Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/00697

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/00697

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Ц К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.А

Хариуцагч: З.О нарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 395 255 909.07 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, Х.Ө, хариуцагчийн төлөөлөгч Б.Ц, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.А хамтран зээлдэгч З.О нар нь 2019 оны 07 сарын 18-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 000-0000 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 07 сарын 18- 00-00000 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 400 000 000 төгрөгийг жилийн 4.0%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 зүйлийн 4.3-т Зээлдэгч нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх мөн 4.7-д Зээлийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж, барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн төлбөрт бодогдох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Т.А хамтран зээлдэгч З.О нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлэн өрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дараахь хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай ХУД-н 00-р хороо, Стадион оргил Их Монгол улс гудамж, 000 байр 000 тоот хаягт байршилтай, 206 м.кв 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Т.А З.О нар нь дээрх гэрээний үүргээ зөрчиж удаа дараа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Ц К ББСБ нь зээлийн гэрээг дангаар цуцалж, шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл үүсээд байна. Мөн гэрээний 9 зүйлийн 9.2-т Зээл төлөгдөх хугацаа дууссан, гэрээ цуцлагдсан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж зааснаар төлбөрөө барагдуулахын тулд шүүхэд хандаж, зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжилж байна. Иймд 2020 оны 10-р сарын 31-ний өдрийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 391 109 634 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүний үлдэгдэл 3 986 790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159 485 төгрөг, нийт 395 144 910 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлдэгч Т.А хамтран зээлдэгч З.О нарын улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, ХУД-ийн 00 хороо, Стадион оргил Их Монгол улс гудамж, 000 байр 000 тоот хаягт байрших 206 м.кв 5 өрөө өрөн сууЦ Колох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.А З.О нарын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч нар нь 000-0000 дугаар орон сууцны зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд биднээс үл шалтгаалах цаг үеийн нөхцөл байдлаас хамааран гэрээний үүргийн зөрчил үүссэний улмаас нэхэмжлэгч өнөөдөр шүүхэд ханджээ. Бид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн аманд Сувилахуйн төв ажиллуулахаар харъяалах төрийн захиргааны байгууллагад хандаж улмаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас холбогдох зөвшөөрөл авсан болно. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байтал дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын 2020.02.12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжиж улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн 1 дэх хэсгээр амралт, сувиллын үйл ажиллагааг зогсоосон байдаг. Үүнээс хойш эрх бүхий байгууллагын шийдвэрээр сувиллын үйл ажиллагааг богино хугацаанд нээх, эргээд хаах зэргээр хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь үүнээс өөр орлогын эх үүсвэргүй бидэнд хүндээр тусаж, зээлийн эргэн төлөлтөө тогтсон хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Нэхэмжлэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан цаг хугацаа нь Монгол улсад 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим хязгаарлалт тогтоосонтой давхацсан нөхцөл байдлыг харгалзан хариуцагч нарын хариуцлагын үүргээс чөлөөлөгдөх юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолж нэхэмжилжээ. Тухайн өдрийг гэрээ цуцалсан өдөр гэж үзэх бөгөөд гэрээг цуцласнаар уг хугацаа хүртэлх гэрээний үүрэг хэвээр хадгалагдаж, энэ хугацааны гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас хойшхи зээлийн гэрээний үүргийг мөн хангуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК хариуцагч Т.А З.О нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 391 109 634 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүний 3 986 790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159 485 төгрөг, нийт 395 144 910 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2019 оны 07 сарын 18-ний өдөр 000-0000 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 07 сарын 18-ны өдөр 00-00000 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц К ББСБ ХХК нь 400 000 000 төгрөгийг, орон сууц авах зориулалтаар, жилийн 4.0%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 6-9/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай ХУД-ийн 00 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол улс гудамж, 000 байр 000 тоот хаягт байршилтай, 206 м.кв 5 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 10/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Т.Ариунбилэгт 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 400 000 000 төгрөгийг Ц К ББСБ ХХК нь түүний зээлийн дансаар бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 25 000 000 төгрөг төлсөн байна. Харин дээрхээс өөрөөр зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна./хх-ийн 24/

Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд байгуулагдсан эсэхэд, тэдгээрийн хүчин төгөлдөр байдал, зээлийн төлөлтийн талаар болон зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар маргаангүй гэж тайлбарласан байна.

Харин зээлийн төлбөрийг төлөх боломжгүй талаараа ...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн аманд Сувилахуйн төв ажиллуулахаар харъяалах төрийн захиргааны байгууллагад хандаж улмаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас холбогдох зөвшөөрөл авсан болно. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байтал дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын 2020.02.12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжиж улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн 1 дэх хэсгээр амралт, сувиллын үйл ажиллагааг зогсоосон байдаг. Үүнээс хойш эрх бүхий байгууллагын шийдвэрээр сувиллын үйл ажиллагааг богино хугацаанд нээх, эргээд хаах зэргээр хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь үүнээс өөр орлогын эх үүсвэргүй бидэнд хүндээр тусаж, зээлийн эргэн төлөлтөө тогтсон хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. гэх тайлбар гаргаж, 2020.02.26-ны өдрөөс 2020.6.30 өдрийг хүртэлх 4 сарын зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэх тайлбар гаргаж байна, энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасантай нийцнэ гэжээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй бөгөөд уг зээл нь орон сууц худалдан авах зориулалтаар олгогдсон бөгөөд МИК-ийн зээл биш тул Засгийн газраас гаргасан шийдвэрт хамааралгүй, мөн уг зээл нь жилийн 4%-иар олгогдсон маш бага хүүтэй зээл тул чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж тайлбарлав.

Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч нар нь уг зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан хэдий ч сувилахуйн төвийн үйл ажиллагаандаа ашиглахаар авсан гэж тайлбарлаж, сувилалын тусгай зөвшөөрлийг ирүүлсэн байх боловч энэ нь зээлийн хүүг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд хариуцагч нарт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэх заалт хамааралгүй юм.

Нэхэмжлэгч ББСБ нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас үндсэн зээл 391 109 634 төгрөг, зээлийн хүү 3 986 790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159 485 төгрөг, нийт 395 255 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц К ББСБ ХХК болон Т.А З.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Т.А З.О нараас зээлийн гэрээний үүрэгт 395 255 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч Т.А З.О нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай ХУД-ийн 00 хороо, Стадион оргил Их Монгол улс гудамж, 000 байр 000 тоот хаягт байршилтай, 206 м.кв 5 өрөө орон сууЦ Колох Т.А-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 204 206 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.А З.О нараас улсын тэмдэгтийн хураамжинд 2 204 206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ