Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2023/00066

 

О.Үгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/01495 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2023/00011 дүгээр магадлалтай,

О.Үгийн нэхэмжлэлтэй,

Б.Хад холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: 2022.05.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Сөрөг нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 48,074,501 төгрөг гаргуулах, .................. тоот орон сууцыг чөлөөлөхийг даалгах иргэний хэргийг нэхэмжлэгч О.Ү, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.Ү нь хариуцагч Б.Хад холбогдуулан 2022.05.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.Үд холбогдуулан үндсэн зээл 33,000,000 төгрөг, татварт төлсөн 750,000 төгрөг, банк болон бусад хувь хүнд төлсөн зээлийн хүүд 14,324,501 төгрөг, нийт 48,074,501 төгрөг гаргуулах, .................. тоот орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/01495 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан О.Ү, Б.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч О.Үгаас зээлийн үлдэгдэл 61,071,900 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 21,324,501 төгрөг гаргуулах, ................... орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч О.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамж 532,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Үд олгож, хариуцагч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,522 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Үгаас 442,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож шийдвэрлэжээ.

3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2023/00011 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/01495 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг  “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч О.Ү, хариуцагч Б.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч О.Үгаас байрны үнэ 70,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч О.Үгаас нийт 48,074,501 төгрөгийг гаргуулж, ................... орон сууцнаас О.Үг албадан гаргаж, чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Үд олгож, хариуцагч Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,582 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй...” гэж, шийдвэрийн 3 дугаар заалтад “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4059 дугаар захирамжийг хүчингүй болгосугай...” гэж нэмж, шийдвэрийн 3 дугаар заалтыг 4 дугаар заалт болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 463,309 төгрөг, хариуцагч Б.Хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 404,973 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч О.Ү болон түүний өмгөөлөгч Х.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-р зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх гомдлын тухайд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 дахь заалтыг зөрүүтэй хэрэглэсэн.

Үндэслэл: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх заалтыг хэрэглэхдээ талуудын маргаан бүхий орон сууцыг худалдах-худалдан авахаар 75,000,000 төгрөг шилжүүлээгүй, дүр үзүүлэн хийгдсэн хэлцэл гэж дүгнэсэн ба үүнийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг хийсэн. Уг хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн гэх бүх зүйлийг харилцан буцаахаар анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 дахь заалтыг хэрэглэхдээ, орон сууцыг нэхэмжлэгчид буцааж, хариуцагчид 26,000,000 төгрөгийг, худалдан борлуулсны татвар 7,500,000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрөөр буюу Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1-т заалтыг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг үзсэн атлаа уг хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч 75,000,000 төгрөг авсан мэт үзэж, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5-т зааснаар хариуцагчаас 70,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг хэрэглэхдээ хүчин төгөлдөр бус хэлцлээр 75,000,000 төгрөг шилжүүлээгүй гэх дүгнэлтээ үгүйсгэсэн, нэхэмжлэгч 75,000,000 төгрөг авсан мэт дүгнэлт хийсэн гэж үзэхээр ойлгомжгүй болж, анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон байна. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 дахь заалт зөвхөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг буцаах бөгөөд 75,000,000 төгрөгийг хэлцлээр шилжүүлж аваагүй байгаа нь нотлогдсон баримтад дүгнэлт хийсэн атлаа авсан мэт гаргахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 1, 56-р зүйлийн 56.5 дахь заалтыг зөрүүтэй хэрэглэжээ гэж үзэх байна.

Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэх талуудын маргаан нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 заалтад хамааралгүй байхад хамаатуулж төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй.

4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:

Үндэслэл: Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5 дахь заалтыг баримтлан 75,000,000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт тогтоогдсон үйл баримтын нотлох баримтад хэрэгт ач холбогдолтой хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 заасан зээлийн гэрээ байгуулагдсан буюу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх уг зээлийн гэрээний харилцаа нь үндсэн нэхэмжлэлд хамааралгүй байна гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаа нь үндсэн нэхэмжлэлд хамааралгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийн дагуу шилжүүлсэн гэх үлдэгдэл зээл болон зээлийн хүүгийн талаарх хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй атлаа энэхүү зээлийн гэрээнд хамаарах асуудлыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэлдээ, хүчин төгөлдөр бусад тооцоогүй зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн маргааныг хамаатуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т заалтыг зөрчиж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.

Зохигчид хоорондоо 317,268,500 төгрөгийг өгч авсан байх ба үүнийгээ зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарладаг ба нэхэмжлэгч тал 287,154,600 төгрөгийг буцаан өгсөн гэх үйл баримт дансны хуулгаар нотлогдсон ба үлдэгдэл зөрүү 30,113,900 төгрөг. Энэхүү үлдэгдэл мөнгөний 26,000,000 төгрөг хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн гэх мөнгө. Энэ талаар талууд маргадаггүй. Зээлийн гэрээний харилцаагаар үүссэн зээлийн гэрээнээс үүссэн маргааныг хүлээн авах үндэслэлгүй байна гэсэн атлаа хүчин төгөлдөр бус хэлцэлд, хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй зээлийн гэрээний маргааныг хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаатуулан дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1-т хамаарахгүй зээлийн гэрээний хэлцлийг хүчин төгөлдөр бус худалдах-худалдан авах гэрээнд хамаарахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч Б.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1.Давж заалдах шатны шүүх О.Ү бид хоёрын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх гэрээ гэж дүгнээд хэлцэл хийсэн талууд нь шилжүүлсэн зүйлсээ буцаах үүрэгтэй тул О.Үгаас 75,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж зөв дүгнэсэн.

5.2.Харин О.Ү бид хоёрын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ хийх үед О.Ү 87,000,000 төгрөгийн өртэй байснаа хүлээн зөвшөөрч 75,000,000 төгрөгт орон сууцаа өгөөд үлдсэн 12,000,000 төгрөг дээр надаас зээлсэн 26,000,000 төгрөгөө нэмээд 38,000,000 төгрөгийн өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч бичиг хийж өгсөн бодит нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй.

5.3.Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцнаас албадан гаргах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх харин мөнгөн төлбөр нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

5.4.Сөрөг нэхэмжлэлд дурдсан 48,074,501 төгрөгийг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх 26,750,000 төгрөгийг хангасныг үндэслэлтэй гэж үзэж зөвшөөрч байна, харин сөрөг нэхэмжлэлийн үлдэх зээлийн төлбөрөөс 7,000,000 төгрөг, хүү 14,324,501 төгрөг нийт 21,324,501 төгрөгийг гаргуулах орон сууцнаас албадан гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь миний хүүд шаардсан 14,324,501 төгрөгийг би банкнаас авсан зээлийн хүү, хүүхдийн хадгаламжаас олох байсан хүүгийн орлого, бусад хувь хүнээс О.Үд авч өгсөн мөнгөний зээлийн гэрээ зэргээр хангалттай нотлогдож байна. Мөн О.Үгийн өөрийнх нь бичиж өгсөн баримтаар 38,000,000 төгрөгийн өртэй болохоо хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тогтоогддог гэтэл үлдэх зээлийн 7,000,000 төгрөг, хүү 14,324,501 төгрөг, нийт 21,324,501 төгрөгийг анхан болон давж заалдах шатны шүүх нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

5.5.Учир нь би 26,000,000 төгрөгийг О.Үд зээл авч өгсөн, мөн орон сууцны татварт 750,000 төгрөг төлсөн нь урд бий болсон өр болох 87,000,000 төгрөгөөс тусдаа авлага байсан болохыг анхаарах нь зүйтэй гэж би үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд О.Үгаас 26,750,000 төгрөгийг нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгч О.Ү болон түүний өмгөөлөгч Х.О, хариуцагч Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.04.06-ны өдрийн 001/ШХТ2023/00357 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

8.Нэхэмжлэгч О.Ү нь хариуцагч Б.Хад холбогдуулан 2022.05.25-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2018-2022 онуудад Б.Хаас цувуулан 282,978,500 төгрөг зээлж, хэсэгчлэн төлдөг байсан, 2022.06.24-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн боловч зээлийн барьцаанд авсан ................... тоот миний орон сууцыг зээлийн хүүд тооцож авна, буцаан өгөхгүй гэсэн. Анх ямар ч барьцаагүй байсан, ...сүүлд өмгөөлөгч дүүтэйгээ ирж дарамтлан нотариат дээр орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Би орон сууцыг худалдах хүсэлгүй, гэрээнд заасан үнэ 75,000,000 төгрөг төлөөгүй, барьцаалах зорилгоор шилжүүлсэн тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус, иймд зээлийн барьцаанд байсан орон сууцаа буцаан авах хүсэлтэй” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...О.Үд 2018 оноос мөнгө зээлсэн, хүү төлөхөөр харилцан тохирч, мөнгийг хүүтэй нь буцааж төлдөг байсан, 2022 онд 87,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, түүний өмчлөлийн банкны барьцаанд байгаа орон сууцыг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, зээлийн үлдэгдлээс орон сууцны үнэ төлөгдсөнөөр тооцож, зөрүү 12,100,000 төгрөг, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийн тулд 26,000,000 төгрөгийг би хүнээс зээлж дараа нь буцааж авахаар төлсөн, эдгээрийг нэгтгэж 38,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлэх гэрээг байгуулсан, худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйлгүй” гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа “...хамгийн сүүлд тохирсны дагуу үндсэн зээл 38,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн сүүлд төлсөн 5,000,000 төгрөгийг хасч, 33,000,000 төгрөг, орон сууцны татварт төлсөн 750,000 төгрөг, 26,000,000 төгрөгийг банк болон бусад хувь хүнээс зээлснээс шалтгаалж зээлийн хүүд төлсөн 14,324,501 төгрөг, нийт 48,074,501 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлөхийг даалгана уу” гэснийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, “...мөнгийг төлж дуусгасан. Хариуцагч анхнаасаа зээлийн хүү шаардах эрхгүй, бичгээр гэрээ байгуулаагүй байсан, 75,000,000 төгрөгийг хүүд тооцож авна гэх болсон, орон сууцыг худалдаагүй, 26,000,000 төгрөгийг төлж, орон сууцны барьцааг чөлөөлсөн нь үнэн...” гэж маргасан байна.

9.Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгчээс зээлийн төлбөр, хохиролд 61,071,900 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс 21,324,501 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндэслэлээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч нь “зохигчийн хооронд харьцсан чатанд хийсэн үзлэг”-ээр дээрх шилжүүлсэн мөнгийг хүүтэй зээлсэн нь нотлогдоно гэх боловч талуудын хооронд хэзээ, хэдэн төгрөгийг, ямар хугацаа, ямар хүүтэйгээр зээлсэн болох нь тодорхойгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул зээлийн хүү шаардах эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэхдээ үнэ 75,000,000 төгрөгийг аваагүй, зээлийн төлбөрөөр тооцсон, зохигч худалдах-худалдан авах хүсэл зориггүй байсан, иймээс уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй. ...Хариуцагч нэхэмжлэгчид нийт 321,836,000 төгрөг зээлсэн, нэхэмжлэгч 287,514,600 төгрөг төлсөн, худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн зүйл болох зээлсэн мөнгөний зөрүү үлдэгдэл 34,321,900 төгрөг, хариуцагчийн банкны зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийн төлсөн 26,000,000 төгрөг, орон сууцыг худалдан борлуулсны татварт төлсөн 750,000 төгрөг, нийт 61,071,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагчид олгох нь зүйтэй, хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөх үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд 38,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй, уг мөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нь нотлогдоогүй, иймд 33,000,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй. Харин нэхэмжлэгчийн өмнөөс банкинд 26,000,000 төгрөг, татварт 750,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, 26,000,000 төгрөгийг төлөхийн тулд бусад этгээдэд 14,324,501 төгрөг төлсөн гэх шаардлагын үндэслэл тодорхойгүй...” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгчээс орон сууцны үнэ 70,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндэслэлээ “...анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, иймээс хуульд зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны үнэ 75,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн 2022.06.24-ний өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг хасч, үлдэх 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгоно, хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.” гэжээ.

10.Хэргийн баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2022.05.25-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн ................... тоот 45 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагчид 75,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, өмчлөх эрхийг шилжүүлснээр орон сууцны өмчлөгч нь хариуцагч Б.Х болсон нь тогтоогджээ. Харин орон сууцыг нэхэмжлэгч эзэмшсэн хэвээр байгааг зохигч маргаагүй.

Гэрээнд орон сууцны үнэд 75,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн гэж тусгагдсан боловч уг төлбөр нь зохигчийн хооронд өмнө байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой буюу нэхэмжлэгчийн хариуцагчид төлвөл зохих төлбөрөөр тооцох гэсэн агуулга байсан нь тогтоогдсон.

11.Нэхэмжлэгч О.Ү, түүний өмгөөлөгчөөс худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасныг үндэслэж, гэрээг худалдах-худалдан авах бодит хүсэл зоригоор байгуулаагүй, зээлийн барьцаа шаардсанаас шилжүүлсэн, түүнчлэн барьцаагаар хангагдах зээлийн төлбөр нь хариуцагчийн тооцоолж буй 87,100,000 төгрөг бус, зээлийн төлбөрийн үүргийн үлдэх хэсэгт маргаантай байгаа гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг, хариуцагч зээлийн төлбөрөө барагдуулах зорилгоор орон сууцыг худалдсан, тухайн гэрээ байгуулах цаг хугацаанд ямар нэгэн маргаан байгаагүй, хүсэл зоригоор гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан хэдий ч тухайн гэрээ байгуулах талуудын хүсэл зориг дутагдалтай, орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлэх болоод зээлийн гэрээний төлбөртэй холбоотой байсан, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хийгдээгүй нь тогтоогдсон гэж, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бөгөөд энэхүү нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, мөн хариуцагчийн хяналтын шатны журмаар гаргасан гомдлын агуулгаас давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс түүнд 70,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг тэрээр эсэргүүцээгүй, магадлалын энэ хэсэгт гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс үүсэх үр дагавар буюу өөрөө мөнгө авч, орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг нэхэмжлэгчид буцааж өгөхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

12.Харин нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн үр дагаврын талаар, зохигч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зааж буй нэхэмжлэгчийн төлвөл зохих зээлийн төлбөрийн хэмжээ болон хариуцагч хохирол шаардах эрхтэй эсэхэд хийсэн шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлтийг зөвшөөрөөгүй буюу хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг өөр өөрөөр үнэлснээс эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийсэн талаар гомдол гаргасан байна.

Иймд гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах дараах үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

13.Анхан шатны шүүх, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс үүссэн үр дагаврыг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, орон сууцны төлбөр гэж тооцсон мөнгөн дүнгийн хэмжээний талаар дүгнэлт хийхдээ хариуцагч хүү шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангахаар шийдвэрлэсэн хэсгийг үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс үүссэн үр дагаврыг шийдвэрлэсэн хэсэгт давхардуулж шийдвэрт ойлгомжгүй зөрчилдөөнтэй байдлаар дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

14.Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэснээс үүсэх үр дагаврыг шийдвэрлэхэд талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагатай. Хариуцагч 2018-2022 онуудад нийт 321,836,000 төгрөг зээлдүүлсэн, нэхэмжлэгч буцааж 287,514,600 төгрөг төлсөн үйл баримтыг хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэн тогтоожээ.

Зохигчийн хооронд олон жилийн туршид мөнгө зээлж, эргэн төлөх зээлийн гэрээ байгуулагдсаныг маргаагүй, гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч талууд хоорондоо чатаар харилцаж зээлийн хүү төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж, улмаар нэхэмжлэгч мөнгө төлөхдөө зээлийн хүүг зөвшөөрч төлсөн нь тогтоогдсон байна.

Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байна. Гэхдээ энэхүү зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай. Тодруулбал, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах, эсхүл үндсэн зээлд тооцуулахыг хүссэн шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй болно.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нэгэнт зөвшөөрч хүү төлсөн учир талуудын хоорондох урт хугацааны туршид үргэлжилсэн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хариуцагчид эдийн засгийн хувьд ашиггүй буюу хариу төлбөргүй, хохиролтой байдлаар шүүх шийдвэрлэх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй юм.

Иймд анхан шатны шүүх, зээлийн хүүг хариуцагч шаардах эрхгүй гэж үзэн түүний нэхэмжлэгчид зээлсэн нийт 321,836,000 төгрөгөөс /үүнд орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлж төлсөн 26,000,000 төгрөг багтсаныг зохигч маргаагүй/ нэхэмжлэгчийн буцаан төлсөн 287,154,600 төгрөгийг хасч зөрүү 34,681,400 төгрөгийн хэмжээнд мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

15.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан.

16.Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч авсан зээлээ бүрэн төлөөгүйтэй холбоотой талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг дээр дурдсан ба уг гэрээнд үнийг 75,000,000 төгрөг гэж тусгаснаас үзэхэд ийм хэмжээний зээлийн төлбөр байсан гэж үзэж, нэгэнт худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус тул гэрээний талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагаврын хүрээнд нэхэмжлэгчээс 75,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид өгөх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасантай нийцнэ гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Харин энэ хугацаанд нэхэмжлэгчийн төлсөн 5,000,000 төгрөгийг хасч үлдэх 70,000,000 төгрөгийг гаргуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хариуцагч талаас зээлийн үлдэх төлбөр 87,100,000 төгрөг байсан гэх хэдий ч энэ тооцооллыг шүүхэд тодруулж гаргаагүй байна.

17.Банкны зээлийн барьцаанд байсан нэхэмжлэгчийн орон сууцыг чөлөөлөхөөр түүний өмнөөс хариуцагч 26,000,000 төгрөг төлснийг зохигч маргаагүй бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байхад, түүнчлэн зохигч худалдах-худалдан авах гэрээг байгуулахад хариуцагч татварт 750,000 төгрөг төлснөө өөрт учирсан хохирол гэсэн агуулгаар шаардсан, уг хохирол нь нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргээ цаг хугацаанд төлөөгүй, үүрэг зөрчсөнтэй холбоотой тул хариуцагч шаардах эрхтэйг давж заалдах шатны шүүх анхаараагүй, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна. Энэ алдааг хяналтын шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэв.

18.Хариуцагчийн зээлийн төлбөрт нэхэмжлэгчийн өмнөөс банкинд 26,000,0000 төгрөгийг төлөхдөө өөрийн хүүхдийн хадгаламжийг хааж мөнгө авсан, бусдаас мөнгө зээлсэн, тэдэнд 14,324,501 төгрөгийн хүү төлж хохирсон гэж уг мөнгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан үндэслэлээ нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

19.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд үндсэн нэхэмжлэлийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээж, харин худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор үүсэх үр дагаварт нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар, сөрөг нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 26,750,000 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчид олгож, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглээгүйг зөвтгөж, эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 207/МА2023/00011 дүгээр магадлалын тогтох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/01495 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан О.Ү, Б.Х нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч О.Үгаас нийт 96,750,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Хад олгож, ................... орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,324,501 төгрөг гаргуулах, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч О.Үгийн 532,950 төгрөг, хариуцагч Б.Хын 468,522 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 532,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 641,700 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Үгийн 2023.03.13-ны өдөр 507,950 төгрөгийг, хариуцагч Б.Хын 2023.03.09-ний өдөр төлсөн 291,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД