Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102

 

А.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат, шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаар магадлалтай, А.З-д холбогдох 1708011500074 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А-гийн З нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргүүдэд холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.З-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.З гаргасан гомдолдоо “...Миний бие “Батс-Өргөө” ХХК-д сантехникчээр ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд цалингийн тодорхойлолтоо гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд торгох ял оногдуулахыг хүссэн бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон тул хууль ёсны эрх ашгаа бүрэн хамгаалж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн, гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байгаа, дахин хэрэг зөрчил огт гаргахгүй, сард 1,200,000 төгрөгийн цалин авдаг, ам бүл 4, эмээ, эх, ах нарын хамт амьдардаг, ээж маань хэвтэрт байдаг, эмээ 69 настай, даралт ихэсдэг өвчтэй, ганц ажил хийдэг хүн нь би бөгөөд ажлаа үргэлжлүүлэн хийж гэр бүлдээ тус нэмэр болж тэднийгээ тэжээн тэтгэх бололцоог олгож торгох ял оногдуулж өгнө үү. Надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь цаашдаа “Батс-Өргөө” ХХК-нд ажиллах боломжгүй болж ажлаасаа халагдаж болзошгүй сөрөг үр дагавартайг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлт гаргаж, өмгөөлөгч маань миний цалингийн тодорхойлолт болон Капитрон банкны миний дансанд “Батс-Өргөө” ХХК-иас шилжүүлсэн цалингийн хэмжээг нотолсон дансны хуулга зэргийг шинээр гарган өгсөн боловч давж заалдах шатны шүүх уг баримтуудыг хүлээн аваагүй нь миний хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, ар гэрийн болон ажлын байдлыг минь харгалзан үзэж бодитой шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Дээрх шинэ нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй нотлох баримтыг хүлээн авах боломжгүй гээд аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “талууд дүгнэлт, санал хэлэхдээ ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэснийг зөрчсөн бөгөөд шинээр гаргаж өгсөн баримтуудыг хүлээн авч бодитой шийдвэр гаргаагүй гэж үзэж байгаа тул А.З миний ажлын байдал, ар гэр, хувийн байдал, хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж ухаарч байгаа зэрэг бүхий л нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох, бүгд 900 нэгжээр торгох ял оногдуулна уу” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа хэлсэн саналдаа “...Шүүгдэгч А.З нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож өөрийн ажлын байрны тодорхойлолт болон торгох ял шийтгэхэд төлөх бүрэн боломжтойгоо нотолсон холбогдох бичиг баримтуудаа гарган өгч торгох ял шийтгэж өгнө үү гэж хүссэн боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Бид дээрх баримтуудыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхийн дүгнээгүй баримтыг үнэлэх боломжгүй гээд хүлээж аваагүй юм. Ийм учраас хяналтын шатны шүүхэд давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг аваагүй тул гомдол гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Э.Амарбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.З-гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ хэрэгт шалгавал зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тодруулсан. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхдээ өмгөөлөгч оролцуулаагүй гэж тайлбарлаж байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлнө гэж хэлсэн байдаг. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөхөөр бол хүсэлтээ бичгээр гаргана гэж заасан. Гэтэл шүүгдэгчийн бичиж өгсөн тухайн хүсэлтээс үзвэл өөрийгөө өмгөөлнө гэж дараа нь нэмж бичсэн юм шиг өөр өнгөөр тэмдэглэгдсэн байна. Шүүгдэгч А.З-гийн гомдлыг үзэхэд оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн агуулгатай байна. Прокурорын зүгээс харахад анхан шатны шүүх хуралдааны явцад мэтгэлцэх зарчим алдагдсан нөхцөл байдал ажиглагдаж байна. Дээрх агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.З-гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.З нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 73 тоотод “машинаа харамлалаа” гэсэн шалтгаанаар Н.Б-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар алгадах, цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь санаатай хөнгөн гэмтэл учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд Н.Б-гийн эзэмшлийн “Toyota ist” загварын 76 73 УНС дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шил, арын их гэрлийг чулуу шидэж хагалан 370,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болжээ.

Шүүх А.З-гийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

А.З-гийн үйлдсэн гэмт хэргүүдэд оногдуулсан ял нь түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул А.З-гийн “...ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хяналтын шатны шүүхээс ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 896 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.З-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                          ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН