Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0626

 

 

 

                                    “И  ББСБ” ХХК-ийн

                         нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Нэхэмжлэгч: “И  ББСБ” ХХК,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо,

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/2930 дугаар албан бичиг, мөн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 530 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 128/2021/0853/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И  ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдууланСанхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/2930 дугаар албан бичиг, мөн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 530 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар шийдвэрээр: “Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т тус тус заасныг баримтлан И  ББСБ” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/2930 дугаар албан бичиг, мөн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 530 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Анхан шатны шүүх шийдвэртээ “...нэхэмжлэгч “И  ББСБ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Гийг оролцуулалгүйгээр 2021 оны 3 дугаар сарын 12, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд хуралдсан гэх ээлжит бус хурлууд нь хучин төгөлдөр бус бөгөөд тус хурлуудаас гарсан шийдвэрүүд ч мөн хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн дээрх хурлын шийдвэрүүдийг үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7/2930 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шүүх шийдвэртээ “...Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байна. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “И  ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 879 тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тогтоолд дурдсан зөрчлөө арилгаагүй, нэхэмжлэгчээс тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд маргасан нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 530 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “И  ББСБ” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 530 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

            3.2. Манай компани нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, хурлаар компанийн дүрмийн сан, хувьцаа эзэмшлийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд “И  ББСБ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигч Г.Г нь анх “И  ББСБ” ХХК-ийн дүрмийн санд хувь нийлүүлсэн 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа 362,400,000 (гурван зуун жаран хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг үе шаттай буцаан татаж, өнөөдрийн байдлаар бодитойгоор 37,600,000 төгрөг (гучин долоон сая зургаан зуун мянга) үлдсэн, хувьцаа эзэмшигч Г.Г нь уг эргүүлж авсан хөрөнгө оруулалтаа буцааж “И  ББСБ” ХХК-ийн дүрмийн санд оруулаагүй, тушаагаагүй, хувь хөрөнгөө нэгэнт буцааж авсан тул цаашид хувьцаа эзэмшигч нарын дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээ, эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээг одоо бодитой байгаа хувь нийлүүлсэн хөрөнгө, хувь хэмжээг үндэслэн өөрчлөлт оруулж хувьцаа эзэмшигч Д.Тын дүрмийн санд оруулсан хөрөнгө нь 300,000,000 төгрөг, эзэмшиж буй хувьцаа нь 3000 ширхэг буюу 68,55 хувийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигч Д.О нь дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт нь 100,000,000 төгрөг, эзэмшиж буй хувьцаа нь 1000 ширхэг буюу 22,85 хувийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигч Г.Г нь дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт нь 37,600,000 төгрөг, эзэмшиж буй хувьцаа нь 376 ширхэг буюу 8,6 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож баталгаажуулсан болно. Уг ээлжит бус хуралд хувьцаа эзэмшигч Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М мөн оролцсон бөгөөд хурлын ирц бүрэн, Г.Г нь анх “И  ББСБ” ХХК-ийн дүрмийн санд хувь нийлүүлсэн 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа 362,400,000 (гурван зуун жаран хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг үе шаттай буцаан татаж, одоо түүний дүрмийн санд байгаа бодитой хөрөнгө оруулалт нь 37,600,000 төгрөг, эзэмшиж буй хувьцаа нь 376 ширхэг буюу 8,6 хувийн хувьцаа эзэмшиж байгаа болох нь мөнгө буцаан авсан санхүүгийн баримт болон Аудитын тайлангаар нотлогдож тогтоогдсон болно. Иймд уг хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно.

            3.3. Үүний дараа мөн бид Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн дагуу компанийнхаа дүрмийн сангийн хэмжээг нэмэх асуудлаар “И  ББСБ” ХХК 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулж, тус хурлаар хувьцаа эзэмшигч Д.Т, Д.О нар нь өмнө хуримтлуулсан ашиг 200,000,000 төгрөгөөр дүрмийн сангийн хөрөнгөө нэмэгдүүлж, мөн компанид шинээр хувьцаа эзэмшигчээр Б.Ө нэмэгдэж, Б.Ө нь компанийн дүрмийн санд 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, “И  ББСБ” ХХК-ийн одоо бодитой байгаа 437,577,309 төгрөгийн дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж 1,400,000,000 төгрөгт хүргэсэн бөгөөд гаргасан зөрчлөө арилгаж, дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлж, холбогдох хурлын шийдвэр, тогтоол, баримтыг хариуцагч байгууллагад хүргүүлж, Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулж, бүртгэж авах тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч хариуцагчийн зүгээс маргаан бүхий 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7/2930 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр үндэслэлгүйгээр манай байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах, дүрмийн санг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, бүртгэхээс татгалзсан.

            3.4. Хариуцагч бүртгэхээс татгалзсан үндэслэлээ танай дүрмийн сангаа нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан хувьцаа эзэмшигчдийн хуралд 50 хувийн хувьцаа эзэмшигч нь оролцоогүй тул хучин төгөлдөр бус, мөн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 7/2394 тоот албан бичгээр шаардсан баримт бичгүүдийг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй гэж тайлбарладаг. Энэ нь үндэслэлгүй.

            3.5. Бид өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 7/2394 тоот албан бичгээр шаардсан баримт бичгүүдийг бүрэн гүйцэд бүрдүүлж хариуцагч байгууллагад хүргүүлсэн. Гэтэл хариуцагч нь шаардсан баримт бичгүүдийг бүрэн гүйцэт ирүүлээгүй гэж манай байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулж, бүртгэж авахгүй, татгалзсан нь хуульд нийцэхгүй.

            3.6. Мөн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь хүчин төгөлдөр юм. Учир нь “И  ББСБ” ХХК-ийн өмнөх 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуралд хувьцаа эзэмшигч Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мийг оролцсон бөгөөд тус хурлаар компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэх Г.Гийн эзэмшиж буй хувьцааг бодитой тогтоосон, Г.Г нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч биш, 376 ширхэг буюу 8,6 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож баталгаажуулсан бөгөөд Г.Г нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч биш болсон тул “И  ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд заавал Г.Гийг олонхын саналаар буюу компанийн 68,55 хувийн хувьцаа эзэмшигч, Д. Т оролцсон байхыг шаардахгүй.  Нэгэнт зарласан хуралд ирээгүй тул хувьцаа эзэмшигчдийн хувьцаа эзэмшигч Д.О нар нь хуралд оролцож, хэлэлцсэн асуудлын талаар санал нэгдэж тогтоол баталж шийдвэр гаргасан байдаг болно. Бидний зүгээс уг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуулийн дагуу зарлаж, хурлын зарыг мэдэгдсэн, харин Г.Г хувьцаа эзэмшигчийн хувьд бол уг хуралд өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй.

            3.7. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралд Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М оролцсон, ирц бүрэн, уг хурал хүчин төгөлдөр, мөн “И  ББСБ” ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуулийн дагуу хийж, асуудлыг шийдвэрлэх эрхтэй хувьцаа эзэмшигч нар санал нэгтэйгээр тогтоол баталж, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх уг хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлын шийдвэрийг 50 хувийн хувьцаа эзэмшигч хуралд оролцоогүй гэдэг үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүчин төгөлдөр бус гэж дүгнэж, манай “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулж, бүртгэж авах тухай” хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан Санхүүгийн зохицуулах хорооны маргаан бүхий 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 7/2930 дугаар захиргааны актыг хууль үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй.

            3.8. Санхүүгийн зохицуулах хороо манай компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулж, дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, манай компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ албан ёсоор нэмэгдэж бүртгэгдэх боломжгүй болж, үүнээс болж дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлээгүй гэсэн шалтгаанаар манай компанийн тусгай зөвшөөрлийг маргаан бүхий 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 530 дугаар тогтоолоор цуцалж шийдвэрлэсэн.

            3.9. Анхан шатны шүүх уг маргаан бүхий захиргааны актад дүгнэлт хийхдээ Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байна гэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь үндэслэлгүй.

            3.10.  Бид хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, 50 хувийн хувьцаа эзэмшигч гэх Г.Гийг 50 хувийн хувьцаа эзэмшигч биш болохыг компанийн санхүүгийн баримтуудаар дүрмийн санд байгаа гаргасан зөрчлөө арилгаж, нотлох баримтад үндэслэж, хувьцаа эзэмшигчдийнхээ эзэмшиж буй хувь хэмжээг тогтоож, дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлж, холбогдох шийдвэр, тогтоол, баримтыг хариуцагч байгууллагад хүргүүлж, Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулж, бүртгэж авах тухай хүсэлтийг хүргүүлсэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 50 хувийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүй тул хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус, иймд нэхэмжлэгчийн дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлж, бүртгүүлэх хүсэлт нь үндэслэлгүй тул Санхүүгийн зохицуулах хороо бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлээгүй тул Санхүүгийн зохицуулах хороо нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            3.11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актын талаар заасан бөгөөд 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэж гарсан цагаасаа эхлэн үйлчлэлгүй байхаар заасан.

            3.12. Захиргааны байгууллагын алдаатай шийдвэрийн улмаас манай талын эрх хууль ёсны ашиг сонирхол маань хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс энэ бүх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

          3.13. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 346 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч И  ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/2930 дугаар албан бичиг, мөн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 530 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

            3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 20/3854 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь Ганбаатарын Г гэсэн, хэрэгт дээрх бүртгэлд өөрчлөлт орсон талаарх баримт авагдаагүй байна.

3.3. “И  ББСБ” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар “Г.Г нь анх “И  ББСБ” ХХК-ийн дүрмийн санд хувь нийлүүлсэн 400,000,000 (дөрвөн зуун сая) төгрөгийн хөрөнгө оруулалтаасаа 362,422,691 (гурван зуун жаран хоёр сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн нэг) төгрөгийг үе шаттай буцаан татаж, өнөөдрийн байдлаар бодитойгоор 37,577,309 (гучин долоон сая таван зуун далан долоон мянга гурван зуун ес) төгрөг үлдсэн, хувьцаа эзэмшигч Г.Г нь уг эргүүлж авсан хөрөнгө оруулалтаа буцааж “И  ББСБ” ХХК-ийн дүрмийн санд оруулаагүй, тушаагаагүй, хувь хөрөнгөө нэгэнт буцааж авсан” гэж үзээд хувьцаа эзэмшигч нарын дүрмийн санд оруулсан хөрөнгийн хэмжээ, эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээг бодитой байгаа хувь нийлүүлсэн хөрөнгө, хувь хэмжээг үндэслэн өөрчлөлт оруулж баталгаажуулсан, уг хуралд хувьцаа эзэмшигч Г.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М оролцож компанийн хувьцаатай холбоотой асуудлаар гарч буй тогтоолыг дэмжээгүй, мөн тус компанийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит бус хуралдаанд хувьцаа эзэмшигч Г.Г оролцоогүй бөгөөд уг хуралдаанаар компанийн байгаа хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, дүрмийн сангийн хэмжээг 1,437,577,347.38 төгрөг болгож нэмэгдүүлж, компанид шинээр хувьцаа эзэмшигчээр Б.Ө нэмэгдэж, Б.Ө нь компанийн дүрмийн санд 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж байгааг баталгаажуулж, хувьцаа эзэмшигч Д.Т, Д.О нар өөрсдийн хуримтлуулсан ашиг 200,000,000 төгрөгөөр дүрмийн сангаа нэмэгдүүлж байгааг баталгаажуулсан байна.

                        3.4. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болох бөгөөд дээрхээс дүгнэвэл, “И  ББСБ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Гийг оролцуулалгүйгээр ээлжит бус хурлуудыг хийсэн нь хүчин төгөлдөр бус бөгөөд тус хурлуудаас гарсан шийдвэрүүд ч мөн хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Г.Г нь тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүртгэл одоог хүртэл хүчин төгөлдөр бөгөөд уг бүртгэлд албан ёсоор өөрчлөлт ороогүй байх тул түүнийг оролцуулах эсхүл бүртгэлд албан ёсоор өөрчлөлт оруулсны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулснаар тус хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр болохоор байна.

                        3.5. Иймд маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 7/2930 дугаар албан бичгээр “... “И  ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хурлууд нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул хүчин төгөлдөр бус. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 7/2394 тоот албан бичгээр шаардсан баримт бичгүүдийг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй байх тул танай хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжгүйг мэдэгдсэн”-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

                        3.6. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх тухай” 27 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагууд нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэхээр заасан, мөн хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 441 дүгээр тогтоолоор “Улаанбаатар хотод хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 1.4 тэрбум төгрөгт хүргэж чадаагүй банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүргэхийг банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч нарт үүрэг болгосон”, “И  ББСБ” ХХК нь 441 дүгээр тогтоолоор хүлээсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй тул Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 879 дүгээр тогтоолоор тус компанийн үйл ажиллагааг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн, “И  ББСБ” ХХК нь 879 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 239 дүгээр магадлалаар 129 дүгээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, талууд эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.

                        3.7. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийхээр зохицуулсан бөгөөд 19.2-т “Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна”, 19.2.1-д “албан бичгээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх”, 19.2.2-т “зөвшөөрлийг түдгэлзүүлэх”, 19.2.3-д”гүйцэтгэх захирлыг өөрчлөх, түүнд хариуцлага тооцох талаар банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд санал оруулах”, 19.2.4-д “зөвшөөрлийг хүчингүй болгох” гэж тус тус заажээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 370 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-ын 7.2.8-д зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан байна.

3.8 “И  ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 879 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаагүй, энэ тохиолдолд тус хороо нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 530 дугаар тогтоолоор “И  ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И  ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                 А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН