Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/00252

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/00252

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, регистрийн дугаартай, Ц.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, регистрийн дугаартай, М ХХК-д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байсан Ү2206005348 дугаартай авто гарааш засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг устган, гэм хорын хохирол учруулсны хохиролд 32.719.140 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч О.Оджаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О миний бие Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаяг байсан авто гарааш засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байсан. Гэтэл өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг М ХХК зөрчөөд 2013 оны 2 дугаар сард компанийн захирал Байяла /Baiyila/ нь шийдвэр гарган нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтсэн хойгуур үл хөдлөх хөрөнгийг өөрийн дураар нураасан. Энэ талаар нэхэмжлэгч сүүлд мэдээд хариуцагч компанийн захиралтай уулзахад нэгэнт гараашийг нураасан, барилгын ажил эхэлсэн тул танд барилга боссоны дараа байр өгье гэсэн. Тэгээд харилцан тохиролцсон гэж үзээд нэг хэсэг чимээгүй байж байтал М ХХК-ийн барилга ашиглалтад орсон боловч захирал нь Байяла /Baiyila/ нэхэмжлэгч Ц.Отай уулзахгүй зугатаад байсан. Ингээд нэг өдөр тааралдаад уулзахад та надад дээр нь 30.000.000 төгрөг нэмээд өгчих тэгвэл танд байр өгье гэсэн. Тэгэхээр нь Ц.О Цагдаагийн байгууллагад хандсан боловч хариуцагчийн нэр, хаяг зөрүүтэй бас иргэний журмаар шийдвэрлэх шаардлагатай болсон учир иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нэгэнт хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн учраас гэм хор учруулсны хохирол нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэрээний асуудал ярьдаг. Хэргийн материалын 8-9 дүгээр хуудсанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ц.О Батжаг ХХК-ийн нэр дээр байсан 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө газрын хамт худалдсан. Энэ гэрээг М ХХК-ийн захирал Байяла /Baiyila/ хийсэн, энэ гэрээний үүрэг хэрэгжсэн. Хэргийн материалд уг гэрээний дагуу шилжүүлэх байсан 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан. Уг гэрээгээр шилжүүлэх ёстой үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Байяла /Baiyila/-ийн нэр дээр шилжсэнМөн гэрээн дээр дурдагдсан 2438 м.кв талбайтай газар дээр нэмээд Дархан Оточ ХХК-ийн газартай нийлүүлж, газар эзэмших эрхийн гэрээ М ХХК 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хийсэн байгаа. Энэ гэрээний дагуу шилжүүлэх ёстой газраа Ц.О газар эзэмших гэрээний дагуу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл уг гэрээгээр шилжүүлэх ёстой бүх эд хөрөнгүүд шилжсэн. Нэхэмжлэгч талаас энэ гэрээний талаар ямар нэг маргаан үүсгээгүй. Уг гэрээгээр хүлээлцсэн үл хөдлөх хөрөнгийн актын талаар хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Энэ акт дээр хариуцагч талаас гарын үсэг зураагүй. Тэр актан дээр Батжаг ХХК-ийн шилжүүлэх ёстой хөрөнгийн жагсаалт гэсэн нэртэй акт байгаа. Уг үл хөдлөх хөрөнгө нь өөрөө хамгийн анх авто гараашийн зориулалттай байсан боловч 13 ширхэг гарааштай үл хөдлөх хөрөнгө байсан. Үүний тодорхой хэсгийг өөрчлөөд цайны газар, оффистой болгоод Батжаг ХХК-ийн нэр дээр үлдсэн байсан гараашуудаа шилжүүлсэн. Энэ гараашийг шилжүүлэх гэрээ хийх үед маргааны зүйл болоод байгаа гарааш Б.Чимэддамба гэдэг хүний нэр дээр байсан. Тийм болохоор Ц.О, М ХХК-ийг хуураад өгөх ёстой байсан хөрөнгөө өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний үүрэг аль хэдийн хэрэгжсэн. Газар өмчлөх гэрчилгээг яагаад өгсөн бэ гэхээр барилгын үйл ажиллагаа явуулахад газрын гэрчилгээ шаардлагатай байсан. Газрын гэрчилгээг яагаад шилжүүлээгүй вэ гэхээр төлбөр тооцоо дуусаагүй байсан учраас газар өмчлөх гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Хожим нь хариуцагч амалсан байраа өгөхгүй байсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээгээ нэхэмжилсэн. Гэтэл газар өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байсан учир Ц.О гээгдүүлсэн хэмээн шинээр гаргуулж авсан. Мөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байршилтай байсан М ХХК-ийн хашаанд хадгалуулж байсан боловч устгасан барилгын төмөр, бетон хийц, дам нурууны үнэ болох 1.538.640 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, мөн хаягт байсан Ү-2206005338 дугаартай авто гарааш, засварын газрын зориулалттай 40 м.кв үл хөдлөх хөрөнгийг устгасан гэм хорын хохиролд нийт 32.719.140 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нв зөвшөөрөхгүй. М ХХК-ийн захирал Байяла /Baiyila/ 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Батжаг ХХК-ийн захирал Ц.Оаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 113 тоот хаягт байрлах 2438 м.кв талбай бүхий авто гараашийг газрын хамтаар тухайн үеийн зах зээлийн ханшаар 245.000 ам.доллараар тохирон худалдаж авсан. Тухайн үед энэ худалдаж авсан обьект нь үл хөдлөх хөрөнгийн барьцаанд байсан тул М ХХК банкны барьцааны зээлийг төлж, тухайн обьектыг газрын хамтаар чөлөөлж авсан. Тэр үед Ц.О барилга барих газрыг, гараашийн хамтаар минийх гэж байсан боловч тухайн 6 гараашийн нэг нь Б.Чимэддамба гэдэг хүний өмч байсан. Иймд нэг гараашийн өмчлөлийн асуудлыг шийдсэний дараа дараагийн худалдааны асуудлыг ярья гэхэд Ц.О би энэ асуудлыг шийдье гээд Б.Чимэддамба гэдэг хүнээс Ц.О бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр рүү нэг гараашийг шилжүүлэн аваад түүнийгээ өөрийн гараашуудын хамтаар М ХХК-д худалдаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг М ХХК-д албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тухайн 6 хаалга бүхий гараашийг албан ёсоор хүлээлгэж өглөө гэсэн актыг өөрийн гараар үйлдэж өгсөн. 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Ц.О, М ХХК-ийн захирлын туслахаар ажиллаж байсан тул уг гараашуудын дотор ханыг нураах үед өөрөө байсан. Ноолуурын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар энэ обьектыг худалдан авсан учир үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суулгах гэтэл гараашийн дотор хананууд саад болон багтахгүй байсан тул 6 гараашийн дотор ханыг нураасан. Тухайн үед Ц.О өөрөө М ХХК-д ажиллаж, цалин авч, өөрөө бусдын хамтаар гараашийн дотор ханыг нураагаад явж байсан. Тиймээс миний өмчлөлийн обьектыг нураагаад надад гэм хор учруулсан гэдэг нь үндэслэлгүй. Энэ газрыг 2007 онд өөрийн эзэмшилд авсан ба тухайн 6 гараашийн хажууд Дархан оточ ХХК-ийн обьект байсныг Ц.Оаар яриулж, зуучлуулан худалдаж авсан юм. М ХХК нь өөрийн газар дээрээ барилга хот байгуулалтын зөвшөөрөл аваад Ивээл хотхоныг барьсан. Энэ хотхоны 3 барилга баригдаад улсын комисс хүлээж аваад олон жил болж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын талаар ярихдаа надад байр өгнө гэсэн болохоор би хууртсан юм гэж байна. Ийм яриа болоогүй. Яагаад гэхээр Ц.О нь 2006 оны 10 дугаар сараас 2007 оны дунд хүртэл М ХХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд М ХХК-иас цалин хөлс авч байсан. Түүний гаргаж өгсөн нотлох баримтын хувьд бол 235.000 ам.долларыг гаргаж өгөхөд тодорхой хэмжээгээр удааширсан  учраас түүнийг авья гэсэн байдлаар ярьсан зүйл юм. Ц.О улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 11 дүгээр сарын сүүлээр хүлээлгэж өгсөн атлаа 2014 онд Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гээд баримт бичиг бүрдүүлэн албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авчихаад биднээс гэм хорын хохирол нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч н.Батугийн мэдүүлгээр энэ 6 гараашийн ханыг нураагаад урагшаа 7 метр сунгахад Ц.О өөрөө гар бие оролцож байсныг хэлсэн байгаа. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Газар өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байсан тул газрын гэрчилгээг дахин гаргуулж авсан гэж байна. Энэ чинь албан ёсоор 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2438 м.кв талбайтай газрыг авто гараашийн хамт худалдан авахдаа Ц.О өөрөө акт үйлдээд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр урд талын 6 ширхэг гараашийг хүлээлгэж өглөө гэж өгсөн. Нэхэмжлэгч газар өмчлөх эрхийн гэрчилгээг манайх хүлээлгэн өгсөндөө маргахгүй байна гэдэг. Тэгсэн мөртлөө одоо болохоор нэг гарааш нь өөр хүний нэр дээр байсан гэж байна. Ц.О нь Б.Чимэддамбатайгаа өөрөө уулзаад хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр Ц.О авчихаад, түүнийгээ М ХХК-д хүлээлгэн өгсөн. Албан ёсоор худалдах, худалдан авах гэрээ 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн. Үүнээс хойш 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.О, Б.Чимэддамбаас үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан гараашийн хамтаар  М ХХК-д хүлээлгэн өгсөн. Түүнээс биш өнөөдөр бид хууль бус үйлдэл хийгээгүй. М ХХК нь Монголд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс учир бүх зүйлийг хуулийн хүрээнд хийсэн. Энэ асуудалтай холбоотойгоор газрын асуудал үүссэн. Б.Чимэддамбыг Ц.О нь М ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батутай уулзуулсан. Б.Чимэддамба нотариат дээр очоод тухайн үед М ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан н.Батуд газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгдээд албан ёсоор гэрчилгээний хуулбарыг өгөөд 80 м.кв талбайтай гарааш М ХХК-ийн өмч болсон. Ингээд тухайн худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Гэтэл Ц.О нь М ХХК байр өгөхгүй байсан учраас дахин газрын гэрчилгээг авсан, дахин гэрчилгээ авсан учраас өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж гэм хор учирсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ нь өөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн шаардлагад нийцэхгүй, нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгээд байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-ийн захирал Байяла /Baiyila/ Батжаг ХХК-ийн захирал Ц.Оаас 2438 м.кв талбайтай авто гараашийг газрын хамт худалдаж авсан. Тухайн үед энэ обьект нь хэсэг хэсэг бүхий 6 обьект байсан. Энэ 6 обьектын 5 нь Ц.Оынх, нэг нь Б.Чимэддамба гэдэг хүний нэр байсан боловч Ц.О нийт 6 гараашийг акт үйлдээд М ХХК-д шилжүүлэн өгсөн. Энэ 6 гараашийг дагалдах хэсгийн хамт буюу 780 м.кв талбай бүхий үндсэн хөрөнгийн хамтаар худалдсан. Энэ талаар нэхэмжлэгч өөрөө түрүүн ярьсан. Энэ 780 м.кв талбай бүхий үндсэн хөрөнгө дотор 6 ширхэг гарааш орсон байсан. Гарааш орсон байсан учир бид дагалдах хэсгийн хамт худалдан авсан. Үүнийг албан ёсоор худалдан авсны дараа Ц.О 10 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Мөн Б.Чимэддамбаас 12 дугаар сард газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгээд газрыг эзэмших хүсэлтээ хуулийн дагуу газрын албанд өгч, газар М ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд 40 м.кв талбайтай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шударгаар худалдан авсан. Энд гаргасан манай алдаа гэвэл тухайн обьектыг буулгаж байсан учир газар өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. М ХХК нь 6 гараашийн газрын өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Гэтэл Ц.О нь иргэн Б.Чимэддамбаас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан нэг гараашийн газарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн байна гэдэг байдлаар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ү2200600538 дугаартай газрын гэрчилгээг нөхөн авсан байна. Иймд Ц.Оын нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гаараш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг М ХХК-ийн захирал Байяла /Baiyila/ худалдан авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ үед Хан-Уул дүүргийн, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Батжаг ХХК-ийн нэр дээр байгаагүй. Учир нь эдгээр гараашууд нь Ц.Оын нэр дээр байсан. Ц.Оын нэр дээр байсан учраас 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг актаар дагалдах хэсгийн хамт хүлээлгэн өгсөн асуудал. Энэ нь улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дарааллаар бол Ц.Оын нэр дээр байсан бөгөөд одоо энэ маргаад байгаа нэг гарааш Б.Чимэддамба гэдэг хүний нэр дээр байсан тул 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагын удирдлага энэ гарааш өөр хүний нэр дээр байна. Чи өөр хүний өмчлөлийн зүйлийг бидэнд зарсан байна. Тиймээс чи энэ асуудлыг зохицуул гэхэд Ц.О би өөрөө энэ асуудлыг зохицуулна гээд Б.Чимэддамбаас тухайн гараашийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд манайд хүлээлгэн өгсөн.  Ц.О нь Б.Чимэддамбыг өөрөө авч ирээд н.Бату захиралтай уулзуулж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Ингээд албан ёсоор хуулийн хүрээнд бүх зүйл хийгдсэн. Тэр үед Батжаг ХХК-ийн хөрөнгө банкны барьцаанд байсан учир тухайн үед нь энэ яригдаад байгаа дагалдах хэсгийн хамт өгөх гээд байгаа хөрөнгүүдээ та өөрөө бичээд гарын үсгээ зураад, тамга дарж баталгаажуулж өг гэж хэлсэн учир албан ёсоор 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж өгсөн. Тиймээс Ц.Оын Б.Чимэддамбаас шилжүүлж авсан авто гараашийг Ц.О өөрөө манай компанид шилжүүлж өгсөн гэрчилгээ байгаа учир бид хэн нэгэн этгээдийн хөрөнгийг нураагаад барилга барих сэтгэхүйтэй хүмүүс биш гэж хэлэх нь зүйтэй. Энэ процесс хуулийн дагуу явагдаж байхад Б.Чимэддамба өөрөө энэ бүхнийг хараад байж байсан. Түүнээс биш бид Ц.Оын өмчлөлийн гараашийг нурааж гэм хор учруулаагүй. Тийм учраас Ц.Оын нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-133 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг М ХХК-ийн захирал Байяла /Baiyila/ худалдан авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотлох баримт хэргийн материалд хангалттай байгаа. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газрын даргын тушаал дээр ч байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн тохиолдолд дахин гаргаж авах боломжтой байдаг учраас тэр нөхцөлөөр гаргуулсан. Яагаад дахин гаргуулсан талаар би түрүүн маш тодорхой тайлбарласан. Хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцсон дагуу эд зүйлээ өгөөгүй, газрын гэрчилгээгээ авья гэхээр гэрчилгээг өгөхгүй байсан тул яах аргагүй Ц.О дахин газрын гэрчилгээгээ гаргаж авсан. Ц.О өмчлөгч учир дахин газрын гэрчилгээг авсан. 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний асуудал бол Батжаг ХХК болон Байяла /Baiyila/ хоёрын хооронд хийгдсэн гэрээ бөгөөд Батжаг ХХК өөрийн өмчлөлийн хөрөнгөө шилжүүлсэн асуудал болохоос биш Ц.О гэдэг хүн өөрийн хөрөнгөө шилжүүлсэн асуудал биш юм. 2006 оны энэ гэрээг талууд байгуулах үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Ц.Оын нэр дээр байгаагүй. Мөн актан дээр зурсан байсан 6 гарааш бол Батжаг ХХК-ийн өөрийнх нь гарааш. Энэ гараашийг 780 м.кв талбайтай газрын хамт шилжүүлсэн. Мөн хэргийн материалд байгаа гэрчийн мэдүүлэгт ч гэсэн Батжаг ХХК-ийн захирал Ц.О энэ актан дээрээ худалдсан бүх хөрөнгөө дурдаагүй. Энэ актанд маргаанд ороогүй оффисийн байр, цайны газраас гадна мөн үнэлгээний дүгнэлтэн дээр байгаа энэ барилга маань өөрөө 13 гарааштай байсан барилга. Өөрөөр хэлбэл 6 гараашаас гадна тоочоогүй гараашууд байгаа гэдэг асуудлыг бас анхаарах хэрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.О нь М ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байсан Ү-2206005348 дугаартай авто гарааш засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг устган, гэм хорын хохирол учруулсны хохиролд 32.719.140 төгрөг гаргуулах тухай үндсэн, М ХХК нь Ц.Оад холбогдуулан хариуцагчийн 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас харахад 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Батжаг ХХК, БНХАУ-ын иргэн Байяла /Baiyila/ нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч тал буюу Батжаг ХХК нь худалдан авагчийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133, Арьс импекс нэгдлийн хашаанд байрлах, 2438 м.кв талбай бүхий авто гараашийг эдэлбэр газрын хамт шилжүүлэхээр, худалдан авагч тал нь 245.000 ам.долларыг худалдагчид төлөхөөр тохиролцож, Батжаг ХХК-ийг төлөөлж, захирал Ц.О, иргэн Байяла /Baiyila/ нар гарын үсэг зуржээ.

 

           Улмаар 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ц.О, М ХХК-ийг төлөөлж, үүсгэн байгуулагч, өрөнхий захирал Байяла /Baiyila/ нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 2438 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн болох нь уг гэрээ болон 2438 м.кв талбайн хэмжээтэй кадастрын зураг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэх болон 245.000 ам.долларыг өгсөн, авсан талаар талууд маргаагүй болно. 

 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байсан авто гарааш засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхад өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг М ХХК зөрчиж, 2013 оны 2 дугаар сард нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг нураасан ба энэ талаар нэхэмжлэгч сүүлд мэдээд хариуцагч компанийн захиралтай уулзахад нэгэнт гараашийг нураасан, барилгын ажил эхэлсэн тул танд барилга боссоны дараа байр өгье гэсэн боловч тохирсондоо хүрээгүй, захирал Байяла /Baiyila/ нь уулзахгүй зугтаад байсан, нэг өдөр тааралдаад уулзахад та надад дээр нь 30.000.000 төгрөг нэмээд өгчих тэгвэл танд байр өгье гэснийг зөвшөөрөөгүй тул шүүхэд хандсан, үл хөдлөх хөрөнгийг устган, гэм хорын хохирол учруулсны хохиролд 32.719.140 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч нь 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-ийн захирал Байяла /Baiyila/ Батжаг ХХК-ийн захирал Ц.Оаас 2438 м.кв талбайтай авто гараашийн газрыг худалдаж авсан ба тухайн үед энэ обьект нь хэсэг хэсэг бүхий 6 обьект байсан. Энэ 6 обьектын 5 нь Ц.Оынх, нэг нь Б.Чимэддамба гэдэг хүний нэр дээр байсан боловч Ц.О нийт 6 гараашийн акт үйлдээд М ХХК-д шилжүүлэн өгсөн. 6 гараашийг дагалдах хэсгийн хамт буюу 780 м.кв талбай бүхий үндсэн хөрөнгийн хамтаар худалдсан. Энэ 780 м.кв талбай бүхий үндсэн хөрөнгө дотор 6 ширхэг гарааш орсон байсан ба түүний нэг нь маргаан бүхий гарааш юм. Ц.О 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Мөн Б.Чимэддамбаас 12 дугаар сард газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгээд газрыг эзэмших хүсэлтээ хуулийн дагуу газрын албанд өгч газар М ХХК-ийн эзэмшилд шилжсэн гэж тайлбарлан маргаж байгаа болно.

 

Зохигчдын тайлбар болон хэргийн баримтаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Батжаг ХХК өөрийн нэр дээр байсан 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө худалдаж, уг гэрээний дагуу 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Байяла /Baiyila/-ийн нэр дээр, мөн гэрээн дээр дурдагдсан 2438 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдэж, уг гэрээгээр шилжүүлэх ёстой бүх эд хөрөнгүүд шилжсэн байх ба гараашийг шилжүүлэх гэрээ хийх үед маргааны зүйл болж буй 40 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Чимэддамба байж, улмаар 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ц.О, Б.Чимэддамба нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 500.000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий гараашийг хариу төлбөргүйгээр бэлэглэхээр талууд тохиролцож, мөн өдөр Ц.Оын нэр дээр 000214329 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Мөн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Чимэддамба, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бату нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Б.Чимэддамба нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах, 80 м.кв талбайтай газрыг /40 м.кв талбай бүхий гараашийн доорх/ М ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 133 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий гараашийг М ХХК-д худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй, дээрх 40 м.кв талбайтай гараашийн өмчлөгч нь Ц.О байх ба хариуцагч тал Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох ба хариуцагч тал энэ талаар ямар нэгэн гомдал гаргаагүй, баримт ирүүлээгүй тул Ц.Оын өмч гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд М ХХК нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий авто гараашийг нурааж хохирол учруулсан байх тул хохирлыг нэхэмжлэгчийн хөрөнгө үнэлгээний компанийн үнэлсэн үнэлгээг үндэслэж гаргуулах нь зүйтэй.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч томилж, шинжээчээр ажилласан Кости эстэмэйт ХХК нь маргаан бүхий хөрөнгө нь одоогийн байршлаас нураагдаж, устгагдсан тул шинжилгээний обьекттой зэрэгцээ, залгаа оршиж байсан хийц, бүтээц, биет чанар, дэд бүтцийн хувьд ижил төстэй ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах, 14 дүгээр ангийн эзэмшилд байгаа объектийн мэдээллийг судалж, үнэлгээг гаргажээ.

 

Уг үнэлгээг гаргахдаа хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг Үнэлгээний олон улсын стандарт /YOУC101-ийн 2/д/ хэсэгт тусгасны дагуу үнэ цэнийн суурь нь үнэлгээний зорилгод нийцсэн, энэхүү зорилгын хүрээнд зах зээлийн үнэ цэнийн суурийг хэрэглэж, харьцуулагдах объектийг сонгон шалгуур тус бүрийн нэмэлт тохируулгыг хийж, эдийн засгийн ерөнхий үзүүлэлттэй харьцуулж, эцсийн үнэлгээг гаргасан байх бөгөөд хариуцагч шинжээчийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийн талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасан журмын дагуу гомдол гаргаагүй болно.

 

Иймд Кости эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч М ХХК-иас 32.719.140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Оад олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч 32.719.140 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М ХХК эс зөвшөөрч 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М ХХК нь 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус гараашийг Ц.Оаас худалдан авсан, улмаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж хүлээн авсан тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч хэргийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж, үгүйсгэж байгаа шаардлагын үндэслэл байх ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 32.719.140 /гучин хоёр сая долоон зуун арван есөн мянга нэг зуун дөчин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Оад олгосугай.

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ц.Оад холбогдох 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.087.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.087.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Оад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

О.ЧУЛУУНЧИМЭГ