Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 0080

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй, улсын яллагч Б.Бүжинлхам, хохирогч Н.Өлзий-Утас, шүүгдэгч А.Амарсанаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Алимаахүүгийн Амарсанаад холбогдох эрүүгийн 201714000168 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 17-нд Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгай 25-31 тоотод оршин суух, Эрдэнэт хивс ХХК-д очоос соруулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Шид овгийн Алимаахүүгийн Амарсанаа.  /ФА90081735/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч А.Амарсанаа нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт эхнэр Н.Өлий-Утасыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

  Шүүгдэгч А.Амарсанаа нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт эхнэр Н.Өлий-Утасыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь тархи доргилт, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэг бүртгэлтийн шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараахи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

      1.  Шүүгдэгч А.Амарсанаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай эхнэр бид 2 Эрдэнэт хивс ХХК-д хамт ажилладаг юм. 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал манай эхнэр Өлзий-Утас ирээд Урангоо цагаан сараар манайд ирээгүй юм чинь ажлаа тараад цай уу гэж байна гэсэн. Ингээд эхнэр бид 2 Урангоогийн хамт гэрт нь очоод хоол цай идэж ууж байхад Урангоо пиво гаргаж ирэхээр нь уусан. Пиво ууж байхад манай эхнэр миний гар утсыг авчихаад өгөхгүй болохоор нь утсаа авах гэж эхнэртэйгээ ноцолдож байгаад нүд болон уруул руу нь гараараа нэг, нэг удаа цохисон. Эхнэртээ айлд хэрүүл зодоон хийгээд яахав харъя гэж хэлээд хамт гэр рүүгээ явсан. Манай эхнэр уурлаад гэр рүүгээ явахгүй гээд байхаар нь би гэр хорооллын эцсийн буудал дээр буугаад алхаад гэртээ харьсан. Эхнэр бид 2 эвлэрч учир зүйгээ олсон. Би эхнэрээсээ уучлалт гуйсан гэв .

2. Хохирогч Н.Өлзий-Утас шүүхийн хэлэлцүүлэгт:  ... 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байхад  Урангоо Амарсанаа та 2 цагаан сараар манайд ирээгүй юм чинь шинэлэхгүй юм уу гэхээр нь нөхөр бид 2 хоорондоо ярьж байгаад Урангоогийн хамт гэрт нь очоод хоол цай идэж ууж байхад Урангоо пиво өгөхөөр нь уусан. Гэтэл Амарсанаа надаас хүнтэй ярьмаар байна гээд гар утсаа нэхээд байхаар нь чи аль эсвэл өөр хүнтэй болоод надаас гар утсаа нэхээд утсан дээрх зүйлээ надаас нуугаад байгаа юм уу? гэхэд уурлаад миний хөмсөгний дээд тал руу нэг удаа, уруул руу нэг удаа гараараа цохисон. Манай нөхөр бид 2 учир зүйгээ олж эвлэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтэд: Н.Өлзий-Утасын биед тархи доргилт, нүүрэн цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, шууд чиглэлээр, 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

      Шүүгдэгч А.Амарсанаагийн үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол хуульд нийцэж байна.

       Хохирогч Н.Өлзий-Утас нь бид хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, гэжээ.

     Иймд шүүгдэгч А.Амарсанаа нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч Н.Өлзий-Утас нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх бөгөөд хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

      1. Шүүгдэгч Шид овгийн Алимаахүүгийн Амарсанааг /ФА 90081735/ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан А.Амарсанаад холбогдох эрүүгийн 201714000168 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      3. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

        4.  Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

        5. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.