Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 896

 

 

 

 

 

 

 

 

 

    А.Зд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                              

            прокурор Р.Очирсүрэн,

            шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Зын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1708011500074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Бэсүд овгийн Алагаагийн А.З, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эмэг эх, эх, ахын хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар баг, Жаргалантын 12-6 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Угсармалын 5-06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ДЮ95082513/,

 

А.З нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 73 тоотод Н.Бтай “автомашинаа харамласан” гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь алгадах, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн Н.Бгийн эзэмшлийн 76-73 УНС улсын дугаартай, “Toyota ist” загварын автомашины арын салхины шил, их гэрлийг чулуу шидэж хагалж 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Зд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Зд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, оролцогчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг торгуулийн доод хэмжээгээр сольж өгнө үү.

Учир нь би 2017 оны 7 дугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Батс-Өргөө” ХХК-д сантехникчээр ажиллаж сарын 1,200,000 төгрөгийн цалин авдаг. Миний хувьд ам бүл 4, эмээ, эх, ахын хамт амьдардаг. Эх Алимаа багадаа мэнэнгитээр өвчилж, байнгын хэвтэрт байдаг. Нагац ах Амарбаясгалан нь тархины наалдацтай босч явж чаддаггүй. Эмээ Баасанжав 69 настай, даралт ихтэй. Эх, ахыг эмээ бид хоёр асардаг. Би ажил хийж гэр бүлдээ тусалдаг... Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсоны улмаас өөрийн амьдралын бодит байдал, ажлын нөхцөл, ял шийтгэлийн талаар бүрэн илэрхийлж чадаагүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг төлсөн. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ар гэр, ажлын байдлыг харгалзан үзэж, торгуулын ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч А.Зын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.З нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Шүүх хуралдаанд “Батс-Өргөө” ХХК-д ажиллаж байсан талаарх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх тодорхойлолт, банкны хуулга зэргийг гаргаж, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан тул миний эрх зүйн байдал нь торгох ялыг биелүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ шүүх хуралдаанд энэ талаараа бүрэн илэрхийлж чадаагүй учраас давж заалдах шатны шүүхэд торгох ялаар сольж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Гомдол үндэслэлтэй. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч “Батс-Өргөө” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлж, 2017 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэ шүүх хуралдаанд ажлаасаа чөлөө аваад, өглөө үүрээр ирсэн. Өмгөөлөгчийн хувьд эрүүл мэнд, нийгмийн даатгалын цахим лавлагааны баримт, түүний цалин ордог “Капитрон” банкны дансны хуулгыг шинээр гаргаж өгөх хүсэлтэй байна.” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох А.Зын эд хөрөнгийн лавлагаа, ажилгүй, амжиргааны талаарх тодорхойлолт зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага болгох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Өмгөөлөгчийн илэрхийлж буй компанид ажилладаг гэсэн тодорхойлолт хэрэгт авагдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

А.З нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 73 тоотод Н.Бтай “автомашинаа харамласан” гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь алгадах, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Н.Бгийн эзэмшлийн 76-73 УНС улсын дугаартай, “Toyota ist” загварын автомашины арын салхины шил, их гэрлийг чулуу шидэж хагалж 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Н.Бгийн “... А.Зтай 2014 онд танилцаж, уулздаг болсон... 2017 оны 8 дугаар сарын 24-ний орой А.З манайд ирж хоносон ба маргааш өглөө нь А.Зыг... машинаас юм аваад ирээч гээд, түлхүүрээ... цонхоор шидсэн чинь ногоон дунд унаад олдоогүй. Ажилдаа явах цаг болоод А.Зыг “олчихоорой” гэж хэлээд такси бариад ажилдаа явсан. Өдөр нь А.З утсаар яриад “машины  түлхүүрийг олсон, би машиныг чинь унаад гэртээ харьчихаад ирье” гэсэн... гэртээ ирэхэд А.З, бэр эгч Отгонцэцэгтэй хамт хашаанд ургасан зэрлэг түүгээд сууж байхаар нь “машин унаж яваад мөргөлдүүлчихвэл яах юм бэ, дахиж машинаа унуулахгүй шүү” гэсэн чинь “миний төрсөн өдөр болж байхад чи надаас машинаа харамлалаа” гээд уурласан. Тэрнээс болж бид хоёр маргалдаад А.З намайг алгадаад... нуруу руу цохиод  “машиныг чинь эвдэнэ” гээд газраас чулуу аваад машины арын салхины шил, арын гэрэл рүү шидэж, хагалсан. Би “болиоч” гээд бариад авсан чинь газар унагаагаад гэдэс рүү хөлөөрөө жийж, цээжнээс хазаж гэмтээсэн...” /хх-11-12, 13/,

- гэрч П.Отгонцэцэгийн: “... 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр А.Зтай хашааны шарилж түүж байтал Н.Б ирээд А.Зтай “чи дураараа машин унаж явлаа” гээд маргалдсан. Би зэрлэгээ асгачихаад ороод иртэл А.З газраас чулуу аваад Н.Бгийн машин луу шидээд арын салхины шилийг хагалсан... дахиан чулуу шидээд арын их гэрлийг нь онож хагалсан... А.З Н.Бг газар унагаасан, гэдсийг нь хазсан...” /хх-14/ гэсэн мэдүүлгүүд,

- хохирогч Н.Бгийн биед эрүү, баруун бугалга, 2 шуу, зүүн сарвууны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10925 дугаар дүгнэлт /хх-25/

- Н.Бгийн эзэмшлийн 76-73 УНС улсын дугаартай, “Toyota ist” загварын автомашинд үзлэг хийж, “хойд талын салхины шил, баруун хойд талын гэрэл дохио” хагарсныг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/,

- хохирлын үнэлгээ /хх-19/,

- А.Зын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.  

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх, А.Зыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн” гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

            Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч А.Зын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Зын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

М.ПҮРЭВСҮРЭН