Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2023/00054

 

Б.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01686 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 209/МА2023/00009 дүгээр магадлалтай,

 Б.Сийн нэхэмжлэлтэй,

Б.Цт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 21,473,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, өмгөөлөгч Т.С, хариуцагч Б.Ц, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Цт холбогдуулан 2017.10.17-ны өдрийн 17/193 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,500,000 төгрөг, түүний хүү 7,973,187 төгрөг, нийт 21,473,188 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлээс 13,500,000 төгрөг төлнө гэсэн боловч уг мөнгийг компанид төлнө гэж маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01686 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Цээс 20,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,053,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,320 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цээс тэмдэгтийн хураамж 260,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 209/МА2023/00009 дүгээр магадлалаар: Хариуцагч Б.Цийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2022/01686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Цээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,849 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн завж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт зааснаар “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

а/Давж заалдах шатны шүүхэд “..........” ХХК-ийн хойд бүс хариуцсан захирал Л.М, Кассын нярав Б.М нарыг тухайн үеийн болсон үйл явдал, баримтуудыг мэдэх тул нэхэмжлэгч гэрчээр асуулгах хүсэлтийн дагуу тус ажилтнуудыг шүүх гэрчээр асуусан.

“.................” ХХК-ийн хойд бүс хариуцсан захирал Л.М 2017.10.18-ны өдрийн 17/98 тоот албан бичгийг ........... банкинд илгээсэн байсан. Гэрч Л.М энэхүү тодорхойлолтод “Б.Ц “..........” ХХК-ийн хойд бүс хариуцсан Дархан салбарын инженерээр 2014 оноос өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай үр бүтээлтэй амжилт гарган ажилласныг нь өндрөөр үнэлэн 3 өрөө байрны урьдчилгаа болох 19,500,000 төгрөгийг буцалтгүйгээр олгосон нь үнэн болно.” /XX 28 тал/ гэсэн тодорхойлолтыг ........... банкинд гаргаж өгсөн минь үнэн. Энэхүү тодорхойлолтыг Б.Ц ипотекийн зээл хөөцөлдөхөд шаардлагатай байна. Ийм тодорхойлолт байхгүй бол банк зээл гаргаж өгөхгүй байна хэмээн надаар үйлдүүлсэн. Гэхдээ энэхүү тодорхойлолт нь Б.С Б.Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй огт хамаагүй, миний хувьд тодорхойлолт гаргаж өгөх эрх бүхий албан тушаалтан ч биш гэдгийг илэрхийлж шүүхэд гэрчээр мэдүүлсэн.

Энэ тайлбарыг ч хариуцагч Б.Ц нь хүлээн зөвшөөрч ийм тодорхойлолтгүй бол надад банк зээл гаргаж өгөхөөргүй байсан тул Л.Маар ийм тодорхойлолт үйлдүүлсэн минь үнэн гэж шүүх хуралдааны үед хүлээн зөвшөөрдөг.

б/Б.Стэй байгуулсан Зээлийн гэрээний дагуу Б.Сийн Бэлэн мөнгө хүсэх өргөдлийн дагуу “..........” ХХК-ийн дансаар дамжуулан 2017.10.23-ны өдөр Б.Цийн .......... банкны ............... тоот дансанд 19,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч “..........” ХХК-ийн хойд бүсийн кассын нярав Б.Мгийн гарын үсэг бүхий 2017.10.24-ний өдрийн Б.Цийн ........ банкны .................. тоот дансанд 19,500,000 төгрөгийн орлого шилжүүлсэн баримт хэргийн материалд авагдсан. /XX 30 тал/

Мөн “..........” ХХК-ийн хойд бүсийн кассын нярав Б.Мгийн гарын үсэг бүхий 2017.10.24-ний өдрийн “..........” ХХК-ийн кассын зарлагын ордероор Б.Цт бэлнээр 1 удаагийн буцалтгүй тусламж гэсэн гүйлгээний утга бүхий бэлнээр 19,500,000 төгрөг олгосон баримт хэргийн материалд мөн авагдсан. /XX 29 тал/

“..........” ХХК-ийн хойд бүсийн кассын нярав Б.М тус 2 баримтыг Б.Ц ипотекийн зээл хөөцөлдөхөд шаардлагатай байна. Зээл гэсэн утгатай мөнгө дансанд орж ирсэн байж болохгүй тул та миний дансанд буцалтгүй тусламж гэсэн утгаар шилжүүлээд өг гэж гуйсны дагуу надад бэлэн 19,500,000 төгрөг авч ирж өгөхөөр нь би банк орж шилжүүлж өгсөн. “..........” ХХК-ийн хойд бүс энэхүү 2 баримтаар Б.Цт мөнгө олгоогүй. Энэ мөнгө ямар учиртай мөнгө надаар өөрийн дансандаа шилжүүлүүлснийг би мэдэхгүй, ипотекийн зээл хөөцөлдөхөд шаардлагатай байгаа юм гэсний дагуу шилжүүлж өгсөн хэмээн шүүх хурлын үеэр мэдүүлсэн.

“..........” ХХК-ийн хойд бүс хариуцсан захирал Л.М 2017.10.18-ны өдрийн 17/98 тоот албан бичиг, “..........” ХХК-ийн хойд бүсийн кассын нярав Б.Мгийн гарын үсэг бүхий дээрх 2 баримт нь Б.С Б.Ц нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээтэй ямар ч хамааралгүй, зөвхөн Б.Цийн хүсэлтийн дагуу үйлдэж өгсөн баримт гэдгийг гэрчүүд мэдүүлж, хариуцагч хүлээн зөвшөөрсөн байтал давж заалдах шатны шүүх эдгээр баримтууд нь Б.Цийн шүүхэд гаргасан тайлбар, болсон үйл баримтыг нотолж байна хэмээн дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Эдгээр баримтууд нь зөвхөн хариуцагчийн ипотекийн зээл гаргуулахаар Л.М, Б.М нараар үйлдүүлсэн баримт хэмээн гэрчүүд болон хариуцагч хүлээн зөвшөөрсөн, хэрэгт хамааралгүй байтал гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэг “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн.

в/“..........” ХХК Б.Цт зээл олгох боломжгүй байсан болоод олгоогүй байх. Харин Б.С өөрийн зүгээс “..........” ХХК-ийн дансаар дамжуулан 2017.10.20-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлөөр “Иргэн Б.Цт миний өмнөөс 19,500,000 төгрөг түр шилжүүлж өгнө үү” /XX 41 тал/ хэмээн тухай мөнгийг Б.Ц зээлсэн. Энэ үйл баримт нь Б.С Б.Ц нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Гэрээ дүгнэсэн акт зэргээр тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх эдгээр баримтуудыг хариуцагчийн тайлбар, болсон үйл баримтыг нотолж байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Зээлийн гэрээ, Гэрээ дүгнэсэн акт, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, хариуцагчийн .......... банкинд бэлэн мөнгө шилжүүлсэн баримтыг өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар эрх нь, хэзээ, хэрхэн зөрчигдсөнөө өөрсдөө тодорхойлж чадаагүй, баримтаар үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийг буруу тогтоосон талаар:

а/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч Б.С нь “..........” ХХК-ийн дэд захирлаар ажилладаг боловч тухайн компанийн нэг ширхэг хувьцааг ч эзэмшдэггүй. Тухайн зээлийн гэрээг байгуулах үед нэхэмжлэгчид бэлэн мөнгө байхгүй байсан тул хариуцагчид яаралтай мөнгөний хэрэг байна гэж шахамдуулж байсан тул арга буюу “..........” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч ерөнхий захирал Н.Б хүсэлт гарган 19,500,000 төгрөгийг түр олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу хариуцагчийн дансанд дамжуулан шилжүүлүүлсэн.

Энэхүү 19,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь “..........” ХХК-нд төлсөн. Б.Сийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлөөр “..........” ХХК Б.Цийн дансанд мөнгө шилжүүлсэн ч Б.Сд мөнгө зээлж тэрхүү мөнгөө буцаан Б.Сээс авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргахгүй эрх нь зөрчигдөөгүй тул Б.Сийг нэхэмжлэгч биш гэж үзэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. “..........” ХХК Б.Сд зээлсэн мөнгөө буцаан авсан тул зөрчигдсөн эрх байхгүй болно.

Хариуцагч нь Зээлийн гэрээ байгуулахдаа мөн гэрээ дүгнэсэн акт үйлдэхдээ энэхүү мөнгийг Б.Сд төлөхөө мэдэж үйлдсэн байтал зээлээ төлөх болохоор хүүгээ төлөхгүй гэж маргаж байгаа нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийг зөрчиж байгаа нь тодорхой юм. Талууд зээлийн гэрээ байгуулахдаа ажилтан, ажил олгогчийн зүгээс байгуулаагүй бөгөөд зээлийн гэрээнд болон гэрээ дүгнэсэн актад ч ийм утга агуулга байхгүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү зээл нь иргэд хоорондын зээлийн гэрээ биш ажил олгогчийн буюу “..........” ХХК, ажилтан Б.Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгч Б.С нь “..........” ХХК-нд ажилладаг нь зээлийн гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж тодорхойлох нь үндэслэлгүй юм.

“..........” ХХК-ийн хувьд ажилтнууддаа зээл олгодог бөгөөд Б.Цт зээл олгохоор шийдвэрлэсэн бол компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах байсан. Б.Цт зээл олгох боломжгүй гэж үзсэн болоод мөнгө зээлээгүй байх. Гэтэл зээлийн гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл гэх мэт зээл олгосон бүх баримтууд дээр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсныг үг, үсэг, утга агуулгаараа тодорхойлогдож байхад Б.Сийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

б/Гэрээ байгуулж буй талууд гэрээний нөхцөлийг өөрсдөө эрх тэгш, чөлөөт байдлаар тохиролцохоор хуульд заасан. Үүний дагуу зээлийн гэрээний талууд гэрээний нөхцөлүүдийг тохиролцсон.

Нэгэнт барьцаагүй зээлийг сарын 1%-ийн хүүтэй олгож байгаа зээлдүүлэгчийн хувьд зээлдэгчийн зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл буюу Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан эрхээ хэрэгжүүлж Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд “Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон /ажилгүй болсон гэх мэт/ бол зээлдүүлэгч зээлийг хүүгийн хамт нэн даруй шаардах эрхтэй. Зээлдэгч хүүгийн хамт үл маргах журмаар төлөх үүрэгтэй” гэж талууд тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан эрхийн хүрээнд зээлдүүлэгч зээлийг нэн даруй шаардаж гэрээ дүгнэсэн акт үйлдэж зээлийн төлбөрөө шаардсан. Гэвч хариуцагч нь 2021.03.03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж 2021.03.03-ны өдөр зээлийн төлбөр 13,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 7,973,187 төгрөг, нийт 21,473,188 төгрөгийг зээлдүүлэгчид 2021.03.03-ны өдөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл /2022.04.11-ний өдрийг хүртэл/, мөн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөөр байна.

Давж заалдах шатны шүүх “Б.Ц нь өөр компанид ажилладаг бөгөөд төлбөрийн чадвартай болохоо өөрөө тодорхойлсныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй” гэж дүгнэсэн боловч төлбөрийн чадвартай эсэхээ хариуцагч баримтаар нотлоогүй байхад шүүх сайн дураараа ийнхүү дүгнэсэн нь талуудын гэрээний заалтыг чөлөөтэй тохиролцсон заалтад нөлөөлж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

в/“Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018-2020 оны 11 дүгээр саруудад тус тус 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч нь авсан зээлээс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд энэхүү 6,000,000 төгрөгийг тус компанид ажиллаж байхад ажлын үр дүнгээс тооцож авсан мөнгө гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй” гэжээ. Хариуцагчийн зүгээс ч мөн энэхүү 6,000,000 төгрөгийг тус компанид ажиллаж байхад ажлын үр дүнгээс тооцож авсан мөнгө гэж тайлбарласнаа баримтаар нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.03.09-ний өдрийн 001/ШХТ2023/00261 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Цт холбогдуулан 21,473,188 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2017.10.17-ны өдөр 17/193 тоот зээлийн гэрээ байгуулж 19,500,000 төгрөгийг 10 жилийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлсэн, хариуцагч нь жил бүр 2,000,000 төгрөгөөр зээлийг буцаан төлөх, хугацаандаа төлвөл хүүгээс чөлөөлөх, бусад тохиолдолд хүү тооцохоор тохиролцсон. 2018-2020 онд тус бүр 2,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг төлөгдсөнөөр тооцсон боловч хариуцагч 2021.03.03-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул гэрээг цуцалж, үндсэн зээл 13,500,000 төгрөгийг түүний хүү 7,973,187 төгрөгийн хамт шаардахаар 2021.03.03-ны өдөр акт үйлдсэн” гэжээ.

Хариуцагч Б.Ц нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч “...2014 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэл “..........” ХХК-ийн Дархан салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа байрны урьдчилгаа төлөхөөр хийж бүтээснээ үнэлүүлж цаашид 10 жил тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэй буцалтгүй тусламж хэлбэрээр 2017.10.17-ны өдөр 19,500,000 төгрөгийг авсан, тухайн үед компаниас дэд захирал Б.Стэй зээлийн гэрээ байгуулж өгнө гэж шаардсаны дагуу гэрээнд гарын үсэг зурсан, ажлаас чөлөөлөгдсөн учир 13,500,000 төгрөгийг төлнө, харин нэхэмжлэгчээс хувь хүний хувьд зээл авах, өгөхөөр тохироогүй тул хүү төлөх үндэслэлгүй, төлсөн гэсэн 6,000,000 төгрөг нь компани миний ажлыг үнэлж жил бүр 2,000,000 төгрөгийг хасч тооцсон, харин би бодитоор мөнгө төлөөгүй...” гэж маргасан байна.

8.Анхан шатны шүүх 20,420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүү шаардах эрхтэй...” гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “...иргэд хоорондын зээл бус ажил олгогч буюу “..........” ХХК, ажилтан Б.Ц нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь ... компаниас ажилтандаа олгосон зээл, төлөгдсөн гэх 6,000,000 төгрөг нь компанид ажилласны ажлын үр дүнгийн мөнгө гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй. ... энэ хэргийн нэхэмжлэгч нь Б.С биш, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй ба хуулийн этгээдийг төлөөлөх эрх олгогдоогүй байна” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар, нэхэмжлэгч шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд хууль зүйн зөрүүтэй дүгнэлт хийж, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг өөрөөр тайлбарлан хэрэглэжээ.

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасан “анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн агуулгыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” буюу хяналтын шатны шүүх хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэлд хамаарсан боловч гомдолд дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

11.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй дутагдалтай талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

12.Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Цээс зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргахдаа 2017.10.17-ны өдрийн зээлийн гэрээ, 2021.03.03-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг үндэслэсэн, харин хариуцагч эдгээр баримтаар нэхэмжлэгчид зээлийн төлбөр шаардах эрх үүсэхгүй, учир нь уг мөнгийг компанид 10 жил тогтвортой ажиллахаар авсан, ажилласан 3 жилийн урамшууллыг тооцсон, ажлаасаа чөлөөлөгдсөн тул зөрүү мөнгийг компанид төлнө, хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч маргааны зүйлтэй холбоотой өөрсдийн нотлох баримтыг гаргаснаас гадна шүүх тэдний хүсэлтээр Л.М, Б.М нарыг гэрчээр асуух, “..........” ХХК-аас нотлох баримт шаардан авах ажиллагааг хийжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль зүйн дүгнэлт өгөх учиртай. Талууд зээл олгох, олгосон мөнгийг эргэн төлөх хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

13.Аливаа хэлцэл нь иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ бөгөөд гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаас гадна хүсэл зоригоо илэрхийлсэн этгээдийн хэрэгцээ шаардлага, үг болон үйлдэл, /эс үйлдэхүй/ бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх үүрэг, зээлдэгч нь гэрээний хугацаа дуусгавар болоход авсан зүйлтэй ижил төрөл, хэмжээний эд хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

14.Хариуцагч Б.Ц нь “..........” ХХК-д ажиллаж байсныг нэхэмжлэгч маргаагүй, маргааны зүйл болсон 19,500,000 төгрөгийг тус компаниас “Б.Ц буцалтгүй тусламж” гэсэн утгаар зарлагадсан тухай баримт, мөн мөнгийг Б.Цийн ................ банк дахь дансанд шилжүүлсэн, дараа нь “Б.Цийн орон сууцны урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар ......... банкинд шилжүүлсэн, тус компанийн санхүүгийн тайланд тухайн өр бүртгэгдсэн байдал, хариуцагчийг ажлаас халагдсан 2021.03.03-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй гэж гэрээ дүгнэсэн гэх акт үйлдсэн, жил тутамд 2,000,000 төгрөгөөр урамшуулал хэлбэрээр 2018-2020 онд нийт 6,000,000 төгрөгийг олгосон мөнгөнөөс хассан болон хэргийн бусад баримтыг зээлийн гэрээ, зохигчийн тайлбарын үндэслэлтэй харьцуулж үнэлсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

15.Түүнчлэн, нэхэмжлэлийн үндэслэл болгож буй бичгийн хэлбэр бүхий зээлийн гэрээнд, нэхэмжлэгч нь 19,500,000 төгрөгийг хариуцагчид 10 жилийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлэх, хариуцагч нь жил бүр 2,000,000 төгрөгийг төлөх, гэрээнд заасан хугацаанд үндсэн мөнгийг төлвөл зээлийн хүүгээс чөлөөлөх, бусад тохиолдолд хүү тооцох, зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож, зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлийг хүүгийн хамт нэн даруй шаардах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч Б.С нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг хариуцагч Б.Цт урт хугацаатай зээлэх, зээлийг хугацаандаа эргэн төлвөл хариу төлбөр болох хүү тооцохгүй гэсэн агуулга нь нэхэмжлэгчийн хувьд эдийн засгийн хувьд үр ашиггүй байхаас гадна “жил бүр 2,000,000 төгрөг төлнө” гэсэн нь бодитоор төлөгдөх бус хариуцагчийн “..........” ХХК-д тогтвортой ажиллах тохиолдолд жил бүр ийм хэмжээний мөнгө хасагдах гэсэн нь ажил олгогчтой хамааралтай гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэргийн баримтаар зохигчийн хооронд зээлийн гэрээ бодит хүсэл зоригийн илэрхийллээр байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагчид үүрэг үүссэний дагуу зээлийн зарим мөнгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.

16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтын үнэлгээтэй холбоотой гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг харьцуулан үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нөгөө талаар, зохигчийн тайлбар нотолгооны хэрэгсэл болох бөгөөд тэдний шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байхыг хууль шаарддаг, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хариуцагч 6,000,000 төгрөгийг бодитоор төлөөгүй, компанид ажилласан ажлын үр дүнгээс тооцож авсан мөнгө гэж тайлбарласныг нэхэмжлэгч эсэргүүцээгүй байх тул үүнийг тогтоогдсон үйл баримт гэж үзнэ. Иймд хариуцагч 6,000,000 төгрөгийг тус компанид ажиллаж байхдаа ажлын үр дүнгээс тооцож авсан мөнгө гэснээ баримтаар нотлоогүй гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

17.Харин давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт алдаатай боловч тухайн зөрчил нь магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Тухайлбал, тус шүүх нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу хариуцагчаас төлбөр шаардах эрхгүй гэсэн дээрх дүгнэлтийг зөв хийсэн атлаа түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй гэсэн нь зөрчилдөөнтэй.

Учир нь нэхэмжлэгч Б.С нь өөрийн нэрийн өмнөөс шүүхэд хандаж зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнд материаллаг эрх зүйн хувьд гэрээний төлбөр шаардах эрх үүсээгүй байна. Харин тэрээр аливаа этгээдийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно.

Түүнчлэн шүүх хэргийг зохигчийн хооронд үүссэн маргааны хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй ба давж заалдах шатны шүүх магадлалдаа “..........” ХХК болон Б.Ц нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хуульд заасан журамд нийцээгүй байна.

17.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 209/МА2023/00009 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.С /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э/-ийн 2023.02.07-ны төлсөн 261,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН