Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2021/00070/И |
Дугаар | 152/ШШ2021/00150 |
Огноо | 2021-04-02 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2021/00150
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Я овогт Б-н Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багт байрлах, Ц ХХК-д холбогдох,
2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цалин 2.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Ц ХХК-ийн захирал Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК-ийн захирал Б нь манай компани Баруунтуруун сумын Онцгой байдлын барилга барих болсон гэж хэлээд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр барилга дээр ажиллуулна, өдрийн 40.000-50.000 төгрөгийн хооронд цалинжуулна гэж хэлээд Улаангомоос намайг авч явсан. Би тэнд очоод Онцгой байдлын барилга дээр ажиллаж эхэлсэн. Намайг очиход барилгын суурийг нь буруу хийсэн байна гэж шалгалтын комиссын дүгнэлт гарсан юм шиг байсан. Би 4 хүний хамтаар суурийг дахин нурааж, барилгын тоног төхөөрөмжийг угсарч, хайрга шигжих, зуурмаг зуурах, мод хөрөөдөх, тасарсан цахилгаан засах зэргээр барилгын суурь тавьж тэгшилсэн юм. Би нийтдээ ажлын 71 хоног өглөө 9 цагаас орой 8 цаг хүртэл ажилласан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр миний бие өвдөөд Улаангом сум руу орж эмнэлэгт үзүүлж эм тариа хийлгэсэн. Баруунтуруун суманд барилга дээр ажилласны цалин хөлсөө нэхэхэд Цагийн бүртгэл байхгүй байна, бүртгэлээ аваад ир гэхээр би А даамлаас амралтын хоног хасаад нийт 71 хоног ажилласан байна гэсэн тооцоо гаргаж өгснийг захирал Бид өгсөн. Гэтэл миний ажилласан үеийн цалин хөлсийг надад өгөхгүй, цагийн бүртгэлийн дэвтэр нь байхгүй байна гэж шалтаглаад одоо болтол цалин хөлс гаргаж өгөөгүй тул шүүхэд хандсан. Захирал Б нь Баруунтуруун суманд ажилласан цалин хөлс өгөхгүй гэж шалтаглан намайг удаа дараа архи хэрэглэсэн гэж худлаа хэлдэг. Барилга дээр ажиллаж байсан залуучууд оройн цагаар ганц нэг шил архи гаргаж хувааж уудаг байсан. Гэхдээ бид ажил хийдүүлж байгаагүй юм. Иймд надад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Баруунтуруун сумын Онцгой байдлын барилга дээр ажилласны цалин хөлс болох 2.840.000 төгрөгийг Ц ХХК-ийн захирал Б-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б ХХК Баруунтуруун сумын Онцгой байдлын барилга барихад ажилласан нь үнэн. Уг барилга дээр Б ажилласан. Барилгыг өөр компани барьж суурийн давхрыг буруу хийсэн байсан. Суурь буулгах ажлын хөлсийг тухайн үед тухайн компанид өгсөн. Манай компани шинээр суурийн ажил эхлүүлж ажилчдыг цалинжуулсан. Б архи удаа дараа хэргэлж бие нь муудаж Улаангом явсан. Тухайн үеийн цалинг нь өгсөн. Одоо бидний хооронд тооцоо байхгүй. Цалингаа бүгдийг авсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цалин 2.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ц ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй, мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн байх тул Б-ийн нэхэмжлэлтэй, Ц ХХК-д холбогдох, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цалин 2.840.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Б нь Ц ХХК-д ажиллаж хугацаандаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цалин 2.840.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба тэрээр шүүхэд 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.
Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ХХК-д холбогдох 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цалин 2.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ХХК-д холбогдох 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цалин 2.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР