Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2023/00067

 

“А У ГББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04874 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 000/МА2023/00359 дүгээр магадлалтай,

“А У ГББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“О К” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,189,723,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “А У ГББСБ” ХХК нь “О К” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,189,723,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04874 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О К ХХК-аас 1,189,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А У ГББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 91,273,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хариуцагч О К ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн ХУД ... дүгээр хороо, .... ... гудамж, ... тоот хаягт байршилтай, 000000000 тоот гэрчилгээний дугаартай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 3,144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,948,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О К ХХК-аас 6,176,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А У ГББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 000/МА2023/00359 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/04874 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “О К” ХХК-аас 1,024,320,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А У ГББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 256,663,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О К” ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ХУД .... дүгээр хороо, ....... гудамж, .... тоот хаягт байршилтай, 000000000 тоот гэрчилгээний дугаартай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 3,144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, 3 дахь заалтын 6,176,700 гэснийг 5,279,550 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 614,315 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлсөн 6,176,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Э.Г нар хяналтын гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Хэргийн үйл баримтын талаар: Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А У ГББСБ” ХХК нь хариуцагч “О К” ХХК-тай 2018.03.09-ний өдөр 300,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, 2018.05.18-ны өдөр 150,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр тус тус зээлж зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах 3144 м.кв 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцын барилгыг бүхэлд нь барьцаалсан ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлээ эргэн төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 1,189,710,000 төгрөгийг хангаж 91,273,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 1,024,320,000 төгрөгийг хангаж 256,663,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Гомдлын үндэслэлийн талаар: 1. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн татгалзал болон давж заалдах журмаар гаргасан гомдолд талуудын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1 д хэсэгт зааснаар буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэснийг үгүйсгэн хуулийг дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан тухайд: Анхан шатны шүух “...Хэлцэл хууль зөрчсөн байх нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн байхыг эсхүл хуулийн шаардлага хангагүй хэлцэл хамаарах бөгөөд энэ нь тухайн хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Тиймээс ...данс нээж зээл олгоно” гэсэн зохицуулалтын дагуу зээлийг олгоогүй нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхгүй... гэж, Давж заалдах шатны шүүх “...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т “Зээл олгох хэлбэрийг зээлдэгч зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно” гэж зааснаар зээлдүүлэгч “А У ГББСБ” ХХК нь мөнгөн хөрөнгийг зээлдэгч “О К” ХХК нь бэлнээр олгосон болох нь тогтоогдсон тул данс нээж олгоогүй гэх үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж тус тус өөрөөр тайлбарласан. Хоёр шатны шүүх “хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн” гэсэн хэсгийг үнэлж дүгнэн тайлбарласнаас бус “эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл” гэдэг тайлбарыг огт тайлбарлаж дүгнээгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсгийн “хууль зөрчсөн” гэдэг нь “хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Талуудын хооронд байгуулсан хоёр зээлийн гэрээний үндэслэх хэсэгт Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлгийг үндэслэн зээл олгох тухай заасан атлаа тус бүлгийг огт мөрдөж ажиллагаагүйгээс гадна зээлийн үйл ажиллагааны гол шаардлага болох данс нээж, дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээл олгосонд тооцох тухай шаардлагыг хангаагүй байхад хоёр шүүх хуулийг албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж байна. Учир нь зээлийн гэрээ байгуулах үед зээл олгох хэлбэрийг гэрээнд зааснаар харилцан тохиролцсон зүйл байдаггүй ба гэрээнд зээлийг бэлнээр олгох тухай заалт тусгагдаагүй, хавтаст хэрэгт мөнгөн хөрөнгийг бэлнээр авахаар тохиролцсон гэх нотлох баримт байхгүйгээс гадна зээлийн гэрээний 1.5 дугаар заалтад “энэхүү гэрээгээр зохицуулаагүй асуудлыг Монгол улсын холбогдох хууль, тогтоомж болон талуудын харилцан тохиролцсоны дагуу зохицуулна” гэж заасан байдаг. Иргэний хуулийн тусгай ангийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “...мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу...шилжүүлэх...”, 451.3 дахь хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.” тус тус гэж заасан нь дээрхи зээлийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан хууль буюу 2002 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулахаар тодорхойлсон байна. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн данс нээж, дансанд мөнгөн хөрөнгө буюу 450,000,000 төгрөг шилжин орсноор зээл олгосонд тооцож Дээд шүүхийн тайлбарласан хуулийн шаардлага биелэх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч нь 350,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хуульд зааснаар бус, бэлэн мөнгөөр хариуцагчид хүлээлгэн өгч 450,000,000 төгрөг бэлнээр хүлээн авсан мэтээр хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч байсан Б.Ө-Уыг гарын үсэг зурахыг шаардан гарын үсэг зуруулан авсан байхад хоёр шатны шүүх Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хуулийн шаардлагыг хангасан мэтээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Дээд шүүхийн албан ёсны тайлбараар зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь тусгайлан зохицуулсан хуулийн шаардлагыг хангаагүй Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “А У ГББСБ” ХХК нь тусгай эрхийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа атлаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан шаардлагаа биелүүлэхгүй, хууль зөрчиж зээл гаргаж, зээлийг буцаан төлүүлэх болохоор тухайн хуулийг дагаж мөрдөн урт хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү бодож хариуцагчийг хохироож байгаа нэхэмжлэгчийн үйлдэл нь хуулийг нэг мөр хэрэглэхгүй байгаа мэт ойлгогдож байна. 2. Анхан болон давж заалдах шатны шүүх Монгол улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор тайлбарласан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан тухайд: 2018.05.18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь дээрхи хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн хариуцагчийн гомдлыг хоёр шатны шүүх үгүйсгэн тайлбарлахдаа анхан шатны шүүх 2018.03.09, 2018.05.18-ны өдрүүдийн зээлийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд хариуцагч компанийн захирлаар Ц.Б томилогдсон байсан гэх хариуцагчийн талын тайлбар, татгалзал баримтаар нотлогдохгүй байх бөгөөд дээрх зээлийн гэрээнд “О К” ХХК гэсэн тамга дарж, хувьцаа эзэмшигч Б.Ө-У гэж гарын үсэг зурсан байна... харин давж заалдах шатны шүүх “хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ц.Быг 2018.04-ний өдөр захирлаар бүртгэсэн байх боловч зээлдэгч “О К” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ө-Уаас барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтад гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан, зээлдэгчийн анкетад Ц.Быг “О К” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн мэдээлэл тусгагдсан байна гэж тус тус өөрөөр тайлбарласан. 2018.05.18-ны өдрийн ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээ болон 05182018 дугаартай барьцааны гэрээг байгуулах үед хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Б буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх цор ганц этгээдээр 2018.04.10-ны өдөр бүртгэгдсэн нь хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээ үйл ажиллагаа явуулна” гэж заасан байдаг. Дээрхи 2 гэрээг хувьцаа эзэмшигч Б.Ө-У байгуулсан нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй мөн гүйцэтгэх захирал Ц.Б нь хувьцаа эзэмшигч Б.Ө-Уд “А У Г” ББСБ ХХК-тай гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй ба хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл /хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх/-д зааснаар аудитын байгууллагыг сонгож, гэрээ байгуулахаас өөр хэлцэлд компанийг төлөөлөн хэлцэл байгуулах эрх олгогдоогүйгээс гадна Компанийн тухай хуулийн 83.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал компанийг өдөр тутамдаа удирдан зохион байгуулахаар байна. Нэхэмжлэгч тал 2018.05.18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулах үед Ц.Быг захирал гэдгийг мэдээгүй Б.Ө-У захирал байсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан бүх гэрээнд Б.Ө-У компанийн хувьцаа эзэмшигч гэж гарын үсэг зурж гэрээг байгуулсан, зээлдэгчийн анкетад Ц.Б гүйцэтгэх захирал гэсэн мэдээлэл тодорхой байсан, хувьцаа эзэмшигч Б.Ө-Уаас компанийн нэр дээрхи эд хөрөнгийг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой итгэмжлэлийг Ц.Бд олгосноос зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрх олгоогүй зэргээр нэхэмжлэгчийн тайлбар мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд үгүйсгэгдэж байгаа тул 2018.05.18-ны өдөр ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 3. Хоёр шатны шүүх хариуцагч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй талаар “... “О К” ХХК нь эхний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018.06.11-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй, хоёр дахь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018.06.11-ний өдрөөс хойш гүйцэтгээгүй...”, “...нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах учиртай бөгөөд талуудын хооронд байгуулсан...гэрээний 3.3.1-д зээлдэгч ...бусад аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална..”, “Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь ...үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад 2018.06.11-ний өдрөөс хойш 2022.03.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүнг их хэмжээгээр өсгөхөд нөлөөлсөн байна...”, “...нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна...” гэж зөв атлаа дүгнэсэн атлаа нэхэмжлэл гаргасан өдрөөр хариуцагчийн төлбөр зохих зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Гэвч тухайн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн мөн хавтаст хэргийн 98-106 дугаар хуудсанд нэхэмжлэгч шаардах эрхээ шударгаар биелүүлэх буюу гэрээг цуцлах эрх үүссэн хугацаа, хариуцагч үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаар илэрхийлсэн нотлох баримтууд авагдсан байдгаас гадна зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан, гэрээг сунгаагүй талаар дүгнэн гэрээний хугацаа дууссан огноогоор нотлох баримтуудыг үнэлж судлан тухайн баримтуудад заасан хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож хариуцагчийн эрх ашгийг хамгаалах боломжтой байсан боловч шүүх нэхэмжлэгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацааг ганцхан нэхэмжлэлийн огноогоор дүгнэж хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг огт үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн. Мөн хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд “Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх” гэж заасны дагуу шүүх тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэсний дагуу хариуцагчийн эрх ашгийг зөрчсөн их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах талаар дурдсан боловч шүүх хүлээн авч шийдвэрлэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн түүнийг нь давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. 4. Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхийг хүссэн боловч шүүх зөвхөн гомдлын хүрээнд хэргийг хянасан болохыг дурдах нь зүйтэй юм. Иймд Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авч Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2018.03.09-ний өдрийн ЗГ0Э092018 дугаартай зээлийн гэрээг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу 2018.05.18-ны өдрийн ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд, Иргэний хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу 03092018, 05182018 дугаартай барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н хяналтын гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 000/МА2023/00359 дугаар магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас 256,663,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэг, 172.2.1 дэх хэсэгт заасны тус тус үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “...1.2.а. Гэвч зээлдүүлэгч “А У ГББСБ” ХХК нь зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгч, харин 100,000,000 төгрөгт худалдах-худалдан авах гэрээ байгуулж орон сууц шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар болон 2018.06.26-ны өдрийн зээлдүүлэгч “А У ГББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н, зээлдэгч “О К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр тогтоогджээ. Хариуцагч талаас ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бүрэн олгоогүй 50,000,000 төгрөгийг бэлнээр олгож харин 100,000,000 төгрөгт үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгч 150,000,000 төгрөг бэлнээр хүлээн авсан баримтад гарын үсэг зуруулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч нь үгүйсгээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42-р зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцсэн боловч гэрээний талууд зээлийн гэрээний зүйлийг үл хөдлөх хөрөнгөөр тооцон шилжүүлэхээр тохиролцох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт болон тухайн үед үйлчилж байсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулга зорилгод нийцээгүй хууль зөрчсөн байгааг анхаараагүй байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22-р зүйлийн 1-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. 1.2.б. Дээр дурдсан байдлыг эрх зүйн үүднээс дүгнэж үзвэл зохигчдын хооронд байгуулагдсан ЗГ05182018 дугаартай 2018.05.18-ны өдрийн зээлийн гэрээний зарим хэсэг буюу 100,000,000 төгрөгт холбогдох хэсэг нь хариуцагчийн тайлбар болон гомдолд дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчиж хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл байхаас гадна Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ББСБ-ын үйл ажиллагааны төрөлд зээлдэгчтэй арилжааны гэрээ байгуулах эрхийг олгоогүй тул нэхэмжлэгч “А У ГББСБ” ХХК хариуцагч “О К” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгт үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж орон сууц шилжүүлэн өгснийг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхгүй. Зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан зориулалтын .дагуу 100,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр хариу төлбөр буюу зээлийн үнэ болох хүү, улмаар нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээх үндэслэлгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “О К” ХХК нь орон сууцны үнээр тооцож зээлдүүлсэн гэх 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “А У Г” ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй. ...Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “О К” ХХК-с ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 793,140,000 төгрөгийг, ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 131,180,000 төгрөгийг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөгийн хамт нийт 1,024,320,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А У ГББСБ” ХХК-д олгож хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүний зүгээс хийж буй дээрх дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй, илт нэг талын үндэслэл, нотолгоогүй зүгээр л хугацаа хожих гэж азаа үзэж хэлсэн үгийг нь шууд хүлээн авч шийдвэр гаргасан байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: “О К” ХХК нь 2018.05.18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хоёр дахь зээл болох 150,000,000 төгрөг “А У ГББСБ” ХХК-аас бэлнээр авсан нь, мөн эхний 39 хоногтоо 150,000,000 төгрөгийн зээлийн хүүг бүтнээр нь төлсөн зэрэг нь санхүүгийн баримт болон түүн дээр зурагдсан эрх бүхий хүмүүсийн гарын үсгүүдээр нотлогдож байх атал үүнээс хойш 39 хоногийн дараа иргэн Б.Н, иргэн Ц.Б нарын өөр өөрсдийн компанийг төлөөлж бус иргэний журмаар, иргэд хооронд хийгдсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээтэй хольж хутган холбож шийдвэрлэсэн нь үнэхээр бодит байдалд нийцэхгүй, үндэслэл, нотолгоогүй гаргасан шийдвэр юм. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх иргэд хооронд байгуулагдсан дээрх гэрээний зүйл болох орон сууцыг зээлэндээ тооцон шилжүүлсэн нь тогтоогдож байна гэж үзэж шийдвэрлэсэн мөртлөө тус тогтоосон гэрээнд тусгагдсан үнэлгээгээр бус дахин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээр л ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй, санаандаа орсон тоогоо 100,000,000 төгрөг гэж хэлсэн төдийд л шүүх тэрхүү бодит бус үнэлгээг огт нягтлалгүй гэрээг нь шууд тогтоогдож байна гэж хүлээн зөвшөөрсөн шигээ дахин шууд хүлээн авч, шийдвэр, магадлал гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Иргэн Ц.Б нь 2018.06.26-ны өдөр иргэн Б.Н-с худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан орон сууцаа хоёр хоногийн дараа буюу 2018.06.28-ны өдөр иргэн Х.Л гэгчид мөн нотариатаар гэрчлүүлж худалдах-худалдан авах гэрээ байгуулан 10,000,000 төгрөгөөр худалдсан болох нь хэргийн материалд авагдсан байна. Энэ мэтчилэн хэргийн материалд нотариатаар баталгаажсан иргэд хооронд байгуулсан хоёрын хоёр худалдах-худалдан авах гэрээ байхад тэдгээрийн үнэлгээг огт хайхралгүй, урьд нь шүүхэд ажиллаж байсан гэх өмгөөлөгчийн аманд орж аль сар гарангийн өмнө хоёр байгууллагын хооронд байгуулагдсан зээлийн гэрээтэй холбож, зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн хэлснээр огт хаана ч байхгүй үнэ тогтоож байгаад маш их харамсаж байна. Ямар ч хүн банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа бэлэн мөнгө авч үйл ажиллагаандаа ашиглана уу гэхээс зээлийн дүндээ байр, орон сууц оролцуулж авахыг хэрхэн зөвшөөрөх билээ. Хэрвээ шүүхийн дүгнэж буй шиг зээлэндээ байр орон сууц оролцуулан авсан гэж бодвол уг байраа зээлийн гэрээн дээрээ тусгуулахгүй, дээр нь зээлэнд тооцуулсан орон сууцыг шилжүүлэн авахаасаа өмнө урьдчилан 150,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа гэж ямар ч хүн гарын үсэг зурахгүй, түүнчлэн 150,000,000 төгрөгийн хүүг эхнээс нь бүрэн төлөхгүй билээ. Тэр тусмаа насаараа барилгын бизнес хийж, гэрээний асуудлаар шүүх дээр маргаан хийж явдаг, ийм олон хуулийн зөвлөх, өмгөөлөгчийн багтай хүн бодит биш зүйл дээр хэзээ ч гарын үсэг зурахгүй нь тодорхой юм. Түүнээс гадна хотын хойд захад, гэр хороолол дунд баригдсан өнчин ганц байрны нэг өрөө орон сууцны тухайн үеийн буюу 5 жилийн өмнөх үеийн үнэлгээг гаргаж тооцож болдоггүй юм гэхэд, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ огцом өссөн өнөө үеийн үнэлгээг зохих журмын дагуу тогтоолгож, түүнтэй уялдуулан шийдвэрлэх боломж анхан болон давж заалдах шатны шүүхийн аль алинд байсаар байхад ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй урьд нь шүүхэд ажиллаж байсан ганц өмгөөлөгчийн аманд орж, тал тохой татаж, хэлсэн бүхнийг нь нягтлалгүй анхан болон давж заалдах шатны шүүх шууд хүлээн авч шүүхийн шийдвэрт тусгаж байгаа нь хуулийн дагуу хүлээсэн гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн манай байгууллагыг маш ихээр хохироож байна. Бид хариуцагч талыг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээ байгуулагдсан өдөр бэлнээр хүлээн авсан болохыг өөрсдийнх нь гарын үсэг бүхий санхүүгийн баримтаар нотолж буй шиг дээрх орон сууцыг зээлэндээ оруулж, хэдэн төгрөгөөр тооцож өгсөн талаар тодорхой нотолгоотой, нотлох баримтын хүрээнд ярихыг шүүх хуралдаан дээр шаардаж байсан. Мөн түүнчлэн шүүхийн хийгээгүй судалгааг бид хийж одоогийн ханшаар гэхэд дээрх орон сууц нь 60,000,000 төгрөг орчим үнэлгээтэй байна гэж анхан болон давж заалдах шатны хуралдаанд бид хэлж байсан боловч шүүх “нэхэмжлэгч үгүйсгэж чадахгүй байна” хэмээн бидний үгийг огт ойшоолгүй, ядаж үзүүлэх ганц ч нотлох баримт гаргаж өгөөгүй хариуцагчийн өмгөөлөгчид танилын нүүрээр саймшран шийдвэрлэсэн гэж үзэж байна. /Энэ тухай БЗД-ийн ИХАШШүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл дурдсан байгаа./ Иймд: 1. Иргэн Б.Н, иргэн Ц.Б нарын хооронд 2018.06.26-ны өдөр хийгдсэн “орон сууц худалдах худалдан авах гэрээ” нь компани хооронд байгуулагдаагүй, зээлийн гэрээнд тусгагдаагүй бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсанаас сар гаран хугацааны дараа буюу 39 хоногийн дараа зөвхөн иргэд хооронд харилцан тохиролцож, нотариатын байгууллагаар албан ёсоор гэрчлүүлсэн гэрээ бөгөөд Ц.Б нь гэрээний зүйл болох орон сууцыг дахин хоёр хоногийн дараа буюу 2018.06.28-ны өдөр иргэн Х.Л гэгчид мөн худалдах-худалдан авах гэрээ байгуулж 10,000,000 төгрөгөөр худалдсан, дандаа иргэд хооронд дамжин байгуулагдсан гэрээ байх тул “А У ГББСБ” ХХК болон “О К” ХХК хооронд хийгдсэн зээлийн гэрээтэй ямар ч холбогдолгүй болохыг тогтоон шийдвэрлэж, худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой асуудлыг хэрвээ маргаантай гэж үзэж байгаа бол тусад нь шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү. 2. Бидний хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Монгол улсын Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болох нь нэгэнт тогтоогдож байгаа тул тус гэрээний хүрээнд хоёр талын эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зурж баталгаажуулсан санхүүгийн баримтуудаар нотлогдож буй зээлийн гэрээний үүргийг бүтнээр нь тооцож, нэхэмжлэлийн шаардлыг маань бүрэн хангаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хуулийн дагуу хүлээсэн гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүх “...Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч талын төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс дээрх орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч бусдад худалдсанаар нэхэмжлэгчээс нийт 450,000,000 төгрөгийн зээл авсанд маргахгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэгч талаас үгүйсгэж, няцаасан тайлбар баримт гаргаагүй.” гэж дүгнэж шийдвэрлэсэн бол Давж заалдах шатны шүүх “...Зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу 100,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр хариу төлбөр буюу зээлийн үнэ болох хүү, улмаар нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх үндэслэлгүй, харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “О К” ХХК нь орон сууцны үнээр тооцож зээлдүүлсэн гэх 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “А У ГББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй.” гэж хуулийг зөрүүтэй хэрэглэж, зөрүүтэй шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хохирч байна, иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдлыг, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг тус тус илэрхийлжээ.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан зохигч нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.04.06-ны өдрийн 001/ШХТ2023/00383 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээн, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч “А У Г” ББСБ ХХК 2022.03.14-ний өдөр шүүхэд хандаж, хариуцагч “О К” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хангуулах, нотариатын зардал гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг 3 удаа нэмэгдүүлж, 2022.08.30 хүртэл хугацаагаар тооцон /хх-1,50,128, 128/, ЗГ03092018 дугаартай 2018.03.09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөг, зээлийн хүү 463,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,780,000 төгрөгийг, ЗГ05182018 дугаартай гэрээний дагуу үндсэн зээл 150,000,000 төгрөг, зээлийн хүү 231,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,390,000 төгрөг, нийт 1,280,983,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагчтай 2 зээлийн гэрээ байгуулж, 2018.03.09-ний өдрийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй /хх-11-12/, 2018.05.18-ны өдрийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй тус тус бэлнээр олгосон,

хариуцагч нь ЗГ03092018 дугаартай 2018.03.09-ний өдрийн гэрээний зээлийн хүүд 2018.04.10-ны өдөр 9,300,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 60,000 төгрөг, 2018.05.09-ний өдөр 9,000,000 төгрөгийг зээлийн хүүд, 2018.06.11-нд 9,000,000 төгрөгийг зээлийн хүүд, 180,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд төлсөн,

ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний хувьд 2018.06.11-нд 2,700,000 төгрөгийг зээлийн хүүд, 90,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд төлсөн, өөр төлөлт хийгээгүй, үндсэн зээл төлөгдөөгүй хэвээр байгаа, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “О К” ХХК ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг авсанд маргаагүй, харин ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг авч, 100,000,000 төгрөгт нь “А У Г” ББСБ ХХК-н захирал Б.Н өөрийн өмчлөлийн БЗД, ...р хороо, ....-н Б.Д-н гудамж ..-р байрны .. тоотод байрлах орон сууцыг өгсөн тул 2018.05.18-ны өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451-р зүйлд зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ зээлийн данс нээж дансаар шилжүүлээгүй, бэлнээр 150,000,000 төгрөг өгсөн гэх баримтад захирал Өнөр-Утасаар гарын үсэг зуруулсан. “О К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ц.Б томилогдсон байхад, компаний хувьцаа эзэмшигч Б.Ө-Утай зээлийн гэрээ байгуулсан байх тул зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагч их хэмжээний хүүгийн өрөнд орсон...” гэж маргасан байна.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,189,710,000 төгрөгийн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг тус тус хангаж, үлдэх 91,273,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн хоёр гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй, зээлдэгч “О К” ХХК 2018.12.13, 2019.03.26, 2019.06.24, 2019.11.28, 2020.03.13-ны өдрүүдэд 450,000,000 төгрөгийн зээлийг төлөх талаар нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсан /хх-101-106/, хариуцагч нь 2018.05.18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг авч, 100,000,000 төгрөгт нь орон сууц тооцож гэх татгалзлаа нотлоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах учиртай бөгөөд талуудын хооронд байгуулсан ЗГ03092018 дугаартай гэрээний 3.3.1-д зээлдэгч ...бусад аливаа шалтгаанаар зээл төлөх боломжгүй болсон гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална гэж заасан, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан зохицуулалтаар хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 6 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж дүгнээд нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

11. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг  нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хязгаарласныг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д нийцсэн, ЗГ03092018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 793,140,000 төгрөгийг төлөх хариуцагчийн үүргийг анхан шатны шүүх тус тус үндэслэлтэй дүгнэсэн, харин зээлдүүлэгч “А У Г” ББСБ ХХК нь 2018.05.18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөг шилжүүлэхээс 50,000,000 төгрөгийг өгч, 100,000,000 төгрөгт худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууц шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон (хх-ийн 132), зээлийн гэрээний зүйлийг үл хөдлөх хөрөнгөөр тооцож шилжүүлэхээр тохиролцох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтын агуулга, зорилгод нийцээгүй, хууль зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаараагүй, ЗГ05182018 дугаартай 2018.05.18-ны өдрийн зээлийн гэрээний зарим хэсэг буюу 100,000,000 төгрөгт холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ББСБ-ын үйл ажиллагааны төрөлд зээлдэгчтэй арилжааны гэрээ байгуулах эрхийг олгоогүй тул 100,000,000 төгрөгт үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж орон сууц шилжүүлэн өгснийг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхгүй, иймд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр хариу төлбөр буюу зээлийн үнэ болох хүү, улмаар нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч О К ХХК-иас 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А У ГББСБ ХХК-д  олгож, зээл 50 сая төгрөг, зээлийн хүү 67,650,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,530,000 төгрөг, нийт 131,180,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөгийн хамт 231,180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

12. Анхан шатны шүүх хариуцагчийн биелүүлэх гэрээний үүргийн хэмжээг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хязгаарлаж, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн хувьд залруулж чадаагүй нь агуулгын хувьд хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарах тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

13. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.” гэж, барьцааны гэрээний талаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болжээ.

Талуудын хооронд зээлийн хоёр гэрээ байгуулагдаж, 2018.03.09-ний өдрийн гэрээний дагуу 300,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй /хх-11-12/ зээлэхээр тохирсон, уг гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр, харин 2018.05.18-ны өдрийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг  18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон боловч 100,000,000 төгрөгт нь үл хөдлөх хөрөнгө өгсөн нь хууль зөрчсөн, гэрээний энэ хэсэг хүчин төгөлдөр бус талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.  Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг энэ гэрээтэй хамааралгүй, тусдаа гэрээ, хариуцагч нь 150 сая төгрөгийг бэлнээр хүлээн авч гарын үсгээ зурсан баримт байгаа гэж маргаж байгаа боловч 2018.06.26-ны өдрийн гэрээгээр худалдагч “А У Г” ББСБ ХХК-ийн захирал Б.Н нь БЗД ... дугаар хороо, ..-н /..../ Б.Д-н гудамжны .. дугаар байрны ... тоот хаягт байрлах, 40,05 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцыг худалдан авагч “О К” ХХК-ийн захирал Ц.Бд 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч уг орон сууцыг худалдах үед 30,000,000 төгрөг, маргаан үүсэх үед 60,000,000 төгрөгийн үнэтэй болохыг нэхэмжлэгч  тайлбартаа дурдсан, хариуцагчийн зүгээс орон сууцны үнийг /дор хаяж 30,000,000 төгрөг/ төлсөн үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан болохыг мэдэж байгаа атлаа орон сууц худалдах нь утга муутай байдлаас үзэхэд 100,000,000 төгрөгт үл хөдлөх хөрөнгө өгсөн гэх хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.

Хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчиж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх нь хууль зөрчсөн гэж үзэх нөхцөл болохыг давж заалдах шатны шүүх  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу дүгнэжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.” гэж заасан байхад нэхэмжлэгч хуулийг баримтлаагүй нь буруу боловч хариуцагч нь эхний гэрээний дагуу 300,000,000 төгрөг,хоёр дах гэрээгээр 50,000,000 төгрөгийг авсан талаар маргаагүй байв.

Хуульд заасан энэ журмыг баримтлаагүй нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй боловч зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх талаар маргах үед хуулийг биелүүлээгүй зээлдүүлэгч эрсдэлийг хариуцах үр дагавар байж болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эдгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар “О К” ХХК өөрийн өмчлөлийн Нийслэлийн ХУД ...-р хороо, ..... гудамж, ... тоот хаягт байршилтай, 000000000 тоот гэрчилгээний дугаартай, Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 3144 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2018.03.09-ний өдрийн ЗГ03092018 дугаартай, 2018.05.18-ны өдрийн ЗГ05182018 дугаартай барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу байгуулжээ. Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээтэй салшгүй холбоотой эрх бөгөөд хариуцагч “О К” ХХК 100,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан төлөх үүрэг хэвээр үлдэж байгаа тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох барьцаагаар хангагдах шаардлагыг дуусгавар болсон гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

14. 2018.03.09-ний өдрийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 412,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,640,000 төгрөг нийт 793,140,000 төгрөгийг төлөх үүргийг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. 2018.05.18-ны өдрийн  ЗГ05182018 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 67,650,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,530,000 төгрөг нийт 131,180,000 төгрөгийг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 100,000,000 төгрөгийг төлөх хариуцагчийн үүргийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн дагуу үндэслэлтэй тогтоосон байна.

15. Харин хоёр шатны шүүх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр нэхэмжлэлийн шаардлагыг хязгаарлаж, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Анхан шатны шүүх “хариуцагч хоёр зээлийн гэрээний үүргийг 2018.06.11-нээс хойш огт биелүүлээгүй байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн, энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д нийцээгүй” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж залруулсан боловч Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан зохицуулалтаар хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018.06 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзсэн байна.

16. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байдаг. Энэ эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө өөрөө хариуцлагаа хүлээхээс үүрэг бүхий этгээдийн үүргийг багасгах, чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан  бөгөөд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй явдалтай холбоогүй учир нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт талуудын зарчимд нийцээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тасралтгүй нэхэмжлэлээ нэмэгдүүлэх, өөрчлөх нь зохистой биш бөгөөд нөгөө талаас шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүрэгтэй тул хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах үр дагавартай, зохистой байдлыг хангаагүй бол нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж болно. Энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгч “А У Г” ББСБ ХХК нь 3 удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн нь зүй ёсны, зохистой гэж үзэх боломжгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

17. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гарсан зардал 13,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх ба тогтоолын 13-16-д заасан үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар  сарын 10-ны өдрийн 000/МА2023/00359 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 3,027,950 төгрөг, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 1,441,265 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                                                Н.БАЯРМАА

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН