Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01506

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/01506

 

 

 

Ч.Очирбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 102/ШШ2016/0598 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Очирбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монь Ивээл ХХК-д холбогдох

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байсан Ү2206005348 дугаартай авто гарааш засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг устган, гэм хорын хохирол учруулсны хохиролд 31 106 560 төгрөг, Монь Ивээл ХХК-ийн хашаанд хадгалуулж байсан боловч устгасан барилгын хийцүүд болох 4 ширхэг аяган суурины үнэ болох 1 159 200 төгрөг, 4 ширхэг дам нурууны үнэ 379 440 төгрөг, нийт 32 645 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Очирбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Очирбат нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хариуцагч Монь Ивээл ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаяг байсан Ү22О6005348 дугаартай авто гарааш, засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг устгасны хохиролд 31 106 560 төгрөг, Монь Ивээл ХХК-ийн хашаанд хадгалуулж байсан боловч устаж алга болсон барилм.н хийц болох 2 ширхэг бетон 4 ширхэг аяган суурийн үнэ 1 159 200 төгрөг, 4 ширхэг дам нурууны үнэ 379 440 төгрөг, нийт 32 645 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ц.Очирбат нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаяг байсан авто гарааш засварын газрын зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байна. Гэтэл энэ өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг Монь Ивээл ХХК зөрчиж 2013 оны 02 дугаар сард компанийн захирал н.Байлаа нь шийдвэр гаргахад нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн хойгуур нь үл хөдлөх хөрөнгийг өөрийн дураар нураасан. Энэ талаар нэхэмжлэгч сүүлд мэдээд хариуцагч компанийн захиралтай уулзахад нэгэнт гараашийг нураасан, барилгын ажил эхэлсэн тул танд барьж дууссаны дараа байр, гарааш өгье гэсэн. Тэгээд харилцан тохиролцсон гэж үзэж нэг хэсэг чимээгүй байж байтал Монь Ивээл ХХК-ийн барилга ашиглалтад орсон боловч захирал нь н.Байлаа нэхэмжлэгч Ц.Очирбаттай уулзахгүй зугтаад байсан. Ингээд нэг өдөр тааралдаад уулзахад " Та надад дээр нь 30 000 000 төгрөг нэмээд өгчих тэгвэл танд байр өгье" гээд өгөөгүй. Нэгэнт хууль ёсны өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн учраас Иргэнии хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497. Дэх хэсэг, 495 дугаар зүйлийн 495.2 дахь хэсэг, 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан холбогдох зүйл заалтыг үндэслэн гэм хор учруулсны хохирол нэхэмжилж байгаа. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуусан бөгөөд гэрч н.Батзориг мэдүүлэгтээ гараашийг нураах үед Ц.Очирбат байгаагүй болохыг гэрчилсэн. Мөн 2016 он хүртэл Ц.Очирбатыг "Moнь Ивээл" ХХК-д ажиллаж байсан гэж тайлбарласан нь энэ нь 2006 онд гэрээ хийгээд гэрээ хийснээс хойш жил гаран Монь Ивээл ХХК-д Ц.Очирбат ажиллаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй гэрээний асуудал яригддаг, Хэргийн материалын 8-9 дүгээр хуудсанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Ц.Очирбат "Батжаг" ХХК-ийн нэр дээр байсан 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө газрын хамт худалдсан. Энэ гэрээгээр шилжүүлэх ёстой бүх эд хөрөнгүүд шилжсэн. Нэхэмжлэгч талаас энэ гэрээний талаар ямар нэг маргаан үүсгээгүй. Энэ гэрээгээр хүлээлцсэн үл хөдлөх хөрөнгийн актын талаар хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Энэ акт дээр хариуцагч талаас гарын үсэг зураагүй. Тэр актан дээр "Батжаг" ХХК-ийн шилжүүлэх ёстой хөрөнгийн жагсаалт гэсэн нэртэй акт байгаа. Энэ гэрээгээр шилжүүлэх ёстой хөрөнгүүд байсан. Энэ үл хөдлөх хөрөнгө нь өөрөө хамгийн анх авто гараашийн зориулалттай байсан боловч 13 ширхэг гарааштай үл хөдлөх хөрөнгө байсан. Үүний тодорхой хэсгийг өөрчлөөд цайны газар, оффистой болгоод "Батжаг" ХХК-ийн нэр дээр үлдсэн байсан гараашуудаа шилжүүлсэн. Энэ гараашийг шилжүүлэх гэрээ хийх үед маргааны зүйл болоод байгаа гарааш Б.Чимэддамба гэдэг хүний нэр дээр байсан. Тийм болохоор Ц.Очирбат Монь Ивээл ХХК-ийг хуураад өгөх ёстой байсан хөрөнгөө өгөөгүй гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний үүрэг аль хэдийн хэрэгжсэн. Газар өмчлөх гэрчилгээг яагаад өгсөн бэ гэхээр барилгын үйл ажиллагаа явуулахад газрын гэрчилгээ шаардлагатай байсан. Газрын гэрчилгээг яагаад шилжүүлээгүй вэ гэхээр төлбөр тооцоо дуусаагүй байсан учраас газар өмчлөх гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Хожим нь хариуцагч амалсан байраа өгөхгүй байсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээгээ нэхэмжилсэн. Гэтэл газар өмчлөх эрхийн гэрчилгээ гөгөхгүй байсан учир Ц.Очирбат газар өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн хэмээн газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан гэжээ.

Хариуцагч Монь Ивээл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Монь Ивээл ХХК-ийн захирал н.Байлаа 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр "Батжаг" ХХК-ийн захирал Ц.Очирбатаас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 113 тоот хаягт байх 2438 м.кв талбай бүхий авто гараашийг газрын хамтаар тухайн үеийн зах зээлийн ханшаар 245 000 ам.доллараар тохирон худалдаж авсан, Тухайн үед энэ худалдаж авсан объект нь үл хөдлөх хөрөнгийн барцьцаанд байсан тул Монь Ивээл ХХК банкны барьцааны зээлийг төлж, тухайн объект ыг газрын хамтаар чөлөөлж авсан. Тэр үед Ц.Очирбат барилга барих газрыг, гараашийн хамтаар минийх гэж байсан боловч тухайн 6 гараашийн нэг нь Б.Чимэддамба гэдэг хүний өмч байсан. Иймд нэг гараашийн өмчлөлийн асуудлыг шийдсэний дараа дараагийн худалдааны асуудлыг ярья гэхэд Ц.Очирбат би энэ асуудлыг шийдье гээд Б.Чимэддамба гэдэг хүнээс Ц.Очирбат бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр лүү нэг гараашийг шилжүүлэн аваад түүнийгээ өөрийн гараашуудын хамтаар Монь Ивээл ХХК-д худалдаж шүүхэд үзлэг хийлгэхээр өгсөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Монь Ивээл ХХК-д албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тухайн 6 хаалга бүхий гараашийг албан ёсоор хүлээлгэж өглөө гэсэн актыг өөрийн гараар үйлдэж өгсөн. 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Ц.Очирбат Монь Ивээл ХХК-ийн н.Бату захирлын туслахаар ажиллаж байсан тул уг гараашуудын дотор ханыг нураах үед өөрөө байсан. Ноолуурын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар энэ объект ыг худалдан авсан учир үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суулгах гэтэл гараашийн дотор хананууд саад болон багтахгүй байсан тул 6 гараашийн дотор ханыг нураасан. Тухайн үед Ц.Очирбат өөрөө Монь Ивээл ХХК-д ажиллаж, цалин авч, өөрөө бусдын хамтаар гараашийн дотор ханыг нураагаад явж байсан. Тиймээс миний өмчлөлийн объектыг нураагаад надад гэм хор учруулсан гэдэг нь үндэслэлгүй. Энэ газрыг 2007 онд өөрийн эзэмшилд авсан ба тухайн 6 гараашийн хажууд "Дархан оточ" ХХК-ийн объект байсныг Ц.Очирбатаар яриулж, зуучлуул.и худалдаж авсан юм. Мөн нэхэж буй 4 ширхэг аяган суурь нь ашиглах ямар ч боломжгүй, социализмын үед хийгдсэн аяган суурь байсныг бид "хэрэглэхгүй хог хаягдал болоод байна" гэхэд Ц.Очирбат өөрөө аваагүй. Ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаа татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор явагдах боломжгүй болсон тул Монь Ивээл ХХК нь өөрийн газар дээрээ барилга хот байгуулалтыг зөвшөөрөл аваад Ивээл хотхоныг барьсан. Энэ хотхоны 3 барилга баригдаад, улсын комисс хүлээж аваад өнөөдөр 8 жил болж байна. Тиймээс барилга барих үед нэхэмжлэгчийн шаардаад байгаа барилгын хийц болох 2 ширхэг бетон 4 ширхэг аяган суурь хаягдсан. 32 645 233 төгрөгийн үнэлгээ Ивээл хотхоны хажууд байх гал унтраах 14 дүгээр ангийн төрийн өмчийн байртай харьцуулан хийсэн үнэлгээ. Гэтэл энэ 6 гараашийг байртай харцуулж болохгүй.

Тиймээс энэ үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сүүлдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын талаар ярихдаа надад байр өгнө гэсэн болохоор би хууртсан юм гэж байна. Ийм яриа болоогүй. Яагаад гэхээр Ц.Очирбат нь 2006 оны 10 дугаар сараас 2007 оны дунд хүртэл Монь Ивээл ХХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд Монь Ивээл ХХК-иас цалин хөлс авч байсан. Түүний гаргаж өгсөн нотлох баримтын хувьд бол 235 000 ам.долларыг гаргаж өгөхөд тодорхой хэмжээгээр удааширсан учраас түүнийг авъя гэсэн байдлаар ярьсан зүйл юм. Ц.Очирбат улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 11 сарын сүүлээр хүлээлгэж өгсөн атлаа 2014 онд Улсын бүртгэлийн газарт улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гээд баримт бичиг бүрдүүлэн албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авчихаад биднээс гэм хорын хохирол нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө маш тодорхой байх ёстой. Үйл баримт, цаг хугацаа, он цагийн дараалалтай байх ёстой. Хэнд холбогдуулж ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм бэ. Үүнийг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Миний 6 гараашийг нураасан учраас гэм хор учруулсан гэж нэхэмжлээд байгаа юм уу, эсвэл байр, гарааш өгнө гэчхээд өгөхгүй байгаа болохоор нэхэмжлэл гаргаад байгаа юм уу энэ нь ойлгомжгүй байна. 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 2348 м.кв талбайтай 6 ширхэг гараашийг эд зүйлийн хамтаар талууд акт үйлдээд хүлээлцсэн. 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээнд газрынхаа хамт гээд заагаад өгсөн байна.

Тэгэхээр 40 м.кв талбайтай гараашийг нураасан гээд гэм хорын хохирол гээд нэхэмжлэх нь үндэслэлгүй. Гэрч Батуугийн мэдүүлгээр энэ 6 гараашийг ханыг нураагаад урагшаа 7м сунгахад Ц.Очирбат өөрөө гар бие оролцож байсныг хэлсэн байгаа. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Гэм хорын хохирол гэж нэхээд байна уу, зүгээр хохирол юм уу. Газар өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байсан тул газрын гэрчилгээг дахин гаргуулж авсан гэж байна. Энэ чинь албан ёсоор 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2438 м.кв талбайтай газрыг авто гараашийн хамт худалдан авахдаа Ц.Очирбат өөрөө акт үйлдээд 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр урд талын 6 ширхэг гараашийг хүлээлгэж өглөө гэж өгсөн. Нэхэмжлэгч газар өмчлөх эрхийн гэрчилгээг манайх хүлээлгэн өгсөндөө маргахгүй байна. Тэгсэн мөртлөө одоо болохоор нэг гарааш нь өөр хүний нэр дээр байсан гэж байна. Ц.Очирбат нь Б.Чимэддамбатайгаа өөрөө уулзаад, хуулийн дагуу бэлэглэлийн гэрээгээр Ц.Очирбат авчхаад, түүнийгээ Монь Ивээл ХХК-д хүлээлгэн өгсөн. Албан ёсоор худалдах, худалдан зах гэрээ 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн. Үүнээс хойш 10 сарын 16-ны өдөр Ц.Очирбат Б.Чимэддамбаас үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан гараашийн хамтаар Монь Ивээл ХХК-д хүлээлгэн өгсөн. Түүнээс биш өнөөдөр бид хууль бус үйлдэл хийгээгүй. Монь Ивээл ХХК нь Монголд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс учир бүх зүйлийг хуулийн хүрээнд хийсэн. Энэ асуудалтай холбоотойгоор газрын асуудал үүссэн. н.Чимэддамбыг Ц.Очирбат нь Монь Ивээл ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Батутай уулзуулсан. Б.Чимэддамба нотариат дээро очоод тухайн үед Монь Ивээл ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан н.Батуд газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгдээд албан ёсоор гэрчилгээний хуулбарыг өгөөд 80 м.кв талбайтай гарааш Монь Ивээл ХХК-ийн өмч болсон. Ингээд тухайн худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон. Гэтэл Ц.Очирбат нь Монь Ивээл ХХК байр өгөхгүй байсан учраас дахин газрын гэрчилгээг авсан, дахин гэрчилгээ авсан учраас өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж гэм хор учирсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ өөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн шаардлагад нийцэхгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгээд байна. Ийм учраас Ц.Очирбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Монь Ивээл ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монь Ивээл ХХК-ийн захирал н.Байлаа "Батжаг" ХХК-ийн захирал Ц.Очирбатаас 2438 м.кв|талбайтай авто гараашийн газрыг худалдаж авсан. Тухайн үед 6 объект байсан. Энэ 6 объект ын 5 нь Ц.Очирбатынх, 1 нь Б.Чимэддамба гэдэг хүний нэр байсан боловч Ц.Очирбат нийт 6 гараашийг акт үйлдээд Монь Ивээл ХХК-д шилжүүлэн өгсөн. Энэ 6 гараашийг дагалдах хэсгийн хамт буюу 780 м.кв талбай бүхий үндсэн хөрөнгийн хамтаар худалдсан. Энэ 780 м.кв талбай бүхий үндсэн хөрөнгө дотор 6 ширхэг гарааш орсон байсан. Гарааш орсон байсан учир бид дагалдах хэсгийн хамт худалдан авсан. Үүнийг албан ёсоор худалдан авсны дараа Ц.Очирбат 10 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн. Мөн Б.Чимэддамбаас 12 дугаар сард газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийгээд газрыг эзэмших хүсэлтээ хуулийн дагуу газрын албанд өгч газар Монь Ивээл ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд 40 м.кв талбайтай Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шударгаар худалдан авсан. Энд гаргасан манай алдаа гэвэл тухайн объектыг буулгаж байсан учир газар өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Монь Ивээл ХХК нь 6 гараашийн газрын өмчлөх эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан. Гэтэл Ц.Очирбат нь иргэн Б.Чимэддамбаас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан 1 гараашийн газарт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн байна гэдэг байдлаар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ү2200600538 дугаартай газрын гэрчилгээг нөхөн авсан байна. Иймд Ц.Очирбатын нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м.квталбайтай эвто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Монь Ивээл ХХК-ийн захирал н.Байлаа худалдан авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ үед Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м.квталбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө "Батжаг" ХХК-ийн нэр дээр байгаагүй юм.

Учир нь эдгээр гараашууд нь Ц.Очирбатын нэр дээр байсан. Ц.Очирбатын нэр дээр байсан учраас 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг актаар дагалдах хэсгийн хамт хүлээлгэн өгсөн асуудал. Энэ нь улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дарааллаар бол Ц.Очирбатын нэр дээр байсан бөгөөд одоо энэ маргаад байгаа нэг гарааш л Б.Чимэддамба гэдэг хүний нэр дээр байсан тул 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагын удирдлага энэ гарааш өөр хүний нэр дээр байна. Чи өөр хүний өмчлөлийн зүйлийг бидэнд зарсан байна. Тиймээс чи энэ асуудлыг зохицуул" гэхэд Ц.Очирбат би өөрөө энэ асуудлыг зохицуулна гээд Б.Чимэддамбаас тухайн гараашийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд манайд хүлээлгэн өгсөн. Ц.Очирбат иь н.Чимэддамбыг өөрөө авчраад н.Бату захиралтай уулзуулж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Ингээд албан ёсоор хуулийн хүрээнд бүх зүйл хийгдсэн. Тэр үед "Батжаг" ХХК-ийн хөрөнгө банкны барьцаанд байсан учир тухайн үед нь энэ яригдаад байгаа дагалдах хэсгийн хамт өгөх гээд байгаа хөрөнгүүдээ та өөрөө бичээд гарын үсгээ зураад, тамга дарж баталгаажуулж өг гэж хэлсэн учир албан ёсоор 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэж өгсөн. Тиймээс Ц.Очирбатын Б.Чимэддамбаас шилжүүлж авсан авто гараашийг Ц.Очирбат өөрөө манай компанид шилжүүлж өгсөн гэрчилгээ байгаа учир бид хэн нэгэн этгээдийн хөрөнгийг нураагаад барилга барих сэтгэхүйтэй хүмүүс биш. Түүнээс биш бид Ц.Очирбатын өмчлөлийн гараашийг нурааж гэм хор учруулаагүй. Тийм учраас Ц.Очирбатын нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Монь Ивээл ХХК-ийн захирал н.Байлаа худалдан авсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Очирбат, өмгөөлөгчийн хамт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талыг Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотлох баримт хэргийн материалд хангалттай байгаа. Өнөөдөр хариуцагчийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасан гэрчилгээнд ч байгаа, манай талаас гаргасан 2014 оны гэрчилгээн дээр ч байгаа, Үл хөдлөх хөрөнгийн үлсын бүртгэлийн газрын даргын тушаал дээр ч байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн тохиолдолд дахин гаргаж авах боломжтой байдаг учраас тэр нөхцөлөөр гаргуулсан. Хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцсон тохиролцооныхоо дагуу зүйлээ өгөөгүй, газрын гэрчилгээгээ авья гэхээр гэрчилгээг өгөхгүй байсан тул яах аргагүй Ц.Очирбат дахин газрын гэрчилгээгээ гаргаж авсан. Ц.Очирбат өмчлөгч учир л дахин газрын гэрчилгээг авсан. 2006 оны 10 сарын 03-ны гэрээний асуудал бол "Батжаг" ХХК болон н.Байлаа хоёрын хооронд хийгдсэн гэрээ бөгөөд "Батжаг" ХХК өөрийн өмчлөлийн хөрөнгөө шилжүүлсэн асуудал болохоос биш Ц.Очирбат гэдэг хүн өөрийн хөрөнгөө шилжүүлсэн асуудал биш юм. 2006 оны энэ гэрээг талууд байгуулах үед Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө Ц.Очирбатын нэр дээр байгаагүй. Мөн актан дээр зурсан байсан 6 гарааш бол "Батжаг" ХХК-ийн өөрийнх нь гарааш. Энэ гараашийг 780 м.кв талбайтай газрын хамт шилжүүлсэн. Мөн хэргийн материалд байгаа гэрчийн мэдүүлэгт ч гэсэн "Батжаг" ХХК-ийн захирал Ц.Очирбат энэ актан дээрээ худалдсан бүх хөрөнгөө дурдаагүй. Энэ актад маргаанд ороогүй оффисийн байр, цайны газраас гадна мөн үнэлгээний дүгнэлт дээр байгаа энэ барилга маань өөрөө 13 гарааштай байсан барилга. Өөрөөр хэлбэл 6 гараашаас гадна тоочоогүй гараашууд байгаа гэдэг асуудлыг бас анхаарах хэрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан нь тогтоогдохгүй байна. Үл хөдлөх хөрөнгө чинь өөрөө газар болон түүн дээр байгаа үл салгаж болох хөрөнгө байгаа бөгөөд өмчийн эзэн өөрөө түүнийгээ хувааж зарах гэсэн асуудал тухайн хүний асуудал байх. Газрыг худалдан авсан гэдэг нь түүний дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан гэсэн үг биш 6 гараашийн асуудалд дахин тайлбар хэлье. Хэргийн материал дотор 780 м.кв талбайд 5 гарааш багтсан орсон гэсэн ямар нэг баримт байхгүй. Өнөөдөр бас улсын бүртгэлийн газарт хариуцагч талаас хандаж энэ асуудлын талаар гомдол гаргаж энэ процессыг тодорхой болгох процессын ажиллагаа хийгээгүй байна. Энэ талаар баримт байхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хэргийн 106 дугаар зүйлийн 106.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Монь Ивээл ХХК-аас 1 538 640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Очирбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 106 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монь Ивээл ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоот хаягт байрлах Ү-2206005348 дугаартай 40 м.кв талбайтай, авто гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 087 950 төгрөг, хариуцагчйин сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж, хариуцагчид, хариуцагчаас 38 568 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Очирбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүй. Шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч Ц.Очирбатын шүүх хурал дээр хэлсэн тайлбарыг гуйвуулан огт хэлээгүй үгийг хэлсэн болгож, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Тухайлбал: Нэхэмжлэгч Ц.Очирбат нь "... газрыг шилжүүлэн авсны дараа гараашийг нураагаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэггүй болсон. /Уг тайлбарыг нэхэмжлэгч талаас бус хариуцагч талаас гаргаж байсан "... газар өмчлөх гэрчилгээг яагаад өгсөн бэ гэхээр барилгын үйл ажиллагаа явуулахад газрын гэрчилгээ шаардлагатай байсан. Газрын гэрчилгээг яагаад шилжүүлээгүй вэ гэхээр төлбөр тооцоо дуусаагүй байсан учраас газар өмчлөх гэрчилгээний нэрийг шилжүүлээгүй байсан."

Хожим нь хариуцагч ... газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шаардахад өгөхгүй байсан. Учир нь Ц.Очирбат газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан гэж тайлбарлан гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн" гэх тайлбар болно. Нэхэмжлэгч Ц.Очирбат нь газар өмчлөх эрхийн гэрчилгээний талаар огт маргаагүй, хариуцагч газар өмчлөх эрх бусдаас шилжүүлж авсан, бусдад газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ өгсөн, өгсөн газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ шаардсан асуудал огт байхгүй болно. Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтэндээ " ... Ц.Очирбат нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2438 м.кв талбай бүхий автогражийг эдэлбэр газрын хамт, Б.Чимэддамба нь 80 м.кв талбай бүхий гарааш, моторын цехийн зориулалт бүхий газрыг "Монь-Ивээл" ХХК-д шилжүүлж, улмаар 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206004073 дугаар бүртгүүлэн гэрчилгээ авснаар "Монь-Ивээл"ХХК нь маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болжээ." гэсэн үндэслэлгүй, нотлох баримтгүй дүгнэлт хийсэн. Гэтэл "Батжаг" ХХК нь БНХАУ-ын иргэн 2006 оны 10 сарын 03-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-гээр өөрийн өмчлөл болон эзэмшлийн 2206004073 дүгаар бүхий 780 м.кв талбай бүхий автогражийг №0029747 гэрчилгээний дугаар бүхий 2438 м.кв эдэлбэр газрыг 245 000 ам.доллараар худалдсан. "Батжаг" ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж, улмаар 2006 оны 10 сарын 19-ний өдөр "Монь-Ивээл" ХХК-ийн нэр дээр 2206004073 дугаар бүхий 780 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх /хх-ийн 47-48 дугаар тал/, 2007 оны 05 сарын 08-ны өдөр 3,698 м.кв газар эзэмших эрх /хх-ийн 45,46, 52-53 дугаар та/ тус тус шилжсэн болно.

Нэхэмжлэгч иргэн Ц.Очирбат миний бие нь иргэний өмчлөлийн УБД:000362469, Ү-2206005338 тоот үл хөдлөх хөрөнгийн талаар маргасан бөгөөд иргэн Б.Чимэддамба нь 80м.кв талбай бүхий гарааш, моторын цехийн зориулалт бүхий газрыг "Монь-Ивээл" ХХК-д шилжүүлснээр иргэн Ц.Очирбат миний бие нь иргэний өмчлөлийн УБД:000362469, Ү-2206005338 тоот үл хөдлөх хөрөнгө "Монь-Ивээл" ХХК-ийн өмчлөгч болж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль бус байна. Шүүх уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 119.1 дэх заалтыг хэрэглэсэн байх бөгөөд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн "... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 106 560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Очирбат нь хариуцагч Монь Ивээл ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 133 тоотод байсан, Ү2206005348 дугаар гэрчилгээтэй авто грааш, засварын газрын зориулалттай 40 м талбайтай үл хөдлөх хөрөнгийг устган, гэм хорын хохирол учруулсны 31 106 560 төгрөг, Монь Ивээл ХХК-ийн хашаанд хадгалуулж байсан боловч устгасан барилгын хийцүүд болох 4 ширхэг аяган суурны үнэ 1 159 200 төгрөг, 4 ширхэг дам нурууны үнэ 379 440 төгрөг, нийт 32 645 200 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч авто гарааш, засварын газрын зориулалттай 40 м талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй. Маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Талуудын маргааны зүйл болж буй 40 м.кв талбай бүхий гарааш, засварын газрын барилга нь 245 000 ам.долларын үнээр тохиролцож худалдсан эд хөрөнгөнд багтаж, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн барилга хүлээлгэн өгсөн актын /хх-ийн 44 дүгээр тал/ хүрээнд шилжсэн 6 хаалга бүхий урд талын гараашны барилга, узелийн өрөө, сантехникийн узель, складын барилга, оёдлын цехийн барилга гэж тусгасан энэ хүрээнд багтсан эсэх байдлыг тодорхойлоход эдгээр барилгуудын анх улсын бүртгэлд авагдсан зураг, үндэслэл тодорхой байх ёстой.

Хэрэгт Төв архивын газраас ирүүлсэн, хуулбар үнэн баримт буюу 2 зураг авагдсан ба нэг нь 3 гараж, 3 скаладны зураг, нөгөөх нь сүүлд Галын хэсгийн захиалгаар хийгдсэн 9 гаражийн зураг байх боловч аль үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралтай, маргааны зүйл болж буй гараж, засварын газрын зураг мөн эсэх нь тодорхойгүй. Урд талын гаражийн 6 хаалга гэхээр 6 хаалга зарагдсан уу, эсвэл 12 гараж зарагдсан эсэх нөхцөл байдал тодорхой тогтоогдохгүй байна.

Түүнчлэн маргаж буй эд хөрөнгийг худалдан авсан болохыг тогтоолгох тухай үйл баримтыг шүүх тогтоохгүй. Худалдан авсан бол түүнтэй холбоотой ямар үр дагавар шийдвэрлүүлэх гэж байгаа нь тодорхой байх ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх Онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор зохицуулсан. Талуудын хооронд мэтгэлцэж буй гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг ямар нэг тогтоох боломжгүй үйл баримт гэж үзэхгүй. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай байжээ.

Улсын бүртгэлийн үндсэн дээр өмчлөх эрхийг тодорхойлно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэжээ.

Хэргийн 5 дугаар талд Ц.Очирбатын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000362469 дугаар гэрчилгээ авагдсан байх ба уг гэрчилгээг үндэслэн 40 м.кв талбайтай эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдсөн, гэм хорын хохирол учирсан гэх нэхэмжлэлтэй холбоотой хохирлын хэмжээг тодорхойлоход үнэлгээ ач холбогдолтой. Нэхэмжлэгч маргааны зүйл болж буй эд хөрөнгөд учирсан хохирлын талаар мэрэгжлийн шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 04233 дугаар захирамжаар томилогдсон Ашид билгүүн ХХК-ийн захирал Ч.Жамьян нь дүгнэлт гаргах ажиллагаанд Б.Уянгыг шинжээчээр оролцуулсан талаарх дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /2 хх-ийн 128-129, 158-176 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2 дах хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан.

Гэтэл шүүх хуулийн дээрх шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, эрх үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулаагүй, албан ёсоор томилогдоогүй этгээдийн гаргасан дүгнэлтийг үнэлэж, түүнийг гэрчээр асуусан нь хуульд нийцээгүй. Хэргийн 2 дугаар хавтас 125 дугаар талд авагдсан баримтаар шинжээч нарт эрх үүрэг, хариуцлагыг танилцуулсан гэж үзэх боломжгүй, тухайн баримтад зөвхөн Ч.Жамьян гарын үсэг зурсан болно.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсгийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт тухайн хэрэгт чухал ач холбогдолтой, уг дүгнэлт үндэслэлтэй эсэхэд зохигчид маргасан байхад /2 хх-ийн 40,44-45/ хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт, дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн нь буруу юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 102/ШШ2016/0598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 176 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ