхийг банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч нарт үүрэг болгожээ.

5.3. “И.К ББСБ*** ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолоор хүлээсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй тул банк бус санхүүгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болж Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 879 дүгээр тогтоолоор үйл ажиллагааг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

5.4. Дээрх тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, хорооны 2019 оны 370 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл суурилсан хяналт шалгалт хийх журам”-ын 6.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, энэ талаарх Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдээгүй тохиолдолд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг анхааруулжээ.

5.5. Нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2021/0129 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.6. Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтуудад өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

5.7. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.8. Дээрх Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 53*** дугаар тогтоолоор нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

5.9. Тус тогтоол нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 370 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-ын 7.2.8, 2020 оны 879 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.

5.10. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл.“Хорооны бүрэн эрх”, 6.1.“Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 6.1.3.“санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;”, 6.2.“Хороо энэ хуулийн 6.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараахь хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 6.2.1.“банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан;”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйл.“Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх”, 10.1.5.“ тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох.”, 14 дүгээр зүйл.“Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”, 14.1.“Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:”,14.1.5.“тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.”, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйл.“Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт, шалгалт”, 19.1.“Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ.”, 19.2.“Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна:”, 19.2.4.“тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 370 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2.8-д “Хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлээгүй” гэж тус тус заажээ.

5.11. Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл, хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байна.

5.12.Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тогтоолд дурдсан зөрчлөө арилгаагүй, нэхэмжлэгчээс тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд маргасан ч шүүхийн шийдвэрүүдээр тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

5.13. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “И.К ББСБ*** ” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/293*** дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.  Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасныг тус тус баримтлан “И.К ББСБ*** ” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/293*** дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 53*** дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ГАНБАТ