Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 000054

 

    У.Заяатад холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0061/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

       Шүүх хуралдаанд: 

 

                   Прокурор                                          Б.Жавхлантуяа

                   Ялтан                                                 У.Заяат

                   Ялтны өмгөөлөгч                            Р.Цэрэнханд

                   Хохирогч                                           Д.Бундхорол

                   Нарийн бичгийн дарга                   Б.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолтой Ундармаа овогтой.Заяатад холбогдох, 201714000009 дугаартай эрүүгийн хэргийг ялтан У.Заяат, ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг, 14-6Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РЭ-89040110 регистрийн дугаартай, Аргамууд овгийн Ундармаагийн Заяат.

 

Шүүгдэгч У.Заяат нь согтуугаар 2016 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 14-6Б тоот гэртээ хамтран амьдрагч Д.Бундхоролыг куртик шатаасан, хоёр хоног гэртээ ирж хоноогүй гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа заазуураар түүний биед хөнгөн гэмтэл учруулсан, эхнэр болон хүүхдийнхээ хувцасыг зуух руу хийж энэ үйлдлийн улмаас байшин галдан шатааж, Д.Бундхоролд 4 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Аргамууд овгийн Ундармаагийн Заяатыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ хоног хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2.д зааснаар 5 /тав/ жил, 1 /нэг/ хоног хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар шүүгдэгч У.Заяатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р дугаар зүйлийн 153.2.д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ хоног хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ хоног хорих ялаас 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч У.Заяатад оногдуулсан 5 /тав/ жил, 6 /зургаа/ сар, 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч У.Заяатын цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Заяат нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Заяатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, биечлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо:

 

2017-3-29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нь 76 дугаартай шийтгэх тогтоолоороо ялтан У.Заяатыг Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 6 сар 1 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон.

Ялтан У.Заяат нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Ялтан нь өөрийн амьдарч байгаа гэртээ, эхнэр Бундхоролтой 2 хоног гэртээ ирээгүй, мөн өөрийн өмсдөг куртикыг галд хийж шатаасан гэх шалтгааны улмаас түүнээсээ болж маргалдан, хэрэлдэж, улмаар хоорондоо зодолдох явцдаа заазуур авч хохирогчтой ноцолдох үед хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Энэхүү хөнгөн гэмтэл учруулахын өмнө хоорондоо хэрэлдэж, бие биенийхээ хувцасыг зуух руу шидсэн үйлдлийн дараа энэ хэрэг гарсан байгаа нь ялтан нь танхайрах гэмт хэрэг үйлдсэн биш харин хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдох явцдаа хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ялтан болон хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог.

Мөн хохирогч болоод ялтан нар нь хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг анхаарах нь зүйтэй. Ялтны энэ үйлдэл нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, олон нийтийн газар үйлдэгдсэн гэх нөхцөл, олны анхаарлын төвд орох гэсэн эрмэлзлэл зэрэг танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний талуудыг хангахгүй байна. Харин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдхүүнийг хангаж байх тул ялтны энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд ял шийтгэл ногдуулах үндэстэй байна.

Ялтан нь галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээ төрж байна, мөн хэрэгт энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байна. Ялтан гэртээ ороход түүний өмсдөг куртикийг хохирогч шатаасан байдаг бөгөөд үүнээс болж ялтан нь “...нэртэйгээр нь миний бүх хувцасыг шатаачихгүй яасан юм..” гээд эхлээд өөрийн өмсөж ирсэн куртикийг зуух руугаа хийсэн байдаг ба хохирогч, ялтан нар хувцасаа зуух руу шидсэн байх бөгөөд ялтныг харахад гал зуухан дээр гарч байдаг бөгөөд зуухан дээр гарч буй галыг унтраах боломжтой, цаашид гал алдахгүй хэмээн хөнгөмсөгөөр найдсан байдаг. Гэтэл зуухны хажууд байх сандалын араас гал гарч унтраах боломжгүй болсон байна.

Ялтан тэрхүү гарсан галыг унтраах боломжгүй боллоо гэдгийг мэдээд галыг унтраах гэж гал руу дөхсөн хохирогчийг галд түлэгдэж магадгүй хэмээн сэргийлж хориглосон гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтан болоод хохирогч нар мэдүүлдэг. Харин гарсан галыг унтраалгахгүй гэсэн, санаатайгаар хохирогчийг хориглосон үйлдэл хийгээгүй. Нөгөөтэйгүүр хохирогч, ялтан нар нь тухайн байшинд хамтран амьдраад 5 жил болж байгаа бөгөөд шатсан зүйлүүдийг дан ганц хохирогчийн эд зүйл гэж үзэхэд эргэлзээтэй, айлын юм хураадаг амбаар байхад нь засаж сэлбэн өөрсдөө амьдрах болсон бөгөөд энэ шатсан эд зүйл нь дан ганц хохирогчийн эд зүйл үү эсвэл хохирогч, ялтан нарын дундын өмч, эд зүйл үү гэдэгт анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Энэ гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг галдан шатаах аргаар устгах гэсэн шууд санаатай үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд ялтанд тийм амьдарч буй гэр орноо шатааж устгах гэсэн шууд санаа байсан гэдэг нь эргэлзээтэй бөгөөд харин гал алдаад унтраах боломжгүй болсон байх үндэслэлтэй байна. Ялтан У.Заяат нь галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийн устгасан гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээ төрж байна. Ялтны Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13-р зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар ялтанд ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иймд ялтан У.Заяатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар ял шийтгэл ногдуулж, Эрүүгийн хуулийн 181-р зүйлийн 181.3, Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017-03-29-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Ялтан У.Заяат давж заалдах гомдолдоо:

 

Миний бие 2017.03.29-ний өдрийн 76 тоот Орхон аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан аваад эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

 

Миний бие нь галдан шатаах аргаар санаатайгаар өөрийн гэр орноо шатаагаагүй, анхнаасаа тийм бодол огт байгаагүй, санамсаргүй байдлаар гал алдсан, галыг унтраах боломжгүй байсан. Галыг унтраах гэсэн эхнэрээ хориглоогүй, харин галд түлэгдэх вий гэж сэргийлэх зорилгоор гал руу ойртуулалгүй хориглосон. Учир нь тухайн үед гал нүүр лүү маш халуунаар төөнөж миний үс шатсан.

 

Мөн зэвсэг барьж танхайран эхнэрийнхээ биед гэмтэл учруулаагүй. Хоорондоо ноцолдож байхад заазуураар мөрийг нь зүссэн байснаа сүүлд галын машинд суусан байхдаа мэдсэн. Бундхорол надад чи намайг зүсчихсэн байна ш дээ гэж хэлэхэд би мэдсэн. Би Бундхоролын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин би танхайраагүй.

 

Би ийм хэрэгт холбогдож, ийм байдалд хүрсэндээ туйлын их гэмшиж харамсаж байна. Би өөрөө өндөр настай ээжийгээ эхнэр хүүхдээ тэжээж, тэтгэж амьдралын төлөө зүтгэж, ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн. Ээж эрхэлсэн ажилгүй, надаас өөр харж хандах хамаатан садан гэхээр хүн үгүй. Ийм зүйл болсонд өөртөө маш их гэмшиж байна. Иймд миний хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Орхон аймгийн Прокурорын газраас Аргамууд овгийн Ундармаагийн Заяатыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 сарын 30 наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн, 14 дүгээр гудамжны 6Б тоот гэртээ хамтран амьдрагч Д.Бундхоролыг “...өмсдөг хувцас, /хүрэм/ шатаасан, мөн гэртээ хоёр хоног ирж хоноогүй...” гэснээс маргалдах явцдаа  заазуураар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, Д.Бундхоролын болон хүүхдийнхээ хувцасыг зуух руу хийж шатаан, галыг унтраах боломжтой байхад унтраагаагүйгээс байшин, шатааж, Д.Бундхоролд 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн .181.3, 153 дугаар зүйлийн 153.2.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх У.Заяатыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар 5 жил, 1 хоног хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2.д зааснаар 5 жил, 1 хоног хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р дугаар зүйлийн 153.2.д зааснаар оногдуулсан 5 жил хоног хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар оногдуулсан 5 жил, 1 хоног хорих ялаас 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил, 6 сар, 1 хоногийн хугацаагаар тогтоосон байна.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларч, хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд У.Заяат нь хамтран амьдрагч Д.Бундхоролтой маргалдаж эхнэр хүүхдийнхээ болон Д.Бундхоролын эзэмшлийн 4*6 харьцааны хэмжээтэй, шавар байшинг шатааж нийтдээ 4.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь :

 

- гэрч Э.Оргилын “Галбадрах бид хоёр Заяатын гэрт очиход Онцгой байдлын алба хаагч нар ирээд байшинд гарсан галыг унтраачихсан байсан. Заяат Бундхорол нар Онцгой байдлын машинд суучихсан байсан. Би Заяатаас юу болсон талаар асуухад эхнэр бид хоёр жаахан маргалдаж байгаад гал алдчихлаа, унтраах гээд дийлээгүй гэж ярьж байсан” /хх-ийн 31-32-р хуудас/ гэсэн,

 

- гэрч Э.Галбадрахын “Заяатаас юу болсон талаар асуухад шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж ирчихээд эхнэртэйгээ маргалдаж байхад гал гарчихлаа гэж хэлсэн. Шатсан байшинг харах гээд хашаа руу орох гэтэл Онцгой байдлын ажилтан намайг хашаа руу оруулаагүй. Газар цус болчихсон заазуур байна, цагдаагийн хүмүүс иртэл хашаа руу оруулахгүй гэж байсан” /хх-ийн 33-34-р хуудас / гэсэн,

 

- гэрч Д.Бавуужийн “2017 оны 01 сарын 01-ний өдөр ажлаа тараад унтаж байхад охин Бундхорол, эхнэр Даранбазар нар хоорондоо юм яриад охин уйлаад байхаар нь би босоод юу болоод байгаа талаар асуухад эхнэр Дарамбазар надад Бундхоролын нөхөр Заяат байшингаа шатаасан байна. Мөн охиныг маань зодсон байна. Заазуураар мөрийг нь зүссэн, хүзүүнд нь тулгасан, айлгасан байна гэж хэлсэн. Бундхорол, Заяат нар 2012 оноос хойш хамт амьдарсан..., 2012 онд Бундхорол, Заяат нарыг тусдаа гарах гээд бид хоёр өөрсдийнхөө амьдарч байсан Рашаант багийн 14-6Б тоот хашаа байшинг үлдээгээд өөр тийшээ нүүсэн. Шатсан гэх байшин нь Бундхоролын эзэмшлийн хашаа байшин байгаа юм. Би Бундхоролд хашаа байшингаа өгсөн юм“ /хх-ийн 29-30-р хуудас/ гэсэн,

 

- гэрч С.Ундармаагийн “2017 оны 01 сарын 01-ний орой Бундхорол миний утас руу хүүхэд чинь гэрээ галдан шатааж, намайг заазуурдсан гэж мессэж бичсэн /хх-ийн 27-28-р хуудас/ гэсэн,

 

- гэрч Л.Цэрэнжаргалын “2016 оны 12 сарын 31-ний өглөө Бундхорол байшинг Заяат шатаасан, хүзүүнд заазуур тулгаж мөрийг нь зүссэн, хамт үхнэ гэж хоолойг нь боосон гэж ярьж байсан. Тэр үед Заяат согтуу байсан гэсэн. Тэрнээс өөр мэдэх зүйл байхгүй” /хх-ийн 35-р хуудас/ гэсэн,

- гэрч Батмагнайгийн “2016 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед Рашаант багийн 15 дугаар гудамжны 4 тоотод гал гарсан гэсэн дуудлагын дагуу тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан 1 дүгээр тасгийн алба хаагчийн хамт дуудлага өгсөн айл дээр очиход Рашаант багийн 14б-06 тоот хашаанд байх 4*6 хэмжээтэй модон байшин шатаж байсан. Хашаан дотор ногоон иштэй заазуур газар хэвтэж байсан. Уг заазуурын талаар эхнэр нь манай нөхөр намайг ална гэж сүрдүүлж байгаад заазуураар зүсчихсэн гэж хэлсэн” /хх-ийн 42-р хуудас/ гэсэн мэдүүлэгүүд,  

 

- Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 06/18 тоот дүгнэлт /хх-ийн 59-р хуудас/, “Найдвар Од” ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай байшин, эд зүйлсийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан У.Заяат, хохирогч Д.Бундхорол нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Харин дээрхи нотлох баримтууд болон ялтан, хохирогчийн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд У.Заяат нь хамтран амьдрагч Д.Бундхоролтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн /хүрэмийг/ хувцасыг шатаасан гэсэн шалтгаанаар маргалдаж Д.Бундхоролын зүүн талын мөрийг заазуураар зүсч, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байгаа нь хувийн сэдэлтээр, түүнчлэн Бундхорол хоёр хоног гэртээ ирж хоноогүй учраас хардаж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

 

Өөрөөр хэлбэл У.Заяат нь хувийн сэдэлтээр хамтран амьдрагч  Д.Бундхоролтой маргалдаж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд харин түүний үйлдэл танхайн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.  

 

Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялтан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2.т заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой байна.

 

Иймд ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан”....Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.2.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.т зааснаар ялтанд ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож,“....У.Заяат нь танхайрах гэмт хэрэг үйлдсэн биш харин хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдох явцдаа хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ялтан болон хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог тул У.Заяатын үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар зүйлчилж, түүнд ял ногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- Орхон аймгийн Прокурорын газраас Ундармаагийн Заяатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй гэсэн заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дүгээр заалтыг :

 

- шүүгдэгч Аргамууд овгийн Ундармаагийн Заяатыг бусдын бие махбодид санаатай хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж,

 

- Шүүгдэгч У.Заяатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.т зааснаар 3 сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2.т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэж,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1.т зааснаар У.Заяатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.т зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2.т зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялд багтааж нийт 3 жил 5 сарын хорих ял оногдуулсугай гэж,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг  журамлан мөн хуулийн 52.5.д зааснаар У.Заяатад оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Ялтан У.Заяат болон ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА   

 

                        ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР