Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 119/2016/0033/З |
Дугаар | 332 |
Огноо | 2017-10-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 332
О.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, гуравдагч этгээд Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0363 дугаар магадлалтай, О.А-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай захирамж”-ийг хүчингүй болгож, О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан О.А-ийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүү 1,908,263 /нэг сая есөн зуун найман мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0363 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд томилохыг хариуцагч Орхон аймгийн Засаг даргад даалгаж, үлдэх Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 1 дэх заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.А-ийн Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 5, 6 дахь заалтуудад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, “Тогтоох” хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Гуравдагч этгээд Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргах учир:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтыг анхан шатны шүүх хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр өөрчилж гуравдагч этгээдэд өөрчлөгдсөн шаардлагад мэтгэлцэх, түүнд тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь дээрх заалтыг асуудал үндэслэлтэй байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Харин уг хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 хэрэглэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийсэн. “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага”-д холбогдох хуулийн заалтуудыг хэрэглэж шийдвэрлэх эсэх, ялангуяа нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад өөрчилснийг шийдвэрлэх боломжтой эсэх, түүнд гуравдагч этгээд нарын мэтгэлцэж, нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах эрх зөрчигдөж байгаа эсэх зэргийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй.
2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчсөн. Нэхэмжлэгч дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа тайлбарласан ба гуравдагч этгээд нь уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар нотлох баримтаа гаргаж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн захиргааны актыг хүчингүй болгож өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага болгосныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд өмнөх ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байгууллага өөрчлөгдсөн гэж мэтгэлцсэнийг давж заалдах шатны шүүх анхаарсан атлаа одоо байгаа ажилд томилох гэж өөрчлөн, шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоох маргаан үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 хэрэглэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгч хариуцагч нарын маргаагүй асуудал, өөрөөр хэлбэл гаргахгүй байгаа захиргааны акт, эс үйлдэхүйд маргаан үүсгээгүй, хариуцагчаас гаргасан акт нь миний эрх ашгийг хөндсөн гэх нэхэмжлэлийн шаардлага байгааг давж заалдах шатны шүүх анхааралгүй хууль зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
3. Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь заалтыг баримталсан атлаа тогтоол гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д шүүхийн тогтоол нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүнээс гаргах тухай заасан. Дээрх байдлаас харахад давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхөөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргажээ.
Үүнд, давж заалдах шатны шүүх маргаан бүхий актын заалт бүрт дүгнэлт өгөхдөө Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 1 дэх заалтын тухайд “Боловсрол соёлын газрыг “Боловсрол, соёл, урлагийн газар” болгож агентлагийн нэрийг Засгийн газрын шийдвэрийн дагуу өөрчилсөн нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байх ба тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч О.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” хэмээн захирамжийн 1 дэх заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь, маргаан бүхий актын энэхүү заалт нь захиргааны байгууллагын нэр өөрчилсөн, дотоод зохион байгуулалтын шинжтэй, энэ утгаараа нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгэх захиргааны акт биш юм. Иймд, давж заалдах шатны шүүх захирамжийн 1 дэх заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдсэнийг хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж зөвтгөх нь зүйтэй.
Мөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг нөхөн гаргуулах” гэж тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүхээс “... шүүх ажилд эгүүлэн томилж шийдвэрлсэн нь буруу, мөн хариуцагчид даалгах байтал “томилсугай” гэж захиргааны байгууллагын эрх хэмжээг хэрэгжүүлсэн буруу...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан нь буруу байна.
Учир нь, нэхэмжлэгчээс хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй маргаагүй, харин маргаан бүхий актыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор маргасан байхад давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэсэн зөрчил гаргажээ. Энэ талаарх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болохгүй, хяналтын шатны шүүхээс уг алдааг зөвтгөх боломжтой юм.
Түүнчлэн, гуравдагч этгээдийн “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр өөрчилж байхад шүүх гуравдагч этгээдэд өөрчлөгдсөн шаардлагад мэтгэлцэх, түүнд тайлбар гаргах эрхийг олгоогүй, давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэх утгатай гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь, давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах” гэснийг “маргаан бүхий актыг хүчингүй болгож...” гэж өөрчилснөөр “маргааны үйл баримт тодорхой бус болж, шинэ нөхцөл байдал үүсээгүй, шүүх хэргийн оролцогчдын өмнөх тайлбар, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал болох Боловсрол, соёл, урлагийн газрын даргын орон тоо хэвээр хадгалагдсан гэх хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй, энэ талаарх хэрэгт авагдсан нотлох баримт хасагдах, эсхүл шинээр шаардагдахгүй тул гуравдагч этгээдийн шүүхэд мэтгэлцэх эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлгүй.
Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасангүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0363 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд томилохыг хариуцагч Орхон аймгийн Засаг даргад даалгаж” гэснийг “... О.А-ийг Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосугай” гэж, “... 5, 6 ” гэснийг “1, 5, 6 ” гэж тус тус өөрчилж, “... үлдэх Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийн 1 дэх заалтад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,” гэснийг хасаж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ