Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01686

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01686

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2022/00799/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар хэсэг, *** гарден, ***-1** тоотод оршин суугаа, Б*** овогт Б*** С*** /рд:***6/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, *** дугаар хороолол, **-*** тоотод оршин суугаа, **** овогт Б** Ц*** /рд:***/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага 21,473,188 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э

Хариуцагч Б.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ч,

Гэрч С.Б Б.М Л.МШүүх хурадааны нарийн бичгийн дарга Н.Балжинням

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.С нь Б.Цт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,473,188 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б***овогтой Б.С миний бие Б***овогтой Ц***тэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг жилийн 12%- ийн хүүтэй зээлдүүлсэн.

Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сараас 2027 оны 11 дүгээр сар хүртэл жил бүр 2,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх ёстой байсан боловч зээлийн үндсэн төлбөрт 2018 оны 11 сар, 2019 оны 11, 2020 оны 11 дүгээр сард тус тус 2,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөгийг төлсөн.

Гэрээний 6 дугаар зүйлд Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон /ажилгүй болсон гэх мэт/ бол Зээлдүүлэгч зээлийг хүүгийн хамт нэн даруй шаардах эрхтэй. Зээлдэгч зээлийг хүүгийн хамт үл маргах журмаар төлөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд Б.Цийн Д** ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 2021.03.03-ны өдөр дуусгавар болж ажлаас гарсан тул бид 2021.03.03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж зээлийн үлдэгдэл 13,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 7,973,187 төгрөг, нийт 21,473,188 төгрөгийг 2021.03.03- ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч Б.Ц нь зээлийн гэрээ болон гэрээ дүгнэсэн актаар тохиролцсон 21,473,188 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөхгүй байна.

Иймд Б.Цээс 21,473,188 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Ц нь хариу тайлбартаа:

Миний бие *** овогтой Б.Ц нь Б*** овогтой Б.С ийн нэхэмжлэх болох бусад холбогдох баримтуудтай танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Миний бие Б.Ц нь 2014 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэл Д** ХХК-д хойд бүс хариуцсан Дархан салбарт Хөдөлмөрийн аюултай байдал эрүүл ахуй /цаашид ХАБЭА гэх/ н инженерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оноос хойш хийж бүтээснээ үнэлүүлэн нэхэмжлэлд дурдсан 19.500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард Д** ХХК-д 10 жил тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр авч байсан ба тухай үед компаниас уг мөнгийг дэд захирал Б.Стэй хувь хүнээс мөнгө зээлсэн зээлийн гэрээгээр өгөхөөс өөр боломж байхгүй ээ, өөрөөр олгох боломж байхгүй гэж шаардсаны дагуу миний бие байр авахаар урьдчилгаа яаралтай хэрэгтэй байсан тул уг гэрээнд гарын үсэг зурж тухайн мөнгийг авч байсан.

Ингээд гэрээний дагуу үндсэн албан тушаал болох ХАБЭА-н инженерээр ажиллахын хажуугаар албан тушаал хавсран хэрэглэгч хариуцсан инженер, хэмжилт тохируулгын инженер, зургийн инженер, угсралтын инженер, тоног төхөөрөмжийн агуулахын нярав, дуудлагын засварчин болон бусад аж ахуйн ажлуудыг цалин хөлс болон бусад ямар нэгэн хавсран хийсэн нэмэгдэлгүйгээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажилладаг байсан. Шаардлагатай үед бүсийн хэмжээнд бүх л албан тушаалын ажлыг хариуцлагатайгаар орлон хийсээр ирсэн.

Мөн ажиллаж байх хугацаандаа хойд таван аймгийн хэмжээнд/Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Эрдэнэт/ нэмэгдэл хөлсгүй маш их илүү цагаар шөнө оройгүй ажиллаж байснаас гадна энэ олон жил хувийн машинаараа компани ажлыг сэтгэл гарган элэгдэл хорогдол сэлбэг ярилгүйгээр ашиглаж ирсэн /7 жилийн хугацаанд 1 л удаа сэлбэг авч өгсөн/. Мөн дээрх ажлуудаас гадна хойд бүстэй холбоотой хяналт шалгалт, улсын комисс, бүстэй холбоотой бүхий л бичиг баримт, дүрэм журмуудыг гаргахад гар бие оролцон өндөр бүтээмжтэй ажилласан. Мөн компани хэмжээнд болон хийн салбарын хэмжээнд шинээр хийж хэрэгжүүлсэн ажлууд надад олон бий. 2018 оноос хойш хойд бүс хариуцсан захирлын хууль дүрэм зөрчсөн элдэв дарамт шахалтад байнгын орж 2020 оны сүүлээр ямар ч сахилгын шийтгэлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй, хэлж тохирсон зүйлгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт л энэ өөр албан тушаалын гэрээн дээр гарын үсэг шууд зур гээд албан тушаал хүртэл дур мэдэн бууруулж цаашид өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгөхөөс өөр аргагүй байдалд хүртэл төрөл бүрийн ажлын байрны дарамт шахалт үзүүлж арга буюу ажлаас гарах хүсэлтээ өгч ажлаас гарсан.

Иймд: Тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр олгохоор тохирсон 19,500,000 төгрөгийг хувь хүнээс мөнгө зээлсэн зээлийн гэрээ болгож өөрчлөн хийлгэсэн тул уг 17/192 тоот зээлийн гэрээг Иргэний тухай хуулийн 53.1.3/ Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл/, /56.1.4 Үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл/ гэж үзэж байгаа тул уг зээлийн гэрээг хүчингүй болгохыг хүсэж байна.

Иргэний тухай хуулийн 53.1.3, 53.1.4 дүгээр заалтуудыг үндэслэн уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул уг хуулийн 56.6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэхэд дурдсан хүүгийн төлбөр 7,973,187 төгрөгийг үндэслэлгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн гэрээ, 17/193 тоот гэрээг дүгнэсэн акт, итгэмжлэл, орлогын баримт, компанийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас тодорхойлолт, кассын зарлагын баримт, голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/193 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,500,000 төгрөг, түүний хүү 7,973,187 төгрөгийг, нийт 21,473,188 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.Ц нь шүүхэд бичгээр ...Иргэний тухай хуулийн 53.1.3, 53.1.4 дүгээр заалтуудыг үндэслэн уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул уг хуулийн 56.6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэхэд дурдсан хүүгийн төлбөр 7,973,187 төгрөгийг үндэслэлгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан боловч тэрээр шүүх хуралдаан дээр үндсэн төлбөр 13,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. зээлийн хүү 7,973,187 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна... гэж тайлбарлаж маргасан болно.

2. Талууд болох Б.С, Б.Ц нар нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны 17/193 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр Б.С нь өдрийн 17/193 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч Б.С нь Б.Цт 19,500,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2027 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 10 жилийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон байна.

3. Хариуцагч Б.Ц нь ...2014 оноос 2021 оны 3 дугаар сар хүртэл Д** ХХК-д хойд бүс хариуцсан Дархан салбарт Хөдөлмөрийн аюултай байдал эрүүл ахуй /цаашид ХАБЭА гэх/ н инженерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оноос хойш хийж бүтээснээ үнэлүүлэн нэхэмжлэлд дурдсан 19,500,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард Д** ХХК-д 10 жил тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр авч байсан... гэсэн тайлбарыг гаргаж, энэхүү тайлбартай холбогдуулан Д** ХХК-ний Дархан дахь салбарын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17/98 тоот албан бичиг, Д** ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн кассын орлогын ордер, 2017 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн болно.

4. Хавтас хэрэгт авагдсан Д** ХХК-ний Дархан салбарын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17/98 тоот албан бичигт Батжаргал овогтой Цэрэнпүрэвийг Д** ХХК-ний хойд бүс хариуцсан Дархан салбарын инженерээр 2014 оноос хойш тогтвор суурьшилтай үр бүтээлтэй амжилт гарган ажилласныг өндрөөр үнэлэн 3 өрөө байрны урьдчилгаа болох 19,500,000 төгрөгийг буцалтгүйгээр олгосон нь үнэн болно хүндэтгэсэн Хойд бүс хариуцсан захирал Л.Мөнхжаргал гэж гарын үсэг зурж, Төрийн банкинд тодорхойлолт гаргаж өгсөн байна. /хх-28/

Б.Сийн бэлэн мөнгө олгохыг хүссэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өргөдөл /мөнгөний баримт/-д иргэн Б.Цт миний өмнөөс 19,500,000 төгрөг /түр/ шилжүүлж өгнө үү. Голомт банк 43099191883 тоот дансанд 19,500,000 төгрөгийг олгоно уу /хх-41/, Голомт банкны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар Голомт банкны 4309191883 тоот Б.Цийн эзэмшлийн данс руу 19,500,000 төгрөгийг Д** ХХК-иас,

Д** ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн кассын зарлагын ордероор Б.Цт 1 удаагийн буцалтгүй тусламж 19,500,000 төгрөг /хх-29/, Голомт банкны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар Төрийн банкны 1*** тоот Б.Цийн эзэмшлийн данс руу 19,500,000 төгрөгийг Д** ХХК-иас /хх-30/ тус тус шилжүүлсэн байна.

5. Шүүх хуралдаанд гэрч Л.Мөнхжаргалын ...Байгууллагаас Б.Ц нь орон сууцтай болох гээд зээл хүссэн. Миний бие Б.Цийн хүсэлтийг дэмжиж төв удирдлага руу явуулсан. Хэсэг хугацааны дараа Б.Цийн хүсэлтийг дэмжих талаар би дэд захирал Б.Стэй уулзсан. Компани зээл олгох боломжгүй гээд Б.Цт мөнгө өгөөгүй. Б.С нь Д** ХХК-ний дэд захирал санхүүгийн хувьд боломжтой учир Б.С захирлаас зээл олгосон. ...Б.Ц нь банкнаас орон сууцны зээл авахад уг тодорхойлолтыг хийгээд өгөөч гэж гуйсан учраас би ажилтандаа туслах зорилгоор тодорхойлолт хийж өгсөн. Түүнээс надад тийм тодорхойлолт хийж өгөх эрх байхгүй... гэсэн мэдүүлгээр Д** ХХК-ний Дархан салбарын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17/98 тоот албан бичигт дурдагдсан үйл баримт үгүйсгэгдэж байна.

6. Гэрч Б.М*** ... над дээр Б.Ц бэлэн 19,500,000 төгрөг барьж ирсэн. Надад та Д** ХХК-аас тушааж байгаа болгоод миний Төрийн банкны данс руу шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Б.Ц нь ипотекийн зээл авахад орон сууцны урьдчилгаа төлбөр эх үүсвэр нь тодорхой бус байж болохгүй гэж гуйсан учраас би Б.Цийн төрийн банкны данс руу шилжүүлэг хийсэн... гэсэн мэдүүлгээр Д** ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн кассынзарлагын ордер болон Голомт банкны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт бий болсон шалтгаан үндэслэл тогтоогдож байгаа болно.

7. Зохигч талуудын хооронд дээрх зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэл шалтгаан нь тухайн үед хариуцагч Б.Ц нь Д** ХХК-нд ажилладаг байсан бөгөөд тэрээр тухайн байгууллагаас орон сууцны урьдчилгаа төлбөр төлөхөд нь туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлтийг гаргаж байсан. Д** ХХК нь мөнгөн тусламж өгөх боломжгүй байсан учраас тухайн компаний дэд захирал Б.С нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгээр байгуулан, 19,500,000 төгрөгийг хариуцагч Б.Цт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Б.Сийн бэлэн мөнгө олгохыг хүссэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өргөдөл, Голомт банкны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, гэрч Л.М***, Б.М*** нарын мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг дүгнэсэн акт /хх-5/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасны дагуу зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

9. Нэхэмжлэгч тал 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/193 тоот зээлийн гэрээний 6-д Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон /ажилгүй болсон гэх мэт/ бол зээлдүүлэгч зээлийг хүүгийн хамт нэн даруй шаардах эрхтэй. Зээлдэгч зээлийг хүүгийн хамт үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэн Б.Ц ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр талууд хоорондоо байгуулсан 17/193 тоот гэрээний үндсэн төлбөр хүүг дүгнэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх5/

10. Хариуцагч Б.Ц нь зээл авснаасаа хойш хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч Б.С нь 3 жилийн үндсэн зээлийн төлбөрөөс тус бүр 2,000,000 төгрөгийг буюу нийт 6,000,000 төгрөгийг үндсэн зээл 19,500,000 төгрөгөөс хасаж тооцон, үндсэн зээл 13,500,000 төгрөгийг,

мөн зээлийн гэрээний 2-т зээлд жилийн 12 хувийн хүү тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 3 жил тутамд үндсэн зээлээс 2,000,000 өгч хассан дүнгээс хүүг тооцож, 2021 оны 03 дугаар сар хүртэлх хугацаа буюу 3 жил 4 сар хугацааны хүү 7,973,188 төгрөгийг, нийт 21,473,188 төгрөгийг хариуцагч Б.Цээс гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 17/193 тоот зээлийн гэрээ дүгнэсэн актын 3-т зээлийн үндсэн төлбөрт 2018.11 сар, 2019.11 сар, 2020.11 сар тус тус 2,000,000 төгрөгийг хасаж тооцсон байна.

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасны дагуу хариуцагч Б.Цээс үндсэн зээлийн төлбөр 13,500,000 төгрөг, хүү 6,920,000 төгрөг, нийт 20,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,053,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

12. Шүүх хуралдаанд хариуцагч Б.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Ц нь орон сууцны зээл авахад урьдчилгаа төлбөр хэрэгтэй байсан учраас Б.Стэй байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр 19,500,000 төгрөгийг зээлж авч хэрэглэсэн үйл баримт байна. Түүнээс энэхүү зээлийг гэрээгээр халхавчлан өөр хүсэл зоригоор гэрээ /халхавчлуулсан/ хийгдсэн үйл баримт байхгүй байна.

Мөн хариуцагч Б.Ц нь байгууллага намайг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 19,500,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлгүйгээр энэ мөнгийг олгосон гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэ үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй ба хэрэгт авагдсан дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгаа болно.

Хариуцагч Б.Цийн гаргасан тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,320 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ээс тэмдэгтийн хураамж 260,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Цээс 20,420,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,053,188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,320 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цээс тэмдэгтийн хураамж 260,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА