Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00836

 

 

 

 

2021 оны 005 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00836

 

 

 

                                      Ц К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/00697 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-ийн хариуцагч Т.А, З.Онарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 395 255 909.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонтөр, Х.Өнөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.А, хамтран зээлдэгч З.О нар нь 2019 оны 07 сарын 18-ны өдөр ЗГО-1902089 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 07 сарын 18- БГ-1902089 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 400 000 000 төгрөгийг жилийн 4 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 зүйлийн 4.3-т зээлдэгч нь үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх, мөн 4.7-д зээлийг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж, барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн төлбөрт бодогдох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Т.А, хамтран зээлдэгч З.О нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлж, өрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ... 206 м.кв 5 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэрээний 9.2-т “зээл төлөгдөх хугацаа дууссан, гэрээ цуцлагдсан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөх үүргээс чөлөөлөхгүй” гэж заасан. Иймд 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 391 109 634 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүний үлдэгдэл 3 986 790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159 485 төгрөг, нийт 395 144 910 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Мөн төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч нар нь ЗГО-1902089 дугаар орон сууцны зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд биднээс үл шалтгаалах цаг үеийн нөхцөл байдлаас хамааран гэрээний үүргийн зөрчил үүссэний улмаас нэхэмжлэгч шүүхэд ханджээ. Бид Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн аманд Сувилахуйн төв ажиллуулахаар харьяалах төрийн захиргааны байгууллагад хандаж улмаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас холбогдох зөвшөөрөл авсан болно. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байтал дэлхий нийтээр тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжиж улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн 1 дэх хэсгээр амралт, сувиллын үйл ажиллагааг зогсоосон байдаг. Үүнээс хойш эрх бүхий байгууллагын шийдвэрээр сувиллын үйл ажиллагааг богино хугацаанд нээх, эргээд хаах зэргээр хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь үүнээс өөр орлогын эх үүсвэргүй бидэнд хүндээр тусч, зээлийн эргэн төлөлтөө тогтсон хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон. Нэхэмжлэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан цаг хугацаа нь Монгол улсад 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим хязгаарлалт тогтоосонтой давхацсан нөхцөл байдлыг харгалзан хариуцагч нар хариуцлагаас чөлөөлөгдөнө. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолж нэхэмжилжээ. Тухайн өдрийг гэрээ цуцалсан өдөр гэж үзэх бөгөөд гэрээг цуцалснаар уг хугацаа хүртэлх гэрээний үүрэг хэвээр хадгалагдаж, энэ хугацааны гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас хойшхи зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц К ББСБ ХХК болон Т.А, З.Онарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Т.А, З.Онараас зээлийн гэрээний үүрэгт 395 255 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч Т.А, З.Онар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан ... 206 м.кв 5 өрөө орон сууц болох Т.Аийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 204 206 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Т.А, З.Онараас улсын тэмдэгтийн хураамжинд 2 204 206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхамын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 4 сарын зээлийн хүүгийн төлбөр 5 269 274 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулах байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон ч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул тус үнийн дүнг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч ... Сувилахуйн төв ажиллуулахаар харьяалах төрийн захиргааны байгууллагад хандаж улмаар 2019 оны 9 сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас холбогдох зөвшөөрөл авсан. Хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрөө төлж чадаагүй нөхцөл байдал нь дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусын улмаас Засгийн газрын 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжиж улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 2 сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн 1 дэх хэсгээр амралт, сувиллын үйл ажиллагааг зогсоосон. Тус нөхцөл байдал нь үүнээс өөр орлогын эх үүсвэргүй хариуцагч нарт хүндээр тусаж, зээлийн эргэн төлөлтөө тогтсон хугацаанд төлж чадахгүй шалтгааныг бий болгосон. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т нийцнэ гэсэн тайлбарыг шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гаргасан ч шүүх үүнийг буруу сонсож ойлгон мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах заалт хэргийн үйл баримттай хамааралгүй гэж шийдвэртээ буруу дүгнэн бичсэн. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үл шалтгаалах цаг үеийн нөхцөл байдлыг шүүх үл харгалзан, энэ талаарх баримтыг огт үнэлэхгүйгээр, орлого олох эх үүсвэр болох сувиллын үйл ажиллагааг зээлийн зориулалтад үл хамаарч байгаа тул ковидын нөхцөл байдалд хамаагүй гэж явцуу тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц К ББСБ ХХК-ийн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 395 255 909.07 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч Т.А, З.Онар эс зөвшөөрч маргажээ.

 

Ц К ББСБ ХХК Т.А, З.Онартай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ЗГО-1902089 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр БГ-1902089 тоот барьцааны гэрээ байгуулж, 400 000 000 төгрөгийг, орон сууц авах зориулалтаар жилийн 4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэрээний зүйлийг хугацаанд нь хүүгийн хамт төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хх-9-15/

 

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын улмаас амралт, сувиллын үйл ажиллагааг зогсоосон учраас Сувилахуйн төв ажиллуулах боломжгүй болсон, өөр орлогын эх үүсвэргүй тул  зээлийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй” гэж тайлбарладаг бөгөөд энэ нь зээлийн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл талуудын тохиролцон тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелэгдэх зарчимтай. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хандан Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор санал, шаардлага гаргаж байсан баримт хэрэгт байхгүй байна.

Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 2.9-т заасан зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. 

Талууд зээлийн гэрээний 2.3-т зээлийн хүүг жилийн 4 хувь байхаар, гэрээний 2.4-т зээлийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөх, зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч нарын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 4 сарын зээлийн хүүгийн төлбөр 5 269 274 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, хариуцагч Т.А, З.Онараас зээлийн үндсэн төлбөр 391 109 634 төгрөг, зээлийн хүү 3 986 790 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159 485 төгрөг, нийт 395 255 910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

            Анхан шатны шүүх зээлийн барьцааны зүйл болох Т.Аийн өмчлөлийн ... 206 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагч нарын гомдлоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/00697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99 260 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                   

                                                 ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                          А.МӨНХЗУЛ